| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0505/З |
| Дугаар | 128/ШШ2025/0696 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0696
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хэлэлцсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК /РД:5362091/,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Гуравдагч этгээд: Төгс усан эрдэнэ ХХК /РД:6896316/ нарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Тэмүүлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Халиунаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах.
1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/499 дүгээр тушаалын Монгол Их Коал ХХК-ийн ашиглах 25266.9 м.кв талбай бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах.
Хоёр.Маргааны үйл баримт, процессын түүхийн тухай:
2.1.Анх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалаар[1] М ХХК-д Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулсын БЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын аманд 25266.90м2 буюу 4 га газрыг аялал жуулчлал-ын зориулалтаар ашиглах эрх, 0211881 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг[2] 5 жилийн хугацаатай олгож, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2015/076 тоот гурван талт гэрээг[3] байгуулсан, уг гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон.
2.2.Үүний дараа шүүхийн шийдвэрийг[4] үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр тушаалаар[5] М ХХК-д ашиглалтын 4 га газраас 1.5 га талбайг хэсэгчлэн цуцалж, газрын хэмжээг багасгаж, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/456 дугаар тушаалаараа[6] Газрын кадастрын мэдээллийн сан-г солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх ажил хэрэгжсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч М ХХК-д ашиглалтын газрын хэмжээг 25267 м.кв болгосон.
2.3. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дугаар тушаалаар[7] ...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан XIV хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар албан бичгээр ирүүлсэн санал зэргийг үндэслэн ...газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй зэрэг үндэслэлээр нэхэмжлэгч М ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.
2.4.Уг тушаалыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1269 тоот тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай албан бичгийг[8] М ХХК-д хүргүүлэхэд нэхэмжлэгч М ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23/50 тоот албан бичгээр[9] Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан газар ашиглах эрхийг сэргээх тухай гомдол гаргахад 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08/6603 тоот албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаарх хариуг өгсөн тул нэхэмжлэгчийн зүгээс тухайн хариу эс зөвшөөрч 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад /хуучин нэрээр/ холбогдуулан түүний 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн А/529 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.
2.5. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШЗ2024/0579 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2024/3976 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан ...нэхэмжлэлд гарын үсэг зурсан Ш.Г*******г гүйцэтгэх захирлаар томилсон гэж үзэхээргүй,... хэмээн дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 221/ШТ2024/0450 дугаар тогтоолоор[10] анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2.6.Нэхэмжлэгч М ХХК-иас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэлд дурдсан нөхцөл байдлыг арилгаж, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг дахин гаргаж, тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 0574 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж[11], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 0589 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж[12], Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0434 тогтоолоор[13] шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
2.7.Гуравдагч этгээдийн тухайд: Анх гуравдагч этгээд болох Төгс усан эрдэнэ ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Бумбатын амны хязгаарлалтын бүсэд 19099.7 м2 талбайн хэмжээ бүхий газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгожээ[14].
2.8. Төгс усан эрдэнэ ХХК-ийн зүгээс 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өөрийн ашиглах эрх бүхий дээрх газрын байршил, талбайн хэмжээг өөрчлөн нэмэгдүүлэх тухай хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасныг тус захиргаа 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01/859 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд саналыг уламжлан хүргүүлжээ.[15]
2.9.Улмаар дээрх 01/859 тоот албан бичгийг үндэслэл болгон, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр газрын солбицол өөрчилж, талбайн хэмжээ нэмэгдүүлэх тухай хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт гаргахад[16] эдгээр хүсэлтүүдийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/197 дугаар тушаалаар байгуулагдсан[17] Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 13-р хуралдаанаар хэлэлцүүлж, Төгс усан эрдэнэ ХХК-ийн газрын байршлыг сольж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг дэмжжээ.[18]
2.10. Тодруулж хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/499 дүгээр захирамжаар Төгс усан эрдэнэ ХХК-ийн Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Бумбатын амны хязгаарлалтын бүсэд байсан 19099.7 м2 талбайн хэмжээ бүхий газрын хэмжээг 71328 м2 талбайн хэмжээтэй болгон нэмэгдүүлэн, газрын байршлыг Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд шилжүүлж[19], Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн 0243506 дугаартай гэрчилгээг олгосон байна[20].
2.11.Дээр дурдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиргааны үйл ажиллагаа нь тус шүүхэд хянагдаж байсан М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 0574 дугаар шийдвэртэй хуралдаанаас 18 хоногийн өмнөх үйл баримт болно.
2.12.Ингэснээр 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төгс усан эрдэнэ ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дугаар тушаалыг хүчингүй болгож, М ХХК-ийн тусгай хамгаалалттай газар ашиглах эрхийг сэргээсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг гаргаж, тухайн хүсэлтийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0180 дугаар шүүхийн тогтоолоор хүсэлтийг хангаж[21], хэргийг ердийн журмаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлсэн.
2.13.Тус шүүх хэргийг хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2028/2009 дугаар шүүгчийн захирамжаар Төгс усан эрдэнэ ХХК-ийг гуравдагч этгээдээр татах[22], нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/499 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хүлээн авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст хэргийг шийдвэрлэсэн болно.
Гурав.Хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар.
3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалаар нэхэмжлэгчид Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд 4 га газар ашиглах эрхийг олгосон. Уг А/277 дугаар тушаал шийдвэртэй холбоотойгоор "Д*******" ХХК нь энэхүү шийдвэр нь бидний "газартай давхардуулсан үндэслэлээр нэхэмжлэл гаргаж захиргааны шүүхийн маргаан үүсгэж, М" ХХК-ийн зүгээс гуравдагч этгээдээр оролцсон байдаг. Ингээд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013.11.29-ний өдрийн 128/ШШ2018/0750 дугаар шийдвэр. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.30-ны өдрийн 221/MA2019/0052 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019.04.22-ны өдрийн 115 дугаар тогтоол шийдвэрүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалын "М" ХХК-д холбогдох хэсгийн "Дитокс" ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгосон шийдвэрлэснээр бидний газрын хэмжээ 2.5 га газар болж багасаж өөрчлөгдсөн байдаг. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019.06.20-ны өдрийн "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай дүгээр тушаалаар 4 га газраас шүүхийн шийдвэрийн дагуу 15 га талбайг хэсэгчлэн цуцалсан
Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу 1 га газартай болсноос хойш өмнө 4 га газрын хэмжээгээр төлсөн илүү төлөлтөө хэрхэн яаж газрын төлбөрөө суутгуулах талаар хүсэлт гаргасныг аливаа захиргааны байгууллагаас шийдвэрлээгүй. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс нийслэлийн Хан-Уул дүүргийн газрын албаны шаардлагын хүрээнд газрын төлбөрөө зохих ёсоор төлсөөр ирснийг хариуцагч захиргааны байгууллага харгалзан үзээгүй юм. Мөн бидний анх байгуулсан 2015.07.28-ны өдрийн "Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай" гэрээ нь 4 га газартай холбоотой байдаг бөгөөд гурван шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч эс биелүүлж, өөрчлөгдсөн хэмжээгээр буюу 2.5 га газартай холбоотойгоор аливаа газар ашиглах гэрээ байгуулаагүй. Бидний зүгээс нэгэнт хуулийн байгууллага 4 га газрыг 2.5 га газар болгосон учраас 2.5 га газартай холбоотойгоор газар ашиглах гэрээ байгуулах хүсэлт болон газрын төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа захиргааны холбогдох байгууллагад хандахад шийдвэрлэж өгөөгүй байдаг юм Газрын хэмжээ шүүхийн шийдвэрийн дагуу 25 га газар болж өөрчлөгдсөнөөс хойш захиргааны байгууллага болон эрх бүхий хуулийн этгээдтэй нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар харилцсан бөгөөд сайдын зүгээс бидний газар ашиглах хүсэл сонирхлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Үүнд:
Нэхэмжлэгч "5" ХХК-тай 2020.04.10-ны өдөр 2.5 га газартай холбоотойгоор эргэлийн цэгийг газарт бэхэлсэн тухай акт үйлдсэн, батлуулсан. Нэхэмжлэгчийн 2021.04.10-ны өдрийн "Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 1/15 дугаар албан бичгээр хавсралтаар хүргүүлж буй газрын хэмжээ тогтоосон солбицлын цэг болон кадастрын зургийг үндэслэн газрын орох, гарах гарц, замыг шийдвэрлэж хашаа барих зөвшөөрөл болгож өгнө үү" гэх хүсэлтийг шийдвэрлээгүй. Нэхэмжлэгчийн 2019.05.30-ны өдрийн 07/19 тоот албан бичгээр 4 га газар 2.5 га газар болсонтой холбогдуулан газрын төлбөрийн зөрүүний талаар хандахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019.07.02-ны өдрийн 10/4627 дугаар албан бичгээр шийдвэрлээгүй, хувийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст хүргүүлсэн нь буруу угтаа бол Хан-Уул дүүргийн татварын хэлтэст хүргүүлэх ёстой байсан. Нэхэмжлэгчийн 2020.11.21-ний өдрийн 1/151 дүгээр албан бичиг, хүсэлтийн дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020.12.24-ний өдрийн 16/4939 дүгээр албан бичиг ирсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020.11.24-ний өдрийн "Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай" 09/8061 дүгээр албан бичиг,
Нэхэмжлэгчээс "Хан-Уул дүүргийн татварын хэлтэс" 2020. 11.25-ны өдрийн 11/20 дугаар албан бичгээр... анх 2015 онд газрыг авахдаа 4 га газрын хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж 20,000,000 төгрөг төлснөөс газрын хэмжээ 2.5 га газраар бодож суутгаж, шүүхийн шийдвэрийн хугацааг хасаж, 2020.04.13-ны өдрөөс эхлэн газрын төлбөр, мөн бусад зардлыг манай компанийн нэр дээр тооцож егнө үү гэх хүсэлт болон 14 бичиг баримтын хамт хүргүүлсэн.
Нэхэмжлэгчээс "Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүх, нутгийн удирдлагын газрын дарга"-д 2020.11.29-ний өдрийн 11/20-10/13 дугаар албан бичгээр "... 4 га газар бус 2.5 га газартай холбоотой газар ашиглах гуравласан гэрээг шинэчилж өгөх тухай" хүсэлт хүргүүлсэн.
Нэхэмжлэгчээс "Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүх, нутгийн удирдлагын газар"-т хандан 2020.11.24-өдрийн 16 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэрийн дагуу 2.5 газартаа шинэчилсэн газрын зураг хийлгэж, газрын гэрчилгээний хавсралтад талбай өөрчилсөн солбицлын цэгийг шинэчлэн өөрчлөлт оруулсан, Мөн 2015 онд газрын авахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 20,000,000 төгрөгөөр 25 га газраар бодож суутгах, солбицол өөрчилсөнтэй холбогдуулан гэрчилгээ, гуравласан гэрээг шинэчилж, шүүхийн шийдвэртэй хугацааг хасаж 2020.04.13-ны өдрөөс эхлэн газрын төлбөр, Мөн бусад зардлыг манай компанийн нэр дээр тооцож гэрээг шинэчилж өгнө үү" гэх хүсэлтийг гаргасан. Мөн адил нэхэмжлэгчээс "Хан-Уул дүүргийн газрын албан"-д 2020.11.26-ны өдрийн 11/20-14 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэрийн дагуу 2.5 газартаа шинэчилсэн газрын зураг хийлгэж, газрын гэрчилгээний хавсралтад талбай өөрчилсөн солбицлын цэгийг шинэчлэн өөрчлөлт оруулсан, Мөн 2015 онд газрын авахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 20,000,000 төгрөгөөс 2.5 га газраар бодож суутгах, солбицол өөрчилсөнтэй холбогдуулан гэрчилгээ, гуравласан гэрээг шинэчилж, шүүхийн шийдвэртэй хугацааг хасаж 2020.04.13-ны өдрөөс эхлэн газрын төлбөр, мөн бусад зардлыг манай компанийн нэр дээр тооцож гэрээг шинэчилж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан /шийдвэрлээгүй/2.10. Нэхэмжлэгчээс 2021.06.02-ны өдөр "Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан энэ тайлбарын 2.8-2 адил байдлаар хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчээс 2021.09 29-ний өдрийн 14 дүгээр албан бичгээр "Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа"-нд хандан газрын хэмжээ тогтоосон солбицлын цэг болон кадастрын зургийг үндэслэн газрын орох, гарах гарц, замыг шийдвэрлэж, хашаа барих зөвшөөрөл олгож өгнө үү" гэх хүсэлтийг гаргасан... Нэхэмжлэгчээс 2023.04.06-ны өдрийн 23/01 дүгээр албан бичгээр "Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан ... орох гарах орц гарцын асуудлыг шийдвэрлэж өгнө үү" гэх хүсэлтийг гаргасан... Нэхэмжлэгчээс 2023.05.25-ны өдрийн 23/06 дугаар албан бичгээр "Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа"-нд хандан "төсөл хөтөлбөрөө эхлэх болсон тул орох гарах орц гарц Мөн түр хашаа барих зөвшөөрөл олгож өгнө үү" гэх хүсэлтийг гаргасан /Шийдвэрлээгүй/ байдаг юм.
Мөн гурван шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгчийн зүгээс уг 4 га газар нь 2.5 га газар болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зөрүү төлбөрийн асуудлыг захиргааны холбогдох байгууллагаар шийдвэрлүүлж чадаагүй ч бидний зүгээс 2.5 га газрын хэмжээгээр төлбөр тооцоогоо төлсөөр ирсэн.Тодруулбал, захиргааны байгууллагатай байгуулсан 2015 оны газар ашиглах гуравласан гэрээг гурван шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш шинэчлээгүй, хуульд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй боловч нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2.5 га газартай холбоотойгоор холбогдох Газрын албанд хандан Газрын төлбөрийн тухай хуулийн 9.1, 9.2, 9.3-д заасны дагуу газрын төлбөрийн төлөлтөө хийсээр ирсэн юм.
Ингэхдээ Хан-Уул дүүргийн газрын /10 тоот дансанд/... төлбөрүүдийг тус тус төлж Хан-Уул дүүргийн газрын албатай тооцоо нийлж, төлбөр тооцоогүй байдлыг хариуцагч харгалзан үзээгүйд гомдолтой байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс тухайн 2.5 га газартай холбоотойгоор Нийслэлийн Ерөнхий Архитектор Ц. 2023.05.15-ны өдрийн "Архитектур төлөвлөлтийн даалгавар" дугаар:М3Х даалгавар, эскиз зураг зэргийг батлуулсныг хариуцагч харгалзан үзээгүйд гомдолтой байна.
Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар газар ашиглагч нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол түүний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай.Уг зохицуулалтын талаар Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 273, 2019 оны 115, 2023 оны 30 дугаар тогтоолуудаар тайлбарласан, энэхүү хэргүүдийн хариуцагч нь хариуцагч байгууллага өөрөө оролцсон байдаг. Ингэхдээ дээд шүүхээс "байгаль орчинд нөлөөлөх ерөнхий, нарийвчилсан үнэлгээ хийлгэж, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлуулах зэргээр тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдэж байсан" зэргийг 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах агуулгаар хэрэглэсэн байна.Нэхэмжлэгчид анх Арцатын аманд 4 га газар ашиглах эрх 2015 онд нээгдсэн, үүнээс хойш газар ашиглах эрхийг 2023 онд цуцлах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулсан байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль нийцээгүй гэж үзэж байгаа.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн удаа дараагийн гаргасан хүсэлтийг захиргааны байгууллагаас /гэрээ шинэчлээгүй, холбогдох газарт хашаа барих зөвшөөрөл олгоогүй, 4 га газрын төлбөрийн асуудлын зөрүүг шийдвэрлэж өгөөгүй/шийдвэрлээгүй атлаа 2.5 га газар ашиглах эрх үүссэнээс хойш газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл зааж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах" гэж заасан захиргааны байгууллагын үйл ажиллагааны тусгай зарчмыг баримталсан гэж үзэхээргүй байдаг юм.4.2. Нэхэмжлэгчийн зүгээс Улсын дээд шүүхийн 2019.04.22-ны өдрийн 115 дугаар тогтоол гарснаас хойш архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг батлуулах зэрэг баримт бичиг бүрдүүлэх ажиллагаануудыг хийсэн, энэ ажиллагаа нь өөрөө тодорхой цаг хугацаатай, тиймээс хариуцагч нэхэмжлэгчийн газар ашиглахтай холбоотойгоор архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлуулах зэрэг тодорхой бичиг баримт бүрдүүлэх ажиллагаа хийж байсан" талаар холбогдох баримтыг шаардалгүйгээр шийдвэр гаргасан нь Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24-27-д заасан "захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэсэн үүргээ биелүүлээгүй байна.
Мөн энэхүү хугацаанд нэхэмжлэгчийн анх ашиглах эрхтэй болсон 4 га газар нь шүүхийн шийдвэрийн дагуу 2.5 болж, үүний дараа дахин маргаан бүхий газарт 2023 оны М3Х дугаар архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулсан боловч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолд заасныг байгууллагаас Нийслэлийн иргэдийн хэрэгжүүлэхээр зам оруулсан талаар манай байгууллагад мэдэгдэж, улмаар тухайн газар нь 2.1 га болж өөрчлөгдсөн байдаг.
Бидний батлуулсан 2023 оны М3Х дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар 2.5 га газрын хэмжээнд гарсан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолд заасны дагуу тухайн газарт зам оруулсантай холбоотойгоор 2.1 га газар болсон.
Уг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоол өнөөдрийн байдлаар хучин төгөлдөр, уг тогтоол нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2023 он хүртэлх хөгжлийн чиг хандлага"-д нийцүүлэн боловсруулагдсан байдаг байна. Өөрөөр хэлбэл энэхүү тогтоол нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлтэй, 2023 он хүртэлх хугацаанд буюу хэдий ч хэрэгжих боломжтой тогтоол гэж үзэж байгаа. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар захиргааны байгууллагаас бидэнд "танай газар дээр зам оруулна гэж мэдэгдсэн эсэх асуудалд хариуцагч нягталж шалгалгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Тухайн тогтоолд заасны дагуу "Нисэх, Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө"-ний 1 дүгээр зэргийн гол гудамж замын трасст өртсөн, ингээд газрын хэмжээ 2.1 болж өөрчлөгдөж, уг тогтоолтой уялдуулан 2023 оны МЗХ дугаар архитектур төлөвлөлтийн даалгавраас өөрөөр батлуулах шаардлага гарсан болох нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024.04.22-ны өдрийн 03/1064 дүгээр албан бичгээр тодорхойлогдох юм.
Иймээс Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзэж байна. Нөгөө талаар. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлд газар ашиглах гэрээний зохицуулалтыг заасан. Хуулийн 37 дугаар зүйлийн 1-д... энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн аж ахуй нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна" гэж, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д "Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуульд... ийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.134.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална" гэж тус тус заасан. Нэхэмжлэгчийн газрын хэмжээг хоёр ч удаа захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангуулахаар өөрчлөгдсөн байхад захиргааны байгууллагуудын харилцан уялдаагүй байдлаас шалтгаалж нэхэмжлэгчид газар ашиглах эрхийг цуцалсан үндэслэлгүй гэж үзэж байна.Нэгэнт нэхэмжлэгчид газар олгосон, үүний дараа шүүхийн шийдвэрийн дагуу газрын хэмжээ өөрчлөгдсөн байхад түүнийг дагаж гарах газар ашиглах гэрээг байгуулаагүй болон бусад захиргааны байгууллагаас гаргасан шийдвэртэй уялдуулалгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгааг шүүх анхааралдаа авч эрх хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгөхийг хүсэж байна.
Хэдийгээр захиргааны байгууллагаас нэхэмжлэгчтэй өөрчлөгдсөн газрын хэмжээгээр аливаа байдлаар газар ашиглах гэрээг шинэчлээгүй ч нэхэмжлэгчийн зүгээс хуулиар хүлээсэн газрын төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж, газар ашиглахтай холбоотойгоор холбогдох үйл ажиллагаа явуулсан байхад газрыг шууд цуцалсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан урьдач нөхцөлийг хангасан гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны байгууллагуудын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хүлээцтэй байсан.
Газрын төлбөрийн хугацааг хариуцагчаас зааж өгөөгүй, энэ талаар гэрээ байгуулаагүй буюу шүүхийн шийдвэрт заасныг хэрэгжүүлээгүй, Газрын хэмжээ нэхэмжлэгчээс шалтгаалж, өөрчлөгдөөгүй, өөрчлөгдсөн даруйд холбогдох зураг төсөл, төлөвлөгөө боловсруулж, газрын төлбөр төлөх хүсэлтээ илэрхийлж байсныг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-тай холбоотойгоор бид нарын үлдэгдлийг 10 дугаар сарын 27-ны байдлаар 0 гэсэн байгаа. Ингээд 2020, 2021 онд 35.000.000 төгрөг, 2022, 2023 онд 36.000.000 төгрөгийг өгсөн. 40.1.6-д газар ашиглах гэрээг шинэчлэн батлах, гэрээний хугацааг сунгах, сунгуулах, хашаа барих зөвшөөрөл хүссэн хүсэлтүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар. Өөрөөр хэлбэл, маргаан шүүхээр хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд ашиглах боломж М компанид байгаагүй. Мөн авто зам тавих болсонтой холбогдуулан газрын хэмжээг өөрчилсөн. Энэ нь бид нарт ойлгомжгүй нөхцөлийг үүсгэсэн... гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хэрэгт авагдсан баримт дээр 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/456 дугаар тушаалаар 267м2-аар нэмэгдүүлсэн асуудал байгаа. 2,5 га газрыг 25.267 метр квадрат өөрчилсөн нь цаг хугацаанаас 2 жилийг тооцвол маргаан бүхий акт маань 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болох боломж харагдаад байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 63 дугаар тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн гэж үзээд 2022 оны 02 дугаар сарын 14-ний 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан юм. Энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг агуулгаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 23 дугаар тогтоол 2023 оны 60, 72 дугаар тогтоол 2024 оны 76, 93, 96 гэдэг тогтоолуудаар хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна гэдэг агуулгаар тайлбарласан учраас хууль эрх тэгш үйлчлэх ёстой гэж үзэж байна... гэв.
3.4.Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны А/277 дугаар тушаалаар "М" ХХК-д Богдхан Уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд 4 га талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" А/529 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон,2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай тушаалаар шүүхийн шийдвэрийн дагуу 2.5 га болгож өөрчилсөн
Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй..." 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 тоот санал зэргээр нотлогдож байна.
Мөн нэхэмжлэлийн үндэслэлд 2020, 2021 онуудад "Ковид-19" цар тахлын хунд үе байсан байсан бөгөөд Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нь тул манай компани газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй..." гэх агуулгаар тайлбарласан байна. Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Мөн Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно гэжээ.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч анх 2015 оны сайдын тушаалаар газар эзэмших эрхтэй болоод 2019 онд Улсын дээд шүүхийн 115 дугаар тогтоолоор газрын хэмжээ 2,5 болсон. Маргаан бүхий акт гарахдаа Газрын тухай хуулийн 41.5, 41.6 дугаар зүйлүүдийг үндэслэсэн. Газрын тухай хуулийн 41.5 дугаар зүйл бол газрын төлбөрийг төлөөгүй гэдэг зохицуулалт. Энэ заалттай холбоотой баримтууд 2022, 2023 оны төлбөрийн баримтууд хэрэгт авагдсан байдаг. Харьяа газрын татварын албанаас төлбөртэй холбоотой баримтууд бас хэрэгт авагдсан байгаа 41.6-тай холбоотойгоор шүүхээс үзлэгээр баримтжуулсан. Мөн харьяа хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагааны мэдэгдэл, газрын үзлэгийг бас хийж байж 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үйл баримтыг гаргаж ирдэг байгаа. Хамгийн анх 2015 оны сайдын тушаалаар газар ашиглах эрхтэй болсон бол үүнээс хойш маргаан бүхий акт гарах хүртэл буюу 2023 он хүртэл 8 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.6.Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компанид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024.06.21-ний өдрийн А/499 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд, 71328 м.кв хэмжээтэй газрыг буюу нэхэмжлэгч компанийн урьд ашиглах эрхийн гэрчилгээтэй байсан газартай бүрэн давхцалтай газрыг ашиглуулахаар олгосны үндсэн дээр газар дээрээ төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Гэтэл дээрх "М" ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан байсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг хүчингүй болгуулах буюу газар эзэмших эрхээ сэргээлгэхээр ийнхүү нэхэмжлэл гаргаж, уг захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Нэхэмжлэгч "М" ХХК-ийн газар ашиглах эрхийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023.09.27-ны өдрийн А/529 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүдээр буюу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр цуцалсан байсан байх бөгөөд ийнхүү уг газар нь хэн нэгний эзэмшил, ашиглалтад байхгүй байх цаг хугацаанд буюу 2024.06.21-ний өдөр манай компанид олгогдсон байна.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу уг захиргааны хэргийн улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаас үзэхэд маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023.09.27-ны өдрийн А/529 дүгээр тушаалын үндэслэл болсон, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүдээр буюу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдийн талаар орц гарц шийдвэрлүүлэх, төлбөрийн зөрүү гарсан, хашаа барих зөвшөөрөл өгөх... зэрэг асуудлаар харилцаж байсан" талаар тайлбарлаж байх боловч тэр нь 2020-2021 онд болсон асуудал байхын зэрэгцээ мөн нэхэмжлэлд дурдсан шүүхийн маргаантай асуудал нь 2019.04.22-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн байх тул түүнээс хойш 2023 оны 9 дүгээр сар хүртэл 4 жил гаруй хугацаанд уг газар дээр ганц ширхэг хүрээ ч зоогоогүй хэвээрээ байсан.Түүнчлэн дээр дурдсан олон хүсэлтүүдийг нь хэрэв шийдвэрлээгүй бол тэрхүү хууль бус эс үйлдэхүйтэй нь холбогдуулан шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хууль зүйн эрхтэй, бүрэн боломжтой байсан
Мөн энэхүү газар ашиглах эрхийн талаарх маргаан нь нэхэмжлэгчид үлдсэн 25 газартай холбоотой бөгөөд уг газар дээрээ нэхэмжлэгч нь 2 жил дараалан ашигласан эсэх, төлбөрөө төлсөн эсэх талаарх асуудал яригдаж байгаа ба "Дитокс" ХХК-ийн нэхэмжлэлтэй гэх захиргааны хэргийн хувьд нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийн зөвхөн 1.5 га газартай холбоотой буюу одоо маргаж байгаа 2.5 намартай хамааралгүй байсан байх тул газар ашиглах эрхээ энэхүү тухайн үед маргаангүй, 2.5 га газарт хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Цаашлаад 2023 онд дээрх хүсэлтүүдээ дахин гаргаж, Мөн 2023 онд уг газар дээр барих барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан талаар дурдсан байх боловч үүнийг хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй бөгөөд тухайлбал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасныг Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын тайлбарлах нь хэсгийн 1.10. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр" гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон. бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласанд хамаарахгүй байна. Харин газрын төлбөрийн тухайд төлбөрөө бүрэн төлсөн гэх боловч холбогдох нотлох баримт байхгүй байх бөгөөд мөн гэрээг шинэчлэн байгуулаагүй гэх тайлбарыг нэхэмжлэлд дурдсан байх боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/252 дугаар тушаалаар батлагдсан "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам" болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль зэрэгт зааснаар гэрээ байгуулснаар бус харин газар ашиглуулах шийдвэр гарснаар газрын төлбөрийн үүрэг үүсэж, газар, дээрээ үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг зааж хуульчилсан гэжээ.
3.7.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн шаардлага болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/529 дүгээр тушаал, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/499 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Юуны өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаанаас эхлэх нь зүйтэй байх. Нэхэмжлэгч болох М компани нь маргаан бүхий захиргааны акт болох А/529 дүгээр тушаалыг мэдэгдсэнээс хойш буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр газар ашиглах, эзэмших эрх сэргээх тухай гэх гомдол, 11 дүгээр сарын 21-ний өдөр гомдлын нэмэлт тайлбарыг хариуцагчид тус тус гаргасан байдаг. Тухайн гомдлын нэмэлт тайлбарт компанийн захирал Ш.Г гэдэг хүн гарын үсэг зурсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 113-118 дугаар талд байх нотлох баримтаас харагддаг. Гэвч тус хавтаст хэргийн 15-16 дугаар хуудаст авагдсан М компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт өөрчлөлт, агуулга хэсгээс нь харвал 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бол Чи *******ь гэдэг Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэнийг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байдаг ба Ш.Г гэдэг хүнийг гүйцэтгэх захирлаар томилсон, сонгосон талаарх холбогдох ямар нэгэн тэмдэглэл байдаггүй. Мөн тухайн үед Ш.Г гэдэг хүнийг тухайн нэхэмжлэгч, хуулийн этгээдийг төлөөлөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргах эрх олгогдсон талаар нэг ч нотлох баримт хавтаст хэрэгт харагдахгүй байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акттай холбогдуулаад хамгийн анх 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Үүний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсээд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулаад гаргуулсан 2024 оны 05 сарын 7-ны өдрийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа за түүнчлэн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 3976 дугаартай шүүгчийн захирамж 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 0450 дугаартай тогтоолоос Ш.Г гэдэг хүн тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй байсан гэдэг нь тодорхой харагддаг. Тухайлбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт М компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Чи овогтой *******ыг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв гэсэн бичилттэй байх бөгөөд Ш.Г*******г гүйцэтгэх захирлаар томилсон гэх шийдвэрт Чи *******8 Ш.Г нар гарын үсэг зурсан байх ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч биш байхын зэрэгцээ Чи *******аас Ш.Гд аливаа нэхэмжлэл олгогдоогүй байна гэсэн байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Чи овогтой *******ыг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв 2022 оны 05 дугаар сарын 12 гэсэн бичилттэй. ХУР мэдээллийн сангаас авсан лавлагаа нь М компанийн хувьцаа эзэмшигчээр Ж гэх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулалттай компани үүсгэн байгуулагчаар Ш.Г, гүйцэтгэх захирлаар Чи ******* нар бүртгэлтэй болох нь тогтоогдож байна анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж тус тус дүгнэсэн байгаа. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 92-99 дүгээр зүйлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар зохицуулсан. Тус хуулийн 92.1-д хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй. 92.2-т энэ хуулийн 92.1-д заасан гомдол нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гээд заачихсан. Гэтэл Захиргааны ерөнхий хууль болон иш татаад байгаа иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу нэхэмжлэгч М гээд байгаа компанийг төлөөлөх эрхгүй этгээд урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулаад гомдол гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгч М компаниас маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/529 дүгээр тушаалтай холбогдуулаад хуульд заасан хугацаанд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг ч гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй. Мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтэрсэн эсэхтэй холбоотой, хугацаа сэргээлгэх хүсэлт ч гаргаж байгаагүй. Тэгэхээр төлөөлөх эрхгүй этгээд гээд байгаа Ш.Г гэдэг хүний илэрхийлсэн хүсэл зориг нэхэмжлэгчийн хүсэл зоригийг мөн гэж үндэслэхгүй, 2 дугаарт угаасаа төлөөлөх эрхгүй байсан учраас маргаан бүхий захиргааны акттай холбогдуулаад хуульд заасан хугацаанд зохих журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргасан гэж үзэх үндэслэлгүй байгаа учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргаагүй, хуульд заасан хугацаа хэтэрсэн байна гэж үзэж байна. 2 дугаарт нэхэмжлэгчийн шүүхэд хандаад хамгаалуулах гээд байгаа эрх ашиг сонирхол өөрөө хууль ёсны юу гэдэгтэй холбоотой тайлбар тавих нь зүйтэй байх. Нэхэмжлэгч болох М компани тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт буюу Арцатын аманд 25276 метр квадрат талбай газар ашиглах гэрчилгээг авсан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно гээд заачихсан. Гэтэл нэхэмжлэгчийн тухайн үед цорын ганц хувьцаа эзэмшигчээр байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулалттай компани гэх Ж компани байсан болохоор түрүүн дурдсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна. Түүнчлэн сүүлд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Ж болон нэхэмжлэгч М компанийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох улсын орлогоос тодорхой харагдаж байна. Тэгэхээр тухайн нөхцөл байдлыг түрүүн хэлсэнчлэн анх 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад явсан. Гэхдээ тэр нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Яг үүний дараахан буюу 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дахиад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ Чи ******* гэдэг хүн гүйцэтгэх захирлаар байсан бол өөрчлөөд түүнчлэн бас хувьцаа эзэмшигч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулалттай гээд байгаа Ж гэдэг компанийг өөрчлөөд хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар Ш.Г гэдэг хүнийг бүртгүүлээд дахиад шүүхэд тухайн маргаан бүхий акттай холбогдуулаад гаргасан. Тэгэхээр маргаан бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулаад хэлбэрийн төдий өөрчилсөн гэж харагдаж байна. Өмнөх шүүх хуралдаанд тавьсан тайлбартаа нэхэмжлэгч талаас бид нар Ж гэдэг компанитай ямар нэгэн холбоо хамаарал байхгүй гэдэг зүйл ярьсан байдаг боловч хавтаст хэрэгт авагдсан М компани болон Бүлээн арч гээд компанийн эх загвар, эскиз, зураг төсөл боловсруулах гэрээний урьдчилгаа төлбөр болох энэ 16.500.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс хамааралгүй гээд нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа Ж*******н гэдэг компани төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан материалаас харагддаг. Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дансны хуулгануудаас хараад үзвэл нэхэмжлэгчийн эзэмшээд байгаа газрын төлбөрийг Ж гэдэг компани Ш.Г гэдэг хүний данс руу шилжүүлээд тухайн данснаас Ш.Г гэдэг хүн газрын төлбөрийг төлж байгаа баримтууд тодорхой харагдаж байна. Үүнээс үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах А/529 дүгээр тушаалын үндэслэлээс гадна Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан гадаадын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газар ашиглуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэх мэтчилэн зүйлс нь аль 2022 онд үүссэн байсан. Тэгэхээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг нь хариуцагчаас хүчингүй болгосон талаар үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.7.Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гуравдагч этгээд Төгс усан эрдэнэ компани өмнө нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Богдын ам гэх газарт газар ашиглах эрхтэй байсан. Уг газар ашиглах эрхийн байршлыг нь шилжүүлж, хуульд заасан журмын дагуу Хан-Уул дүүргийн Арцатын ам дахь газар луу шилжүүлэх эрх олгосон байгаа. Яг энэ үйл ажиллагааг газар ашиглах эрх олгосноос хойш шүүхийн маргаан явагдаж байсан учраас хууль ёсоор газар ашиглах боломж бололцоо олдоогүй, хүндэтгэх шалтгаан байгаа. Нэг талаасаа хариуцагч Байгаль орчны яам, сайдын, тухайн байгууллагын холбогдох ажилтнуудын заримынх нь хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод өнөөдрийн байдлаар 7 га газар олгогдсон гэж байгаа боловч бүхэлдээ цуцлагдах нөхцөл байдал үүсчихсэн байгаа. Маргаан бүхий газрын 3,5 га хэсэг нь тус Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хянан шийдвэрлэсэн А*******с компанийн нэхэмжлэлтэй хэрэг дээр 3,5 га газар гэсэн зүйл цуцлагдчихсан байгаа. Учир нь хариуцагчийн зүгээс тушаалыг нэхэмжлэгч А*******с компанийн газарт ашиглах эрхийг цуцлахдаа хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн асуудал байсан. Шүүхээс тушаал нь тодорхой биш байгаа учраас энэ тушаалаа зөвтгөөд 30 хоногийн хугацаа олгоод энэ тушаалыг тодруулж өг гэдэг. Хэрвээ энэ хугацаанд өгөөгүй бол газрын эрх нь сэргэнэ шүү гэдэг байдлаар захирамж гарсан байсан. Тухайн хуралд хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралд ороогүй. 2 дугаарт тухайн шүүгчийн захирамж гарснаас хойш яаманд хүргэгдсэн байгаа боловч холбогдох сайдад танилцуулж мэдэгдсэн зүйл байхгүй. Тухайн тушаалын үндэслэлийг засаагүйгээр шууд захирамж нь хүчин төгөлдөр болоод Ам Пак Ин релакс компанийн 3,5 га газар ашиглах эрх сэргэчихсэн нөхцөл байдал байгаа. 7 га газраас 3,5 га газрын ашиглах эрх нь өөр компани руу явчхаж байгаа гэсэн үг. Энэ асуудал дээр 2,5 га газрын асуудлууд яригдаад явж байгаа. Ингээд явахаар яг энэ давхцалтай, цуцлагдсан хэсгийг хасахад гуравдагч этгээдийн ямар нэгэн газар ашиглах эрх 700м2 үлдэх юм уу, 0,7 үлдэх юм уу л гэдэг нөхцөл байдалтай болчихсон тохироод явж байгаа асуудал байгаа. Тэгэхээр шүүхийн зүгээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзээч гэж хүсэж байна. Ам Пак Ин релакс компанитай холбоотой баримтыг хэрэгт огт гаргаж өгөөгүй. Гэхдээ энэ хэргийн шийдвэр нийтэд ил буюу Захиргааны хэргийн шүүхийн сайт дээр, архив дээр нээлттэй байршчихсан нөхцөл байдал байгаа. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбарыг багцлаад хэлэхэд 1 дүгээрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэхэмжлэгч компанитай холбоотой гаргасан үндэслэлүүд бүрэн нотлогдож байгаа. Тэгэхээр хариуцагчийн гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 27-ны А/529 үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нотлох баримтыг шинжлэн судлахдаа энэ үндэслэл нотлогдож байгаа талаарх баримтуудыг тодорхой зааж өгнө. 2 дугаарт нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэдэг маш тодорхой тайлбар өгчихсөн. Үүн дээр бас нотлох баримтуудыг шинжлэн судлах шатад баримтаа заагаад нэмж тайлбар өгье. 3 дугаарт процессын зөрчил буюу урьдчилан шийдэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй. Дээрээс нь энэ хугацаа өнгөрсөн байдлаар гэхэд үүнийг сэргээлгэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаж шийдвэрлээгүй, энэ хэрэг маань үүсчхээд шийдээд яваад байгаа нөхцөл байгаа. Тэгэхээр үүнийг бас шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 4 дүгээрт гуравдагч этгээдийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа нөхцөл байдлууд байгаа учраас уг нөхцөл байдал, нотлох баримтуудын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа гэж үзэж байна... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаас гадна хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зарчимд үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4.2. Нэг: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Хариуцагч маргаан бүхий А/529 дугаар тушаалаа гаргахдаа ...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийн заалтыг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан XIV хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар албан бичгээр ирүүлсэн санал зэргийг үндэслэл болгон, нэхэмжлэгч М ХХК-ийг ...газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй.. хэмээн буруутган газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
4.3.Гэтэл хэргийн үйл баримт болон нотлох баримтуудаар хариуцагчийн маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болгосон газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл байдал тогтоогдсонгүй.
4.4. Учир нь нэхэмжлэгчээс үл шалтгаалах байдлаар түүнд ашиглахаар олгосон 4 га бүхий газрын хэмжээ нь 2.5 га газар болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч компаниас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/153, 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13, 16, 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14, 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/154 тоот албан бичгээр газрын төлбөр тооцуулах, гэрээ шинэчлэх талаар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2021 оны 06 дугаар сарын 02, 09 дүгээр сарын 29-ний өдрийн 14, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23/01, 05 дугаар сарын 25-ны өдрийн 23/06 тоот албан бичгээр газрын төлбөр тооцон суутгуулах, газрын орох, гарах гарц, замыг шийдвэрлэж, хашаа барих зөвшөөрөл авахаар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15 тоот албан бичгээр газрын төлбөр тооцуулах тухай удаа дараа албан бичгүүд[23] хүргүүлсэн боловч шийдвэрлүүлж чадаагүй.
4.5.Үүнээс улбаалан эрхийн гэрчилгээтэй газраа Газрын тухай хууль, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүрчээ.
4.6.Гэвч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т ... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргийг газар эзэмшигч, ашиглагчид оногдуулсан бөгөөд хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан заасан тул М ХХК-иас 2.5 га газарт ногдох газрын төлбөрийг Хан-Уул дүүргийн газрын албаны /10 тоот дансанд/ 2020, 2021 онд 35,626,470 төгрөг, 2022, 2023 онд 36,384,480 төгрөг тус тус төлсөн, маргаан бүхий акт гарах хугацаанд төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг[24] байсан болохыг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10-17/70 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.
4.7.Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.
4.8.Хүчин төгөлдөр үйлчилж буй Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тус тус тайлбарласан.
4.9.Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн ашиглалтын газар нь Дитокс ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай болох асуудлаар 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Дитокс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэг маргаанд М ХХК нь гуравдагч этгээдээр оролцож[25] байснаас гадна нэхэмжлэгчийн ашиглалтын газрын зарим хэсэг нь УИХ-ын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаар тогтоолоор батлагдсан Нисэх Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө-ний авто замын трасст орсон үйл баримттай[26] холбоотойгоор нэхэмжлэгч компани нь хариуцагчаас газар ашиглах гэрээг шинэчлэн батлуулах, гэрээний хугацааг сунгуулах, хашаа барих зөвшөөрөл хүссэн хүсэлтүүд, архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн батлуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар[27] тогтоогдож байна.
4.10.Дээрх үйл явдлаас дүгнэхэд газрын давхцалын маргаан шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд ашиглах боломж байгаагүй, мөн түүний ашиглалтын газрын зарим хэсэг нь авто замын төлөвлөлтөөр авто замын трасст орсонтой холбоотойгоор газрын хэмжээ нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн зэрэг шалтгаанаар нэхэмжлэгч компани нь ашиглалтын газраа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглаж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
4.11.Иймд нэхэмжлэгч Монгол Их Коал ХХК-г газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон маргаан бүхий акт хуульд нийцээгүй гэж шүүх дүгнэлээ.
4.12. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/499 дүгээр тушаалын Монгол Их Коал ХХК-ийн ашиглах 25266.9 м.кв талбай бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч энэхүү тушаалаараа газар ашиглах эрхийн зориулалт өөрчлөн, талбайн хэмжээг нэмэгдүүлэн, нэгж талбарын байршил, солбицол өөрчлөн гуравдагч этгээд Төгс усан эрдэнэ ХХК-д нэгж талбарын 17811******* дугаартай 71328 м.кв газрыг эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч Монгол Их Коал ХХК-д 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/277 дугаар тушаалаар эрх олгосон, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр тушаалаар сунгагдсан нэгж талбарын 17811******* дугаартай 25267 м.кв талбай газартай давхцуулан олгосон[28].
4.13.Ингэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан нэхэмжлэгч Монгол Их Коал ХХК-иас гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаар тус шүүхийн шүүгчийн
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2024/4829 дугаар захирамжаар[29] хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд олгосон.
4.14.Өөрөөр хэлбэл хуулийн этгээд болон хариуцагч нарын хоорондын газрын маргаантай асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэхгүй байхад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шүүхийг үл хүндэтгэсэн зүй бус үйлдэл гаргасан.
4.15.Тодруулж хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/197 дугаар тушаалаар байгуулагдсан[30] Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 13-р хуралдаанаар[31] Төгс усан эрдэнэ ХХК-ийн газрын байршлыг сольж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг дэмжин шийдвэрлэхэд дээрх шүүгчийн захирамжаар үүссэн захиргааны хэрэг маргаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон тус яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Нямхорол[32] оролцсон атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3.энэ хуулийн 20.2-т заасан буюу 20.2.4.шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах; үүргээ хэрэгжүүлэхгүй 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбараараа[33] үүссэн бодит нөхцөл байдлын талаарх тайлбар мэдээллийг холбогдох баримтын хамт гаргаж өгөлгүй зориуд худал тайлбар өгч, шүүгчийг төөрөгдүүлэн, шүүхийн үйл ажиллагаанд шударга бусаар нөлөөлөх эрсдэлтэй асуудал үүсгэн, хэрэг маргааныг шударга шүүхээр шийдвэрлэхэд саад болж, шүүхийн шийдвэрийн үр дагаварт нөлөөлж (contempt of court) шүүхийг үл хүндэтгэсэн үйлдлийг гаргасан болно.
4.16.Гэвч шүүхээс энэхүү шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4.11-д Монгол Их Коал ХХК-г газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дүгээр тушаалыг хүчингүй болгосон тул Монгол Их Коал ХХК-ийн газар эзэмших хүсэлт гаргасан байршилд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчиж гуравдагч этгээд Төгс усан эрдэнэ ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/499 дүгээр тушаалын Монгол Их Коал ХХК ашиглах газартай давхцалтай хэсгийг хүчингүй болголоо.
4.17.Хариуцагч дээрх маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлаагүй нь эдгээр актууд хууль бус болох нөхцөлийг бий болгожээ.
4.18.Эцэст нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2.Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно гэж заасныг зөрчин гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулсан хэмээн маргах боловч хариуцагч энэ үндэслэлээр актаа гаргаж маргаагүй.
4.19. Мөн нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Ш.Г*******н хувьд захиргааны байгууллагын үйл ажиллагааны хүрээнд эрхийг зөрчсөн актыг мэдмэгцээ удаа дараа шүүхэд хандаж, хүсэл зоригоо илэрхийлж байсан, түүнийг шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг засаж зөвтгөн дахин хандсан хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа алдагдсан тохиолдолд оруулан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.
4.20.Түүнчлэн тус хэргийг шүүгч хүлээн авч[34], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад маргаан бүхий акттай холбогдуулан М ХХК /РД:5362091/ -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Ш.Г нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэгдэж, гүйцэтгэх захирлаар томилогдсон болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ[35], компанийн дүрэм[36] зэргээр тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгчийн газрын төлбөрийг Ж*******н ХХК-иас М ХХК-ийн захирал Ш.Г*******н хувийн данс руу шилжүүлсэн мөнгөөр газрын төлбөрийг төлж байгаа[37] гэх тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 103.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/529 дугаартай газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг бүхэлд нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/499 дүгээр тушаалын Монгол Их Коал ХХК-ийн ашиглах 25266.9 м.кв талбай бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР