Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 201/МА2022/00002

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 138/ШШ2021/00715 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргад холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6 749 030 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх  тухай иргэний хэргийг,

хариуцагчийн төлөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг 2021 оны 12 дугаар сарын 03ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажлаас Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Б/39 тоот захирамжаар чөлөөлөгдсөн. Шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 384 дугаар шийдвэрээр ажилд маань эгүүлэн тогтоосон. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 15 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 585 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хэрлэн сумын Засаг даргын 2020 оны 08 сарын 18-ны өдрийн Б/14 тоот захирамж гарч, үүрэгт ажлаа 2020 оны 09 сарын 02-ны өдөр хүлээн авсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 03 сарын 27-ны өдрөөс үүрэгт ажилдаа томилогдсон 2020 оны 09 сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс 6 749 030 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн байдаг. Энэ талаар гомдлоо шүүхэд гаргаж 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 384 тоот шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байгаа. Хариуцагч талаас гомдол гаргаж давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхээр энэ асуудал хэлэлцэгдэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилдаа эргээд томилогдон ажилласан. Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар ажилдаа томилогдсон. Үүрэгт ажилдаа томилогдох хүртэлх хугацааны буюу 107 хоногийн цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж хүссэн. Мөн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 178 дугаар тогтоолыг үндэслэсэн тул аймгийн Засаг даргын шууд буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм. Учир нь ...Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь Дорнод аймгийн нутгийн захиргааны байгууллагад хяналт шалгалт хийж ...түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор зохион байгуулж, хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээ авахыг даалгасан тухай 2017 оны 178 дугаар тогтоолыг Дорнод аймаг дахь Төрийн албаны Салбар зөвлөлд ирүүлсэн болно. Мөн аймгийн Засаг дарга болон түүний ажлын алба нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т тус тус зааснаар батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргаж, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлдэг. Иргэн *******ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үндэслэсэн тул тухайн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Аймгийн Засаг дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан, хуулийг хэрэгжүүлж ажилласан байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолд Төрийн үйлчилгээний албан тушаалтныг сонгон шалгаруулах журмыг зааж өгсөн байдаг. Үүний дагуу ажилласан гэж үзэж байгаа. Шийдвэр гаргахдаа хуулийг баримталж, дээд шатны байгууллагын шийдвэрийг үндэслэсэн. Төрийн албаны зөвлөлөөс Дорнод аймагт хяналт шалгалт хийсэн. Ингэхдээ түр орлон гүйцэтгэх журмыг буруу хэрэглэж байгаа талаар алдааг олж илрүүлэн, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлыг буруу томилсон байна, иймээс ажлаас чөлөөлөх үүрэг даалгаврыг өгч байсан. Өнөөдрийн байдлаар дээрх Төрийн албаны зөвлөлийн тогтоол хүчин төгөлдөр байгаа. Үүний дараа 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр албан бичгээр хандсан. Үүнд: Сонгон шалгаруулалтын хамгийн өндөр оноо авсан иргэнийг ажилд томилох тухай заасан байсан. Уг албан бичгийг үндэслэн Аймгийн Засаг дарга нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б/40 тоот захирамжийг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу мэргэжил арга зүйгээр хангах үүрэгтэй. Төрийн албаны зөвлөлөөс аймгийн Засаг даргад өгсөн үүрэг чиглэлийн дагуу эрх хэмжээний хүрээнд албан үүргээ гүйцэтгэж шийдвэр гаргасан. Аймгийн Засаг даргын зүгээс албан үүргээ зөрчсөн шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 138/ШШ2021/00715 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 559 875.71 /зургаан сая таван зуун тавин есөн мянга найман зуун далан таван төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 189 154,29 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгох 6 559 875.71 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар дутам шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 934 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 119 908 /нэг зуун арван есөн мянга есөн зуун найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: 1. Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч нь Монгол Улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг эс биелүүлж байсан... Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 384 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш үүрэгт ажлаа албан ёсоор хүлээж авсан 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэнд гомдол гаргаж байна.

Боловсролын тухайн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт заасны дагуу сумын Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох эрхтэй тул аймгийн Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлж байсан гэж шууд дүгнэх боломжгүй.

Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 384 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш үүрэгт ажлаа албан ёсоор хүлээж авсан 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг авах шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь *******ийг Хэрлэн сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Шинэ хөгжил цогболбор сургуулийн захирлаар томилох шийдвэр гаргасан байхад ажлаа албан ёсоор хүлээж авсан өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан нөхөн олговрыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх ба Хөдөлмөрийн тухайн хуульд ажилтны эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоох шийдвэр гаргахдаа ямар хугацааг баримтлах талаар нарийвчлан зохицуулаагүй болно.

Гэтэл нэхэмжлэгч талаас дур мэдэн үүрэгт ажлаа авсан өдөр хүртэлх хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно.

2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...Хариуцагч төлөөлөгч нь ... Төрийн албаны зөвлөлөөс аймгийн Засаг даргад өгсөн үүрэг чиглэлийн дагуу эрх хэмжээний хүрээнд албан үүргээ гүйцэтгэж шийдвэр гаргасан. Аймгийн Засаг даргын зүгээс албан үүргээ зөрчсөн шийдвэр гаргаагүй... гэж маргадаг боловч энэ шүүх хуралдаанаар ажилтныг үүрэгт ажлаас нь халсан шийдвэрийн үндэслэлийг хянах боломжгүй энэ талаарх маргааныг өмнө нь 3 шатны шүүх хянаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. гэж дүгнэсэнд гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны зөвлөлөөс аймгийн Засаг дарга болон Дорнод аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд удаа дараа ирүүлсэн албан бичгийг удирдлага болгон шийдвэр гаргасан бөгөөд түүнээс үүдэн бий болсон хариуцлагыг аймгийн Засаг дарга дангаар хүлээхээр анхан шатны шүүхээс шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Төрийн албан зөвлөл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.1.2, 34.1.14 дүгээр зүйлүүдэд зааснаар Төрийн албаны төв байгууллага бөгөөд Төрийн албаны хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хүний нөөцийн менежментийн асуудлаар гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, тэдгээрийн удирдах ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан.

Аймгийн Засаг дарга нь Төрийн албаны төв байгууллагаас гарч байгаа шийдвэр болон холбогдох үүрэг чиглэлийг Дорнод аймагт гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж буй эрх бүхий албан тушаалтны хувьд биелүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй тул уг үүргийг биелүүлснийхээ төлөө нэхэмжлэгчид хохирол учирсан хариуцлагыг хүлээх боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр тус маргаантай асуудлаар өмнөх 3 шатны шүүхийн шийдвэрүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан ажлаас чөлөөлөхийг шаардсан эрх бүхий байгууллагын шаардлага хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн бөгөөд *******ийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах болсон бодит нөхцөл байдал болоод шийдвэр гаргахдаа ямар нотлох баримтыг үндэслэсэн талаар ямар нэг дүгнэлт өгөөгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6 749 030 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2, 37 дахь тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6 749 030 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэнэ. гэж,

Хариуцагчийн төлөөлөгч ...Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 178 дугаар тогтоолыг үндэслэн Аймгийн Засаг дарга нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул Аймгийн Засаг даргын шууд буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй, мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг олгоно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэж тус тус тайлбарлажээ.

Дорнод аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 138/ШШ2021/00384 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар *******ийг Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 16 226 503 төгрөгийг хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 5-18 дахь тал/

Хариуцагч талын гомдлоор хэрэг давж заалдах болон 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж тус шүүхийн 001/ХТ2021/00585 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 19-24 дэх тал/

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 тоот захирамжаар *******ийг ажилд нь эгүүлэн томилж, нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа хүлээн авсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг олгоно. гэж заасны дагуу хариуцагч тал дээрх хугацааны олговрыг олгох ёстой. /хх-ийн 25-27, 29 дэх тал/

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч *******ийн 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 6 559 875.71 төгрөгийг хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 178 дугаар тогтоолыг үндэслэн Аймгийн Засаг дарга нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул Аймгийн Засаг даргын шууд буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй гэж тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь энэ маргааны үйл баримтанд хамааралгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хүлээн авч, хангах үндэслэлгүй юм.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн Аймгийн Засаг дарга нь Төрийн албаны төв байгууллагаас гарч байгаа шийдвэр болон холбогдох үүрэг чиглэлийг Дорнод аймагт гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж буй эрх бүхий албан тушаалтны хувьд биелүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй тул уг үүргийг биелүүлснийхээ төлөө нэхэмжлэгчид хохирол учирсан хариуцлагыг хүлээх боломжгүй юм. гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 119 808 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 138/ШШ2021/00715 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 119 808 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

З.ЭНХЦЭЦЭГ