Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганчимэг,

шүүгдэгч Б.Л-, Э.Ү- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч- овогт Б-ийн Л-, Т- овогт Э-гийн Ү- нарт холбогдох эрүүгийн 1810001890240 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.......” ХХК-нд бүрээсчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, ...... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/93 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/37 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Ч- овогт Б-ийн Л- /РД:......./,

2. Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, . ..... оюутан, ам бүл 3, ээж, ахын хамт Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, .......тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Т- овогт Э-гийн Ү- /РД:......../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Л-, Э.Ү- нар нь бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ... тоот хашааны гадна хохирогч Э.Э-ыг “эхнэрийг хэл амаар доромжиллоо” гэж маргалдасны улмаас зодож эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний дээд доод зовхи, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Л-  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Э.Ү-  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Б.Л- 2018.04.25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00-01 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ... тоот хашааны гадна Э-ыг эхнэрээ өмөөрөөд хэл ам хийгээд ирэхэд нь дүү Ү-тай бүлэглэн зодсон. Эхлээд би хохирогч Э-ын нүүр рүү нэг удаа баруун гараа атгаж байгаад цохиход Э- намайг бариад авсан. Тэр үед дүү Ү- ирээд Э-ын толгой нуруу руу нь гараараа цохисон. Бид хоёр нийлээд зодож байхад З- цагдаа дуудсан байсан. ... Хэрүүл маргаан зодоон болсон шалтгаан нь Э-ын эхнэр манай эхнэрийг дагуулаад орой үдшийн цагаар баар хэсээд явснаас миний уур хүрсэн. Би эхнэртэйгээ ярих гэхээр Э-ын эхнэр М утсыг нь авч хэрүүл хийгээд байхаар нь түүнтэй хэрэлдсэн. Э- эхнэр Мгаа өмөөрч утсаар ярьж манай гадаа ирсэн. Тэгээд зодоон болсон. ... Дүү бид хоёр Э-т хохиролд 128.000 төгрөгийг төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/,

 

2. Шүүгдэгч Э.Ү- 2018.04.25-ны өдөр яллагдагчаар мэдэүүлэхдээ: ... Би 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00-01 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ... тоот хашааны гадна төрсөн ах Л-ийн хамт Э-ыг зодсон. Тэр залуу ахыг зодох гээд дайраад байсан учраас би ахыгаа өмөөрөөд түүнийг зодсон. Тэр залуу ах тэр хоёр эхнэрүүдээсээ болж хэрэлдэж маргалдсан. ... Эхлээд утсаар маргаж байгаад Э- хашааны гадна машинтайгаа ирэхэд нь ах бид хоёр хашаанаас гарсан. Ах уурандаа түүний нүүр рүү нь гараараа цохиход Э- ахыг бариад авсан. Би ахыг зодох гэж байна гэж бодоод түүний толгой болон бие рүү нь цохиж зодсон. Түүний биед учирсан гэмтлүүдийг ах бид хоёр учруулсан. ... Хохирлыг төлж барагдуулж уучлалт гуйсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-56-р хуудас/,

 

3. Хохирогч Э.Э- 2018.01.18-ны өдөр мэдүүлэхдээ: ... Д- нь сүүлийн 2 сар манай эхнэр М.Мгаас салахгүй ихэнхдээ уулзаж хамт байдаг болсон. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн үед Д- манай гэрт ирж эхнэр Мтай гадуур уулзана гээд дагуулж гараад Нисэхэд пабд суусан. Би орой 00 цагийн үед тэр газарт нь очиж машинаараа тэр хоёрыг авахад манай эхнэр “Д-гийн нөхөр нь над руу залгаж, намайг эхнэрийг нь уруу татаж гадуур яваад байна гээд загнаад, хэл амаар доромжлоод байна” гэж хэлэхээр нь би нөхөртэй нь эхлээд утсаар ярьсан. Нөхрийг нь Л- гэдэг. Нөхөр Л- нь миний яриаг хүлээж авахгүй, намайг ч мөн утасны цаанаас хэл амаар доромжилсон. Би гэрийнх нь гадна очиж Д-г буулгахад нөхөр Л- нь дүү Ү-, бас нэг найзынхаа хамт хашаанаасаа гарч ирсэн. Би машинаасаа буугаад очтол дүү Ү- нь “машинаасаа ямар том бууж ирдэг юм бэ” гэж хэлээд миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа хүчтэй цохисон. Тэр үед Л- хажуунаас орж ирээд тэр хоёр нийлээд миний толгой руу гараараа цохиж зодсон. Намайг газар унахад дээрээс хоёулаа хөлөөрөө 2-3 удаа дэвссэн. Л- намайг босгож ирээд хашаа руу шахаж зогсоогоод миний куртикны захаар хоолойг минь боосон. Тэр үед  Л-ийн найз гэх залуу хараад зогсож байгаад “одоо боль боль, наадах чинь ухаан алдаж уналаа” гэхэд Л- больсон. ... Миний толгойны зүүн хэсэг, зүүн талын нүд хөхөрч хавдсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Уг гэмтлийг Л-, Ү- хоёр бүлэглэн, гараараа цохиж учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

2018.04.17-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт  үзүүлсэн 8.000 төгрөг, нийт 128.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

2018.04.26-ны өдөр мэдүүлэхдээ: ... хохирлын 128.000 төгрөгөө гаргуулан авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

 

4. Гэрч М.М 2018.01.12-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо .... тоот гэртээ байхад 22 цагийн үед найз Д- ажлаа тараад манайд ирсэн. Өдөр нь Д- бид хоёр ажлыг нь тарахаар юм ярьж сууя гээд тохирсон байсан. Д- бид хоёр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” пабд ороод хүний нэг, нэг пиво уугаад сууж байтал Д-гийн нөхөр нь байн байн залгаад байсан. Д- тухайн үед утсаа аваагүй. Тэгтэл Д-гийн нөхөр нь над руу залгаад байхаар нь яриад яахын гэж бодоод дугаарыг нь блок хийхэд дүүгийнхээ утаснаас залгахаар нь автал “янхан минь эхнэрээ очоод авчихъя, наад хүн чинь ардаа амьдралтай хүн. 2, 3-н хүүхэдтэй” гээд уурлаж загнаад байхаар нь утсыг нь тасалсан. Дахиад залгахаар нь “Д- чамд хайргүй, чи хайргүй хүнээр яах гээд байгаа юм” гэхэд “Д- өөр хүнтэй болсон юм уу” гэхээр нь “би мэдэхгүй” гэж хэлсэн. Би Д-д “танай нөхөр чинь чамайг гэртээ ирж хонодоггүй, хонуудаар явдаг гэж хэлээд байна, чи миний нэрийг бариад гараад яваад байгаа юм уу” гэхэд “үгүй ээ, би чиний нэрийг барьж гардаггүй” гэж хэлсэн. Би нөхөр Э-ыг дуудахад тэрээр удалгүй ирээд Д-г хүргэж өгөхөөр явах замдаа би нөхөр Э-т “сая Д-гийн нөхөр нь намайг янхан, гичий гэж хэлсэн” гэхэд уурлаад “яаж байгаа юм бэ, наадахаа гараад ир уулзая гэж хэл” гэхэд Д- “яахын бэ найз, наадуул чинь олуулаа байгаа” гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр Д-г гэрийнх нь гадаа хүргэж өгчихөөд буцаад явж байхад манай нөхөр Э- Д-гийн нөхөр рүү нь залгаад “чи яахаараа хүний эхнэрийг янхан, гичий гэдэг юм” гэхэд цаанаас нь “пизда минь дуугүй байгаарай” гэхээр нь манай нөхөр “чи гараад ир, би буцаад очьё” гэж хэлсэн. Тэгээд Д-гийн гэрийн гадаа буцаж очиход хоёр залуу гарч ирсэн. Нэг залуу нь шууд ирээд манай нөхрийн нүүр рүү цохиход хамт ирсэн залуу нь нийлж толгой, нүүр рүү нь өшиглөж зодсон. Тэр үед манай нөхөр газарт нүүрээ дараад хэвтэхэд нүүр болон цээж рүү нь өшиглөж дэвсээд байсан. Манай нөхөр Э-ыг босгож ирээд боогоод ухаан алдахын даваан дээр больсон. Тэр үед нэг залуу хараад зогсож байсан. ... Манай нөхөр Э- нь “зүүн нүд хөхөрч хавдсан, уруул, буйлнаас нь цус гарсан, толгой нь өвдөж байна, хоёр шанаа хэсэгт хөндүүр байна” гэж хэлсэн. Мөн зүүн хөмсөгний дээд хэсэгт шалбарсан шарх үүссэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/, 

 

5. Гэрч Д.Д- 2018.04.20-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Оргил” худалдааны төв дээр /ажил дээрээ/ байсан.  21 цаг өнгөрч байхад М эгч “хоёулаа гаръя” гээд байн байн залгаад байхаар нь “би гарахгүй ээ” гэхэд “чи дандаа надаас юм гуйдаг л биз дээ, би ямар чамаас байнга юм гуйдаг биш ганц удаа гуйж байхад” гээд үг хаяад байхаар нь би зөвшөөрч бид хоёр Нисэхэд байх пабд ороод пиво уусан. Тэр үед манай нөхөр Л- над руу залгаад байхаар нь утсаа авахгүй байсан чинь байн байн залгаад байхаар нь утсаа аваад “би удахгүй очлоо” гэж хэлсэн. Дараа нь дахин залгахад нь З- эгч миний утсыг аваад манай нөхөртэй хэрэлдсэн. Бид хоёр 00 цаг өнгөрч байхад пабаас гарахаар болж М эгчийн нөхөр Э- ирсэн. Нөхөр нь машинтай явж байсан учраас тэр хоёр намайг гэрт хүргэж өгсөн. Би М эгчид “манай нөхөр ууртай байх шиг байна, та явж бай, би өөрөө гэртээ орчихьё” гэхэд “за” гээд явсан. Би гэртээ ороод нөхөртэйгээ маргаж байтал М эгчийн нөхөр Э- нь манай нөхрийн гар утас руу залгаад “чи манай эхнэрийг юу гэсэн юм бэ, гараад ир, учраа олчихьё” гэхэд манай нөхөр уурлаад гарсан. Араас нь дүү Ү- нь гарсан. Би хувцсаа сольчихоод гараад очтол нөхөр Л- М эгчийн нөхрийг зодож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1405 дугаартай  дүгнэлтэнд:

1. Э.Э-ын биед дух, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 42-р хуудас/,

 

7. “Натур” эмнэлэг компьютер томографийн оношилгоо /хх-ийн 43-р хуудас/,

8. Шүүгдэгч Б.Л-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57-58-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/,

- Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010.12.13-ны өдрийн 1/93 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 62-63-р хуудас/,

- Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013.03.22-ны өдрийн 1/37 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 66-74-р хуудас/,

- хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 75-76-р хуудас/,

9. Шүүгдэгч Э.Ү-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77-78-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Л-, Э.Ү- нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Л- 2018 оны 01 дүгээр сарын 11-ний орой “эхнэр Д.Д-г дагуулж явлаа” гэж М.Мтай утсаар маргалдсан ба хохирогч Э.Э- нь “эхнэр М.Мг янхан гичий гэж доромжиллоо” гэж Б.Л-ийн гэр буюу Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ... тоот хашааны гадна очиход Б.Л- нь өөрийн дүү Э.Ү-тай бүлэглэн зодож биед нь “...дух, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хузүү, дээд уруулд зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Э.Э-ын ... Би орой 00 цагийн үед эхнэр М болон Д- нарын сууж байсан пабд очиж тэр хоёрыг авахад манай эхнэр “Д-гийн нөхөр нь намайг эхнэрийг нь уруу татаж гадуур яваад байна гээд загнаад, хэл амаар доромжлоод байна” гэж хэлэхээр нь би нөхөртэй нь эхлээд утсаар ярьсан. ... Нөхөр Л- нь миний яриаг хүлээж авахгүй, намайг ч мөн утасны цаанаас хэл амаар доромжилсон. ... Би машинаасаа буугаад очтол дүү Ү- нь “машинаасаа ямар том бууж ирдэг юм бэ” гэж хэлээд миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа хүчтэй цохисон. Тэр үед Л- хажуунаас орж ирээд тэр хоёр нийлээд миний толгой руу гараараа цохиж зодсон. Намайг газар унахад дээрээс хоёулаа хөлөөрөө 2-3 удаа дэвссэн. Л- намайг босгож ирээд хашаа руу шахаж зогсоогоод миний куртикны захаар хоолойг минь боосон. Тэр үед  Л-ийн найз гэх залуу хараад зогсож байгаад “одоо боль боль, наадах чинь ухаан алдаж уналаа” гэхэд Л- больсон. ... Миний толгойны зүүн хэсэг, зүүн талын нүд хөхөрч хавдсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Уг гэмтлийг Л-, Ү- хоёр бүлэглэн, гараараа цохиж учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

 

Гэрч М.Мгийн ... Д- бид хоёр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “...” пабд ороод пиво уугаад сууж байтал Д-гийн нөхөр нь байн байн залгаад байсан. Д- тухайн үед утсаа аваагүй. Тэгтэл Д-гийн нөхөр нь над руу залгаад байхаар нь яриад яахын гэж бодоод дугаарыг нь блок хийхэд дүүгийнхээ утаснаас залгахаар нь автал “янхан минь эхнэрээ очоод авчихъя, наад хүн чинь ардаа амьдралтай хүн. 2, 3-н хүүхэдтэй” гээд уурлаж загнаад байхаар нь утсыг нь тасалсан. Дахиад залгахаар нь “Д- чамд хайргүй, чи хайргүй хүнээр яах гээд байгаа юм” гэхэд “Д- өөр хүнтэй болсон юм уу” гэхээр нь “би мэдэхгүй” гэж хэлсэн. Би Д-д “танай нөхөр чинь чамайг гэртээ ирж хонодоггүй, хонуудаар явдаг гэж хэлээд байна, чи миний нэрийг бариад гараад яваад байгаа юм уу” гэхэд “үгүй ээ, би чиний нэрийг барьж гардаггүй” гэж хэлсэн. Би нөхөр Э-ыг дуудахад тэрээр удалгүй ирээд Д-г хүргэж өгөхөөр явах замдаа би нөхөр Э-т “сая Д-гийн нөхөр нь намайг янхан, гичий гэж хэлсэн” гэхэд уурлаад “яаж байгаа юм бэ, наадахаа гараад ир уулзая гэж хэл” гэхэд Д- “яахын бэ найз, наадуул чинь олуулаа байгаа” гэж хэлсэн. ... Манай нөхөр Э- Д-гийн нөхөр рүү нь залгаад “чи яахаараа хүний эхнэрийг янхан, гичий гэдэг юм” гэхэд цаанаас нь “пизда минь дуугүй байгаарай” гэхээр нь манай нөхөр “чи гараад ир, би буцаад очьё” гэж хэлсэн. Д-гийн гэрийн гадаа буцаж очиход хоёр залуу гарч ирсэн. Нэг залуу нь шууд ирээд манай нөхрийн нүүр рүү цохиход хамт ирсэн залуу нь нийлж толгой, нүүр рүү нь өшиглөж зодсон. Тэр үед манай нөхөр газарт нүүрээ дараад хэвтэхэд нүүр болон цээж рүү нь өшиглөж дэвсээд байсан. Манай нөхөр Э-ыг босгож ирээд боогоод ухаан алдахын даваан дээр больсон...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/, 

 

Гэрч Д.Д-гийн ... манай нөхөр Л- над руу залгаад байхаар нь утсаа авахгүй байсан чинь байн байн залгаад байхаар нь утсаа аваад “би удахгүй очлоо” гэж хэлсэн. Дараа нь дахин залгахад нь М эгч миний утасыг аваад манай нөхөртэй хэрэлдсэн. Бид хоёр 00 цаг өнгөрч байхад пабаас гарч болж М эгчийн нөхөр Э- ирсэн. ... Би М эгчид “манай нөхөр ууртай байх шиг байна, та явж бай, би өөрөө гэртээ орчихьё” гэхэд “за” гээд явсан. Би гэртээ ороод нөхөртэйгээ маргаж байтал З- эгчийн нөхөр Э- нь манай нөхрийн гар утас руу залгаад “чи манай эхнэрийг юу гэсэн юм бэ, гараад ир, учраа олчихьё” гэхэд манай нөхөр уурлаад гарсан. Араас нь дүү Ү- нь гарсан. Би хувцсаа сольчихоод гараад очтол нөхөр Л- М эгчийн нөхрийг зодож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1405 дугаартай  дүгнэлтэнд:

1. Э.Э-ын биед дух, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хузүү, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 42-р хуудас/,

Шүүгдэгч Б.Л-ийн ... би хохирогч Э-ын нүүр рүү нэг удаа баруун гараа атгаж байгаад цохиход Э- намайг бариад авсан. Тэр үед дүү Ү- ирээд Э-ын толгой нуруу руу нь гараараа цохисон. Бид хоёр нийлээд зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/,

Шүүгдэгч Э.Ү-ын ... Би ахыг зодох гэж байна гэж бодоод түүний толгой болон бие рүү нь цохиж зодсон. Түүний биед учирсан гэмтлүүдийг ах бид хоёр учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-56-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Л- хохирогч Э.Э- нарын хооронд “эхнэр Д.Д-г хохирогчийн эхнэр М.М орой үдэш дагуулж явлаа”,  хохирогч Э.Э- нь “...эхнэр М.Мг доромжиллоо” гэсэн шалтгаанаар маргаан үүсэж, улмаар   

шүүгдэгч Б.Л-, Э.Ү- нар нь хохирогч Э.Э-ыг зодож биед “...дух, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, дээд уруулд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан хохирол шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой, Монгол улсын Үндсэн хууль Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Л-, Э.Ү- нарын хохирогч Э.Э-ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, Прокуророос тэдгээрийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.    

 

Шүүгдэгч Б.Л-, Э.Ү- нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Э.Э- нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч нар нь илэрхийлснээр /хх-ийн 90-91-р хуудас/ 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаартай прокурорын саналаар Б.Л-, Э.Ү- нарт холбогдох эрүүгийн 1810001890240 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Л-, Э.Ү- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч Б.Л-, Э.Ү- нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

   Шүүхээс шүүгдэгч Б.Л-, Э.Ү- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Б.Л-, Э.Ү- нарын хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.

 

 

            Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Э.Э- нь “...Би хохирлын 128.000 төгрөг авсан тул шүүгдэгч Б.Л-, Э.Ү- нарт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 83-р хуудас/ гэсэн хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Л-, Э.Ү- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.