| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/01161/И |
| Дугаар | 191/ШШ2025/04426 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/04426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоотод байрлах, Петро************** ХХК /рд:***/-д холбогдох,
148,470,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Урангоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн төлөөлөгч Б.Арвины эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Мөнх-Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Урангоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани нь 2022 оны 11 сарын 04-ний өдөр 17/04 тоот дугаартай Нефть бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан 41 тонн дизель түлшийг нэг литрийг 3,540 төгрөгөөр тооцон нийт 145,000,000 төгрөгийн дизель түлш худалдан авахаар тохирч, гэрээний 5.3-т заасны дагуу төлбөрийг 100% бартераар төлж, 145,000,000 төгрөгийн үнэ бүхий 2017 оны гаалийн бичигтэй, 2Т2В2МСА7НС075737 арлын дугаартай 3500сс, автомат, цагаан өнгийн Тоyota Highlander маркийн суудлын автомашиныг 2022 оны 11 сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэрээний 5.2-т худалдагч тал нь нийт шатахуунаас 12 тонныг нь 2022 онд багтаан нийлүүлнэ. Үлдэгдэл шатахууныг 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн нийлүүлнэ. ... гэж тохирсон боловч хариуцагч нь 2022 онд 9 тонн дизель түлшний үнэ болох 31,860,000 төгрөгийг манай компанид шилжүүлэн өгч, 2022 онд 12 тонн дизель түлш нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. 2023 онд 2 дугаар сарын 01-ээс эхлэн түлш нийлүүлэх ёстой байсан боловч манай компанийн зүгээс гэрээний 6.2-т заасны дагуу удаа дараа утсаар түлш авахаар ярьж, мессежээр захиалга өгсөн боловч хариуцагч нь захиалгын дагуу барааг нийлүүлээгүй, мөн гэрээний үүргээ зөрчсөн. Утсаар олон удаа хэрүүл маргаан хийсний үр дүнд 2023 оны 03 сард 4 тонн түлш нийлүүлсэн. Үүнээс хойш хариуцагч тал нь утсаа авахгүй, захиалгын дагуу түлш нийлүүлэхгүй, гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул 2023 оны 04 сарын 04-нд 23/69 дугаартай ... цаашид тохиролцсоны дагуу нийлүүлэлт хийгээгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу алданги мэдэгдлийг явуулсан. Хариуцагч нь албан бичигт хариу ирүүлэхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул манай компанийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 29-ний өдрийн 16500 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 04-ний 181/ШШ2023/02439 тоот шүүхийн шийдвэрээр Петро Ойл Холдинг ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэсэн байна. Тус шүүхийн шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс хариуцагч компанийн захирал Батын*******ыг эрэн сурвалжилж, оршин суудаг газрыг тогтоосон талаар албан бичгийг 2025 оны 01 сарын 29-ны өдөр ирүүлсэн тул дахин нэхэмжлэл гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч тал нь 145,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хүлээн авч, 2022 оны 11 сарын 16-ны өдрөөс 2022 оны 12 сарын 02-ны хооронд 31,860,000 төгрөг шилжүүлж, 2023 оны 03 сард 14,160,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлш өгч одоогийн байдлаар 98,980,000 төгрөгийн үлдэгдэл өглөгтэй байна. Хариуцагч нь гэрээнд заасны дагуу төлбөрийг урьдчилан 100% авсан боловч, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул урьдчилан төлсөн төлбөрийн үлдэгдлийг гэрээний 5.6-д худалдагч тал нь захиалсан шатахууныг худалдан авагч талын захиалсан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцов... гэж заасны дагуу манай компани нь алданги нэхэмжлэх эрхтэй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй... гэж заасны дагуу хариуцагч нь 2023.03.14-өөс хойш гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 98,980,000 төгрөгийн 50 хувь 49,490,000 төгрөгийн алданги нэхэмжлэх эрхтэй байна. Иймд Петро************** ХХК нь гэрээний үүргээ биелүүлэлгүйн улмаас гэрээний үлдэгдэл төлбөр 98,980,000 төгрөг, алданги 49,490,000 төгрөг, нийт 148,470,000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү... гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Арвин тайлбар гаргаагүй.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 5-26-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Петро************** ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн авто машины үнэ болох 98,980,000 төгрөг, алдангид 49,490,000 төгрөг, нийт 148,470,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3. Хариуцагчийн төлөөлөгч Б.Арвинд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гардуулж өгсөн.
3.1. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш хуульд заасан хугацаа буюу 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Зохигчдын хооронд 2022 оны 11 сарын 04-ний өдөр гэрээ байгуулагдаж, худалдагч Петро************** ХХК ГОСТ 305-82, MNS216:2006 чанар стандартад нийцсэн 41 тонн шатахууныг 1 литрийг 3,540 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авагч ******* ХХК үнийг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нефть бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна. /хх-6-7/
4.1. Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
4.3. Худалдагч Петро************** ХХК-аас 2022 онд 9 тонн шатахууны үнэд 3,540 төгрөгөөр тооцож 31,860,000 төгрөг, 2023 онд 4 тонн шатахууныг 3,540 төгрөгөөр тооцож 14,160,000 төгрөг, нийт 46,020,000 төгрөгийг худалдан авагч ******* ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, ******* ХХК-ийн санхүүгийн тооцоолол гэх баримтаар тогтоогдож байх ба хариуцагч маргаагүй, баримтаар няцаагаагүй байна. /хх-9/
4.4. Худалдан авагч гэрээний 5.3-т заасны дагуу 41 тонн шатахууны үнэд 2017 оны гаалийн бичигтэй 2T2BZMCA7HC075737 арлын дугаартай 3500сс мотортой, автомат хроптой, цагаан өнгийн Тоёота хайландер /Тоyota Highlander/ маркийн суудлын авто машиныг 145,000,000 төгрөгт тооцож худалдагч талын итгэмжлэгдсэн гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө хүлээлцэх актаар тогтоогдож байх ба хариуцагч маргаагүй./хх-26/
5. Нэхэмжлэгч тал ... 2023 оны 03 сард нэхүүлж байж 4 тонн түлш авсан, түүнээс хойш 28 тонн түлш нийдүүлэхгүй байгаа тул гэрээнээсээ татгалзаад авто машины үнийн зөрүү 98,980,000 төгрөгөө гаргуулна.... гэж тайлбарлаж байна.
5.1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасны дагуу хариуцагч тал үүргээ бүрэн биелүүлээгүй буруутай гэж үзэхээр байна.
5.2. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй,
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.
5.3. Худалдагч тал үүргээ бүрэн биелүүлэхгүй байсан тул худалдан авагч тал 2023 оны 04 сарын 04-нд албан бичгээр үүргээ белүүлэхийг шаардаж, улмаар 2023 оны 6 сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, эрэн сурвалжилж хаягийг олж 2025 оны 02 сарын 03-нд шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан зэргээс, үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэж үзэхээр байна.
5.4. Худалдагч тал гэрээний үүүргээ бүрэн биелүүлээгүй буруутай болох нь тогтоогдож байх тул худалдан авагч тал худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд тооцож өгсөн авто машины үнийг шаардах эрхтэй гэж дүгнэн, худалдах, худалдан авах гэрээний үнэд шилжүүлсэн авто машины үнэ болох 145,000,000 төгрөгөөс төлсөн 42,060,000 төгрөгийг хасаж, үлдэх 98,980,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.6-д худалдагч тал захиалсан шатахууныг худалдан авагч талын захиалсан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирчээ. /хх-7/
6.1. Гэрээний 5.2-т 2022 онд 12 тонныг, үлдэх шатахууныг 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс нийлүүлэхээр тохирсон байх боловч шатахууныг нийлүүлэх сүүлийн хугацааг харилцан тохиролцоогүй байх тул гэрээний 5.2-т заасны дагуу алданги гаргуулах үндэслэлгүй.
6.2. Нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, төлбөрөө шаардаж байгаа тул алданги шаардах эрхгүй.
7. Иймд хариуцагч Петро************** ХХК-аас 98,980,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги 49,490,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
8. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 900,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 98,980,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Петро************** ХХК-аас 98,980,000 /ерэн найман сая есөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 49,490,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 900,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 652,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ