| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/03852/И |
| Дугаар | 191/ШШ2025/03825 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/03825
| 2025 05 05 | 191/ШШ2025/03825 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Б******* овогт Ч******* Б******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, хаягт оршин байрлах, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагад холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, гэрч Б.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Б******* овогт Ч Б******* нь Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагад анх 2006 оны 7 сарын 18 ны өдөр орон нутгийн салбарт жолоочоор ажилд орж, 2023 он хүртэл нийт 16 жил тус байгууллагад ажилласан байдаг. Энэ хугацаанд 2017 оны 9 сарын 27 нд Сэлэнгэ аймагт хэрэгжиж байсан хөтөлбөрийн санхүүжилт зогссоны улмаас ажлаас чөлөөлөгдөөд, 2018 онд Сингапур улсын хөтөлбөрийн санхүүжилт олгох болсноор 2018 оны 5 сарын 28 нд тус газарт жолоочоор дахин ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажилдаа үнэнч шударгаар, ямарваа нэгэн алдаа дутагдалгүй ажиллая. Гэтэл Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Үндэсний захирлын 2023 оны 9 сарын 22-ны өдрийн Е23/09/37 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халагдсан болно. Нэхэмжлэгч нь үүнийг зөвшөөрөхгүй нэхэмжлэл гаргаж байгаа болно. Намайг ажлаа хийж байхад миний олон жил ажилласан жолоочийн ажлын байран дээр 2023 оны 8 дугаар сарын 18 ны өдөр нээлттэй ажлын байрны жолооч ба дата цуглуулагч нэртэйгээр зар тавигдаж шалгалт авсан. Шалгалт авах өдрөө надад албан ёсоор мэдэгдээгүй ба би өөрөө хүний нөөц Н асууж сураглаж байж мэдсэн. Би тухайн үед бүртгүүлсэн байсан. Урьд өмнө нь шалгалт авахдаа бүртгүүлсэн бүх хүмүүстээ мэдэгддэг байсан. Дээрх ажлын байрны шалгалтыг авахдаа англиар компьютор дээр авах гэсэн нь намайг илт жолоочийн ажилд минь эргүүлэн авахгүй гэсэн санаа зорилготой үйлдэл байсан. Учир нь орон нутгийн төслийн зохицуулагч нараасаа шалгалтыг монгол хэлээр авсан байх жолоочоос англи хэлээр шалгалт авч байсан. Угтаа төслийн зохицуулагч нар англи хэлний бүрэн мэдлэг шаардагдах ажил бөгөөд харин жолоочийн үүрэг бол техникийн бүрэн бүтэн аюулгүй байдлаа бүрэн анхаарч зорчигчийн амь нас аюулгүй тээвэрлэх явдлыг ханган хариуцан ажиллах ёстой хэмээн би өнөөдрийг хүртэл ойлгож явдаг. Гэтэл ийм шударга бус шалгалт авагдаж, ажлаас үндэслэлгүйгээр халсан байдаг. Намайг ажлаас үндэслэлгүйгээр халагдсан асуудалд аймаг дахь хөтөлбөрийн менежер Ж.Т гэдэг хүнээс шууд хамааралтай гэж үзэхээр байдаг. Менежер Ж.Т нь удаа дараа жолоочийн ажилд христ шүтлэгтэй хүн авмаар байна, мөн залуу хүн авч дата цуглуулмаар байна гэж яридаг хүн бөгөөд надад та удахгүй тэтгэвэрт гарах юм байна тэ, та тэтгэвэрт гарахаасаа өмнө ажлаасаа гарчихвал яах вэ гэх мэтчилэн ажлын газрын сэтгэл зүйн дарамтанд удаа дараа оруулж байсан. Мөн менежер Ж.Тийн буруутай үйл ажиллагаанаас болж аймаг дахь Онцгой байдлын газрынхантай холбоотойгоор манай бүх ажилчид сануулга авч байсан. Учир нь Сэлэнгэ аймаг дахь Онцгой байдлын Ерөнхий газрын хамт олон манай хамт олныг жижиг хэмжээний хүлээн авалт хийхээр урьж, энэхүү газар нь би ажилчдаа хүргэж өгснөөс болж би сануулга авч байсан. Тийшээ хүргэж өгөх даалгаврыг Ж.Т нь өгсөн байдаг. Энэ мэтчилэн тухай төслийг удирдаж яваа ганц нэгэн хүний чадваргүй байдлаас болж би хохирсон гэж үзэж байгаа. Гэтэл ийм хариуцлагагүй удирдах чадвар муутай хүнийхээ үгэнд Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага нь дуулгавартайгаар орж, олон жил ажилласан ахмад хүнийгээ ажлаас халсан явдал нь шударга бус үйлдэл болсон хэмээн үзэж байна. Дэлхийн Зөн Монгол ОУБ нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар ... аж ахуй нэгж, байгууллага, түүний салбар ирж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн ... гэдэг заалтыг үндсэлтий болгосон байдаг багер, үүнийг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дэлхийн Зөн Монгол ОУБ нь иргэн надтай Хөдөлмөрийн гэрээгээ цуцалж байгаа нь үндэслэлгүй бөгөөд дээрхи заалтын аль хэсэг нь надад хамааралтай эсэх нь ойлгомжгүй байгаа юм. Учир нь Дэлхийн Зөн Монгол ОУБ-н Сэлэнгэ дэх салбар нь өнөөдрийн байдлаар хэвийн үйл ажиллагаатай авагдаж байгаа бөгөөд ажлын байр хасагдсан орон тоо цөөрсөн асуудал огт байхгүй юм. Миний хувьд одоо 60 настай 6 сарын дараа өндөр насны тэтгэвэрт гарах нас минь болно. Гэтэл надыг ажлаас шударга бус байдлаар үндэслэлгүйгээр халсан явдалд миний бие туйлын гомдолтой явдаг. Иймд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Нэхэмжлэлийн шаардлага: Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөрийн жолоочийн ажилд эгүүлэн томилуулах ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагч Дэлхийн Зөн Монгол Оолн улсын байгууллагад даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд хянагдаж буй Ч.Б******* нэхэмжлэлтэй, Олон Улсын Дэлхийн зөн ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар/цаашид Дэлхийн зөн Монгол ОУБ гэх/-т холбогдох орон нутгийн хөтөлбөрийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, НД, ЭМД нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна. орон нутгийн хөтөлбөрийн жолооч Ч.Б******* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Үндэсний захирлын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Е23/09/37 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар жолоочийн ажлын байр хасагдаж, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр цуцалсан. Дэлхийн зөн монгол Олон улсын байгууллага нутгийн хөтөлбөрийн танилцуулга аймагт Дэлхийн зөн Олон улсын байгууллага нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-тай 5 жилийн Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, улмаар 2018 оны 6 сараас үндсэн 6 ажилтантай, зорилтот 7 сум, 2 тосгон болох Шаамар сум болон Дулаанхаан тосгон, Ерөө сум болон Бугант тосгон, Хүдэр сум, Жавхлант сум, Орхон сум, Сант болон Сүхбаатар сумуудад төсөл хэрэгжүүлэхээр эхэлсэн. Төслийн хугацаа нь 2018-2027 оны хооронд Дэлхийн Зөн Сингапураас санхүүжин үндсэн 3 техникийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Үүнд: Өрхийн амьжиргааг дэмжих техникийн хөтөлбөр Хүүхэд хамгаалал ба оролцоо техникийн хөтөлбөр Орон нутгийн оролцоот хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр 2023 оны байдлаар нийт 600.000 USD төсөвтэй, ХИТХ-д нийт 3600 хүүхэдтэй байсан. Нийт ажилчдын орон тоо 12 байсан. 2024 оноос төслийн хаалтын үеийн шилжилтэд орж байгаа тул төсвийн хэмжээ 500.000 USD (17.5% буурсан) болон, хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт бүртгэлтэй нийт 3300 хүүхдүүд болон буурч эхэлж байна. Жолоочийн албан тушаал хасах үндэслэл Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага нь 2024 оны санхүүгийн жилд менежментийн үйл ажиллагааны зардлаа бууруулах зайлшгүй шаардлагатай болсон тул жолоочтой 7 орон нутгийн хөтөлбөрийн бүх жолоочийн албан тушаалыг хасах, төв оффисоос 2 жолоочийн албан тушаалыг /нийт 9 жолооч/ хасах шийдвэрийг гаргасан. Дэлхийн зөн Олон улсын байгууллага нь донор байгууллагын шаардлагын дагуу санхүүжилтийг эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлүүдийн гар дээр хүртээмжтэй хүргэхийг зорьдог. 1995 онд Монгол Улсад төлөөлөгчийн газар байгуулагдсанаас хойш 29 дэх жилийнхээ босгонд анх удаа орон нутгийн хөтөлбөрүүдийн жолоочийн албан тушаалыг хасах шийдвэрийг байгууллага гаргасан, энэ нь зөвхөн Сэлэнгэ ОНХ-т биш юм. Ийнхүү жолоочийн албан тушаалыг хасах дараах шалтгаантай. Үүнд: 2024 оны санхүүжилт өмнөх жилийнхээс 17.5 хувиар буурсан. Дэлхийн зөн Олон улсын байгууллагын тов оффис, Ази, номхон далайн бүсийн оффисоос өндөр хувьтай байгаа менежментийн зардлыг бууруулах шаардлага тавьсан, Жолоочийн цалигийн зардал, МИГ эрүүл мэндийн даатгалыми хураамж /үндсэн ажилтан болон гэр бүлийн гишүүдийг даатгалд хамруулдаг/, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын санд төлдөг шимтгэлийн зардлыг бууруулах шаардлагатай, Автомашиныг хасах, бензин түлш, масло, засварын зардал /олон улсын бодлогын дагуу 5000 км тутамд урсгал засвар үйлчилгээ хийдэг/, эвдрэл засвар, эд анги, сэлбэгийн зардал, гаражийн зардал, тээврийн хэрэгслийн татвар, даатгалын зардлыг бууруулах шаардлагатай. Сүүлийн жилүүдэд орон нутгийн замын чанар сайжирсан, хар замаар холбогдсон тул заавал туулах чадвар сайтай, зардал өндөртэй жийп машин унах шаардлагагүй болсон, Хот хооронд ачаа, хүн тээврийн үйлчилгээ үзүүлэх тээврийн компани, хувийн такси, тендерийн унаануудын сонголтууд бий болсон, шаардлагатай тохиолдолд тухай бүрд машин хөлслөн зорчих, ачаа тээвэрлүүлэх боломжтой болсон, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллаг-ын хувьд менежментийн зардлаа бууруулж, эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлүүдийн гар дээр очих тусламж, мөнгийг нэмэгдүүлэх зарчмыг баримталснаар олон улсын төсөл хөтөлбөрүүдэд шалгарах, өрсөлдөх чадвар нэмэгдэх боломжтой, Сүүлийн 3 жилийн хугацаанд ажилтнуудынхаа цалинг нэмж чадаагүйгээс Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын ажилчдын дундаж цалин зах зээлийн дундаж цалингаас доогуур байгаа нь судалгаагаар тогтоогдож, жил бүрийн Our voice-p ажилтнууд цалин бага байгаа талаарх гомдол тогтмол гаргах болсон тул хэмнэж болох зардлаа хэмнэх, улмаар хөтөлбөрийг гардан хэрэгжүүлж буй ажилтнуудын цалинг зах зээлийн хэмжээнд хүргэх шаардлагатай байсан, орон нутгийн хөтөлбөр 2027 онд хаагдах тул бүтцийн хувьд жижгэрч, хаалтын протоколыг хэрэгжүүлэх бэлтгэлийн эхлэл болсон. Бүх орон нутаг жолоочгүй, машингүй болчихсон. Энэхүү зарчмын шийдвэрийг нэхэмжлэгч Ч. Б******* мэдэж байгаа хэрнээ би л ажилдаа эргэж орох ёстой гэж шүүхэд ганцаараа нэхэмжлэл гаргаж, ажлаас үндэслэлгүй халагдсан мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байгууллага ийнхүү жолоочийн албан тушаалыг цомхотгосноор ОНХөтөлбөр 2023 оны 11. 12, 2024 оны 01, 02 дугаар саруудад нийт 1,570,044 төгрөгөөр гэрээт жолоочоос үйлчилгээ авсан байна. Нийт 4 сарын тээвэр, аялалын зардал нь үндсэн жолоочийн 1 сарын цалингийн зардалтай ижил байгаа тул байгууллагын жолоочгүй болох тухай шийдвэр үндэслэлтэй байсан, орон нутгийн хөтөлбөрт үндсэн жолоочийн зайлшгүй хэрэгцээ байгаагүйг гэрчилнэ. Байгууллага орон нутгийн хөтөлбөрийн аль нэг хөгжлийн чиглүүлэгчийг дата цуглуулагч, жолооч-ийн албан тушаалд ажиллуулахаар явцын шийдвэр гаргаж байсан ч ажилтны ажлын таатай нөхцөл, эрсдэл, үр дагаврыг бодолцоод, оновчгүй гэж үзсэн учир сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлээгүй. Одоогоор орон нутагт дата цуглуулагч, жолооч-ийн албан тушаалтай ажилтан байхгүй, дата цуглуулагчийн ажлыг хөгжлийн чиглүүлэгч гүйцэтгэдэг. Байгууллагын хэрэгцээ, шаардлага, стратеги төлөвлөгөө, санхүүгийн нөхцөл байдал зэргээс шалтгаалж ажил олгогч орон тоогоо цөөлж, албан тушаалыг хасах эрхтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж, жолооч Ч.Б*******г ажлаас чөлөөлсөн, 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон. Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлийн тухайд, Нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байхдаа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарч байна. Нэхэмжлэгч Ч. Б******* нь энэхүү маргаанаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан журмын дагуу Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор шийдвэрлүүлэх ёстой. Дэлхийн зөн байгууллага нь ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн эрхийн маргаанаа Баянзүрх дүүргийн гурван талт хороогоор шийдвэрлүүлдэг ч тус хорооноос Б******* асуудлаар манай байгууллагыг дуудсан тохиолдол одоогоор байхгүй байна. Ажил олгогчийн хувьд гурван талт хороогоор энэхүү хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэх ёстой, шийдвэрлэгдэх боломжтой гэж дүгнэж байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын 2023.08.08-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Үндэсний захирлын 2023.09.22-ны өдрийн Е23/09/37 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага, Ч.Б******* нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Сэлэнгэ Орон нутгийн хөтөлбөрийн жолооч Ч.Б******* ажлын байрны тодорхойлолт, 2022.01.21-ны өдрийн Цалингийн мэдэгдэл, аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.24-ны өдрийн 24448 дугаартай захирамж,
Хариуцагчаас Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Үндэсний захирлын 2023.09.22-ны өдрийн Е23/09/37 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Үндэсний захирлын 2023.09.22-ны өдрийн Е23/09/60 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Үндэсний захирлын 2023.09.22-ны өдрийн Е23/09/55 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Үндэсний захирлын 2023.09.22-ны өдрийн Е23/09/54 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Үндэсний захирлын 2023.09.22-ны өдрийн Е23/09/49 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Үндэсний захирлын 2023.09.22-ны өдрийн Е23/09/41 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Үндэсний захирлын 2023.09.22-ны өдрийн Е23/09/36 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Үндэсний захирлын 2023.09.22-ны өдрийн Е23/09/32 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Үндэсний захирлын 2023.09.22-ны өдрийн Е23/09/31 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Үндэсний захирлын 2023.08.03-ны өдрийн 26/23 дугаартай тушаал, хавсралт, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Хүний хөгжлийн үндэсний бодлогын гарын авлага, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын 2023.08.08-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэлийг,
Шүүхийн журмаар гэрчээр Б.Д*******ийг асуусан тэмдэглэлийг тус тус бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Б******* нь хариуцагч Дэлхийн Зөн Монгол Олон улсын төрийн бус байгууллагад холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.1. Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.2. Нэхэмжлэгч нь уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... орон нутгийн хөтөлбөрийн санхүүжилт жилээс жилд буураагүйгээс гадна жолоочийн ажил байр хасагдаагүй тухайн ажлын байрыг дата, мэдээлэл цуглуулагч гэж нэршлийг өөрчилсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
1.3. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... Дэлхийн зөн Олон улсын байгууллагын тов оффис, Ази, номхон далайн бүсийн оффисоос өндөр хувьтай байгаа менежментийн зардлыг бууруулах шаардлага тавьсан бөгөөд орон нутгийн хөтөлбөр 2027 онд хаагдах тул бүтцийн хувьд жижгэрч, хаалтын протоколыг хэрэгжүүлэх бэлтгэлийн эхлэл болж, жолоочгүй, машингүй болгохоор маш их хүнд шийдвэрийг гаргаж, энэ талаар ажилтан Ч.Б*******д хуульд заасны журмын дагуу мэдэгдэж, 3 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгосон тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж маргасан.
2. Ажил олгогч Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага нь нэхэмжлэгч Ч.Б*******г Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөрт жолоочийн албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхаас гадна талууд энэ талаар маргахгүй байна. /х.х-ийн 7-20 дахь талд/
2.1. Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Үндэсний захирлын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Е23/09/37 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөрт жолооч албан тушаалтай Ч.Б*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан тус тушаалын хуулбар зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 6 дахь талд/
2.2. Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан.
Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1 ...-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж зохицуулсан.
Хуульд зааснаар ажил олгогч нь ажилтны ажлын байр хасагдсан эсхүл тухайн ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажлтныг ажлаас чөлөөлөх тохиолдолд түүнд 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй юм.
2.3. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Ч.Б*******д хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн байх бөгөөд уг мэдэгдэлд ... санхүүжилт тогтмол их хэмжээгээр, эрс буурч байгаатай холбоотойгоор орон тоог хасах шаардлага гарч байна. Иймээс Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага энэхүү нөхцөл байдлыг нарийвчлан үзээд ОНХ-т жолооч орон тоог хасч байгаа тул ДЗМОУБ-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр цуцлах болсныг мэдэгдэж байна гэжээ. /х.х-ийн 5 дахь талд/
Ажил олгогч нь ажлын байр хасагдсан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох болсон талаараа хуульд заасан журмын дагуу ажилтанд мэдэгдэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан гэдгийг тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр байсныг болсныг ойлгоно.
3.1. Хариуцагч Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Үндэсний захирлын 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 26/23 дугаартай тушаалаар Олон улсын Дэлхийн зөн ТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын 2024 оны санхүүгийн жилийн орон тооны бүтцийг баталсан байх бөгөөд уг тушаалын хавсралтад ОНХ-т орон нутгийн зохицуулагч 6, ОНОХИТ хөтөлбөрийн мэргэжилтэн 1, байхаар заасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 82-84 дэх талд/
3.2. Нэхэмжлэгч нь хариуцагчийг жолоочийн ажлын байрыг хасаагүй дата цуглуулагч нэрээр жолоочийн ажлын байр зарласан гэж тайлбарлаж байх боловч энэ үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн гэрч Б.Д******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... ганц Сэлэнгэ ОНХ-ийн жолоочийн ажлын байрыг хасаагүй, бүх орон нутгийг жолоочгүй, машингүй болгох шийдвэр гаргасан ... тус хөтөлбөрийн 2021 оны төсөв 655,000 ам доллар, 2022 оны төсөв 684,000 ам доллар, 2023 оны төсөв 622,000 ам доллар, 2024 онд 500,000 ам доллар байхаар жилээс жилд санхүүжилт буурсан, 2024 оноос эхэлж жолоочтой орон нутгийн хөтөлбөр байхгүй болсон гэж мэдүүлсэн.
3.3. Хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага ОНХ-т 2024 оны санхүүгийн жилд жолоочийн ажил албан тушаалын байрыг орон тооны бүтцээс хассан болох нь тогтоогдож байх бөгөөд ийнхүү орон тоо хассах болсонтой холбоотой хуульд заасан журмын дагуу ажилтанд мэдэгдэж, тэтгэмж олгосон болох нь тогтоогдож байна.
4. Иймд Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага нь Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөрт жолоочийн албан тушаалыг хассан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ч.Б******* урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж зааснаар шүүх нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан талаарх гомдлыг шууд хүлээн авч шийдвэрлэсэн болохыг дурдав.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б******* Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагад холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ