| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2025/0630/З |
| Дугаар | 128/ШШ2025/0729 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0729
2025 10 21 128/ШШ2025/0729
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.З*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г*******
Хариуцагч: Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б*******
Нэхэмжлэлийн шаардлага: Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0* дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс “Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0* дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.“Г*******” ХХК-ийн төлөөлөгч М.Н*******ээс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “... “Д*******” ХХК болон “Г*******” ХХК нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэсэн огноотой “Түрээсийн гэрээ” байгуулагдсан ба тус гэрээг нийслэлийн 45 дугаар тойргийн нотариатч Б.З******* 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрчилсэн байдаг. Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зарчмуудыг үйл ажиллагаандаа баримтлах ёстой. Түүнчлэн нотариат нь аливаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ тухайн хэлцэлд оролцогч талуудын эрх тэгш байдал, гарах үр дагавар, хүлээх хариуцлага зэргийг талуудад тайлбарлаж, зөвлөгөө өгөх үүрэгтэй. Гэтэл нотариатч Б.З******* нь “Д*******” ХХК түрээсийн талбайн өмчлөгч мөн эсэх, хэлцэл хүчин төгөлдөр эсэх, тус компанийг төлөөлөн хэлцэл хийх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүй, хайхрамжгүй хандаж дээрх гэрээг гэрчилсэн гэж үзэж байна. Учир нь бодит байдал дээр 2024 оны 06 дугар сард түрээслэгч болох “Г*******” ХХК нь түрээсийн байрыг чөлөөлж, байсан. 2024 оны 07 дугаар сард заслын ажлыг хийж буюу түрээсийн зориулалтаар огт ашиглаагүй байсан. Түүнчлэн аливаа гэрээ хэлцлийг гэрчлүүлэхэд гэрээ хийх эрхтэй этгээд эсэх, тухайн түрээсийн талбайн хууль ёсны өмчлөгч мөн эсэх, хууль харшлах гэрээ хэлцэл хийж байгаа эсэхийг нягталж, зөвлөсөнгүй. Хэрэв гэрээтэй бүрэн дүүрэн танилцсан бол гэрээний хавсралтуудыг бодитоор шаардаж, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг хавсарган зохих дүрэм журмын дагуу гэрчлэх байсан гэж бодож байна. Хэрэв нотариатч нь гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуульд заасан зарчмуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгож, холбогдох хууль болон заавар, журмыг баримталсан бол Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу нотариатын үйлдэл хийхээс татгалзах буюу дээрх гэрээг гэрчлэхээс татгалзах, эсхүл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, гэрээний хавсралтууд болон хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн бичгээр гаргасан шийдвэрийг авч ирэх хүртэл хойшлуулах ёстой байсан гэж үзэж байна. Иймд “Д*******” ХХК болон “Г*******” ХХК нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэсэн огноотой “Түрээсийн гэрээ”-г гэрчилсэн нийслэлийн 45 дугаар тойргийн нотариатч Б.З*******гийн үйлдлийг шалгаж, зохих журмын дагуу шийдвэрлэн хариу өгнө үү.” гэх гомдлыг Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд гаргажээ.
2.2.Дээрх гомдлын дагуу хариуцагч Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлөөс 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 6* дугаартай гомдлын материалыг нээсэн байна.
2.3.Хариуцагч болох Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл нь дээрх гомдолтой холбоотойгоор маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0* дугаартай тогтоолыг гаргажээ.
2.4.Тус шүүх иргэн Б.З*******гаас гаргасан Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0* дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Сахилгын зөвлөл нь “Г*******” ХХК-ний Захирал М.Н*******ийн 2024 оны 11 сард гаргасан гомдлын дагуу Нийслэлийн тойргийн нотариатч Б.З******* надад холбогдуулан сахилгын хэрэг маргаан үүсгэн хянан шийдвэрлэхдээ 2025-01-08 өдөр 0* дугаартай тогтоолоор нотариатч нь Нотариатын тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмыг зөрчсөн гэж үзэн сануулах сахилгын шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч энэхүү 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Сахилгын зөвлөлийн 0* дугаар тогтоолын үндэслэх нь хэсэгт “Б.З******* нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан "нотариатч нь үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүрэгтэй" гэснийг зөрчсөн” гэжээ. 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Г*******” ХХК-ний захирал гэх М.Н*** болон “Д*******” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нар нь өөрсдийн боловсруулан урьдчилан бэлдсэн “Түрээсийн гэрээ”-г гэрчлүүлэхээр хандсан бөгөөд уг гэрээнд талууд гарын үсэг зураагүй тамга тэмдэг дарагдаагүй гэрээ байсан. Энэ дагуу миний бие гэрээг уншиж танилцан талуудын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн өөрсдийн хүсэл зоригоо урьдчилан тохиролцож гэрээндээ тусгасан гэрээ хэдийгээр өмнө гэрчлэгдээгүй ч тодорхой хугацаанд гэрээний эрх үүрэг хэрэгжээд явж байсан тул талуудад гэрээний эрх зүйн үр дагаврыг нь тайлбарлан өгч тэрхүү гэрээг гэрчилж өгсөн юм. Гэвч Сахилгын зөвлөлөөс яг ямар үйл баримтад үндэслэн эрх зүйн үр дагаврыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргээ зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Мөн үндэслэх хэсэгт “үүнээс шалтгаалж гомдол гаргагчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.” гэжээ.
Гэрээний талууд гэрээнд заасны дагуу Монголын Олон Улсын Арбитрын шүүхэд маргаан үүсгэсэн бөгөөд уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй хянагдах шатандаа байхад Сахилгын зөвлөлөөс гомдол гаргагчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Учир талуудын арбитрын маргаан үргэлжилж байхад буюу хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн эсэх нь тогтоогдоогүй байхад Сахилгын зөвлөл гомдол гаргагчийн эрх ашиг нь зөрчигдсөн гэж тогтоосон нь үндэслэлгүй юм. Мөн үндэслэх хэсэгт “нотариатч 2024 оны 07 сарын 04-ний өдөр урьд нь байгуулсан гэрээ буюу 2023 оны 10 сарын 01-ний огноотой гэрээг нөхөж гэрчилснээр түрээслэгч талын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Тодруулбал 2023 оны 10 сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг түрээслүүлэгчийг төлөөлж “Д***” ХХК-ний менежер Г.Э******* байгуулсан байх боловч тухайн цаг хугацаанд буюу нотариатч энэ итгэмжлэлийг шаардаагүй буруутай байна.” гэжээ. Иргэний Хуулийн 318-р зүйл болон, Нотариатын үйлдэл хийх зааварт зааснаар Түрээсийн гэрээг Нотариатаар гэрчлүүлж Улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр болдог бөгөөд гэрээг хэдийд байгуулсан нь чухал бус гэрээг гэрчлүүлж Улсын бүртгэлд бүртгүүлсэн өдөр гэрээ хүчин төгөлдөр болдог нь чухал юм. Гэтэл Сахилгын зөвлөл 2023 оны 10 сарын 1 өдөр гэрээг талууд байгуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэж нотариатч гэрээг нөхөж гэрчилсэн нь буруу болжээ гэж байгаа нь үндэслэлгүй байна. Харин гэрээний талууд 2024 оны 07 сарын 04 өдөр гэрээ гэрчлүүлэхээр нотариатад хандсан нь буруутгах үндэслэл болохгүй, тухайн өдөр гэрээ байгуулж байгаа талууд гарын үсгээ зураагүй тамга тэмдгээ дараагүй байсан бөгөөд нотариатчийн дэргэд гэрээнд гарын үсэг зурж тамгаа дарж гэрчлүүлсэн байдаг. Хэдийгээр гэрээнд түрээслүүлэгч талыг төлөөлж Г.Э*** гэсэн боловч гэрээнд Г.Э***гарын үсэг зураагүй төлөөлж гарын үсэг зурах эрхийг эрх бүхий этгээдээс Г.Х*** итгэмжлэл олгосны дагуу Г.Х*** нь гэрээг гэрчлүүлж гарын үсэг зурсныг буруутгах боломжгүй гэж үзэж байна.
Мөн үндэслэх хэсэгт “2024 оны 07 сарын 01-ний өдрийн “Д*******” ХХК-ийн албан бичгээр Г.Хд түрээсийн гэрээ байгуулах итгэмжлэл олгосон бай боловч энэ нь итгэмжлэл олгосон 2024 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш үйлчлэх болохоос 2023 оны 10 сарын 01-ний өдрийн үйл баримтад нөлөөлөхгүй.” гэжээ. Гэрээг талууд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд гэрээний 1 тал болох Түрээслүүлэгч талыг төлөөлж буй этгээд нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эрх бүхий этгээдээс итгэмжлэл авч тухайн өдөр гэрээнд гарын үсэг зурсан тул энэ нь хүчин төгөлдөр итгэмжлэлтэй эрх бүхий төлөөлөгч гэж үзнэ. Мөн үндэслэх хэсэгт “хамгийн гол нь 2024 оны 07 сарын 01-ний өдөр “Г*******” ХХК нь түрээсэлж байсан талбайгаас гарсан байсан болох нь гомдол гаргагч М.Н*******, “Д*******” ХХК-ийн төлөөлөгч Г.Хгийн Сахилгын зөвлөлийн хуралдаанд гаргасан “... 6 сараас эхлээд засвараа хийхээр болсон юм. 5 сарын 31-ээс эднийх бүх юмаа гаргаад засвараа хийхээр болсон.” гэх тайлбараар тогтоогдож байна. Эндээс нотариатаар үйлчлүүлэх өдөр түрээслэгч тал маргаан бүхий талбайг түрээслээгүй байсан үйл баримт тодорхой байхад гэрчлэхдээ үүсэх үр дагаврын талаар “Г*******” ХХК-ний захиралд мэдэгдээгүй үйл гэрээг нөхөж баримтыг лавлаж асуугаагүй буруутай байна.” гэжээ. Талууд сайн дурын үндсэн дээр тэгш эрхийн хүрээнд харилцан тохиролцоод өөрсдийн урьдаас боловсруулж бэлдсэн Түрээсийн гэрээг гэрчлүүлэхээр хандсан бөгөөд тухайн үед энэ талаар талууд огт дурдаагүй, хэрэв гомдол гаргагч буюу түрээслэгч түрээсийн талбайг чөлөөлсөн, үйл ажиллагаа явуулаагүй зогсоосон байсан бол гэрээ байгуулахгүй, гэрээг нотариатаар гэрчлүүлэхгүй байх бүрэн боломж байсан. Гэтэл энэ талаар нотариатчид огт хэлээгүй, мэдэгдээгүй байхад нотариатч үүнийг тааж мэдэх боломж байхгүй юм. Энэ талаар Сахилгын зөвлөлийн хурал дээр л мэдсэн байхад үүнд нотариатчийг буруутгах нь үндэслэлгүй байна. Мөн үндэслэх хэсэгт “гомдол гаргагчийн шүүхэд хандах эрхийг ноцтой зөрчсөн байхад зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй байна. Хэдийгээр талууд хоорондын маргааныг арбитраар шийдвэрлүүлэх эрхтэй боловч ийнхүү арбитраар шийдүүлэхийн үр дагаврыг нотариатч заавал тайлбарлаж, ийнхүү тайлбарласнаа баталгаажуулсан байх ёстой.” гэжээ.
Иргэн хүн хэзээ ч хэдийд ч өөрийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзвэл Монгол Улсын Шүүхэд хандах эрх нээлттэй, мөн талууд тохиролцсон бол Монголын Олон Улсын Арбитрын шүүхэд ч хандах эрх нээлттэй, гэтэл талууд хоорондын тохиролцоогоор арбитрын шүүхэд хандана гэсэн байхад нотариатч энэ талаар талуудад шүүхэд хандах эсхүл татгалзаад Арбитрт хандах хэрэгтэй гэж хэлэх, зааварлах, чиглүүлэх эрхгүй юм. Харин шүүх, арбитр нь эрх зүйн чиг үүргийн хувьд ямар ялгаатай талаар зөвлөн мэдээлэх л үүрэгтэй. Энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй гэдгийг Сахилгын зөвлөлөөс хэрхэн яаж тогтоов гэдэг нь тодорхой бус энэ талаар ямар ч үйл баримтгүй байхад шууд зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд үндэслэлгүйгээр нотариатчид сануулах сахилгын шийтгэл оногдуулсан Сахилгын зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0* дугаартай тогтоолыг хянан үзэж хуулийн дагуу хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.З*******гийн зүгээс Монголын нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг сая дурдсан. Монголын нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Үндэслэл нь гэвэл Сахилгын зөвлөл нь 2 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт нотариатч Б.З******* Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан нотариатч нь үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулж, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж, зөвлөгөө өгөх үүрэгтэй гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн байдаг. 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Г*******” ХХК-ийн захирал М.Н******* болон “Д*******” ХХК-ийн итгэмжилсэн төлөөлөгч Г.Х нар нь өөрсдийн урьдчилж боловсруулж бэлдэж ирсэн түрээсийн гэрээг гэрчлүүлэхээр нотариатчид хандсан байдаг. Тухайн түрээсийн гэрээнд талуудаас хэн аль нь гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулаагүй гэрээг нотариатаар гэрчлүүлж талууд гарын үсгээ зуръя гэдэг байдлаар хандсан байдаг. Үүний дагуу нотариатч тухайн гэрээг нь уншиж танилцаад хууль зөрчсөн буюу Нотариатын тухай хуульд заасан нотариатч татгалзах үндэслэлүүд тогтоогдоогүй гэж үзсэний үндсэн дээр талуудын хүсэл зоригийг асууж байгаад тухайн гэрээг нотариат 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрчилж өгсөн байдаг. Гэтэл Сахилгын зөвлөлөөс ямар үйл баримтад нь үндэслэж эрх зүйн үр дагаврыг талуудад тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ талаар хавтаст хэрэг Сахилгын зөвлөлөөс гаргаж өгсөн ямар нэгэн үйл баримт байхгүй. Юуг үндэслэж талуудад тайлбарлах, зөвлөгөө өгөх үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.
Мөн тогтоолын үндэслэл хэсэгт үүнээс шалтгаалж гомдол гаргагчийн эрх, хууль, ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж дүгнэсэн. Гэрээний талууд гэрээнд заасны дагуу Монголын олон улсын Арбитрын шүүхэд маргаан үүсгэчихсэн явж байгаа. Энэ маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй. Ийм байхад Сахилгын зөвлөлөөс гомдол гаргагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Талуудын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэдгийг Сахилгын зөвлөл тогтоох субъект биш гэж үзэж байна. Үүнийг шүүх буюу Арбитр талуудын эрх ашиг зөрчигдөж үү, хэн нэгэнд хохирол учирч уу гэдгийг шүүх л тогтоох үүрэгтэй.
Гэтэл Сахилгын зөвлөл өөрт олгогдоогүй эрхийг талуудын эрх ашиг нь хөндөгдсөн байна, талуудын эрх ашиг зөрчигдөж хохирол учирсан байна гэх мэтээр тогтоож байгаа нь Сахилгын зөвлөлийн тогтоох асуудал биш. Ямар үндэслэлээр эрх ашиг сонирхол нь зөрчигдөж, хууль зөрчигдсөн байна гэдгийг Сахилгын зөвлөлөөс юуг үндэслэж тогтоогоод байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Сахилгын зөвлөлийн шийдвэр хууль бусаар гарсан буюу хууль зөрчиж гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Сахилгын зөвлөлийн тогтоолын үндэслэх хэсэгт нотариатч 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр урьд байгуулсан гэрээ буюу 2023 оны 10 дугаар сарын 01-ний огноотой гэрээг нөхөж гэрчилснээр талуудын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ. Тодруулбал 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг түрээслүүлэгчийн төлөөлөгч “Д*******” ХХК-ийн менежер Г.Э******* байгуулсан. Тухайн цаг хугацаанд нотариатч итгэмжлэлийг шаардаагүй нь буруутай байна гэж дүгнэсэн. Үүнд нэг зүйлийг тодруулж хэлэхэд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нотариатаар гэрээг гэрчлүүлэхээр талууд барьж ирэхэд энэ гэрээнд аль нэг тал нь огт гарын үсэг зураагүй зөвхөн төсөл хэлбэрээр талууд өөрсдийнхөө хүсэл илэрхийлж гэрээг нотариатаар гэрчлүүлж батлуулъя гэдэг байдлаар хандаж байгаа. Гэтэл Сахилгын зөвлөлөөс “Д*******” ХХК-ийн менежер Г.Э*******тай байгуулсан гэрээ гэж үзсэн. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талууд энэ гэрээг байгуулчихсан гэж үзээд байгаа. Гэтэл нотариатад 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хандсан гэрээнд хэн нэг нь гарын үсэг зураагүй гэрээ хийсэн. Тухайн өдрөө гэрээнд гарын үсэг зурж байгаа субъект нь хавтаст хэрэгт дурдагдаад байгаа гэрчээр асуулгасан “Д*******” ХХК-ийг төлөөлж байгаа Г.Х гэдэг төлөөлөгч тухайн гэрээнд гарын үсэг зураад нөгөө талаас нь “Г*******” ХХК-ийн захирал М.Н******* гэдэг хүмүүс тухайн өдрөө нотариатын дэргэд гарын үсгээ зураад тамгаа дараад нотариатаар гэрчлүүлсэн үйл баримт байгаа. Гэтэл үүнийг Сахилгын зөвлөлөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талууд гэрээгээ байгуулчихсан байсан. Энэ нь Г.Э*******тай байгуулсан гэрээ гэх мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл байна гэж дүгнэж байгаа.
Мөн тогтоох хэсгийн үндэслэлд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Г.Хд түрээсийн гэрээ байгуулах итгэмжлэл олгосон байгаа боловч энэ итгэмжлэл нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлчлэхээр байна. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үйл баримтад нөлөөлөхгүй гэж дүгнэсэн. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талууд гэрээгээ байгуулаад гарын үсэг, тамга тэмдгээ дарчихсан байсан бол энэ үйл баримт нөлөөлөхгүй байх үндэслэл бүрдэнэ. Тэр үед нотариатч юу шаарддаг вэ гэхээр тухайн гэрээнд гарын үсэг зурсан Г.Э******* түүнд олгосон итгэмжлэлийг шаарддаг. Хэрэв “Г***” ХХК-ийн захирал нь байхгүй бол түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийг нь тодруулж байж гэрээг гэрчилж өгдөг. Гэтэл энэ гэрээг талууд огт байгуулаагүй, байгуулахаар хоорондоо харилцан тохиролцоод орж ирж байгаа. Тэгэхээр 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн Г.Х*** итгэмжлэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалт болон Нотариатын үйлдэл хийх зааварт зааснаар түрээсийн гэрээг нотариатаар гэрчлүүлж Улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Гэтэл тухайн гэрээг талууд байгуулахдаа тухайн өдрөө байгуулж байгаа учраас энэ үйл баримтад 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Г.Х*** төлөөлөгчөөр томилоод гарын үсэг зуруулж байна гэж үзэж байгаа учраас нотариат тухайн гэрээг Г.Х*** буюу итгэмжилсэн төлөөлөгчөөр нь гарын үсгийг нь зуруулаад тамга тэмдгийг нь даруулж гэрчилж өгсөн үйл баримт байгаа. Гэтэл үүнийг байгуулагдсан, нөхөж гэрчилсэн мэтээр тайлбарлаж нотариатчийг буруутгаж байгаа нь Сахилгын зөвлөл үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл талууд 7 хоногийн өмнө харилцан тохиролцоод гэрээгээ боловсруулчхаад 7 хоногийн дараа нотариатаар гэрчлүүлэхэд үүнийг нөхөж гэрчилсэн гэж Сахилгын зөвлөл үзээд байгаа. Хэзээ байгуулж байгаа нь чухал биш, хэзээ нотариатаар гэрчлүүлж, түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр болгож байгаа нь л чухал асуудал байдаг.
Арбитрт ямар нэгэн үйлдэл байхгүй. Түрээсийн төлбөр өгнө, өгөхгүй, гэрээ хийсэн, хийгээгүй гэдэг маргаан явж байгаа. Сахилгын зөвлөлийн үндэслэх хэсгийн хамгийн гол нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Г*******” ХХК түрээсэлж байсан талбайгаасаа гарсан байсан болох нь гомдол гаргагч М.Н*******, “Д*******” ХХК-ийн төлөөлөгч Г.Хгийн Сахилгын зөвлөлийн хуралдаанд гаргасан 6 сараас эхлээд засвараа хийхээр болсон, 05 дугаар сарын 31-ний өдрөөс эднийх юмаа аваад гараад засвараа хийхээр болсон гэх тайлбараар тогтоогдож байна. Эндээс нотариатаар үйлчлүүлэх өдөр түрээслэгч тал маргаан бүхий талбайг түрээслээгүй байсан үйл баримт тодорхой байхад гэрээг нөхөж гэрчлэхдээ үүсэх үр дагаврын талаар “Г*******” ХХК-ийн захиралд мэдэгдээгүй үйл баримтыг лавлаж асуугаагүй нь нотариатыг буруутай гэж үзсэн. Гэрээг талууд мэдээж сайн дурын үндсэн дээр тэгш эрхийн хүрээнд харилцан тохиролцож байгуулдаг. Талууд түрээсийн гэрээг өөрсдөө боловсруулж орж ирсэн. Тухайн цаг үед нотариатаар гэрээг гэрчлүүлэхдээ талууд түрээсийн талбайгаа чөлөөлчихсөн, чөлөөлөөгүй, орчихсон, ороогүй, гарсан, гараагүй, гарах гэж байгаа гэдэг талаар нотариатчийн хажууд огт ярилцаагүй. Тэгэхээр нотариатч үүнийг тааж мэдэх боломжгүй. Та гарчихсан юм биш биз гэж асуухгүй нь тодорхой. Талууд түрээсийн гэрээгээ гэрчлүүлье, бид нар 2 талаасаа ярьчихсан бичиг баримтаа шалгаад гэрчлүүлье гэдэг үүднээс хандсанаар тухайн гэрээнийх нь үр дагаврыг тайлбарлаж нотариатч гэрчилж өгч байгаа. Түүнээс танайх гарчихсан уу, гараагүй юу, гарах гэж байгаа юу гэж нотариатч хэзээ ч асуухгүй, энэ талаар нотариатч тааж мэдэх боломжгүй. “Г*******” ХХК-ийн захирал М.Н******* болон Г.Хгийн Сахилгын зөвлөлийн хуралдаанд гаргасан тайлбар байгаа. Үүнийг тухайн хуралдаан дээр энэ 2 хүн гаргаж ирж ярьж эхэлж байгаа юм. Нэг нь манайх гаргах гэж байсан, нөгөө нь манайх гаргах гэж байсан гэдэг асуудал яригдсан.
Хэрэв хуралдаанд 2 талын гаргаж байгаа тайлбарт нэг тал нь гарчихсан, нэг тал нь гаргачихсан байсан бол тухайн гэрээг яах гэж гэрчлүүлэх вэ. Тэгэхээр энэ маргаан түрээсийн гэрээг нотариатаар гэрчлүүлснээс хойш үүссэн маргаан байгаа. Тэгчхээд одоо талууд нэг нь гарчихсан байсан, нэг нь гаргачихсан байсан гэдэг асуудлууд яригдаж байгаа. Хэрэв үнэхээр гарчихсан байсан бол ямар ч эрүүл ухаантай хүн түрээслээгүй, нөгөө нь түрээслүүлээгүй байж түрээсийн гэрээгээ нотариатаар гэрчлүүлье гэж орж ирэхгүй нь тодорхой. Энэ нь мөн үндэслэлгүй. Тэгэхээр энэ талаар шууд нотариатчийг эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй гэдгээр буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Сахилгын зөвлөл ямар үйл баримтад нь үндэслэж үүнийг тайлбарлаж өгөөгүйг мэдэж байсан байх ёстой гэж хариуцлага тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхэд хандах эрхийг нь ноцтой зөрчсөн байхад зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэл хамгийн сүүлд гаргаж ирдэг. Мэдээж талууд хоорондын маргааныг арбитраар шийдвэрлүүлэх, Монгол Улсын шүүхээр шийдүүлэх эрх нь нээлттэй байх ёстой. Үүнд нотариатч та нар заавал арбитраар шийдүүл, эсвэл арбитраар шийдүүлнэ гээд байхад нь үгүй, та нар тэгж болохгүй, заавал шүүхээр шийдүүлэх ёстой гэдэг байдлаар чиглэл үүрэг өгөх, тулган шаардах эрх үүрэг байхгүй. Харин арбитраар шийдүүлбэл ийм эрх зүйн үр дагавартай шүүхээр шийдвэрлэв ийм эрх зүйн үр дагавартай байдаг гэдгийг тайлбарлаж өгөх үүрэгтэй. Үүнийг хэлээгүй, тайлбарлаагүй гэдгийг ямар үйл баримтаар Сахилгын зөвлөл тогтоогоод хариуцлага тооцох гээд байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн үед өөрсдөө арбитраар хэрэг маргаанаа шийдвэрлүүлмээр байна гэдэг үндэслэлээр хандсан байсан. Тэр талаар нь гэрээндээ биччихсэн байсан. Энэ талаар нь нотариатч мэдэж, тухайн хүмүүст хэлж байсан байх. Би хажууд нь байгаагүй болохоор хэлсэн хэлээгүй гэдгийг мэдэхгүй. Гэхдээ аливаа зүйл үйл баримттай, нотлох баримттай байж буруутгах үндэслэл болох ёстой. Сахилгын зөвлөлийн хуралд энэ талаар ямар ч үйл баримт байхгүй. Сахилгын зөвлөлийн хурлаар би өөрөө орсон учраас үүнийг маш сайн мэдэж байгаа. Эдгээр үндэслэлүүдээр Сахилгын зөвлөлөөс гаргаад байгаа нотариатч Б.З*******г буруутгасан үндэслэлүүд нь хууль зөрчсөн байна. Тийм учраас Сахилгын зөвлөлийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж шүүхэд гомдол гаргасан.” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Тус зөвлөлд “Г*******” ХХК-ийн захирал М.Н******* нь 2024 оны 11 сарын 21-ний өдөр нотариатч Б.З*******д холбогдуулан доорх гомдлыг гаргасан. Агуулга нь Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлд “тэгш эрхийг хангах”, “шударга ёсыг сахих”, “ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллах” гэх зарчмуудыг үйл ажиллагаандаа баримтлах ёстой. Түүнчлэн нотариатч нь аливаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ тухайн хэлцэлд оролцогч талуудын эрх тэгш байдал, гарах үр дагавар, хүлээх хариуцлага зэргийг талуудад тайлбарлаж, зөвлөгөө өгөх үүрэгтэй. Гэтэл Нотариатч Б.З******* /290/ нь “Д***” ХХК түрээсийн талбайн өмчлөгч мөн эсэх, хэлцэл хүчин төгөлдөр эсэх, тус компанийг төлөөлөн хэлцэл хийх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүй, хайхрамжгүй хандаж дээрх гэрээг гэрчилсэн гэж үзэж байна. Учир нь бодит байдал дээр 2024 оны 06 сард Түрээслэгч болох “Г*******” ХХК нь түрээсийн байрыг чөлөөлж, байсан. 2024 оны 07 сард заслын ажлыг хийж буюу түрээсийн зориулалтаар огт ашиглаагүй байсан. Түүнчлэн аливаа гэрээ хэлцлийг гэрчлүүлэхэд гэрээ хийх эрхтэй этгээд эсэх, тухайн түрээсийн талбайн хууль ёсны өмчлөгч мөн эсэх, хууль харшлах гэрээ хэлцэл хийж байгаа эсэхийг нягталж, зөвлөсөнгүй. Хэрэв гэрээтэй бүрэн дүүрэн танилцсан бол гэрээний хавсралтуудыг бодитоор шаардаж, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг хавсарган зохих дүрэм журмын дагуу гэрчлэх байсан гэж бодож байна. Мөн гэрээний үр дагавар, хүлээх хариуцлагыг тайлбарлан зөвлөгөө өгөөгүй байх ба нэг талд илт хохиролтой, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчихүйц буюу хүчин төгөлдөр бусад тооцохуйц заалт бүхий гэрээг гэрчилсэн байж болзошгүй байна. Тиймээс зохих журмын дагуу цахим мэдээллийн санд тухайн цаг хугацаанд оруулж баримтжуулсан эсэх нь эргэлзээтэй байна. Ийнхүү нэг талын эрх ашгийг илт хохироосон, утга агуулга бүхий заалтууд орсныг үйлчлүүлэгч “Г*******” ХХК-д тайлбарлаж, зөвлөгөө өгөлгүйгээр, бодох хугацаа олголгүйгээр, эрхийн доголдлыг бүрэн шалгалгүйгээр гэрээнд гарын үсэг зуруулан, гэрчилснийг хууль бус гэж үзэж байна.
Хэрэв нотариатч нь гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуульд заасан зарчмуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгож, холбогдох хууль болон заавар, журмыг баримталсан бол Нотариатын тухай хуулийн 31.1-т заасны дагуу нотариатын үйлдэл хийхээс татгалзах буюу дээрх гэрээг гэрчлэхээс татгалзах, эсхүл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, гэрээний хавсралтууд болон хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн бичгээр гаргасан шийдвэрийг авч ирэх хүртэл хойшлуулах ёстой байсан гэж үзэж байна. Иймд “Д*******” ХХК болон “Г*******” ХХК нарын хооронд 2023 оны 10 сарын 01 гэсэн огноотой Түрээсийн гэрээг гэрчилсэн нийслэлийн 45 тойргийн нотариатч Б.З*** үйлдлийг шалгаж, зохих журмын дагуу шийдвэрлэн хариу өгнө үү гэсэн агуулгатай гомдол гаргасан. Сахилгын зөвлөлийн хуралдаанаар бүрэлдэхүүнтэй хэлэлцээд тогтоол гаргасан. Агуулга нь Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд Хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг, нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалтыг үндэслэн Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт нотариатч нь үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлах, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх, мөн зүйлийн 21.2.5 дахь хэсэгт нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах, мөн хулийн 46.6 дах хэсэгт нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулна гэж тус тус заасныг үндэслэх ёстой. Гэтэл нотариатч Б.З******* нь 2024 оны 07 сарын 04-ний өдөр урьд нь байгуулсан гэрээ буюу 2023 оны 10 сарын 01-ний огноотой гэрээг нөхөж гэрчилснээр түрээслэгч талын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.
Тодруулбал, 2023 оны 10 сарын 1-ний өдрийн түрээсийн гэрээг түрээслүүлэгчийг төлөөлж “Д*******” ХХК-ийн менежер Г.Э******* байгуулсан байх боловч тухайн цаг хугацаанд буюу 2023 оны 10 сарын 1-ний өдрийн байдлаар Г.Э*** олгосон “Д*******” ХХК-ийн итгэмжлэл байхгүй, нотариатч энэ итгэмжлэлийг шаардаагүй буруутай байна гэж Сахилгын зөвлөл үзсэн. Учир нь 2024 оны 07 сарын 01-ний өдрийн “Д*******” ХХК-ийн албан бичгээр Г.Хд түрээсийн гэрээ байгуулах итгэмжлэл олгосон байгаа боловч энэ нь итгэмжлэл олгосон 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлчлэх болохоос 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үйл баримтад нөлөөлөхгүй. 2023 оны 10 сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээнд гэрээний нэг тал болох Г.Э******* гарын үсэг зураагүй, өөр этгээд гарын үсэг зурсан зэргээр илэрхий алдаатай байна. Үйлчлүүлэгчийн боловсруулсан гэрээ гэрчилсэн тэмдэглэл, бүртгэлийн хуудсанд гэрээний А тал буюу түрээслүүлэгч “Д*******” ХХК-г төлөөлсөн этгээдийн хувийн байдлыг тогтоосон бүртгэл үүсгээгүй, цахим гарын үсгийг зуруулаагүй уйл баримт нотариатчийн архиваар тогтоогддог. Мөн 2024 оны 07 сарын 01-ний өдөр "Гэгээн ар ур" ХХК нь түрээсэлж байсан талбайгаас гарсан байсан болох нь гомдол гаргагч М.Н*******, “Д*******” ХХК- ийн төлөөлөгч Г.Хгийн Сахилгын зөвлөлийн хуралдаанд гаргасан “.. 6 сараас эхлээд засвараа хийхээр болсон юм. 5 сарын 31-ээс эднийх бүх юмаа гаргаад засвараа хийхээр болсон.” гэх тайлбараар тогтоогддог. Үүнээс үзэхэд нотариатаар үйлчлүүлэх өдөр түрээслэгч тал маргаан бүхий Талбайг түрээслээгүй байсан үйл баримт тодорхой байхад, бодит байдалд 2024 оны 6 сард түрээсийн байрыг чөлөөлж, заслын ажлыг хийж байсан байхад 2024 оны 09 дүгээр сарын 30-ы өдөр хүртэл үргэлжлэх хугацаатай гэрээг нөхөж гэрчлэхдээ үүсэх үр дагаврын талаар “Г*******” ХХК-ийн захиралд мэдэгдээгүй, түрээсийн талбайг чөлөөлсөн үйл баримтыг лавлаж асуугаагүй буруутай байна. Түүнчлэн талуудын байгуулсан түрээсийн гэрээний 7.1 дэх хэсэгт “гэрээ болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон маргаан гарвал талууд хэлэлцэн зохицуулах журмаар шийдвэрлэнэ. Хэрэв хэлэлцээ үр дүнд хүрээгүй бол маргааныг Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитраар шийдвэрлүүлнэ. Маргааныг нэг арбитрч шийдвэрлэнэ.” гэсэн зохицуулалт нь гомдол гаргагчийн шүүхэд хандах эрхийг ноцтой зөрчсөн байхад зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Хэдийгээр талууд хоорондын маргааныг арбитраар шийдвэрлүүлэх эрхтэй боловч ийнхүү арбитраар шийдүүлэхийн үр дагаврыг нотариатч заавал тайлбарлаж, ийнхүү тайлбарласнаа баталгаажуулсан байх ёстой байсан гэж үзсэн болно.
Иймд Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 21 дүгээр зүйлийн 21.2.1, 46 дугаар зүйлийн 46.6 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзээд нотариатч Б.З******* /тамганы дугаар 290/-д Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/77 дугаар тушаалаар баталсан “Сахилгын зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1.1, 17.2.1, 17.4-д тус тус заасныг удирдлага болгон сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд нотариатч Б.З*******гийн гаргасан гомдол үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн тойргийн нотариатч Б.З******* нь Сахилгын зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0* дугаартай тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан тул дараах тайлбарыг гаргаж байна. “Г*******” ХХК-ийн захирал М.Н******* 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.З*******д холбогдуулан нотариатч нь Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн тэгш эрхийг хангах, шударга ёсыг сахих, ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллах гэх зарчмуудыг үйл ажиллагаандаа баримтлах ёстой. Түүнчлэн нотариатч нь аливаа гэрээ хэлцлийг гэрчлэхдээ тухайн хэлцэлд оролцогч талуудын эрх тэгш байдал, гарах үр дагавар, хүлээх хариуцлага зэргийг талуудад тайлбарлаж, зөвлөгөө өгөх үүрэгтэй. Гэтэл нотариатч нь “Д*******” ХХК-ийн түрээсийн талтай нь өмчлөгч мөн эсэхийг хэлцэл хүчин төгөлдөр эсэх, тус компанийг төлөөлөн хэлцэл хийх эрхтэй эсэхийг нягталж шалгалгүй хайхрамжгүй хандаж дээрх гэрээг гэрчилсэн гэсэн агуулгатай гомдол гаргасан. Энэ гомдлыг нь Сахилгын зөвлөл хянаад нотариатч нь Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр үл маргах шинжтэй болох, үйл баримт баримтыг гэрчлэх тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ үүргийнхээ хүрээнд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт нотариатч нь үйлчлүүлэгчийн эрх, үүргийг тайлбарлах эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлах, зөвлөгөө өгөх, мөн 21.2.5 дахь хэсэгт нотариатын үйлдэл, холбогдох баримт бичгийг үнэн зөв эсэхийг нягтлах.
Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт нотариатч нь гэрээ хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлэхгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэт ойлгосон эсэхийг талуудаас тодруулна гэж заасан. Зөвлөгөө өгөх бүрэн гүйцэт ойлгосон эсэхийг нягталж асууна гэхээр 2 тал аль аль нь гэрээгээ урьдчилан боловсруулаад нотариатаар гэрчлүүлэх гээд ирсэн ч гэсэн нотариатч энэ нөхцөл байдлуудыг тодруулж асууж байж аль аль тал нь өөрийнхөө, эрх ашгийг гэрээндээ тусгасан эсэхийг нь нягталж шалгасны үндсэн дээр гэрээг гэрчлэх ёстой. Гэтэл нотариатч нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр урьд нь байгуулсан гэрээ буюу 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн огноотой гэрээг нөхөж гэрчилснээр түрээслэгч талын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Хавтаст хэргийн материалд өгсөн Сахилгын зөвлөлийн тэмдэглэлийг судлаад үзвэл манайд гомдол гаргасан буюу “Г*******” ХХК-ийн захирал М.Н******* нь энэ нөхцөл байдлуудыг мэдээгүй гэдгээ илэрхийлдэг. Тодруулбал 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг түрээслүүлэгчийг төлөөлж “Д*******” ХХК-ийн менежер Г.Э******* байгуулсан байх боловч тухайн цаг хугацаанд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Г.Э*******д олгосон “Д*******” ХХК-ийн итгэмжлэл байхгүй. Уг итгэмжлэлийг шаардаагүй нотариатч шаардаагүй нь буруутай байна гэж Сахилгын зөвлөл үзсэн. Учир нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Д*******” ХХК-ийн албан бичгээр Г.Хд түрээсийн гэрээ байгуулах итгэмжлэл олгосон байгаа боловч итгэмжлэл олгосон 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлчлэх болохоос 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үйл баримтуудад нөлөөлөхгүй. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний нэг тал болох Г.Э******* гарын үсэг зураагүй, өөр этгээд гарын үсэг зурсан зэргээр илэрхий алдаатай байна. Үйлчлүүлэгчийн боловсруулсан гэрээ, гэрчилсэн тэмдэглэл, бүртгэлийн хуудас нь гэрээний А тал буюу түрээслэгч “Д*******” ХХК-ийг төлөөлж хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоосон бүртгэл үүсгээгүй, цахим гарын үсэг зуруулаагүй нь нотариатын архивын баримт тогтоогддог. Үүнээс үзэхэд нотариатаар үйлчлүүлэх өдөр түрээслэгч тал нь маргаан бүхий талбайг түрээслээгүй байсан үйл баримт тодорхой байхад бодит байдалд 2024 оны 06 дугаар сард түрээсийн байрыг чөлөөлж, заслын ажлыг хийж байсан байхад 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх хугацаатай гэрээг нөхөн гэрчлэхдээ үүсэх үр дагаврын талаар “Г*******” ХХК-ийн захиралд мэдэгдээгүй, түрээсийн талбайг чөлөөлсөн үйл баримтыг лавлан асуугаагүй нь буруутай.
Түүнчлэн талуудын байгуулсан түрээсийн гэрээний 7.1 дэх хэсэгт гэрээ болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон маргаан гарвал талууд хэлэлцэн зохицуулах журмаар шийдвэрлэнэ. Хэрэв хэлэлцээ үр дүнд хүрэхгүй бол маргааныг Монгол Улсын худалдан авах үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын Арбитраар шийдвэрлүүлнэ. Маргааныг арбитраар шийдвэрлэнэ гэсэн нь шүүхэд хандах эрхийг ноцтой зөрчиж зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй байна. Хэдийгээр талууд хоорондын маргааныг Арбитраар шийдвэрлэх эрхтэй боловч Арбитраар шийдвэрлэхийн үр дагаврыг нотариатч заавал тайлбарлаж, тайлбарласнаа баталгаажуулсан байх ёстой. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 46 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэж нотариатч Б.З*******гийн 2023 оны Сахилгын зөвлөлийн ажиллах журамд заасныг удирдлага болгон сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд Б.З*******гийн гаргасан гомдол үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмж хэлэхэд нотариатчтай холбоотой гомдол гаргаад Сахилгын зөвлөл шийдэж байгаа шийдэл бүрийг нийт нотариатч нарт тойм байдлаар мэдээлэл хүргэдэг. Энэ тогтоол нь үйлчлүүлэгч хэдийгээр гэрээгээ боловсруулаад ирж байгаа ч гэсэн аль аль талынх нь хүсэл зоригийг тодруулж асууж, гарах үр дагаврыг нь тайлбарлаж, гэрээнд заасан заалтууд нь илтэд нэг талыг барьсан байна уу гээд энэ болгоныг хуульд нийцсэн эрхийг нь шалгасны үндсэн дээр гэрчлэх байсан гэдгийг нийт нотариатчид хүргэж байгаа. Тэгэхээр энэ тогтоол нь ач холбогдолтой, цаашдаа жишиг болох тогтоол учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
2.Нэхэмжлэгчээс “... Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч Б.З******* нь “Г*******” ХХК, “Д*******” ХХК-иудын гэрээний нөхцөл, шаардлагаа урьдчилан тохиролцож, боловсруулж ирсэн түрээсийн гэрээг уншиж танилцаад, гэрээг гэрчилж баталгаажуулахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул гэрээг гэрчилж баталгаажуулсан байдаг. Гэтэл сахилгын зөвлөлөөс нотлох баримтгүйгээр нэхэмжлэгчийг гэрээний үр дагаврыг тайлбарлаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч Б.З******* нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр урьд нь байгуулсан гэрээ буюу 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн огноотой гэрээг нөхөж гэрчилснээр түрээслэгч талын эрх зүйн байдлыг дордуулсан.Мөн түрээслүүлэгч талаас гэрээ байгуулах эрхгүй этгээд гэрээг байгуулсан байхад түүнийг гэрчилсэн.Түрээсийн гэрээг гэрчлэх цаг хугацаанд түрээслэгчээс гэрээний зүйл болох талбайг түрээслээгүй байхад түрээсэлж байгаа мэтээр гэрээг гэрчилсэн зэрэг үйлдлүүд нь Нотариатын тухай хуульд заасан холбогдох заалтуудыг зөрчсөн тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч Б.З*******гаас Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд холбогдуулан “Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0* дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.“Г*******” ХХК-ийн төлөөлөгч М.Н*******ээс 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “... “Д*******” ХХК болон “Г*******” ХХК нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэсэн огноотой “Түрээсийн гэрээ” байгуулагдсан ба тус гэрээг нийслэлийн 45 дугаар тойргийн нотариатч Б.З******* 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрчилсэн байдаг. Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зарчмуудыг үйл ажиллагаандаа баримтлах ёстой. Түүнчлэн нотариат нь аливаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ тухайн хэлцэлд оролцогч талуудын эрх тэгш байдал, гарах үр дагавар, хүлээх хариуцлага зэргийг талуудад тайлбарлаж, зөвлөгөө өгөх үүрэгтэй. Гэтэл нотариатч Б.З******* нь “Д*******” ХХК түрээсийн талбайн өмчлөгч мөн эсэх, хэлцэл хүчин төгөлдөр эсэх, тус компанийг төлөөлөн хэлцэл хийх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүй, хайхрамжгүй хандаж дээрх гэрээг гэрчилсэн гэж үзэж байна. Учир нь бодит байдал дээр 2024 оны 06 дугар сард түрээслэгч болох “Г*******” ХХК нь түрээсийн байрыг чөлөөлж, байсан. 2024 оны 07 дугаар сард заслын ажлыг хийж буюу түрээсийн зориулалтаар огт ашиглаагүй байсан. Түүнчлэн аливаа гэрээ хэлцлийг гэрчлүүлэхэд гэрээ хийх эрхтэй этгээд эсэх, тухайн түрээсийн талбайн хууль ёсны өмчлөгч мөн эсэх, хууль харшлах гэрээ хэлцэл хийж байгаа эсэхийг нягталж, зөвлөсөнгүй. Хэрэв гэрээтэй бүрэн дүүрэн танилцсан бол гэрээний хавсралтуудыг бодитоор шаардаж, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг хавсарган зохих дүрэм журмын дагуу гэрчлэх байсан гэж бодож байна. Хэрэв нотариатч нь гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуульд заасан зарчмуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгож, холбогдох хууль болон заавар, журмыг баримталсан бол Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу нотариатын үйлдэл хийхээс татгалзах буюу дээрх гэрээг гэрчлэхээс татгалзах, эсхүл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, гэрээний хавсралтууд болон хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн бичгээр гаргасан шийдвэрийг авч ирэх хүртэл хойшлуулах ёстой байсан гэж үзэж байна. Иймд “Д*******” ХХК болон “Г*******” ХХК нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэсэн огноотой “Түрээсийн гэрээ”-г гэрчилсэн нийслэлийн 45 дугаар тойргийн нотариатч Б.З*******гийн үйлдлийг шалгаж, зохих журмын дагуу шийдвэрлэн хариу өгнө үү.” гэх гомдлыг Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд гаргажээ.
5.Дээрх гомдлын дагуу хариуцагч Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлөөс 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 6* дугаартай гомдлын материалыг нээсэн байна.
6.Хариуцагч болох Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл нь дээрх гомдолтой холбоотойгоор маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0* дугаартай тогтоолыг гаргажээ.
7.Маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0* дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.З*******г Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх” гэснийг зөрчсөн, үүнээс шалтгаалж, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
8.Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйл. “Нотариатчийн эрх, үүрэг”, 21.2.“Нотариатч дараахь үүрэг хүлээнэ.”, 21.2.1.“ үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх;” гэж тус тус заажээ.
9.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, нотариатч нь үйлчлүүлэгчийн эрх, үүргийг тайлбарлаж, эргэлзээтэй баримт, бичгийг тодруулах үүрэгтэй байна.
10.Маргаан бүхий тохиолдолд, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Д*******” ХХК болон “Г*******” ХХК нарын хооронд байгуулсан КН/*** дугаартай түрээсийн гэрээг “Д*******” ХХК-ийг төлөөлж, тухайн компанийн менежер Г.Э******* байгуулсан боловч тухайн тухайн цаг хугацаанд “Д*******” ХХК-аас Г.Э*******д олгосон итгэмжлэл авагдаагүй, өөр гарын үсэг зурагдсан зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр баталсан нь нотариатчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
11.Тодруулбал, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Д*******” ХХК болон “Г*******” ХХК нарын хооронд байгуулсан КН/*** дугаартай түрээсийн гэрээнд “Д*******” ХХК-ийг төлөөлж Г.Э******* гэж заасан байхад уг гэрээг батлахдаа Г.Хг гэж гарын зуруулсан нь ойлгомжгүй.
12.Мөн “Д*******” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн Д*** дугаартай албан бичгээр иргэн Г.Хд компанийг төлөөлөн нотариатад түрээсийн гэрээнүүдийг баталгаажуулах итгэмжлэлийг олгосон байхад маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч Б.З******* нь цаг хугацааны хувьд 2023 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх хугацаатай гэрээг гэрчилсэн нь эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг шалгаж тодруулалгүйгээр гэрээг гэрчилсэн байна гэж үзэхээр байна.
13.Тодруулбал, нэхэмжлэгч Б.З******* нь “Д*******” ХХК-аас 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн итгэмжлэлээр иргэн Г.Хд 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс хойш байгуулагдах түрээсийн гэрээнүүдийг баталгаажуулах итгэмжлэлийг олгосон байхад 2023 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс байгуулагдаж байгаа гэх гэрээг нөхөн гэрчилж байгаа гэх үйлдлийг хийхдээ иргэн Г.Хг оролцуулан гэрээг гэрчилсэн нь “Д*******” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй этгээдийг оролцуулан гэрээг гэрчилсэн байна гэж үзэхээр байна.
14.Маргаан бүхий тохиолдолд, хэдийгээр гэрээний талууд урьдчилан боловсруулсан гэрээг авч ирж гэрчлүүлсэн байх боловч нэхэмжлэгч Б.З******* нь Нотариатын тухай хуулийн 21.2.“Нотариатч дараахь үүрэг хүлээнэ:”,21.2.1.“үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх;”,21.2.5.“нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах;” гэж тус тус заасны дагуу тухайн гэрээ үнэн, зөв эсэхийг нягтлан шалгаж, гэрээний талуудад эрх, үүрэг, гэрээний эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан зөвлөгөө өгөх үүрэгтэй байжээ.
15.Гэтэл нэхэмжлэгч Б.З*******г дээрх үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэхээр байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл түрээсийн гэрээг нөхөн гэрчлэх цаг хугацаанд түрээслэгч буюу “Г*******” ХХК-аас түрээсийн талбайг чөлөөлсөн байсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Б.З******* нь гэрээг гэрчлэхдээ цаг хугацааны хувьд гэрээг нөхөн гэрчлэхэд татгалзах зүйл байгаа эсэх, өнгөрсөн цаг хугацаанд та уг талбайг түрээсийн журмаар ашигласан эсэх, одоо тус талбайг гэрээнд заасан зориулалтын дагуу түрээсийн хэлбэрээр ашиглаж байсан эсэх, гэрээг гэрчилснээр та өнгөрсөн цаг хугацаанд холбогдох түрээсийн гэрээний үүргийг хүлээх зэрэг эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан зөвлөгөө өгөлгүйгээр гэрээг гэрчилсэн байна гэж үзэхээр байна.
16.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч Монголын Нотариатчидын сахилын зөвлөл нь гомдол гаргагч “Г*******” ХХК-ийн төлөөлөгч М.Н*** гаргасан гомдлыг цугларсан нотлох баримтад үндэслэн хуульд заасан журмын дагуу шалгаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна гэж үзэв.
17.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.З*******гаас Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд холбогдуулан гаргасан “Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0* дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.5-д заасныг тус тус баримтлан иргэн Б.З*******гаас Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд холбогдуулан гаргасан “Монголын Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0* дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ