Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/40

 

 

 

 

 

 

 

   2024        07           24                                         2024/ДШМ/40

 

 

Г.Анхбаяр, “Харгуй” ТӨХК-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж даргалж, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Б.Нарангэрэл,

“Харгуй” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболор (цахимаар),

Шүүгдэгч Г.Анхбаяр, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/54 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Анхбаяр, “Харгуй” ТӨХК-д холбогдох эрүүгийн 1939005210016 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Анхбаяр нь Хэнтий аймгийн .............16 км зайд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 49-26 ДОА улсын дугаартай “T.Prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал”, 13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтуудыг зөрчин 78-62 УНМ улсын дугаартай “T.Prius” маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас 78-62 УНМ улсын дугаартай “T.Prius” маркийн автомашинд зорчиж явсан БНХАУ-ын иргэн XIA LONG /Шиао Лунь/-н амь нас хохирч, БНХАУ-ын иргэн Wei Wei /Вей Вей/, Qinggeletu /Цэнгэлт/ нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Xin hua /Шин Хуа/-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, И.Амармөрөнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 49-26 ДОА улсын дугаартай “T.Prius” маркийн автомашинд зорчиж явсан Х.Ууганцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч Харгуй” ТӨХК нь Зам тээврийн хөгжлийн яамтай 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан гэрээгээр АО502 Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай төв замын ашиглалт, засварын ажлыг хийж гүйцэтгэхээр замын хариуцагчаар ажиллахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3. “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэх заалтыг биелүүлээгүйн улмаас иргэн Г.Анхбаяр нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 49-26 ДОА улсын дугаартай “T.Prius” маркийн тээврийн хэрэгсэлтэй .............. 16 км зайд байрлах замын эвдрэлд үүссэн нүхнээс хамааралтай зам тээврийн осол гаргаж улмаар 78-62 УНМ улсын дугаартай “T.Prius” маркийн автомашинд зорчиж явсан БНХАУ-ын иргэн XIA LONG /Шиао Лунь/-н амь нас хохирч, БНХАУ-ын иргэн Wei Wei /Вей Вей/, Qinggeletu /Цэнгэлт/ нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Xin hua /Шин Хуа/-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, И.Амармөрөнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 49-26 ДОА улсын дугаартай “T.Prius” маркийн автомашинд зорчиж явсан Х.Ууганцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч Г.Анхбаярын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, “Харгуй” ТӨХК-ийн эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч “Харгуй” ТӨХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч “Харгуй” ТӨХК-ийг цагаатгаж,

- Шүүгдэгч Баатар овогт Гачийн Анхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хоёр хүний эрүү мэндэд хүнд хохирол тус тус учруулж, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гачийн Анхбаярын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хасч,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол уншиж сонсгосон үеэс эхлэн тоолж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Анхбаяраас гэм хорын хохиролд нийт 32,024,016 (гучин хоёр сая хорин дөрвөн мянга арван зургаа) төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболорт олгож,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболор нь хохирогч нарт учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Г.Анхбаяраас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Харгуй” ТӨХК-ийн эзэмшлийн 99-22 ХЭН улсын дугаартай 2021 онд үйлдвэрлэгдсэн “Shaanxi SX-4255” загварын тээврийн хэрэгсэл, 19-38 УН улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн “KOBELKO SK260LC-8” загварын тээврийн хэрэгсэл, 83-82 УР улсын дугаартай 2019 онд үйлдвэрлэгдсэн “Lovol FPY180C” загварын хүнд механизм, тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч “Харгуй” ТӨХК буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.Ууганцэцэг, иргэний нэхэмжлэгч И.Амармөрөн нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, барим бичгээр ирсэн шүүгдэгчийн СБ83120925 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч "Харгуй" ТӨХК-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "гэмт хэргийн шинжгүй" гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч "Харгуй" ТӨХК нь Зам тээврийн хөгжлийн яамтай 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр АО502 Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай төв замын ашиглалт, засварыг ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан зам хариуцагчаар ажиллаж байсан болно.

Авто замын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.12-т "Зам хариуцагч гэдэг нь захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ" гэж заасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хэрэг болсон хатуу хучилттай төв замын хариуцагчаар "Харгуй" ТӨХК болох нь тогтоогдсон бөгөөд зам хариуцагч байгууллагын үүргийг хуулиар хуульчилж заасан байна.

Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн 23.3.1-т "Авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах", 23.3.2-т "Авто замд тогтоосон журмын дагуу үзлэг хийж, арчлалт, засварын ажлыг тогтмол гүйцэтгэх, авто замаар зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл, гэмтлийн талаар мэдээлэл авч, шуурхай арга хэмжээ авах" гэж заасан байна.

Зам хариуцагч хуулийн этгээд болох "Харгуй" ТӨХК нь Авто замын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хариуцсан замыг засах, арчлалтыг тогтмол гүйцэтгэж, эвдрэл, гэмтлийг засаж, арчлах шуурхай арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог тул шинжээчийн 3 удаагийн дүгнэлтээр зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэсэн дүгнэлт гаргасан.

Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар "Харгуй" ТӨХК нь хуулиар болон гэрээгээр хүлээсэн "авто замд тогтоосон журмын дагуу үзлэг хийж, арчлалт, засварын ажлыг тогтмол гүйцэтгэх, авто замаар зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл, гэмтлийн талаар мэдээлэл авч, шуурхай арга хэмжээ авах" үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байхад энэ үйлдэлд нь анхан шатын шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий хуулийн шаардлага хангаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Энэ хэрэгт “Харгуй” ТӨХК нь зам засах үүргээ биелүүлээгүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэсэн 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Өмгөөлөгчийн зүгээс 3 удаагийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байгаа. Учир нь “Харгуй” ТӨХК нь зам тээврийн осол болсон замын эвдрэл гэмтлийг засч, замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэнд, амь насыг хамгаалж аюулгүй явуулах үүргийг хүлээсэн. Замын эвдрэлийг засах үүрэг нь “Харгуй” ТӨХК-д байсан. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 6-12 дугаар хуудаст авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. “Харгуй” ТӨХК нь 2019 оны 01 сарын 19-ний өдөр “Өндөрхаан-Чойбалсан хотын хатуу хучилттай зам ашиглалт засварын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г Зам тээврийн хөгжлийн яамтай байгуулсан. Тухайн гэмт хэрэг гэрээ байгуулснаас хойш 7 сарын дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн. Хэргийн газар 3 том нүх үүссэн байсан, эвдрэлтэй газарт зам ангиас тэмдэглэгээ байршуулаагүй байсан. Зам ангийн зүгээс тухайн замыг янзалсан гэх мэдүүлгийн “Харгуй” ТӨХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрбаатар өгдөг. Харин энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. “Харгуй” ТӨХК нь үүргээ биелүүлсэн бол энэ гэмт хэрэг гарахгүй байх боломжтой байсан. “Харгуй” ТӨХК нь хэрэгт яллагдагчаар болон иргэний хариуцагчаар татагдсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлд зааснаар “Харгуй” ТӨХК-ийг яллагдагчаар татсан үйлдэлд нь дүгнэлт хийж “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэсэн. Иргэний хариуцагчаар татсан хүчин төгөлдөр шийдвэрүүд байдаг. Үүнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгч Анхбаярын зүгээс гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг өгсөн. Анхан шатны дүгнэхдээ 39,000,000 төгрөг төлсөн гэж буруу дүгнэлт хийсэн байсан.  Иймд анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү, давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Анхбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, харгалзан ял оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Анхбаярын гэм буруу тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү”  гэв.

 

“Харгуй” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх манай компанийг гэм буруугүй гэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Анхбаяр замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, хурдтай явсан, гүйцэт түрүүлэх хориотой байхад гүйцэт түрүүлсэн, замын хөдөлгөөнд оролцохдоо машин хоорондын зай барьж яваагүй, дүрмээ баримтлаад замын хөдөлгөөнд оролцсон бол осол гаргахгүй байх байсан. Манай байгууллага Зам тээврийн хөгжлийн яамтай байгуулсан гэрээний  дагуу нийт 700 гаруй км зам хариуцаж график төлөвлөгөө гаргаж ажилладаг. Хэрэг болсон газар манай компани батлагдсан хөрөнгийн дагуу  засвар хийсэн байсан.  Анхан шатны  шүүхийн шийдвэрийг үнэн зөв гарсан гэж үзэж байна” гэв.

 

Шүүгдэгч Г.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцдог. Осол замын эвдрэлтэй холбоотой. Замын эвдрэлээс болж жирийн иргэд эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаа, амь насаараа хохирч байна. Энэ нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа учраас үнэн зөвөөр шийдвэрлээсэй гэж хүсч байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Анхбаярын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Авто замын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 12-д зам хариуцагч гэдгийг тодорхойлж, замын эвдрэлийг бүрэн хариуцна гэж заасан. Гэтэл замын эвдрэлээс шалтгаалсан гэдгийг авто замын чиглэлээр мэргэшсэн шинжээчийн баг бүрэлдэхүүн 3 удаа шинжээчийн дүгнэлт гаргасан. Тухайн осол нь замын эвдрэлээс болсон байна гэж тогтоосон. Гэтэл анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг 3 гэрчийн мэдүүлгээр няцаагдсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Засварын ажил хийсэн гэж “Харгуй” ТӨХК тайлбарладаг.  Анхан шатны шүүх “Харгуй “ТӨХК-ийг цагаатгасан шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн Г.Анхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч Г.Анхбаяр, “Харгуй” ТӨХК-д  холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.Анхбаяр нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг хөдөө хэсэгт буюу Чингис хотоос зүүн урагшаа 16 км зайд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 49-26 ДОА улсын дугаартай “T.Prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал”, 13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтуудыг зөрчин 78-62 УНМ улсын дугаартай “T.Prius” маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас 78-62 УНМ улсын дугаартай “T.Prius” маркийн автомашинд зорчиж явсан БНХАУ-ын иргэн XIA LONG /Шиао Лунь/-ны амь нас хохирч, БНХАУ-ын иргэн Wei Wei /Вей Вей/, Qinggeletu /Цэнгэлт/ нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Xin hua /Шин Хуа/-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, И.Амармөрөнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 49-26 ДОА улсын дугаартай “T.Prius” маркийн автомашинд зорчиж явсан Х.Ууганцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 хавтаст хэргийн 7 хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэргийн 8-15 хуудас),

- Нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэргийн 16-17 хуудас),

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэргийн 18-19 хуудас),

- Г.Анхбаярын жолоочийн лавлагаа, мэдээлэл (3 хавтаст хэргийн 10 хуудас),

- Хэнтий аймгийн авто тээврийн төвийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “…49-26 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Баатар овогт Гачийн Анхбаярын нэр дээр бүртгэлтэй байна” гэх тодорхойлолт (3 хавтаст хэргийн 16 хуудас),

- Автотээврийн үндэсний төвийн “…78-62 УНМ “Toyota Prius” маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Авто прайм” ХХК” гэх тээврийн хэрэгслийн лавлагаа (3 хавтаст хэргийн 17 хуудас),

- “Авто прайм” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19/2-346 дугаартай “…манай компанийн эзэмшилд байх 78-62 УНМ улсын дугаартай, “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгсэл нь 2019 оны 04 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ичинноров овогтой Амармөрөн /РД: ЧС72120206/-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Фидуцийн гэрээгээр шилжүүлэн авсан тээврийн хэрэгсэл болно. Иймд эрүүгийн 193900521 дугаартай хэрэгт зээлдэгч Ичинноров овогтой Амармөрөн /РД: ЧС72120206/-г иргэний нэхэмжлэгчээр тогтоож байна…” гэх албан бичиг, зээлийн гэрээ, фидуцийн гэрээ (3 хавтаст хэргийн 23-27 хуудас),

- Шүүгдэгч Г.Анхбаяраас хохирогчийн хууль ёсны төлөлөөгч Б.Ариунболорын ХААН банкны 5027330975 тоот дансанд 2021.05.18-ны өдөр “Г.Анхбаяраас эмчилгээний төлбөр” гүйлгээний утгатай 39,493,393 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт (3 хавтаст хэргийн 190 хуудас),

- Шүүгдэгч Г.Анхбаяраас иргэний нэхэмжлэгч И.Амармөрөнгийн ХААН банкны 5360223883 тоот дансанд 2021.05.19-ний өдөр “Г.Анхбаяраас эмчилгээний төлбөр” гүйлгээний утгатай 10,790,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл (3 хавтаст хэргийн 191 хуудас),

- Хохирогчдын эмчилгээний түүх (1 хавтаст хэргийн 189-241 хуудас),

- 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №43 дугаартэй “Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх авто замын засвар, арчлалтын ажлын захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээ” (2 хавтаст хэргийн 6-11 хуудас),

- “Харгуй” ТӨХК-ийн 2019 оны Хэрлэн сумын төвийн чиглэл, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын нүхэн эвдрэл засварласан ажилд ХАБЭА-н талаар авч хэрэгжүүлсэн ажлын тайлан, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн сайжруулсан шороон зам засварласан ажлын тайлан (2 хавтаст хэргийн 12-36 хуудас),

- “Харгуй” ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар, улсын чанартай авто зам, засварын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, “хувьцаат компани болгон өөрчлөн байгуулах тухай” Төрийн өмчийн хорооны 230 дугаартай тогтоол, “Харгуй” ТӨХК-ийн дүрэм (4 хавтаст хэргийн 231-239 хуудас),

-  Хохирогч QINGGERELTU-н өгсөн: “...машиндаа суугаад явж байтал би хальт зүүрмэглэсэн. Гэнэт түс хийх чимээ гарсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Нэг сэрэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. ...Манай машинд жолоочтойгоо нийлээд 5 хүн сууж явсан. Жолооч, түүний хажууд нь би сууж байсан. Арын суудалд голд нь Wеiwei, түүний баруун талд Xiolong, зүүн талд Xinhua суугаад явж байсан. …Xiolong болон Xinhua нар суудлын бүсээ бүсэлж байсан. ...Би өөрт учирсан хохирол болон Монголд эмчлүүлсэн зардал, гэртээ хариад үзүүлэх зардлаа нэхэмжилнэ, хохирлоо бүрэн барагдуулмаар байна. Миний гэр бүлд энэ ослоор их хохирол учирсан, надад их хүнд байна.” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 21-23 хуудас),

- Хохирогч XINHUA-н өгсөн: “...Улаанбаатар хотоос урагшаа явж байхад гэнэт өөдөөс урсгал сөрөөд нэг машин хурдтай гараад ирсэн. Тэгээд бидний сууж явсан автомашин замын хажуу руу унасан. ...би сууж явсан машиныхаа жолоочийг танихгүй, Улаанбаатар хотын 13 дугаар хорооллын “Ану үжин” гээд буудлаас хөлсний машин 100 юаниар тохироод Дорнод явж байсан. …Бидний сууж явсан машинд 5 хүн сууж явсан. Урсгал сөрж ирсэн машин их хурдтай явж байсан. Гэнэт л ороод ирсэн. …Өөрт учирсан хохирлоо төлүүлмээр байна. Их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 24-25 хуудас),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч GAOA RUHAN-н өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 15-нд манай аав, ээж, эгч, ах, аавын төрсөн ах Монгол руу зугаалах гэж ирсэн. …Манай аав ямар нэг өвчингүй эрүүл хүн байсан. Манай аав бол малчин хүн бидний ганц түшиг тулгуур байсан. …Энэ ослоор манай ээж, эгч, ах гэмтсэн. Манай аав нас барсан. Би гомдолтой, надад маш их хэцүү байна. ...Би саяхан их сургуулиа төгссөн ажилд орж чадаагүй байгаа болохоор амьдралын эх үүсвэр болсон аав минь өнгөрчихлөө. Би дахиж сургуульд сурах байсан ч төлбөр хэцүү болчихлоо. Ээж минь эдгэлээ ч гэсэн одоо 49 настай автомашины осол дараа нь бэртэл нь бүүр илүү илэрдэг гэж хэлсэн. Бас ээжийн гэмтэл нь одоо зүүн хөлийн чөмгөн яс хугарсан, цээжний битүү гэмтэлтэй байсан гэж эмч нар хэлж байсан. Би их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 21-23 хуудас),

- Хохирогч WEIWEI-н өгсөн: “...жолооч Хэнтий хүрчихлээ гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацаанд явж байгаад гэнэт урдаас машин гараад манай машин газрын уруу 2 бил үү 3 өнхөрсөн. ...тэр машиныг бид Улаанбаатар хотоос хөлсөлсөн. 1 хүний 100 юаниар Дорнод хүрэх гэж явж байсан. …Жолооч болон манай аав урд талд сууж суудлын бүсээ зүүж байсан. Бид гурав арын суудалд сууж байсан, гурвуулаа суудлын бүсээ зүүсэн байсан. …Эмчилгээний зардал болон цаашдаа учрах бүх хохирлоо төлүүлмээр байна. Их гомдолтой байна....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 34-35 хуудас),

 - И.Амармөрөнгийн хохирогчоор өгсөн: “...зам тээврийн ослоос болж миний өөрийн эзэмшлийн 78-62 УНМ улсын дугаартай “Т.Приус” маркийн автомашин эвдэрсэн. Би энэхүү машинаа 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын “Мянган машины зогсоол”-оос 15,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд би өөрийнхөө төлбөрөөр тус автомашиндаа үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж 9,447,000 төгрөгөөр үнэлсэн ба дахин ашиглах боломжгүй гэж хариу гарсан. Би автомашинаа худалдаж аваад жил явсан болохоор урьд худалдаж авсан мөнгөнөөсөө 1,000,000 төгрөг хасаад 14,500,000 төгрөгийг нэхэмжилмээр байна. Мөн миний бие энэхүү хэргээс болоод машиндаа үнэлгээ хийлгэх гэж Улаанбаатар хотоос “Ино марк мастер” ХХК-ийн ажилчдыг авчирч үнэлүүлэхэд 400,000 төгрөг, хэрэг болсон газраас автомашины ачилтын хөлс гэж 75,000 төгрөг, Хэнтий аймгийн үнэлгээний газраар хийлгэсэн үнэлгээний төлбөр гэж 268,000 төгрөг, Авто тээврийн үндэсний төвөөр дүгнэлт гаргуулахад 88,000 төгрөг, мөн би энэхүү хэрэгт өөрийн өмгөөлөгч Чинзоригын төлбөрт өмгөөллийн 1,500,000 төгрөг зэргийг төлсөн. Өөр энэ гэмт хэргээс болж эмчилгээний зардал гэж нийт 120,000 төгрөгийг өөрөөсөө гаргасан ба энэхүү бүх зардлуудаа нэхэмжилмээр байна…” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 37-38 хуудас),

- И.Амармөрөнгийн гэрчээр өгсөн: “…Би Улаанбаатар хотоос 09 цагийн үед өөрийнхөө 78-62 УНМ дугаартай цагаан өнгөтэй “Приус-20” маркийн автомашинтай Өвөр монгол 4 иргэнийг аваад Дорнод аймгийн төв рүү гарсан, надтай хамт Цэнгэл гэдэг жолооч мөн Өвөр монгол 5 хүн авч цуг хөдөлсөн.

…Хэнтий аймгийн төвийн урд байдаг Хэрлэн голын гүүрээр гараад багцаагаар 20 орчим км газар явж байтал эсрэг урсгалаар өөдөөс ирж байсан  Хар өнгийн “Приус” маркийн автомашин хурдаа хассан, учир яг урьд нь зам дээр 2 нүх байсан юм. Тэгээд би “нүх байна, энэ машин хурдаа хаслаадаа” гээд бодоод яг нөгөө хар өнгийн “Приус” маркийн машинтай зөрж өнгөрөх тэр агшинд нөгөө машины араас нэг цагаан өнгийн “Приус” маркийн машин гэнэт урсгал сөрж орж ирээд миний жолоодож явсан машины урд талаас мөргөсөн, яг эгцэлж бол мөргөөгүй, зөв талын урд талаас мөргөсөн. Тэгээд тэр машинд мөргүүлээд миний машин замын далан руу унаж 1-2 хөрвөөгөөд тогтсон. …Би тэр үед 60-70 орчим км/цагий хурдтай явж байсан.

...Ослын өмнө би тэр 2 нүхийг харсан, хар өнгийн “Приус” машиныг харсан, тэр машин хурдаа хасаад эхэлсэн, яг ард нь цагаан өнгийн “Приус” яваа харагдсан. Тэгээд би эсрэг урсгалд байсан 2 нүхний хажуугаар нь дөнгөж өнгөртөл нөгөө хар машины ард явсан цагаан өнгийн “Приус” маркийн автомашин урсгал сөрөөд ороод ирсэн. Огцом гэнэт гарч ирсэн болохоор би хараад л дөнгөж тооромсоо гишгэх зуур ирээд мөргөчихсөн.” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 43-45 хуудас),

- Х.Ууганцэцэгийн гэрчээр өгсөн: “...“Приус 20” маркийн 49-26 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нөхөр Анхбаяр машинаа бариад Улаанбаатар хот руу хөдөлсөн. …Хэнтий аймгаас 20 километрийн наана тэр машин зам дээр зогсох шиг болсон. Бид хоёр дөхөж очиход тухайн тээврийн хэрэгсэл зогссон дохио өгөөгүй зам дээр зогссон байдалтай байсан. Тэгэхлээр нь бид хоёр тухайн тээврийн хэрэгслийг мөргөхгүй тулд уг зогсож байсан машины зүүн талаар нь тойрч гарах үед өөдөөс гэнэт машин орж ирээд манай машинтай мөргөлдсөн. Тухайн үед 15 цаг 30 минут болж байсан байх. Тэгээд манай нөхөр өөрөө эхэлж машинаас буугаад дараа нь над руу ирж намайг буулгаад, нөгөө талын машин руу очиж хүмүүст нь тусалсан. ...Осол гарахад замын нөхцөл байдал нэлээн эвдрэл, гэмтэлтэй байсан. Энэ нь осол гарахад нөлөөлсөн.” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 51-52 хуудас),

- Гэрч Ш.Одончимэгийн өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 20-ны өглөө би нөхөр Болорцэнгэлийн хамт явж байсан. Манай нөхөр “Анужин” гээд буудлаас Дорнод аймаг явах есөн хятад хүнийг очиж авсан. Таван хүн нь манай машинд суусан. Харин үлдсэн дөрвөн хүн нь “Prius-20” маркийн цагаан өнгийн машинд суугаад өглөөний 09 цагт Улаанбаатар хотоос 2 машинтай гарсан. ...араас нь очтол аль хэдийн осол болчихсон зам дээр цагаан өнгийн “Prius” маркийн автомашин байсан. Харин манай дөрвөн хүнийг авч явж байсан цагаан өнгийн “Prius” маркийн автомашин нь замын хажуу руу уначихсан байсан. ...Нөгөө осол гаргасан машины жолооч тэр нас барсан хүн дээр очоод эмнэлгийн тусламж үзүүлээд байх шиг байсан. Тэгээд л удалгүй өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр тэр замын хажуу руу уначихсан байсан машинд зорчиж явсан гурван Хятад улсын иргэнийг аваад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 53-54 хуудас),

- Гэрч Ц.Болорцэнгэлийн өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 20-ны өглөө Улаанбаатар хотын 130 хорооллын “Анужин” гэх буудлаас 9 хятад хүн Дорнод аймаг явна гэсэн байсан. “Анужин” гээд буудал руу очиход тэр 9 хүний 5 хүн нь манай машинд суусан. Харин үлдсэн 4 хүн нь бас хот хооронд явдаг Амраа гээд залуугийн машинд суусан. Тэгээд бид хэд өглөөний 09 цагт Улаанбаатар хотоос 2 машинтай гарсан. ....бензинээ аваад араас нь явтал Хэнтий аймгийн төвөөс ойролцоогоор 15 км зайд манай цуг явж байсан “Prius” маркийн автомашин осолд орчихсон замын хажуу руу уначихсан байсан. Харин осол болсон замын голд мөргөлдсөн цагаан өнгийн “Prius” маркийн автомашин байсан...” гэх мэдүүлэг  (1 хавтаст хэргийн 55-56 хуудас),

- Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” 91 дугаартай:

“...Талийгаач XIAOLONG-н цогцост зүрхний баруун тосгуур ховдлын цоорол, цээжний хөндийн цус хуралт, зүүн 2-11-р хавирга ясны хөндлөн зөрсөн хугарал, баруун 2,3,4-р хавирга ясны хугарал, дэлүү, зүүн бөөрний бяцрал, нойр булчирхайн толгой хэсгийн цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

…Талийгаач нь авто ослын улмаас зүүн 2-11-р, баруун 2,3,4-р хавирга ясны хугарал нь зүрхний баруун тосгуур, ховдлын хөндийг нэвтэрч цээжний хөндийд хурц алдаж дотор эрхтний эрс цус багадалт, цус алдалтын шокод орж нас барсан байна” гэх дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 63-71 хуудас),

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 410 дугаартай:

“...Weiwei-н биед нарийн гэдэсний цоорол, чацархайн тасрал, хэвлийд оёдол бүхий шарх, духанд зулгаралт, хэвлийн хоёр хажуу хэсэг, зүүн шилбэ, тохойн хонхорт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс шууд хамаарна.

...Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 73 хуудас),

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 398 дугаартай:

“...XINHUA-н биед зүүн дунд чөмгөний зөрүүтэй далд хугарал, зүүн дал, бугалга, зүүн шилбэнд зулгаралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

… Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

…Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

…Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 78 хуудас),

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 399 дугаартай:

“...Qinggeletu-н биед баруун талын цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун 4,5,7,8-р хавирга ясны хугарал, дух, цээж, баруун шуу, баруун 14 сарвуу, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

…Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

…Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-т заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.

…Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 83 хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10292 дугаартай:

“...Х.Ууганцэцэгийн биед бүсэлхий нурууны 5-р нугалмын хугарал, хүзүү, хэвлийн зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 88 хуудас),

- Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 403 дугаартай:

“...И.Амармөрөнгийн биед зүүн хавирга ясны хугарал, баруун өвдгөнд язарсан шарх, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

…Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

…Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл эндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

…Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн  хуудас),

- Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дугаартай:

1.49-26 ДОА улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Гач овогтой Анхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэх аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.” 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/. өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал”, 13.4 дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно. ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. 78-62 УНМ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ичинноров овогтой Амармөрөн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол 49-26 ДОА улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Гач овогтой Анхбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2.а/, 13.4.ж/ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргасан байх үндэслэлтэй байна.

4. АО-502 тоот замын арчлалт засвар хариуцсан “Харгуй” ТӨҮГ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3. “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол хэрэг гарахад зам дээр үүссэн эвдрэл гэмтэл нь нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.

5. 49-26 ДОА улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийн осол гарах үед явж байсан хурдыг тодорхойлох боломжгүй.

6. 78-62 УНМ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийн осол гарах үед явж байсан хурдыг тодорхойлох боломжгүй” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 100-101 хуудас),

- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 489 дугаартай:

1. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар “Шинжээч нь өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг өөрөө хариуцна” гэж заасан тул Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Пүрвээгийн гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхэд хариулах боломжгүй байна.

2. Зам тээврийн осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч, хохирогчдын өгсөн мэдүүлэг зэргээс үндэслээд уг осол хэрэг гарахад тээврийн хэрэгслийн зорчих хэсэг дээр үүссэн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх ндэслэлтэй байна. Тухайн осол хэрэг гарсан зорчих хэсгийн арчлалт, засвар үйлчилгээг хариуцсан “Харгуй” ТӨҮГ-ын ажилтан, албан тушаалтан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-д “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн айгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээр хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. “Т.Приус” маркийн 49-26 ДОА улсын дугаартай автомашины жолооч Г.Анхбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг 11.14-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгон явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 107-108 хуудас),

- Техникийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11/13 дугаартай:

“...1.49-26 ДОА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Гач овогтой Анхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт буюу “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, ... замын ... нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” 13.2 “а”-р заалт буюу “Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

2.78-62 УНМ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ичинноров овогтой Амармөрөн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.

3.49-26 ДОА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Гач овогтой Анхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 болон 13.2 “а”-p заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тэврийн ослын шалтгаан болсон байна.

4.49-26 ДОА улсын дугаартай Тоёота Приус, 78-62 УНМ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинуудын хурдыг тогтоох боломжгүй байна.

5.Зам тээврийн осол гарахад зам дээр үүссэн эвдрэл, гэмтэл осол болоход нөлөөлсөн байна.

6.Уг зам тээврийн осолд хэн буруутай эсэхийг техникийн шинжээч хариулах боломжгүй байна” гэх дүгнэлт (4 хавтаст хэргийн 37-38 хуудас),

 

- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №14786488 дугаартай: “...нийт шууд зардлын дүн: 3,515,000, үнэлгээгээр тогтоогдсон дүн: 5,450,600...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 113-114 хуудас),

- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 14910340 дугаартай: “...нийт шууд зардлын дүн: 7,410,000, үнэлгээгээр тогтоогдсон дүн: 9,447,000...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 116-117 хуудас),

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Хэнтий техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №4 дугаартай: “...78-62 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг засварлан дахин ашиглах боломжгүй байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 119-121 хуудас),

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуашн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШД370 дугаартай: “...2018 онд Монгол улсад орж ирсэн 78-62 УНМ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн суудлын автомашины зах зээлийн үнэлгээг 10,199,550 төгрөгийг бүхэлчлэн 10,200,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (3 хавтаст хэргийн 3-6 хуудас),

- Г.Анхбаярын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр миний бие Дорнод аймгаас Улаанбаатар хот орох гэж өөрийн эхнэр Ууганцэцэгийн хамт өөрийн 49-20 ДОА улсын дугаартай “Приус 20” маркийн автомашинтай гарсан. …Хэнтий аймаг орох замд 14 ойролцоогоор 20 км зай дутуу байсан байх, Хэнтий аймаг харагдаж байсан. Намайг явж байтал шороон замаас нэг хар өнгийн “Т.Приус” маркийн автомашин асфальтан зам руу орж ирээд миний урд гараад явсан. Тэгээд явж байтал тэр машин гэнэт зогсолт хийсэн. Би гайхаад урд талын хар өнгийн машиныг мөргөхгүйн тулд тоормосоо дартал миний машины А, Б систем урдаас түлхэлт өгсөн, тэгээд л тулаад ирэхээр нь урд талын машиныг мөргөхгүйн тулд жолоогоо зүүн гар тал руугаа дартал өөдөөс хурдтай машин ирээд л осол гарсан.

... замын хажуу руу унасан машин руу очоод хаалгыг нээтэл талийгаачийн царай цав цагаан болчихсон байхаар нь би өөрөө эмч хүн учраас талийгаачид тусламж үзүүлж цээжин дээр нь дарж хиймэл амьсгаа хийх зорилгоор гараараа дартал зүүн талын хавирганууд хугарсан байдал мэдрэгдсэн болохоор хиймэл амьсгал хийж чадаагүй. Тэгээд бусад хүмүүс машинаас бууж ирэхээр нь яаралтай эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг ирэх хооронд араас ирсэн /маркийг нь мэдэхгүй/ машинд осолд орсон бусад хүмүүсийг нь суулгаад Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн.

...би ямар нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Манай эхнэр Ууганцэцэг нурууны хугарлын улмаас гурван сар хэвтрийн байдалтай байж байгаад 2019 оны 12 дугаар сарын сүүлээр ажилдаа орсон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 126-127 хуудас),

- Х.Ууганцэцэгийн хохирогчоор өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн орчим Дорнод аймгаас Улаанбаатар хот руу 49-26 ДОА улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинтай гарсан. Улаанбаатар хот руу явж байхад 15 цагийн орчим Хэнтий аймгаас зүүн тийш 15 орчим км зайд явж байхад төв замын хойд талаас шороон замаар ногоон өнгийн машин төв зам руу орж ирээд баруун тийш бид хоёрын урд талд явж байсан. Нөхөр бид хоёр тухайн машинаас хол зайтай явж байсан ба явж байхад урд явж байсан машины хурд нь багасаж зогсох шиг болохоор нь тухайн машиныг тойрч гарахаар машины зүүн гар талаар манай машины хамар хэсэг дөнгөж гарахад урдаас буюу эсрэг урсгалаас машин ирж байгаа нь харагдаагүй ба гэнэт нэг машин урдаас орж ирээд манай сууж явсан машиныг мөргөсөн.

…Бид хоёр урд талын тээврийн хэрэгслийн ард явж байхад урдаас машин ирж байгаа харагдаагүй ба урд талын машиныг зогсоход мөн бид хоёр машинаа зогсоох гээд машиныхаа хамар хэсгийг зүүн гар тийш дарахад урдаас машин ирж мөргөсөн тул урдаас машин ирж байгааг нь хараагүй.

…Одоо миний биеийн байдал хэвийн байна. Надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 45-46 хуудас),

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогчдын нэхэмжлэл (2 хавтаст хэргийн 60-152 хуудас),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболорын өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт 46-29 ДОА улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл, 78-62 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас 78-62 УНМ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн XIAOLONG нас барж хохирогч WEIWEI-гийн биед хүнд хохирол, QINGGELETU-гийн биед хүнд хохирол, XINHUA-гийн биед хүндэвтэр хохирол учирсан гэх мөрдөн байцаалтын 939005210016 дугаартай хэрэгт дээрх гадаад улсын иргэдийг төлөөлөн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Манай зүгээс гомдолтой байгаа бөгөөд нэхэмжлэх төгрөг, юанийн баримтыг мөрдөгчид албан ёсоор бичгээр гаргаж өгсөн…” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 235-236 хуудас),

- “Харгуй” ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Төмөрбаатарын яллагдагчаар өгсөн: “...Би болон манай байгууллага энэ яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл энэ зам тээврийн осол нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болж гараагүй. Г.Анхбаяр нь замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчиж хурдаа хэтрүүлж тааруулаагүй, өмнөх тээврийн хэрэгслээс зайтай явах, мөргөхгүй байх хэмжээний зай авч явах ёстой байсан нь энэ ослыг гаргасан. Манай Харгуй” ТӨХК нь жил болгон зам тээврийн хөгжлийн яаман дээр батлагдсан хөрөнгийн хэмжээнд тааруулж зам засварын ажил хийж ажилладаг. Бид нарын хариуцсан зам дээр хавар зам тээврийн хөгжлийн төвөөс мэргэжилтнүүд ирээд газар дээр нь эвдрэлийг хэмжээд, батлагдсан төсвөөс илүү гараад ирэхээр өмнөх батлагдсан мөнгөндөө тааруулаад замаа янзал гэж график төлөвлөгөө баталж өгдөг, төлөвлөгөөний дагуу бид нар үйл ажиллагаа явуулдаг. Тухайн осол гарсан гэх Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн зам дээр бол манай компани төлөвлөгөөний дагуу 6-7 сар, 8 сард дараа нь 9 дүгээр саруудад нийтдээ 3 удаа зам засварын ажлыг хийж гүйцэтгэхээр ажилласан…” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 122-123 хуудас) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 Анхан шатны шүүх:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч “Харгуй” ТӨХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч “Харгуй” ТӨХК-ийг цагаатгаж,

- шүүгдэгч Г.Анхбаярыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Г.Анхбаярын  үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 3 дахь хэсэгт заасан  “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ...хүний амь нас хохирсон...” гэсэн шинжийг хангасан байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ.

 

 Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Анхан шатны шүүх  шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 39,493,393 төгрөгийг төлсөн, 32,024,016 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Анхбаярын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3  жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан  Г.Анхбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хасч шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлын тухайд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад  Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №29 дугаартай,Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №489 дугаартай, Техникийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №11/13 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд гарсан ба дээрх дүгнэлтүүдээр: 

- 49-26 ДОА улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.Анхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгон явна”.  13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэх аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.” 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/. өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал”, 13.4 дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно. ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй, энэ нь зам тээврийн ослын шалтгаан болсон,

- 78-62 УНМ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан И.Амармөрөн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй,

-  АО502 тоот замын арчлалт засвар хариуцсан “Харгуй” ТӨҮГ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3. “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй, зам тээврийн осол хэрэг гарахад зам дээр үүссэн эвдрэл гэмтэл нь нөлөөлсөн байх үндэслэлтэй гэжээ.

 

Дээрх техникийн шинжээчийн дүгнэлтүүдэд “...Зам тээврийн осол хэрэг гарахад зам дээр үүссэн эвдрэл гэмтэл нь нөлөөлсөн байх үндэслэлтэй...” гэсэн байх  боловч  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох

- хохирогч XINHUA-ийн “...Улаанбаатар хотоос урагшаа явж байхад гэнэт өөдөөс урсгал сөрөөд нэг машин хурдтай гараад ирсэн. Тэгээд бидний сууж явсан автомашин замын хажуу руу унасан.  Урсгал сөрж ирсэн машин их хурдтай явж байсан. Гэнэт л ороод ирсэн” гэх,

- хохирогч WEIWEI-ийн “...хэсэг явж байгаад гэнэт урдаас машин гараад манай машин газрын уруу 2 бил үү 3 өнхөрсөн” гэх,

 - гэрч И.Амармөрөнгийн “…эсрэг урсгалаар өөдөөс ирж байсан  хар өнгийн “Приус” маркийн автомашин хурдаа хассан, учир нь яг урьд нь зам дээр 2 нүх байсан юм. Тэгээд би “нүх байна, энэ машин хурдаа хаслаадаа” гээд бодоод яг нөгөө хар өнгийн “Приус” маркийн машинтай зөрж өнгөрөх тэр агшинд нөгөө машины араас нэг цагаан өнгийн “Приус” маркийн машин гэнэт урсгал сөрж орж ирээд миний жолоодож явсан машины урд талаас мөргөсөн, машинд мөргүүлээд миний машин замын далан руу унаж 1-2 хөрвөөгөөд тогтсон. Огцом гэнэт гарч ирсэн болохоор би хараад л дөнгөж тооромсоо гишгэх зуур ирээд мөргөчихсөн” гэх,

- гэрч Х.Ууганцэцэгийн “Хэнтий аймгаас 20 километрийн наана тэр машин зам дээр зогсох шиг болсон. Бид хоёр дөхөж очиход тухайн тээврийн хэрэгсэл зогссон дохио өгөөгүй зам дээр зогссон байдалтай байсан. Тэгэхлээр нь бид хоёр тухайн тээврийн хэрэгслийг мөргөхгүй тулд уг зогсож байсан машины зүүн талаар нь тойрч гарах үед өөдөөс гэнэт машин орж ирээд манай машинтай мөргөлдсөн” гэх,

- Г.Анхбаярын яллагдагчаар өгсөн: “…Намайг явж байтал шороон замаас нэг хар өнгийн “Т.Приус” маркийн автомашин асфальтан зам руу орж ирээд миний урд гараад явсан. Тэгээд явж байтал тэр машин гэнэт зогсолт хийсэн. Би гайхаад урд талын хар өнгийн машиныг мөргөхгүйн тулд тоормосоо дартал миний машины А, Б систем урдаас түлхэлт өгсөн, тэгээд л тулаад ирэхээр нь урд талын машиныг мөргөхгүйн тулд жолоогоо зүүн гар тал руугаа дартал өөдөөс хурдтай машин ирээд л осол гарсан” гэх гэрч, хохирогч, яллагдагч  нарын өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, үнэлж, шүүгдэгч Г.Анхбаяр нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14, 13.1, 13.2.а,13.4.ж заалтуудыг зөрчсөний улмаас урдаа яваа тээврийн хэрэгслийг мөргөхгүйн тулд замын зорчих хэсгийн  эсрэг урсгалд орж,  И.Амармөрөнгийн жолоодож явсан 78-62 УНМ улсын дугаартай “T.Prius” маркийн автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх нотлох баримтуудаар зам тээврийн осол гаргахад тухайн зам дээр үүссэн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх шинжээчийн дүгнэлт няцаагдаж байгаа талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Харгуй” ТӨХК-ийг яллагдагчаар татаж  шалгасан  ба шүүгдэгч “Харгуй” ТӨХК нь зам засварын аюулгүй байдлын ямар стандарт, журмыг хэрхэн зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогоогүй, авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлыг  хангаагүйгээс  “Харгуй” ТӨХК нь тухайн  зам тээврийн осолд  гэм буруутай болох нь  хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдоогүй, эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Харгуй ТӨХК-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, “Харгуй” ТӨХК-ийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн   дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Анхбаяр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболорын ХААН банкны дансанд 2021.05.18-ны өдөр 39,493,393 төгрөг, иргэний нэхэмжлэгч И.Амармөрөнгийн ХААН банкны дансанд 2021.05.19-ний өдөр 10,790,000 төгрөг (3хх-н 190, 191) тус тус шилжүүлж хохирол төлсөн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Г.Анхбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 50,283,393 төгрөгийг төлсөн, энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/54 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

  

                           ШҮҮГЧИД                                                С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                            Ц.ЭРДЭНЭЗУУ