Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Оч,

            Улсын яллагч Н.Анхбаяр,

            Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Ням,

Иргэний хариуцагч Б.Батжаргал,

Гэрч Б.Саруултөгс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амаа боржигон овогт Б.Сд холбогдох 1803000010126 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Амаа боржигон овогт БС, 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай,  эмэгтэй,  тусгай дунд боловсролтой,  цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, хүүхэд, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 18-45 тоотод  оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УД92011527.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 22 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүчит шонхор захын урд замд 69-06 УБО улсын дугаартай Toyota Probox маркийн автомашиныг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2.Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Дашхүүг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой  22 цагийн үед явж байхад урд хар юм хэвтэж байсан. Тэрийг мөргөөд бууж ирээд хартал хүн байсан. Тэгээд би өөрийнхөө утсаар дуудлага өгсний дараа 10 орчим минутын дараа түргэн тусламж ирж хохирогчийг авч явсан” гэв.

            Иргэний хариуцагч Б.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Осол гарсан үед замын хөдөлгөөн утаа ихтэй, хөдөлгөөн ихтэй байсан. Тэр хүнд машинаасаа бууж ирээд 103 дуудаж эмнэлгийн тусламж үзүүлсэн. Би хөдөөний хүн болохоор хот дотор жолоо барьж чаддаггүй байсан учир Саруултуяад жолоогоо шилжүүлсэн. Саруултуяа осол гарсаны дараа гэртээ очоод пиво уусан. Б.Сгийн унаж явсан тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг” гэв.

            Гэрч Б.Саруултөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир Б.С тээврийн хэрэгсэл барьсан юм. Би жолоочийн хажуу талд сууж явсан. Тухайн үед хүн мөргөсөн гэдгээ мэдээгүй, бууж ирээд мэдсэн. Хохирогч замын голд хэвтэж байсан. Би машин хэдэн км цагийн хурдтай явж байсныг сайн мэдэхгүй байна. Бид нар гарч ирээд хүн байхыг нь мэдээд шууд түргэн тусламж дуудсан. Хохирогч нилээн согтуу байсан, ёо ёо намайг явуулчих гээд байсан” гэв.      

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогч Б.Дашхүү мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн алдад байгаа Дэнжийн мянгад байх гэрээсээ гарахдаа халамцуу гарч яваад машин барих гэж байснаа санаж байна. Үүнээс хойш юу ч санахгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хх-29-30х/,

            Иргэний хариуцагч Б.Батжаргал мэдүүлэхдээ: “...Тэгээд Б.С нь миний эзэмшлийн цагаан өнгийн Toyota Probox маркийн 69-06 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд нь эхнэр Саруултөгс, түүний нөхөр Намуунбудъяагийн хамт Налайхаас Улаанбаатар хот руу 19 цаг өнгөрч байх үед гарсан. Улмаар 22 цаг өнгөрч байх үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг “Хүчит шонхор” зах орох замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 40 км цагийн хурдтай явж байтал гэнэт зам дээр хэвтэж байсан хүний дээгүүр гараад явчих шиг боллоо гэж хэлээд тэр даруй зогссон ...” гэсэн мэдүүлэг /хх-19, 23-24х/,

            Гэрч Б.Саруултөгс мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цагийн үед Улаанбаатар хотоос манайд Б.С нөхөр Намуунбудъяагийн хамт ирсэн ...Тэгээд Саруултуяа нь манай нөхөр Б.Батжаргалын эзэмшлийн цагаан өнгийн Toyota Probox маркийн 69-06 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд нь би нөхөр Б.Батжаргал, төрсөн дүү Б.Сгийн нөхөр С.Намуунбудъяагийн хамт Налайхаас Улаанбаатар хот руу 20 цагийн орчимд гарсан. Улмаар 22 цаг өнгөрч байх үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг Хүчит шонхор орох замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр ойролцоогоор 40 орчим км цагийн хурдтай явж байх үед бид нарын явж байсан урсгалд буюу зам дээр бараан өнгийн бондоосон зүйл хэвтэж байгаа харагдсан. Энэ үед тоормоз гишгэсэн боловч амжилгүй тухайн зүйл дээгүүр гарах шиг болсон ...” гэсэн мэдүүлэг /хх-57-58х/,

            Гэрч Т.Машбат мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчимд төвөөс Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хүчит шонхор луу өгсөөд Петровис шатахуун түгээх станцын харалдаа согтуу хүн зам дээр хэвтэж байна гэх дуудлага мэдээллийг авч 10 орчим минутын дараа дуудлаган дээр очиход зам дээр 50 орчим насны хар бараан өнгийн өмд болон куртик бор шаргал өнгийн үстэй нохой гутал тус тус өмссөн эрэгтэй хүн ухаангүй хөндлөн байрлалтай хэвтэж байсан. Харин уг хүний хажууд 3-4 хүн цагаан өнгийн Toyota Probox маркийн машинтай байж байсан юм ...” гэсэн мэдүүлэг /хх-67-68х/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн
хүний биед үзлэг хийсэн шинжээчийн №14653 дугаартай дүгнэлтэнд:

            “1. Б.Дашхүүгийн биед баруун талын 1-11-р хавирганы өвчүүний болон далны шугамаарх хоёрлосон ясны хэлтэрхий үүсгэсэн далд хугарал, зүүн талын 1,2-р хавирганы зөрөө багатай далд хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн эдийн няцрал, цээжний хоёр талын хөндий дэх шингэн хуралдалт, баруун атгаал ясны зөрүүтэй ил хугарал, зүүн нүдний ухархайн дээд дотор хананы ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, баруун талын түнхний үений мултрал, баруун шагайн гадна хавчаарын ясны далд хугарал, зүүн чамархайн хуйх, зүүн чихний дэлбээ, цээж, хэвлий, бүсэлхий, баруун, зүүн сарвуу, баруун ташаа, өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн мөр, бугалга, баруун шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний хугарал, баруун дээд их араа шүдний паалангийн эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ байна.

            2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,12, 3,.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ /хх-79х/,           

            2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн мөрдөгчийн ...Тоёота пропокс маркийн 69-06 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна ...” гэх магадлагаа /хх-108-111х/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-12х/,

            Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-19х/,       

            Шүүгдэгч Б.Сгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 122х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-137х/, хохирол төлсөн баримтууд /хх-149-150х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, Шүүгдэгч Б.С нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 22 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүчит шонхор захын урд замд 69-06 УБО улсын дугаартай Toyota Probox маркийн автомашиныг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2.Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Дашхүүг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Саруултуяаг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигчийг дайрч хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.           

Хохирогч Б.Дашхүү нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг плашийг хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Дашхүүд 4.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Сгийн жолооны 1067615 тоот үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно.