Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/43

 

 

 

 

 

 

 

   2024        07           24                                         2024/ДШМ/43

 

 

О.Цэрэнбатад холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Д.Ганзориг, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч О.Цэрэнбат, түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг,

Хохирогч Д.Эрдэнэбаяр, Д.Дагвадаш, Б.Мөнхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаярын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч О.Цэрэнбатад холбогдох эрүүгийн 2339000000283 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О.Цэрэнбат нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим хохирогч Д.Эрдэнэбаярын өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-15 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхийг хөшин нэвтэрч, улмаар савхин хүрэм, хромон гутал болон ямааны махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, түүнд 750,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 06 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим хохирогч Д.Эрдэнэбаярын өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-15 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхийг хөшин нэвтэрч байшин дотор гал тавин, улмаар паркетан шал, хүрээ, таазны гипсэн хавтан, хаалганы хүрээ, гоёлын хөөсөн хүрээ, бэлэн хувцас зэрэг эд зүйлийг шатаан хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдэн хохирогч Д.Эрдэнэбаярт 2,403,200 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 66-07 тоотод байрлах хохирогч Э.Гангантөгсийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг хөшин нэвтэрч, улмаар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх буюу өмчлөх эрхэд халдаж, эд зүйлийг шатааж дураараа авирласан, мөн дээрх цаг хугацаанд байшингийн тааз, хана, шал, тавилга, эд хогшил, бэлэн хувцас зэрэг эд зүйлийг шатааж хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдэн хохирогчид 10,266,020 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 66-07 тоотод байрлах хохирогч Э.Гангантөгсийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг хөшин нэвтэрч, улмаар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх буюу өмчлөх эрхэд халдаж, эд зүйлийг шатааж дураараа авирласан,

- 2023 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 23 цагийн орчим Д.Баярхүүгийн өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 05-07 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхийг хөшин, нэвтэрч "Солонгос улсын мөнгөн дэвсгэрт" буюу 20,000 вон, 20,600 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, түүнд 73,200 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө хохирогч Б.Пүрэвбатын өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 01-10 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхийг хөшин, нэвтэрч 6000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлан хохирогчид 6000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө хохирогч Б.Пүрэвбатын өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 01-10 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхийг хөшин, нэвтэрч улмаар гал тавин байшингийн хана, тааз, шал, тавилга, эд хогшил, зөөврийн компьютер, нөөтбүүк “Dell i5”, бэлэн хувцас зэрэг эд зүйлийг шатааж хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдэн хохирогчид 38,961,300 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө хохирогч Д.Дагвадашийн өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 07-12 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг хөшин нэвтэрч, улмаар байшингийн дотор талын хана, тааз, шал, тавилга, эд хогшил, “Алтан гэрэл” судар, хуучны мөнгөн аяга, мөнгөн аяга, хуучны гуулин цөгц, эрх, бэлэн хувцас зэрэг эд зүйлийг шатааж хууль бусаар устгаж, гэмтээн хохирогчид их хэмжээний буюу 50,468,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн,

- 2023 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө хохирогч Д.Дагвадашийн өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 07-12 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг хөшин нэвтэрч, улмаар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх буюу өмчлөх эрхэд халдаж, эд зүйлийг шатааж дураараа авирласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас шүүгдэгч О.Цэрэнбатын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Аймгийн прокурорын газраас Номт овогт Оюунбаатарын Цэрэнбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2023 оны 06 дугаар сарын 26-нд хохирогч Д.Эрдэнэбаярын орон байранд нэвтэрч 750,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэх хэрэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтууд, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

- Шүүгдэгч Номт овогт Оюунбаатарын Цэрэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Шүүгдэгч О.Цэрэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч О.Цэрэнбатын Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 5 сар 2 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил, 5 сар, 2 хоногийн хугацаагаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэрэнбатад оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сар, 2 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэрэнбатын цагдан хоригдсон 261 /хоёр зуун жаран нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

- Шүүгдэгч О.Цэрэнбат нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийж О.Цэрэнбатын бусдын орон байранд нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангахгүй, мөн О.Цэрэнбат нь бусдын орон байрыг шатаасан буюу бусдын эд хөрөнгийг устгасан гэх хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь О.Цэрэнбат нь бусдын орон байранд нэвтрэн орсноо хүлээн зөвшөөрдөг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Цэрэнбат нь бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч О.Цэрэнбатын бусдын байранд нэвтэрсэн болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч О.Цэрэнбатын орсон айлууд нь шатсан нь түүний үйлдэлтэй шууд шалтгаанд холбоотой байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэж байна.

Мөн хохирогч нарын өмчлөлийн цоожтой байшингийн цонхоор өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч хүний, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан гэрт байсан эд зүйлийг ухаж, нэгжиж, шатааж дураараа авирласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь хүний хувийн эрх, эрх чөлөө, орон байрны халдашгүй байдалд гэм бурийгийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлэгт хуульчлагдсан Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс "Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон байрны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрсэн үйлдэл бүрэн хийгдсэнээр төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт "Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга болон түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгохоор заасан.

Тухайн гэмт хэргийн хувьд обьектив талын шинж нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан идэвхтэй үйлдэл байх бөгөөд орон байранд нэвтрэн орсноор төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

“Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэн орсон” гэж иргэний орон байранд нэвтрэх эрхгүй этгээд орон байрны өмчлөгч, эзэмшигчийн амаар болон бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон байхыг ойлгоно.

“Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэж иргэдийн орон байранд өмчлөгч, оршин суугчдын зөвшөөрөлгүй орж, улмаар оршин суугч орон байрандаа хэвийн амьдрах, амрах, ажиллахад саад учруулах, эд хөрөнгийг нь ашиглах, тухайн байранд тодорхой хугацаагаар амьдрах зэргийг ойлгоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д "Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-д "Орон байр халдашгүй байна", 2-д "Орон байранд хийх нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна" гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч О.Цэрэнбатын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан" гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэж байна.

Энэхүү хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоол нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн няцаасан талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэнэ” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч нарыг оролцуулан мэдүүлэг авч, зарим зүйлийг тодруулж, хэргийн бодит байдлыг тогтоох байдлаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч орсон нь халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэмт хэрэг нь тухайн гэрт оршин суугч байснаар тооцно гэсэн нь учир дутагдалтай байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд халдашгүй чөлөөтэй байх эрхийг хуульчилсан. Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч дураараа аашилсан нь тухайн гэмт хэргийн шинжийг хангана. Шүүгдэгч О.Цэрэнбат нь дураараа ашилж бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг устгасан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч О.Цэрэнбатын үйлдлийн улмаас тухайн орон байранд гал гарч бусдын эд хөрөнгийг устгаж дахин ашиглах боломжгүй болтол устгасан нь уг гэмт хэргийн шинжийг хангаж байна. Дээрх хоёр үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх нөхцөл байдлаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Тухайн хоёр үйлдлийг нотолсон бичгийн нотлох баримтуудыг яаж няцаасан нь тодорхойгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг  үнэн зөв гарсан гэж дүгнэж байна. Учир нь анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлээр ял шийтгэл оногдуулсан. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйл ангид зааснаар яллагдагчаар нэмж татаж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөт байх эрхэд халдсан гэж үзсэн.

Хулгайн гэмт хэрэг нь бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн байхыг шаарддаг субьектив шинж чанартай байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй байсан. Үүнийг анхан шатны шүүх яллагдагчаар татах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь үнэн зөв байна.

Бусдын орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэх боловч тухайн орон байрыг галдаж шатаасан гэдэгт хэрхэн яаж, гал асаах хэмжээнд үйлдэл хийсэн бэ гэдэг нь нотлогдож тогтоогдоогүй. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатнаас эхлэн мэдүүлэгтээ тухайн айл руу нэвтэрч хулгай хийсэн нь үнэн гэхдээ галдаж шатаасан зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн. Хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч О.Цэрэнбат тухайн айлыг хэрхэн, яаж галдаж шатаасан талаар нотлох баримт хангалттай байхгүй.

Миний үйлчлүүлэгч хоёр удаагийн хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийн оролцогч нарын эрхийг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэ тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хохирогч Д.Эрдэнэбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Цэрэнбат нь Хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Түүний хулгай хийсэн таван айл нь тавуулаа шатсан. Шүүгдэгч эдгээр айлуудыг шатаасан гэж бодож байна” гэв.

 

Хохирогч Д.Дагвадаш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайд 07 дугаар сарын 12-н өдөр орсон байсан. Авдарны тагны нэг тал нь шатсан. Гэрт орж гэр шаатасан нь гадны нөлөөтэй байна гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Баянмөнхийн 7-12, Булгийн 1-10 тоот айлуудаас хулгай хийхээр орсон гэж мэдүүлсэн. Одоо танихгүй, мэдэхгүй гэж тайлбарлаж байна” гэв.

Хохирогч Б.Мөнхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрт орж хулгай хийж, галдаж шатаасан гэдгийг нь хуулийн хүрээнд шалгаж тогтоогдсон. Хулгай хийгээд гэрийг минь шатаахгүй орхиод явахгүй яасан бэ гэж гомдож явдаг. Одоог хүртэл нэг ч хохирол төлбөр барагдуулаагүй. Өмгөөлөгчийн зүгээс галдаж шатаагаагүй гэсэн тайлбарт гомдолтой байна. Хохирлыг үнэлгээний байгууллагаар тогтоолгосон. Дахин хохирлын үнэлгээг хийлгэмээр байгаа. Учир нь өөрийн хүч хөдөлмөрөөрөө 4 өрөө байр тохижуулсан. Гэр шатаад үлдсэн зүйлээс хэрэглэх юм үлдээгүй. Одоо байр хөлсөлж амьдарч байна. Сэтгэл санааны хувьд маш их хохирсон. Хохирлын 38,000,000 төгрөг тогтоогдсон. Хохирол төлбөр барагдуулаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд би хоцорч ирээд шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр буцаж хэргийн үнэн зөвийг шийдвэрлэж, хохирол барагдуулж өгөхийг хүсч байна” гэв.

 

Шүүгдэгч О.Цэрэнбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би бусдын орон байранд нэвтэрч хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө  нь 2 удаагийн ял шийтгэлтэй байсан нь үнэн, гэхдээ би хулгай хийсэн болохоос галдаж шатаагаагүй. Цагдаа нар намайг аймагт байхгүй байсан хугацаанд надад хүчээр энэ гэмт хэргийг тулгасан. Би хавтаст хэрэгт гарын зурахгүйгээр өдийг хүртэл явж байна. Би хагалгаанд ороод гарч ирээд 10 хонож байна.  Би өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаярын бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч О.Цэрэнбатад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгана” гэж тус тус заасан байна.

 

О.Цэрэнбат сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би 2021 оноос 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 419 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаад магадлангаар суллагдсан. ...2023 оны 07 дугаар сарын 12-ны оройн 21 цагийн үед Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах "Андууд" караоке, баранд ганцаараа "Сэнгүр" нэртэй 2.5 литрийн пиво ууж дуусаад. Хажууд талын ширээний хоёр залуутай танилцан хамт дахин хоёр "Сэнгүр" 2.5 литрийн пиво ууж байгаад нэг пивоо дуусаагүй болохоор караокенаас авч гарч хажуу талын сааданд ганцаараа уусан. Пиво дуусах үед яг хэдэн цаг болж байхыг санахгүй би нэлээн согтсон байснаа санаж байна. Тэгээд цэцэрлэгт хүрээлэнгээс шууд хойшоо гэр рүүгээ явах үед Булгийн 1 дүгээр эгнээнд байх нэг байшингийн хажуугаар өнгөрөх үедээ хүнгүй гэж бодоод хашааны төмөр хаалгаар хашаа руу орж байшингийн хаалгыг хартал цоожтой байсан. Тэгээд эгнээний араар тойрон тус байшингийн арын хашаагаар дамжин, давсан хашааны ард гутлаа тайлан хашааг давж орсон. Тэгээд байшингийн зүүн тийш харсан вакум цонхыг хашаан дотор газар хэвтэж байсан, жижиг банзны хугархайгаар цонхыг хөшин онгойлгож байшин руу орсон. Байшин руу орж шууд бэлэн мөнгө байж болзошгүй газруудыг хайсан. Эхэндээ том өрөөнд тавилгануудыг үзэж байхад зурагтын тавиур дээр мөнгө хийдэг гипсэн гахай байхаар нь гахайг шалан дээр цохиж хагалаад дотор нь байсан задгай мөнгөнүүдийг авсан. Тэгээд унтлагын өрөөнд орж орны хажууд байх шүүгээнүүдийг үзэж байтал үнэт эдлэл хийдэг сав байхаар нь орон дээр байгаа зүйлүүдийг асгаж үзэхэд өндөр үнэ хүрэх эд зүйл байгаагүй. Тэр чигээр нь орон дээр орхиод орсон цонхоороо буцан гарч хойд давж орсон хашаагаар давж буцаад Булгийн 1 дүгээр эгнээгээр хөл нүцгэн өнгөрч 4 дүгээр сургуулийн баруун талаар хойшоо нарийн гудмаар дамжин гэрийн ойролцоо ирсэн. Тэгээд манай эмээгийн байдаг эгнээний хойд эгнээ буюу Булаг 7 дугаар эгнээний нэг айлын гадуур явж байгаад хүнгүй гэдгийг нь таамаглан хашаа руу орсон. Би байшингийн зүүн талын вакум цонхыг өмнө орсон айлын цонхыг онгойлгодог аргаар хөшин онгойлгож байшинд нэвтэрч орсон. Байшин дотор бэлэн мөнгө байж магадгүй газруудыг хайсан боловч мөнгө олдоогүй болохоор байшингаас гарч эмээгийн гэрт орж амарсан.

...Би байшингаас гараад тоолж үзэхэд таван мянга орчим төгрөг байсан. Ямар нэгэн зүйлд зарцуулаагүй, миний өмдний халаасанд байсан, эд мөрийн баримтаар цагдаа нар хурааж авсан... Би айлуудаар орсны дараа цагдаа нар ирнэ гэж тооцоолоод явсан мөрөө баллах гэж хөл нүцгэн явсан. Би хийсэн зүйлдээ гэмшиж байна...” гэж /1хх-н 131-133/,

Шүүгдэгч О.Цэрэнбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Дагвадаш, Гангантөгсийнд нэвтэрсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна уу? гэсэн асуултад хүлээн зөвшөөрч байна гэж, ...гэрт нь орсон гэсэн үг үү? гэж асуухад орсон, ороод юу ч аваагүй...” гэж /4хх-н 7/ тус тус мэдүүлсэн

Мөн хэргийн газарт үзлэг хийсэн “...1-10 тоотод байх ...байшингийн зүүн хойд талд нүцгэн хөлийн мөр үүссэн байсныг үүссэн байсныг хэмжилт хийн гэрэл зургаар баримтжуулан, тухайн хөлийн шинэвтэр хөлийн мөрийг дагаж шалгахад хашааны гадна талын гудамжид байх нүцгэн хөлийн мөрийг дагаж явж үзэхэд хөлийн мөр нь явсаар Булгийн 6-29 тоот руу орсон байв. Тухайн тоот хашаа руу ороход 4 ханатай монгол гэр байх ба орж үзэхэд гэрийн доторх байдал эмх замбраатай, газарт Оюунбаатарын Цэрэнбат гэх хүн хувцас нь норсон, шавар мэт зүйлээр бохирлогдсон байдалтай унтаж байх ба биед нь үзлэг хийхэд задгай мөнгөн дэвсгэрүүд болон 2 ширхэг 10,000 төгрөгийн “вон” гарч ирсэнийг гэрэл зургаар баримтжуулав....” гэх тэмдэглэл болон түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 04-15/,

Гал түймэр унтраасан тухай 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай “...Хэнтий аймаг Хэрлэн сум 2-р баг Булаг 07-12 тоот хашаанд оршин суудаг иргэн Д.Дагвадашийн эзэмшлийн 4*10 хэмжээтэй байшин шатаж байсан... Гал түймэр гарсан тухай мэдээг 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 01 цаг 56 минутад авсан...” гэх нотломж /3хх-н 41/,

Гал түймэр унтраасан тухай 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаартай “...Хэнтий аймаг Хэрлэн сум 2-р баг Булаг 01-10 тоот хашаанд оршин суудаг иргэн Б.Пүрэвбатын эзэмшлийн 12*4 хэмжээтэй палкан байшин шатаж байсан... Гал түймэр гарсан тухай мэдээг 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 03 цаг 17 минутад авсан...” гэх нотломж /3хх-н 49/,

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаартай “...Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан зүүн хөлийн мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн яллагдагч О.Цэрэнбат /СО92112813/-ын зүүн хөлөөр дарагдаж үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1хх-н 80-82/ зэрэг нотлох баримтуудад тусгагдсан мэдээллүүдийг шүүх анхаарч үзээгүй, энэ талаар нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах зэргээр нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тухайн орон байранд нэвтэрснээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа эсэх, орон байранд нэвтэрсэн цаг хугацаа, гал түймэр гарсан цаг хугацаа давхцаж эсвэл зөрж байгаа эсэх, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг гүйцэд дүгнэлгүйгээр зөвхөн шүүгдэгчийн “...бусдын эд хөрөнгийг шатааж устгасан гэх хэргүүдийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх мэдүүлэгт хөтлөгдөн “...хэргийг шууд буруутгасан нотлох баримт байхгүй, нотлогдоогүй...” хэмээн бүрэн бус дүгнэлт хийжээ.

Дээр дурдсанаар анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Мөн шүүгдэгч О.Цэрэнбатад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны ТЭ/180/2024/ШЦТ/83 дугаартай тэмдэглэлд “шүүх хуралдааныг хаалттай явуулсан” гэж (4хх-н 21), мөн өдрийн 2024/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолд “шүүх хуралдааныг нээлттэй явуулсан” гэж зөрүүтэй тусгагдсан бөгөөд шүүх хуралдааны бичлэгийг шалгахад шүүх хуралдааныг хаалттай явуулсан талаар дурдагдаагүй буюу тэмдэглэл нь дуу дүрсний бичлэгээс зөржээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөнд тооцохоор хуульчилжээ.

 

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээр хүчингүй болгож, О.Цэрэнбатад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүхэд буцаасан тул Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаярын бичсэн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлээс “О.Цэрэнбатад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх агуулга бүхийг хэсгийг хангаж, бусад үндэслэлүүдэд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

 

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч О.Цэрэнбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

           

                    ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                       Д.ГАНЗОРИГ