Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/42

 

 

 

 

 

 

 

 

   2024        07           24                                         2024/ДШМ/42

 

 

*******, ******* нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, ерөнхий шүүгч Г.Болормаа, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Н.Амгалан,

Шүүгдэгч *******, *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2339000000384 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр................хохирогч Т.*******ын ******* банкны ногоон өнгийн виза карт, “*******” маркийн хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан улмаар Бэрх тосгоны АТМ-359-өөс 1,710,000 төгрөгийг виза карт уншуулан авсан, мөн “*******” хүнсний дэлгүүрээс 114,740 төгрөгийн худалдан авалт хийж, хохирогчид нийт 2.274.740 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******тай үйлдлээрээ нэгдэн бүлэглэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгонд хохирогч Т.*******ын ******* банкны ногоон өнгийн виза карт, “*******” маркийн хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан улмаар Бэрх тосгоны АТМ-359-өөс 1,710,000 төгрөгийг виза карт уншуулан авсан, мөн “*******” хүнсний дэлгүүрээс 114,740 төгрөгийн худалдан авалт хийж, хохирогчид нийт 2,274,740 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас шүүгдэгч *******, ******* нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт н *******, овогт ийн ******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч н *******, ийн ******* нарыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялуудыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд шүүгдэгч *******аас 1,137,370 төгрөг, шүүгдэгч  *******аас 1,137,370 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Т.*******т олгож,

- хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцоно. Гэм буруутай үйлдэлд маргаан байхгүй. Хохирогч Т.*******т учруулсан 1,137,370 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ямар нэгэн маргаан байхгүй.

2. Миний бие ар гэрийн болон хувийн байдлын хувьд өрх толгойлсон, 4 хүүхдээ асран хамгаалж амьдрал ахуйгаа залгуулдаг. Том охин маань 2 дугаар курсийн оюутан, дараагийн охин маань 12 дугаар анги, дунд хүү маань 4 дүгээр анги, бага хүү маань 2 ой гарантай бөгөөд хүүхдүүд маань асран хамгаалах хүнгүй үлдсэн.

Миний бие биеийн эрүүл мэндийн хувьд баруун гар мөрөөрөө хугарсан сойлттой байсан бөгөөд цагдан хорих байрны эмчид үзүүлж хяналтад нь байна.

3. Анхан шатны шүүх хуралдаанд оролцоход намайг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй. Надтай хамтран гэмт хэрэгт оролцсон *******аар “өмгөөлөгч авахгүй” гэсэн хүсэлтийг миний өмнөөс бичүүлж гарын үсэг зуруулж тухайн хүсэлтэд үндэслэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийж надад 6 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Надад холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд ч, шүүхийн шатанд ч надад танилцуулаагүй шууд олон баримтуудад гарын үсэг зуруулсан.

Хэрэв миний бие хууль зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээр хангагдсан бол ялтан болохгүй байх боломж байсан. Намайг өмгөөлүүлэх эрхээр хангаагүйд гомдолтой байна.

 Мөн ******* бид хоёр албан ёсны эхнэр нөхөр биш. Би 4 хүүхэдтэй.  Хүүхдүүдийнхээ ааваас тусдаа амьдраад 2 жил болсон. *******тай хамт  АТМ явсан,  карт уншуулаад их мөнгө аваад байхаар “ийм их мөнгөөр яах гэж байгаа юм бэ” гэхэд “хүний юм авчихсан юм аа” гэсэн. Би “чи наад юмаа эзэнд нь аваачиж өг” гэж хэлсэн. Хорих ялаас хөнгөвчилж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газын хяналтын прокурор Н.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн талаар дурдсан байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч ******* нь *******тай 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Т.*******ын гэрт байсан виза карт болон гар утсыг хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчы мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн өдөр намайг виза карт авахад ******* мэдээгүй байсан. Би *******ад өөрийнхөө дансыг шалгая гэж хэлсэн. Намайг хүний мөнгө авч байгааг мэдсэн. Би тэр мөнгийг өөрөө захиран зарцуулсан” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгонд байх Т.*******ын гэрээс түүний ******* банкны виза карт, “ A-90” маркийн хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч Бэрх тосгоны АТМ-359-с 1,710,000 төгрөгийг виза карт уншуулан авсан, мөн “*******” хүнсний дэлгүүрээс 114,740 төгрөгийн худалдан авалт хийж, хохирогчид нийт 2,274,740 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч Т.*******ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 1 хуудас),

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 хуудас),

 

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-6 хуудас),

- Хохирогч Т.*******ын өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хөдөөнөөс Бэрх тосгонд наадам үзэх гэж ирсэн юм. Би ирсэн өдрөө тус тосгоны иргэн *******, гэх хоёр хүнтэй гудамжинд тааралдаад хамт дэлгүүр орж би талх, ундаа аваад манайх руу хамт очсон. Тэгээд би гэрт байсан 0,75 литрийн “Хараа” архи гаргаж өгөөд гурвуулаа хамт ууж дуусаад би хажуу айл руугаа орж юм асуух гээд гэрээс гарахад тэр хоёр миний араас гарч ирээд явах гэж байхаар нь би гэрээ цоожлолгүй орхисон юм. Тэгээд би айлаас гарч ирээд гэртээ ороход миний гар цүнх онгорхой, дотор нь байсан бүх юм гаргаад тавьчихсан байхаар нь цүнхэнд байсан юмаа шалгахад миний ******* банкны тэтгэвэр авдаг ногоон өнгөтэй виза карт, “Samsung A-90” маркийн гар утас хоёр маань алга болсон байсан. Манай гэрт *******, бид гурваас өөр хүн байгаагүй. ...миний дандсан 1 сая 900 гаруй мянган төгрөг байсан. ...би *******, гэх хоёр хүнийг сэжиглэж байна. Тэр өдөр надтай хамт дэлгүүр орохдоо миний виза картны кодыг мэдсэн байх, намайг худалдан авалт хийхэд яг хажууд хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 хуудас),

 

- Гэрчы өгсөн: “...Би цаг хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Тэр үеэр ******* гэх эмэгтэй “би гар утас, виза картаа алдчихсан *******, нартай архи ууж байгаад алдчихлаа” гээд явж байсан. ...дараахан нь би *******, нартай тааралдахад дэлгүүрээс архи авчихсан өөрсдөө нэлээн халамцуу намайг “явъя ах” гээд надтай хамт нэг шил архи уугаад салсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 хуудас),

 

- Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШД-226 дугаартай “...”Samsung A-90” маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 450,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-22 хуудас),

 

- Т.*******ын ******* банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 27 хуудас),

 

- Гэрч ийн өгсөн: “...*******, ******* нар нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нутгийн хүн болох *******ын хамтаар манай дэлгүүрээр үйлчлүүлэхдээ ******* виза картаа уншуулан архи авч байсан шиг санаж байна. Харин дараа нь ******* орж ирж *******ын виза картаар ойр зуурын зүйлс авч үйлчлүүлж байсан. ....Тухайн үед манай дэлгүүрийн ******* банкны тримнал дугаартай пос машинаар уншуулж байсан шиг санаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 хуудас),

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 35 хуудас),

 

- *******ын яллагдагчаар өгсөн: “...Би *******ын хамтаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуушуур идээд байж байгаад ******* эгчтэй таарсан чинь ******* эгч “манай гэрт очиж архи ууя” гэхээр нь ******* бид хоёр ******* эгчийн гэрт очиж архи уусан. Тухайн үед дэлгүүрээс архи авах үед нь виза картных нь кодыг мэдсэн. Тэгээд гэрт нь очоод суугаад архи уугаад сууж байсан чинь ******* гараад явахаар нь би виза, карт болон “” маркийн хар өнгийн гар утсыг нь аваад халаасандаа хийсэн. Тухайн үед ******* мэдээгүй. Тэгээд гар утсыг нь танихгүй зам зуурын хүмүүст 100,000 төгрөгөөр зарсан. Харин виза картаас нь мөнгө авахдаа *******ын хамтаар очиж тухайн мөнгийг авсан...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 42-43 хуудас),

 

- *******ын яллагдагчаар өгсөн:  “...Би 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нөхөр *******ын хамтаар хуушуур идээд сууж байсан чинь ******* гэх нутгийн эгч орж ирээд “ганц архи уух уу” гээд байхаар нь би нөхрийн хамтаар ******* эгчийн гэрт нь очиж архи уусан. Тэгээд ******* эгч нэлээн согтоод гараад явахаар нь ******* цүнхнээс нь юм аваад байсан. Яг юу авсан талаар сайн мэдэхгүй. Харин дараа нь ******* банкны АТМ орж ******* эгчийн виза картаас ******* бид 2 мөнгө уншуулж авсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 хуудас) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч *******, ******* нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ. 

 

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарыг 6  сарын хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

- Хавтаст хэргийн 82-83, 104 хуудсанд *******, ******* нарт хавтаст хэргийн материал танилцуулсан баримт, тэмдэглэл, 98, 106 хуудсанд *******, ******* нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, хавтаст хэргийн 109 хуудсанд шүүгдэгч *******ын “....шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй өөрийгөө өмгөөлж оролцоно...” гэсэн түүний бичгээр гаргасан хүсэлт тус тус авагдсан байх тул шүүгдэгч *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан нь “анхан шатны шүүх хуралдаанд хэргийн материал танилцуулаагүй, өмгөөлөгчөөр хангаагүй” гэх  гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “...гэмт хэрэг үйлдэгдсэнийг сүүлд мэдсэн...” гэж мэдүүлж байх боловч Т.*******ыг гэрээсээ гарсан үед нь ******* цүнхнээс нь юм авсан, дараа нь *******тай хамт ******* банкны АТМ орж Т.*******ын виза картаас мөнгө авсан талаараа мэдүүлсэн *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 хуудас),  гэртээ орж ирэхэд нь  түүний гар цүнх онгорхой, дотор нь байсан ******* банкны виза карт, “Samsung A-90” маркийн гар утас алга болсон талаар мэдүүлсэн хохирогч Т.*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 хуудас), ******* гар утас, виза картаа *******, нартай архи ууж байгаад алдчихлаа гээд хайж явсан талаар мэдүүлсэн гэрчы мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 хуудас), ******* *******ын виза картаар  дэлгүүрээр үйлчлүүлсэн талаар мэдүүлсэн гэрч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэж Т.*******ын гэрээс түүний  ******* банкны виза карт, “Samsung A-90” маркийн гар утасыг  хулгайлсан, улмаар хамт явж Т.*******ын виза картнаас ******* АТМ-ээс бэлэн мөнгө болон дэлгүүрээс хүнсний бараа авсан, гар утсыг бусдад 100,000 төгрөгөөр зарсан, шүүгдэгч нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хулгайн гэмт хэргийг үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгсдөг. 

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв үнэлж, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Т.*******ын ******* банкны 5952127406 тоот дансанд “******* хохирол барагдуулав” гэсэн гүйлгээний утгатай 1,100,000 төгрөг шилжүүлсэн ******* банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 68 (жаран найм) хоног, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 68 (жаран найм) хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Шүүгдэгч ******* нь хохирогч Т.*******т 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгийн хохирол төрсөн болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ГАНЗОРИГ

  

                    ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                       Г.БОЛОРМАА