Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2025/0632

 

 

 

 

 

 

   2025          09           16                                    128/ШШ2025/0632   

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

Гомдол гаргагч: “М*******” ХХК

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б*******, Э.С*******

Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Ц.Б  

Хариуцагч: Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагч Х.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Х, О.М   

Гуравдагч этгээд: “С*******” ХХК   

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.С  

Гомдлын шаардлага: Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, Э.С*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ө нар оролцов.        

ТОДОРХОЙЛОХ нь:    

1.Гомдол гаргагчаас “Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.         

2.Маргааны үйл баримтыг дурдвал   

2.1.Зөрчлийн хэргийн гомдол гаргагч “А” ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх нь” А дүгээр албан бичгээр “... “М*******” ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 18 тоот албан бичгээр агаарын хөлгийн шатахууны үнэ сумалгаанд өөрчлөлт орсон тухай мэдэгдсэн ба энэ нь өмнөх үнэнээсээ 49 хувиар өгссөн байх тул үнийн өсөлтийн талаар зохих журмын дагуу шалгаж өгнө үү.” гэх хүсэлтийг тухайн үеийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар буюу Монополын эсрэг газарт гаргажээ.    

2.2.Мөн И нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Хүсэлт гаргах тухай” 07******* дугаар албан бичгээр “... агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгч “М*******” ХХК-ийн ТС-1 шатахууны үнэ 2022 оны эхний хагас жилийн байдлаар 1 тонн нь 3,300,000 төгрөг байсан бол 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 4,900,00 төгрөг буюу 47 хувь, 08 дугаар сарын 11-ний өдөр 5,550,000 төгрөг буюу өмнөх сараас 13 хувиар тус тус өссөн байх тул агаарын хөлгийн шатахуун нийлүүлж буй аж ахуйн нэгжийн агаарын хөлгийн шатахууны үнэ хэт өндөр байгаа эсэх талаар хяналт, шалгалт хийж өгнө үү.” гэх хүсэлтийг тухайн үеийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар буюу Монополын эсрэг газарт гаргасан байна.

2.3.Дээрх гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Агаарын хөлгийн шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” 0******* дугаартай хяналт шалгалтын удирдамжийг баталжээ.     

2.4.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” 22 дугаар эрх бүхий албан тушаалтны тогтоолоор зөрчлийн хэргийг нээсэн байна.  

2.5.Хариуцагч болох эрх бүхий албан тушаалтан нь дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор маргаан бүхий 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0 дугаар шийтгэлийн хуудсыг бичжээ.            

2.6.Маргаан бүхий 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “М*******” ХХК-ийг давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бараа бүтээгдэхүүнд хэт өндөр үнэ тогтоосон гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 183,622,231.99 /зуун наян гурван сая зургаан зуун хорин хоёр мянга хоёр зуун гучин нэг ерин ес/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.   

2.7.Тус шүүх “М*******” ХХК-аас гаргасан “Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлоор Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.         

3.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: “Манай "М*******" ХХК нь агаарын хөлгийн шатахуун ТС-1-ыг хадгалж, агаарын хөлөгт сумалгаа хийдэг үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Х.О*** 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай шийтгэх хуудсаар Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, бараа бүтээгдэхүүнд хэт өндөр үнэ тогтоосон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар, өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 183,622,231,99 төгрөгийн торгууль ногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх явцад шалган тогтоох шаардлагатай зүйлсийг орхигдуулсан, энэ шийтгэлийн хуудас нь буруу үндэслэлгүй нь доорх зүйлсээр нотлогдож байна. 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор “Э” ТӨХК байгуулагдаж 2021 оноос үйл ажиллагаа явуулж тухайн агаарын хөлгийн шатахуун оруулж ирдэг компаниудын дийлэнх хувийн борлуулалтыг хийж эхэлсэн. Зөрчилд холбогдсон “М*******” ХХК нь 2019 онд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдож байсан бол 2020 оноос эхлэн давамгай байдлаа алдсан. Өөрөөр хэлбэл “М*******” ХХК нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч биш юм. Гэтэл давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж торгосон нь ямар ч үндэслэлгүй. Одоогоор “М*******” ХХК нь Г, Т*******, Х******* гэх 3 хан ширхэг авиа компанид шатахуун нийлүүлж байгаа. Геосан, Тэнгэрийн Улаач нар улирлын чанартай жижиг нисдэг тэрэгний үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, ковид-19 цар тахал, ОХУ, Украйн хоорондын дайн болсон зэрэг таамаглашгүй гадны нөлөөллийн улмаас сүүлийн 3 жил үйл ажиллагаа асар их алдагдалтай ажиллаж ирсэн. Бусад авиа компаниуд гэрээгээ шууд цуцалсан. Хэдийгээр бид алдагдалтай ажиллаж байсан ч “М*******” ХХК байгууллагынхаа инженер техникийн ажилтнууд болон онц чухал мэргэжлийн ажилтнуудаа авч үлдсэн төдийгүй орон тоог 45 байсныг 10 хүний бүрэлдэхүүнд хүртэл багасгаж чадлын хэрээр ажилласан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гаргаж өгсөн санхүүгийн тайланд дурьдагдаж буй удирдлагын зардал нь үйл ажиллагааны зардлыг хэлж байгаа болно. Үйл ажиллагааны зардлыг 2019 онд 6 тэр бум байсныг 2020 онд 4,5 тэр бум болгож бууруулсан, 2021 онд 3 тэр бум болгож бууруулсан, 2022 онд 1,5 тэр бум болтол бууруулж алдагдалтай ажилласан. Үнэ өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь дэлхий нийтийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй. Инфляцын өсөлт, валютын ханшийн өсөлт, нийлүүлэгчийн үнийн өсөлт гол хүчин зүйл болсон. Төлбөр тооцоог доллароор хийдэг ба долларын өсөлт хомсдол хүндрэл учруулж байсан ба уг хугацаанд ОХУ-с рублээр гүйлгээ хийхийг 2 удаа шаардсанаар рублийн асар их хомсдолтой үед өндөр үнээр рубль авсан болно. Монгол улс нь гадны хөрөнгө оруулалттай компанид шатахуун импортоор оруулж ирэх зөвшөөрөл олгодоггүй тул "С*******" ХХК-с ТС-1 шатахууныг ямар ч нэмэгдэл нэмэлт төлбөргүйгээр дамжуулан оруулж ирүүлдэг. ОХУ-д дайн гарсантай холбогдуулан агаарын хөлгийн шатахуун хомсодсон үнэ өссөн. Улаан үдэ хотоос худалдан авч байсан бол Москвагийн дэргэдээс асар холоос худалдан авч тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн. Бусад агаарын хөлгийн шатахуун оруулж ирдэг компаниудыг шалгаж үнийн харьцуулсан судалгаа хийгээгүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас оногдуулсан шийтгэлийн хуудсанд хэт өндөр үнээр торгууль тавьсан бөгөөд энэхүү өндөр үнийг яаж гаргаж ирсэн нь ойлгомжгүй. Хэт өндөр үнийн журам боловсруулагдаж батлагдаагүй. Хэт өндөр үнийг хэрхэн тооцоолж, ямар аргачлалаар тогтоосон нь тодорхойгүй зэрэг үндэслэлгүй торгууль ногдуулсан гэж үзэж байна. Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №00*** дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д "захиргааны акт... хүчингүй болгуулах", мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д "захиргааны акт... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" гэснийг үндэслэн хүчингүй болгож өгнө үү. ” гэжээ.     

4.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. “М*******” ХХК нь онгоцны агаарын хөлгийн шатахуун тс-1 нэгийг худалдан борлуулдаг. Мөн агаарын хөлөгт судалгаа хийж, үйл ажиллагаа явуулдаг. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О*** 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №0 дугаартай шийтгэлийн хуудсаар давамгай байдалтай аж ахуй, хэрэглэгч нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бараа бүтээгдэхүүнд хэт өндөр үнэ тогтоосон гэдэг асуудлаар Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт зааснаар өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээнд буюу 183,622,231 төгрөгийн торгууль оногдуулсан. Үүнийг манай компанийн зүгээс дараах байдлаар үгүйсгэнэ. Тухайн үед дэлхий даяар ковид 19 цар тахал болж байсан. Үүнтэй холбоотой Оросын Холбооны Улс болон Украйн Улсын хоорондын дайн байлдааны асуудлууд үүссэн. Гадны нөлөөтэй буюу гуравдагч этгээдээс шалтгаалсан хүчин зүйлсээс болж сүүлийн 3 жилийн хугацаанд асар их алдагдалтай ажиллаж байсан. Бусад авиа компаниудын гэрээг шууд цуцалсан. Бид нарын хувьд хэдий алдагдалтай ажиллаж байсан ч гэсэн Монгол Улсын агаарын хөлгийг тасралтгүйгээр үйл ажиллагааг нь явуулж байсан. Манай компани 45 ажилтантай байсан. 10 ажилтантай болтол нь цомхотгосон. Хэвийн үйл ажиллагаагаа явуулж, бусад байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс манай компани өөрсдөөсөө шалтгаалах бүхий л арга хэмжээг авч ажиллаж байсан. 2019 онд үйл ажиллагааны зардал 6 тэрбум төгрөг байсан. 2021 онд 1,5 тэрбум төгрөг болтлоо буурсан. Үнэ өсөхөд дэлхий нийтээр гарсан ковид 19 цар тахал, үнийн инфляц өсөлт, валютын ханшны өсөлт, нийлүүлэгчийн үнийн өсөлт нөлөөлсөн. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотолж байгаа. Төлбөр тооцоог зөвхөн доллароор авч байсан. Долларын өсөлт нь хүндрэлтэй байсан. Уг хугацаанд манай зүгээс Оросын Холбооны Улсаас рублиэр гүйлгээ хийхийг хоёр удаа шаардсан. Монгол Улс гаднын хөрөнгө оруулалттай компанид шатахуун импортоор оруулж ирэх зөвшөөрлийг олгодоггүй. “С*******” ХХК болон “М*******” ХХК хоорондоо харилцан хамаарал бүхий байсан тул энэ нь давамгай байдалтай байсан гэдгийг тогтооход нөлөө үзүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “С*******” ХХК 100 хувь Монгол Улсын хуулийн этгээд. “С*******” ХХК шатахууныг импортоор оруулж ирдэг байсан. Импортоор оруулж ирсэн шатахууныг “М*******” ХХК худалдан борлуулдаг байсан. Давамгай байдалтай аж ахуйн нэгжийг нөхөж гаргаж байгаа. Юун дээр нөхөж гаргадаг вэ гэхээр өмнө нь явуулсан тайланг үндэслэж 2021 болон 2022 онд давамгай байдалтай байна гэж тогтоосон байдаг.

Энэ нь өөрөө үндэслэлгүй. “С*******” ХХК хэдийг импортоор оруулж ирсэн эсэх, мөн оруулж ирсэн импортынх нь шатахууныг хэн нь борлуулж байсан эсэх нь тодорхойгүй байна. Борлуулалт болон импорт нь тусдаа байх ёстой. Тэгэхэд үүнийг шууд нэгтгэж гаргаж ирсэн. Би энэ талаар сонсох ажиллагаа дээр нь очиж “... яг импортоор аль нь юм бэ? Үүнийг ялгаж зааглах ёстой юу? ялгаж зааглаагүйн улмаас манай гаргаж ирсэн шатахууныг буруу дүгнэж байна.” гэж хэлсэн. Оросын Холбооны Улсад дайн гарсантай холбоотойгоор агаарын хөлгийн шатахууныг тээвэрлэх хугацаа, зай холдсон. Өмнө нь шатахууныг Улаан-Үд хотоос худалдаж авдаг байсан. Дайн гарсантай холбоотойгоор Москва хотын ойролцоогоос авч байсан шатахууны тээвэрлэлтийн зардал өссөн. Энэ нь хол зайнд  ордог болсон. Бусад агаарын хөлгийн шатахуун оруулж ирдэг компаниудыг шалгаж үнийн судалгааг хийгээгүй. Оногдуулж байгаа шийтгэлийн хуудсанд хэт өндөр үнээр торгууль тавьсан. Хэт өндөр үнийг яаж тогтоож байгаа нь ойлгомжгүй байна. Бизнесийн зарчмаар явж үйл ажиллагаа явуулахад зардал нэмэгддэг. Дагаж бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Журамд заасны дагуу Засгийн газар хэт өндөр үнийг тогтоодог. Хавтаст хэргийн хамгийн сүүлийн хуудсанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирсэн баримт авагдсан байдаг. Засгийн газраас хэт өндөр үнийг тогтоохтой холбоотой ямар нэгэн баримт бичиг байхгүй байна гэх нотлох баримтыг хүргүүлсэн. Дээрх үндэслэлээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. Бичгээр гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна.” гэв. 

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт И болон “А” ХХК-аас ирүүлсэн “... “М*******” ХХК нь 2022 оны 08 сард агаарын хөлгийн ТС-1 шатахууны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн байх тул шалгаж өгнө үү.” гэх зөрчлийн шинжтэй гомдол ирүүлсний дагуу “М*******” ХХК- ийн үйл ажиллагаанд агентлагийн даргын 2022 оны 01/** дугаар удирдамжтай хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтаар “М*******” ХХК нь 2021 оны 12 дугаар сард 2800 төгрөг байсан ТС-1 шатахууны сумалгааны үнийг 2022 оны 08 дугаар сард 5600 төгрөг болгож 100 хувь буюу 2 дахин нэмэгдүүлсэн нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй зөрчил илэрсэн тул зөрчлийн дугаартай хэрэг нээн зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг 22*** явуулсан. “М*******” ХХК нь гэрээт худалдан авагч "А***” ХХК-д 2022 оны 01 сараас 07 сарын 07-ыг өдрийг хүртэлх хугацаанд ТС-1 шатахууныг 1 тонныг 3,330,000 төгрөгөөр нийлүүлж байсан байх бөгөөд 2022 оны 07 сарын 07-ны өдрийн 188/** тоот бичгээр ТС-1 шатахууны сумалгааны үнийг 4,950,000 төгрөг, ачилтын үнийг 4,900,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн тухай, мөн оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 203/** тоот бичгээр сумалгааны үнийг 1 тонныг 5,600,000 төгрөгөөр, ачилтын үнийг 1 тонныг 5,550,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн үнээр нийлүүлэх талаар тус тус мэдэгдсэн байна.

“А” ХХК нь “М*******” ХХК-иас сумалгааны үнийг 1 тонныг 5,600,000 төгрөгөөр 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 07- ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авч байгаад мөн оны 11 дүгээр сарын 08- ны өдрөөс “Э” ХХК-иас ТС-1 шатахууныг 1 тонныг 4,932,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийсэн байна. Мөн нийлүүлэгч /”С***” ХХК/-ээс худалдан авсан өртөг 2022 оны 8 дугаар сарын байдлаар тонн тутамд 4,604,100 төгрөг байхад худалдан борлуулж буй үнэ тонн тутамд 5,600,000 төгрөг байгааг 2021 оны 12 дугаар сарын үнэтэй харьцуулж үзэхэд агаарын хөлгийн ТС-1 шатахууны сумалгааны үнийг 2 дахин өсгөсөн нь тус компанийн санхүүгийн баримтуудад хийсэн үзлэг шалгалтаар тогтоогдсон. Иймд “М*******" ХХК нь өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулж, бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтад зааснаар өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 183,622,231,99 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор “Э” ТӨХК байгуулагдаж 2021 оноос үйл ажиллагаа явуулж, агаарын хөлгийн шатахуун оруулж ирдэг компаниудын дийлэнх хувийн борлуулалтыг хийж эхэлсэн. “М*******” ХХК нь 2019 онд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдож байсан бол 2020 оноос эхлэн давамгай байдлаа алдсан байхад давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж торгосон нь ямар ч үндэслэлгүй байна гэсэн тухайд: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь МУ-ын Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан "Зүй ёсны монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам"-ын дагуу зүй ёсны монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоодог. Энэ хүрээнд “М*******” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 0* дугаар тогтоолоор “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч"-ээр тогтоогдсон. Тус газарт “М*******” ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 22/*** дугаартай албан бичгээр "Өнөөдрийн байдлаар “Э***” ТӨХК нь дотоодын зах зээлийн 70 орчим хувийг эзэлдэг харин "М*******” ХХК нь тус зах зээлийн 30 хүрэхгүй хувийг эзэлж байгаа тул манай компанийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосныг хүчингүй болгож өгнө үү.” гэх хүсэлтийг ирүүлсэн. Засгийн газрын 2** дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 7 дугаар зүйлийн 7.5-д "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч жил бүрийн 1 улиралд багтаан өнгөрсөн жилийн санхүүгийн баталгаат тайлан, зах зээлийн байдалд хийсэн өөрийн судалгаа, саналаа шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ." гэж, 7.6-д "Энэ журмын 7.5-д заасны дагуу ирүүлсэн тайлан, судалгаа, саналыг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мөн журмын 7.4-т заасан эх сурвалжид үндэслэн судалж үзээд тухайн аж ахуй эрхлэгчийг дараах тохиолдолд давамгай байдлаа алдсаныг хүлээн зөвшөөрч "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүртгэл”-ээс хасах тухай шийдвэр гаргана:" гэж тус тус заасан. Иймд журамд заасны дагуу "М*******” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сард ирүүлсэн хүсэлтийг хугацааны хувьд хүлээн авч, зах зээлийн судалгааг хийх боломжгүй юм. Энэ талаар тус компанид 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/*** дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн.

Ковид-19 цар тахал, ОХУ, Украйн хоорондын дайн болсон зэрэг таамаглашгүй гадны нөлөөллийн улмаас сүүлийн 3 жил үйл ажиллагаа асар их алдагдалтай ажиллаж ирсэн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргаж өгсөн санхүүгийн тайланд дурдагдаж буй удирдлагын зардал нь үйл ажиллагааны зардлыг хэлж байгаа болно. Үйл ажиллагааны зардлыг 2019 онд 6 тэрбум байсныг 2020 онд 4,5 тэрбум, 2021 онд 3 тэрбум, 2022 онд 1,5 тэрбум болгон бууруулж алдагдалтай ажилласан гэсэн тухайд “М*******” ХХК-ийн санхүүгийн байдлын тайланг авч үзэхэд Ковид-19 цар тахлын үед буюу 2021, 2022 онд борлуулалтын ашиг дунджаар 81.5 хувиар буурсан байхад ерөнхий ба удирдлагын зардлаа 31.6 хувиар бууруулснаас харахад хөл хорионы улмаас борлуулалтын ашиг өндөр (81.5) хувиар буурсан байхад ерөнхий удирдлагын зардлаа багаар буюу (31.6) хувиар бууруулсан нь "М*******” ХХК нь ковидын цар тахлын үед санхүүгийн алдагдалд орох үндсэн шалтгаан болсон байна. Бусад агаарын хөлгийн шатахуун оруулж ирдэг компаниудыг шалгаж үнийн харьцуулсан судалгаа хийгээгүй гэсэн тухайд шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Ашигт малтмал, газрын тосны газраас агаарын хөлгийн ТС-1 шатахуун болон бусад шатахууны үнийн өөрчлөлтийн мэдээллийг 7 хоног тутам авч, нэгтгэн үнийн судалгааг хийдэг. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар агаарын хөлгийн ТС-1 шатахууны нийлүүлэлтийг идэвхтэй явуулж буй 2 аж ахуй эрхлэгч байгаа бөгөөд “М*******” ХХК агаарын хөлгийн ТС-1 шатахууныг 1 тонныг 5,300,000-5,350,000 төгрөг, "Э" ХХК 4,900,000-4,932,000 төгрөгөөр тус тус борлуулж байсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн шийтгэлийн хуудсанд хэт өндөр үнээр торгууль тавьсан бөгөөд энэхүү өндөр төлөө газраас оногдуулсан үнийг яаж гаргаж ирсэн нь ойлгомжгүй. Хэт өндөр үнийг хэрхэн тооцоолж, ямар аргачлалаар тогтоосон нь тодорхойгүй зэрэг үндэслэлгүй торгууль ногдуулсан гэсэн тухайд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-т" ., давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл аж ахуй эрхлэгч өөрийн ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан. Энэ хүрээнд “М*******” ХХК-аас ирүүлсэн орлогын дэлгэрэнгүй тайланд дурдсан 2021 оны борлуулалтын цэвэр орлогын мөнгөн дүн мөн тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульч Н.О***, нягтлан Э.С*** нараас авсан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлэгт 2021 оны борлуулалтын орлогыг 4,590,555,799,84 төгрөг гэж мэдүүлсэн мөнгөн дүнг үндэслэн хуульд заасны дагуу торгуулийн хэмжээг тооцож, ногдуулсан. “М*******” ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс сумалгааны үнэ 1 тонныг 5,600,000 төгрөгөөр, ачилтын үнэ 5,550,000 төгрөгөөр худалдаалж эхэлснээс хойш мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу үнээ нэмснээс хойш 3 сарын дараа нийлүүлэгч "А***а” ХХК-д 226/** дугаартай албан бичгээр ТС-1 шатахууны үнийг 1 тн нь 5,300,000 төгрөгөөр буюу өмнөх үнээс 300,000 төгрөгөөр бууруулан нийлүүлэх талаар мэдэгдсэн байдаг. Тус компанийн ТС-1 шатахууны үнийг богино хугацаанд өсгөж, бууруулж байгаа энэхүү үйлдэл нь тухайн цаг хугацаанд бодит зардал өсч, буураагүй өөрөөр хэлбэл төгрөгийн ам доллартай харьцах ханш, сумалгааны болон ачилтын үнийн хооронд харилцан хамаарал багатай мөн импортын үнийн өөрчлөлт нь сумалгааны болон ачилтын үнэд нөлөө үзүүлээгүй байгаа зэргээс үзэхэд “М*******” ХХК нь ТС-1 шатахууны үнийг үндэслэлгүйгээр өсгөсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.   

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс гомдол гаргагч талын гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд өмнө нь бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа бүрэн дэмжиж байна. Нөхөж 2024 онд тогтоол гаргаж давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчээр тогтоогдсон гэж хэлж байна. “М*******” ХХК-ийн хувьд бол 50 хувь нь “С*******” ХХК-ийн, 50 хувь нь Оросын Холбооны Улсын эзэмшлийн аж ахуйн нэгж байдаг. Манайд болон бусад төрийн байгууллагуудад гаргаж өгч байгаа албан бичиг болон бусад бичиг баримтууд дээр “С*******” ХХК-ийн охин компани нь “М*******” ХХК гэж дурдсан байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан мэдээллийн дагуу энэ хоёр аж ахуйн нэгж нь харилцан хамааралтай аж ахуйн нэгж гэдэг нь тогтоогддог. Бид нар 2024 онд нөхөж тогтоол гаргаагүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хуралдаанаар зүй ёсны монополын болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоож тогтоол, хамтын шийдвэр гаргадаг. Шүүхээс бид нарт энэ тогтоолыг нөхөж гаргахыг даалгасан. “М*******” ХХК нь эс үйлдэхүйг гаргасан. Тэгээд бид нар давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээ алдсан байхад судалгаа хийж өгөхгүй байна гэх гомдлыг шүүхэд гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхээс захирамж гарсан. Эднийхээс итгэмжлэгдсэн төлөөлөгч орж байсан. Шүүхээр хэлэлцэх асуудал биш байна. Гэхдээ захиргааны байгууллага судалгаагаа хийнэ. Аж ахуйн нэгжид холбогдох материалуудаа гаргаж өгнө гээд шүүхээс захирамж гарсан. Үүний дагуу бид нар онгоцны шатахууны зах зээлийн судалгааны ажлыг хийж, хуралдаанд дээр танилцуулж шийдвэр гарсан. Нөхөж хийж, давамгайгаар тогтоогоогүй. Өмнө нь давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчээр тогтоогдсон байсан. 2020 онд Монгол Улсын Засгийн газраас “Эрчис Ойл” ХХК гэх онгоцны шатахууны импорт нийлүүлэлтийг хариуцах төрийн өмчит компани байгуулагдсан.

Иймд бид нар давамгай байдлаа алдсан гэсэн. Засгийн газрын тогтоол гарч 2020 онд “Эрчис Ойл” ХХК байгуулагдсан. 2022 оны 8 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулсан. Импортоор Монгол Улсад шатахуун оруулж ирж борлуулсан. Бид нар 2021, 2022 онд давамгайдалтай биш байна гэсэн. Шүүхээс гарсан захирамж дээр 2021, 2022 онд “М*******” ХХК өөрөө давамгайдалтай байдалтай аж ахуй эрхлэгч мөн байсан эсэх дээр зах зээлийн судалгаа хийхийг манайд даалгасан. Энэ үндэслэлээр бид нар зах зээлийнхээ судалгааг хийсэн. Тусдаа гомдол нь шийдэгдсэн. Бид нар судалгаагаа хийж 2024 оны тогтоол гарсан. Гомдол гаргагч талын төлөөлөгч бусад аж ахуйн нэгжүүдийн үйл баримтыг шалгаагүй гэж хэлж байна. Бид нар зах зээлийн судалгааны материалыг хэрэгт авч шүүхэд гаргаж өгсөн. Онгоцны импортын борлуулалтыг Монгол Улсад 16 аж ахуйн нэгж импортоор оруулж ирсэн. Зах зээл дээр эзэлж байгаа хувь хэмжээгээрээ өнөөдрийн түвшинд “Э***” ХХК 2023 оноос хойш 81 хувийг эзэлж байгаа. “С*******” ХХК болон “М*******” ХХК хоёр хоорондоо хамаарал бүхий этгээд тул Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу хамаарал бүхий 2 этгээд нийлж зах зээлийн 3,1-ээс дээш хувийг эзэлж байна гэж үзсэн. 2024 онд хийгдсэн зах зээлийн судалгаа байдаг. Энэ судалгаагаараа давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэвээрээ байна гэдгийг тогтоосон. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч Өрсөлдөөний тухай хуулийн 6, 7 дугаар зүйлд заасны дагуу тухайн зах зээлд ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглож байгаа. Улсын байцаагчийн оногдуулсан шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт хэсэгт заасны дагуу зах зээлд ноёлох үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэж байгаа. Үндэслэлгүйгээр үнээ нэмэгдүүлсэн гэж үзсэн. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг дагуу “Зүй ёсны монопол байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монопол байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу аж ахуйн нэгжээс өөрсдийнх нь гаргаж өгсөн санхүүгийн баримтаас нь үндэслэж тс-1 шатахууны борлуулсан борлуулалтын дүнгээс нь 4 хувиар тооцож 183,5 сая төгрөгөөр торгосон. Иймд Улсын байцаагчид оногдуулсан торгууль нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бичгээр гаргасан хариу тайлбараа бүрэн дэмжиж байна.” гэв.   

7.Гуравдагч этгээдийг итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Х.О*** холбогдох захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд А.С*** миний бие гуравдагч этгээд “С***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус ажиллагаатай холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна. “М*******” ХХК-ийн зүгээс Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Х.О*** холбогдуулан Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Х.О*** 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба “С***” ХХК-ийн зүгээс ч мөн адил дээрх шийтгэл тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтэй байх ба “С***” ХХК-ийн зүгээс Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Х.О*** холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тул нэхэмжлэлийг хангаж Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Х.О*** 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №00*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.    

8.Гуравдагч этгээдийг итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “С*******” ХХК нь “М*******” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байгаа. Энэ нь хариуцагч талын гаргасан тайлбартай дүйцэж байна гэж үзэж байна. Зөвхөн харилцан хамаарал бүхий этгээд гэдэг зүйлийг 50 хувийн хувьцааг нь эзэмшсэн тохиолдол гэдэг зүйлээр харж ойлгож байгаа нь зүй ёсны бус болж байна. “М***” ХХК өөрөө эрх үүрэгтэй хамаарал бүхий хуулийн этгээд байгаа. С*** ХХК-ийн охин компани гэж хэлж байна. С*** ХХК-ийн охин компани биш. “М***” ХХК өөрөө эрх үүргийн дагуу Улсын бүртгэлийн газраас тодорхой зүйлээ авсан. Бүх юм нь “М***” ХХК дээр явж байгаа. “М***” ХХК, “С***” ХХК хоёр 2019 оноос хойш хамтран ажиллах гэрээ байгуулж харилцан хамтарч ажиллаж байгаа.” гэв.     

ҮНДЭСЛЭХ нь:   

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.         

2.Гомдол гаргагчаас “... Манай компани 2022 онд агаарын хөлгийн ТС-1 шатахууны үнийг дэлхий нийтийг хамарсан ковьд-19 цар тахал, ОХУ болон Украйн хоорондын дайн, валютын үнийн өсөлт зэргээс шалтгаалан агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлт багасаж, үнэ өссөнтэй холбоотойгоор нэмэгдүүлсэн байхад үүнийг судалж үзэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон гэж үзсэн нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Гомдол гаргагч “М*******” ХХК нь онгоцны түлшний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч атлаа 2022 онд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон тул маргаан бүхий захиргааны актаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.

3.Гомдол гаргагч “М*******” ХХК-аас Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан “Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.             

4.Зөрчлийн хэргийн гомдол гаргагч “А” ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх нь” А дүгээр албан бичгээр “... “М*******” ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 18 тоот албан бичгээр агаарын хөлгийн шатахууны үнэ сумалгаанд өөрчлөлт орсон тухай мэдэгдсэн ба энэ нь өмнөх үнэнээсээ 49 хувиар өгссөн байх тул үнийн өсөлтийн талаар зохих журмын дагуу шалгаж өгнө үү.” гэх хүсэлтийг тухайн үеийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар буюу Монополын эсрэг газарт гаргажээ.     

5.Мөн И нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Хүсэлт гаргах тухай” 07******* дугаар албан бичгээр “... агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгч “М*******” ХХК-ийн ТС-1 шатахууны үнэ 2022 оны эхний хагас жилийн байдлаар 1 тонн нь 3,300,000 төгрөг байсан бол 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 4,900,00 төгрөг буюу 47 хувь, 08 дугаар сарын 11-ний өдөр 5,550,000 төгрөг буюу өмнөх сараас 13 хувиар тус тус өссөн байх тул агаарын хөлгийн шатахуун нийлүүлж буй аж ахуйн нэгжийн агаарын хөлгийн шатахууны үнэ хэт өндөр байгаа эсэх талаар хяналт, шалгалт хийж өгнө үү.” гэх хүсэлтийг тухайн үеийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар буюу Монополын эсрэг газарт гаргасан байна.

6.Дээрх гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Агаарын хөлгийн шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” 0******* дугаартай хяналт шалгалтын удирдамжийг баталжээ.      

7.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” 22 дугаар эрх бүхий албан тушаалтны тогтоолоор зөрчлийн хэргийг нээсэн байна.   

8.Хариуцагч болох эрх бүхий албан тушаалтан нь дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор маргаан бүхий 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0 дугаар шийтгэлийн хуудсыг бичжээ.             

9.Маргаан бүхий 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “М*******” ХХК-ийг давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бараа бүтээгдэхүүнд хэт өндөр үнэ тогтоосон гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 183,622,231.99 /зуун наян гурван сая зургаан зуун хорин хоёр мянга хоёр зуун гучин нэг ерин ес/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.     

10.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг шинэчлэн тогтоох тухай” 0* дугаартай тогтоолоор “М*******” ХХК-ийг онгоцны шатахууны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэвээр байгаа болохыг тогтоожээ.     

11.Гомдол гаргагч “М*******” ХХК-аас тус шүүхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “М******* ХХК-ийн 2020, 2021, 2022 онд давамгай байдлаа алдсаныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “М*******” ХХК-ийг 2020, 2021, 2022 онд давамгай байдлаа аж ахуй эрхлэгч биш болсныг хүлээн зөвшөөрүүлэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.   

12.Тус шүүх дээрх нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0737 дугаар шийдвэрээр “... нэхэмжлэгч хариуцагч нарын харилцан зөвшөөрсөн буюу Ирүүлсэн тайлан, судалгаа, саналыг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эх сурвалжид үндэслэн судалж үзээд тухайн аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь болон давамгай байдлаа алдсаныг тогтоож, “Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчийн бүртгэл”, “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүртгэл”-ээс хасах тухай шийдвэр гаргахаар тохиролцсон эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож.” шийдвэрлэжээ.  

13.Дээрх шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай” 06 дугаар тогтоолоор харилцан хамаарал бүхий “С*******” ХХК, “М*******” ХХК-уудыг онгоцны түлшний зах зээлд Монгол Улсын хэмжээнд 2021, 2022 онуудад хамтдаа давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна.

14.Гомдол гаргагч “М*******” ХХК-аас дээрх тогтоолтой маргаагүй байх тул тогтоол хүчин төгөлдөр болсон байна. Үүнээс үзвэл, харилцан хамаарал бүхий “С*******” ХХК, “М*******” ХХК-уудыг онгоцны түлшний зах зээлд Монгол Улсын хэмжээнд 2021, 2022 онуудад хамтдаа давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзэхээр байна.

15.Зөрчлийн хуулийн 10.7 дугаар зүйл.“Өрсөлдөөний тухай хууль зөрчих”, 9.“Зүй ёсны монополь байдалтай, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн зүй ёсны монополь байдал, давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

16.Хуулийн дээрх заалтаас үзвэл, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор байна.

17.Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйл.“Давамгай байдлаа хууль бусаар ашиглах”,7.1.“Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 7.1.2.“бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох;” гэж заажээ.

18.Дээрх хуулийн заалтаас үзвэл, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь бараа бүтээгдэхүүндээ үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоовол хуулийн хориглолтыг зөрчихөөр байна.

19.Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.“Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбогдсон журмыг олон улсын тэргүүн туршлагыг үндэслэн Засгийн газар батална.” гэж зааснаас үзвэл, бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбогдсон журмыг олон улсын тэргүүн туршлагыг үндэслэн Засгийн газар батлахаар байна.

20.Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны 01 дүгээр дүгээр сарын 17-ны өдрийн “Хариу өгөх тухай” х/** дугаартай албан бичигт “... Өрсөлдөөний тухай хуулийн 7.2-т “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбогдсон журмыг олон улсын тэргүүн туршлагыг үндэслэн Засгийн газар батална.” гэсэн заалттай холбоотой баталсан журам болон холбогдох тайлбар, баримтууд Засгийн газрын архивд байхгүй байна.” гэснээс үзвэл, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбоотой журмыг Засгийн газар батлаагүй байна.

21.Агаарын хөлгийн шатахууны худалдаа эрхлэгчийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын үр дүнгээр буюу маргаан хяналт шалгалтаар хийсэн судалгаагаар “... 1.Хэт өндөр үнэ тогтоосон эсэх талаар

 

Огноо

Сумалгааны үнэ

Өөрчлөлт

Ачилтын үнэ

Өөрчлөлт

12

2021.12.31

2800

-

2750

-

13

2022.01.01

3330

18.9 %

3280

19.3 %

14

2022.07.07

4950

76.8 %

4900

78.1 %

15

2022.08.11

5600

100 %

5550

102 %

Хүснэгтээс харахад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үнэтэй харьцуулахад агаарын хөлгийн шатахууны сумалгааны үнийг 2022 оны 1 дүгээр сард 18.9 хувиар, 7 дугаар сард 76.8 хувиар, 8 дугаар сард 100 хувиар тус тус өсгөсөн байна.  

Харин 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш агаарын хөлгийн шатахууны ачилтын үнийг 2022 оны 1 дүгээр сард 19.3 хувиар, 7 дугаар сард 78.1 хувиар, улмаар 8 дугаар сард 102 хувиар тус тус өсгөсөн байна. ...

3.Байгууллагын санхүүгийн шинжилгээ

“М*******” ХХК-ийн санхүүгийн байдлын тайланг авч үзэхэд ковид-19 цар тахлын үед буюу 2021, 2022 онд борлуулалтын ашиг дунджаар 81.5 хувиар буурсан байхад (зураг 1) ерөнхий ба удирдлагын зардлаа 31.6 хувиар бууруулсан байна.

Эндээс хөл хорионы улмаас борлуулалтын ашиг өндөр (81.5) хувиар буурсан байхад ерөнхий удирдлагын зардлаа бага (31.6) хувиар бууруулсан нь “М*******” ХХК нь ковид цар тахлын үед санхүүгийн алдагдалд орох үндсэн шалтгаан болсон байна. ...

Дүгнэлт-1

1.2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үнэтэй харьцуулахад агаарын хөлгийн шатахууны сумалгааны үнийг 2022 оны 1 дүгээр сард 18.9 хувиар, 7 дугаар сард 76.8 хувиар, 8 дугаар сард 100 хувиар тус тус өсгөсөн байна.

2.Харин 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш агаарын хөлгийн шатахууны ачилтын үнийг 2022 оны 1 дүгээр сард 19.3 хувиар, 7 дугаар сард 78.1 хувиар, улмаар 8 дугаар сард 102 хувиар тус тус өсгөсөн байна.

3.2022 оны гадаад худалдан авалтын нэгж үнэ борлуулалтын нэгж үнийн зөрүү кг тутамд 1 дүгээр сард 776 төгрөг, 7 дугаар сард 489 төгрөг, 8 дугаар сард 996 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байгаагаас харахад “М*******” ХХК нь агаарын хөлгийн шатахууны /ТС-1/ үнийг хэт өндөр тогтоож, өндөр ашиг олж байна гэж үзэж болохоор байна.

4.Мөн 2022 оны 8 дугаар сард борлуулсан бүтээгдэхүүний нийт өртөг борлуулалтын нэгж үнийн зөрүү кг тутамд 759 төгрөгөөр нэмэгдсэн байгаагаас харахад “М*******” ХХК нь агаарын хөлгийн шатахууны /ТС-1/ үнийг хэт өндөр тогтоож, өндөр ашиг олж байна гэж үзэж болохоор байна.

5.2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үнэтэй харьцуулахад хил үнэ 2022 оны 7 дугаар сард 43.8 хувиар, 8 дугаар сард 46.7 хувиар нэмэгдсэн байна. Гэвч агаарын хөлгийн шатахууны сумалгааны үнийг 7 дугаар сард 76.8 хувиар, 8 дугаар сард 100 хувиар тус тус өсгөсөн бол, ачилтын үнийг 2022 оны 7 дугаар сард 78.1 хувиар, улмаар 8 дугаар сард 102 хувиар тус тус өсгөсөн байна.

6.2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үнэтэй харьцуулахад төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2022 оны 7 дугаар сард 10.4 хувиар, 8 дугаар сард 11.6 хувиар нэмэгдсэн байна. Гэтэл агаарын хөлгийн шатахууны сумалгааны үнийг 7 дугаар сард 76.8 хувиар, 8 дугаар сард 100 хувиар тус тус өсгөсөн бол, ачилтын үнийг 2022 оны 7 дугаар сард 78.1 хувиар, улмаар 8 дугаар сард 102 хувиар тус тус өсгөсөн байна.

7.2022 оны 8 дугаар сард өмнөх оны 12 сартай харьцуулахад ТС-1 шатахууны сумалгааны үнэ 2800-аас 5600 төгрөг болж 100 хувиар, ачилтын үнэ 2750-аас 5550 төгрөг болж 102 хувиар тус тус нэмэгдсэн учир 2022 оны 9 дүгээр сарын 9- ны өдрийн байдлаар М*** ХХК-ийн борлуулалтын ашиг огцом буюу 236 хувиар өссөн байна.

Дүгнэлт-2

“М*******” ХХК нь ковид-19 цар тахлын хөл хорионы үед удирдлагын зардлаа бууруулаагүйн улмаас санхүүгийн алдагдалд орсон ба энэхүү алдагдал (-2,791,248,320.45)-ыг агаарын хөлгийн ТС-1 шатахууны сумалгааны үнийг 100, ачилтын үнийг 102 дахин нэмэх замаар нөхөж, одоогоор ашигтай (312,350,709.44) ажиллаж байна. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш, сумалгааны болон ачилтын үнийн хооронд харилцан хамаарал багатай. Мөн хил үнийн өөрчлөлт нь сумалгааны болон ачилтын үнэд төдийлөн нөлөө үзүүлээгүй байна. ...” гэжээ.

22.Дээрх судалгаанаас үзвэл, хэдийгээр хуульд заасны дагуу Засгийн газраас бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбоотой журмыг батлаагүй байх боловч гомдол гаргагч “М*******” ХХК нь тухайн бараа бүтээгдэхүүний тухайд буюу агаарын хөлгийн шатахууны зах зээлд Монгол Улсад давамгай байдалтай аж ахуй эрхлэгч атлаа  нэг жилийн хугацаанд үндэслэлгүйгээр агаарын хөлгийн шатахууны үнийг 100 хувь буюу нэг дахин нэмэгдүүлснийг хэт өдөр үнэ тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.

23.Тодруулбал, гомдол гарагч “М*******” ХХК-ийг маргаан бүхий тохиолдолд тухайн салбарын монополь, давамгай байдлаа ашиглан тооцоо судалгаагүйгээр хэт өндөр үнийг тогтоосон байна гэж үзэв.

24.Маргаан бүхий хяналт шалгалттай холбоотой хийгдсэн судалгаанаас үзвэл, зах зээлд агаарын хөлгийн шатахууны үнийг хэт өндөр үнэ өсгөх нөхцөл байдал үүсээгүй байх бөгөөд компани ашиггүй алдагдалтай ажиллаж байсан нөхцөл байдал нь компанийн дотоод зохион байгуулалт, менежментийн зардалтай холбоотой асуудал байсан болох нь тогтоогдож байна.

25.Хэргийн оролцогч нар маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн дүнтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

26.Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч “М*******” ХХК-аас Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан “Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:

1.Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “М*******” ХХК-аас Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан “Монополын эсрэг газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.               

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.      

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ГАНБАТ