Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00153

 

 

 

Д.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/02350 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Д.Н-

хариуцагч Ц.З-од холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

1.    Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

Ц.З- нь 2019 оны 04 дүгээр сард мөнгө зээлэх хүсэлт гаргасан тул 17,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Ц.З- нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ХААН банк ХХК дахь миний эзэмшлийн 5075016734 дугаар дансанд 17,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Харин Ц.З- маргааш нь ... мөнгө хэрэг боллоо, нөгөө мөнгөө түр өгчих, удаахгүй өгье ... гэхэд итгээд бичгээр гэрээ байгуулахгүйгээр 17,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөнгөө нэхэхэд ... өгнө, битгий удаа дараа нэхээд бай, мөнгөтэй болохоор бүгдийг буцаагаад өгнө ... гэдэг. Оросын Холбооны Улс руу Ц.З-ыг явахад нь хамт явъя гэж гуйгаагүй, Москвад очиход надад газар үзүүлнэ гээд казинод оруулсан. Тэр үед Ц.З- нэг найзтайгаа байсан. Өөрсдөө мөнгөгүй байсан ба надаас зээлсэн мөнгөөрөө тоглоод дуусгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Д.Н-тай 2019 оны 04 дүгээр сард танилцсан бөгөөд бид 2 жил гаруй хугацаанд үерхсэн. Д.Н-гаас 17,000,000 төгрөгийг зээлсэн боловч эцэг нь хэл ам хийгээд байсан учир мөнгийг нь буцааж өгсөн. Энэ нь ХААН банк ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдох тул 17,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй гэх Д.Н-гийн тайлбар үндэслэлгүй. Миний бие Оросын Холбооны Улсын Улаан-Үүд хотод байхдаа Д.Н-тай утсаар холбогдож Москва явах гэж байгаа талаар хэлэхэд ... хамт явъя... гэж гуйсан тул зөвшөөрсөн. Бид хамт Москва орж, улмаар Минск хот орсон. Тэнд байх хугацаандаа бид казино хамт тоглоод бүх мөнгөө алдсан. Энэ хугацаанаас хойш бид байнгын хэрүүл маргаантай байдаг болсон учир салсан. Д.Н- нь салснаас хойш байнга мөнгө нэхэх болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.З-оос зээлийн гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 242,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.    Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.а Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие Д.Н-гаас 17,000,000 төгрөгийг зээлсэн боловч эцэг нь хэл ам хийгээд байсан тул буцааж өгсөн нь ХААН банк ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдоно. Гэтэл Д.Н- 17,000,000 төгрөгийг буцааж зээлсэн мэтээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Оросын Холбооны Улсын Улаан-Үүд хотод байхдаа Д.Н-тай холбогдож Москва явах гэж байгаагаа хэлэхэд хамт явъя гэсэн. Тэр үед миний бие ... дахин мөнгөний асуудалд ормооргүй байна... гэж хэлэхэд Д.Н- ... тийм асуудал дахин гаргахгүй... гэхэд нь хамт явахыг зөвшөөрсөн. Бид тэнд байх хугацаандаа казино тоглоод бүх мөнгөө алдсан.

4.б Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Б.Төмөрбаатар бид хоёрын 2019 оны 06 дугаар сард Беларусын нийслэл Минск хотод казино тоглож 8,000-10,000 ам.доллар алдсан талаар мэдүүлгийг шүүх үнэлэлгүй, гэрчийн мэдүүлгийг үл тоож, улмаар нэхэмжлэгчийн тайлбар, мэдүүлэгт үндэслэж, нэхэмжлэлийг шаардлагыг хангасанд гомдолтой байна. Д.Н- нь өөрийн санаачилгаар Оросын Холбооны Улсын Улаан-Үүд хотод ирж, улмаар Москва, Минск хотод очиж казино тоглосон болохоос түүнийг хүчээр авч яваагүй. Тэнд байх хугацааны бүх зардлыг би бүрэн хариуцах үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5.    Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбар:

Анхан шатны шүүх хууль болон нотлох баримтад үндэслэн, талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсанчлан гэрч Б.Төмөрбаатарын мэдүүлэг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой болох нь тогтоогдоогүй. Тэрээр хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үйл баримтыг нотолдог болохоос хэн, хаанаас, ямар мөнгө гаргасан гэдгийг нотолдоггүй тул шүүх уг гэрчийн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй. Талуудын хоорондоо харилцсан фэйсбүүк мессенжер болон утасны дүрс бичлэгүүдээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид мөнгийг нь өгнө гэж хэлдэг, мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд давж заалдах гомдолд мөн адил энэ талаар бичсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1. Хэргийн үйл баримт, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл.

 

1.а. Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч Ц.З-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ...зээлийг буцаан төлсөн, дахин зээл аваагүй... гэж маргажээ.

 

Хариуцагч Ц.З- нь нэхэмжлэгч Д.Н-гаас 2019 оны 06 дугаар сарын сард 17,000,000 төгрөгийг зээлж авсан, улмаар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр буцаан төлсөн үйл баримт хэрэгт авагдсан Ц.З-ын ХААН банк ХХК дахь дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаангүй байна.

 

1.б. Харин дээрх зээлийг буцаан төлсөн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь хариуцагчид дахин 17,000,000 төгрөгийг зээлдүүлсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

 

Хариуцагч Ц.З- нь нэхэмжлэгч Д.Н-гаас дахин 17,000,000 төгрөгийг зээлдэж аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг түүнд шилжүүлсэн болохыг буюу зээлийн гэрээ байгуулагдсан болохыг нотлох үүрэгтэй.

 

Ийнхүү нотлоогүй байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй муутай болжээ.

 

2.    Давж заалдах гомдлын талаар

Анхан шатны шүүх талуудын хоорондоо харилцаж байсан фэйсбүүк чатны цахим захидалд нэхэмжлэгч талын хүсэлтээр хийсэн үзлэгийн тэмдэглэлд үндэслэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ талуудын хооронд харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг талуудад байсан эсэх нь эргэлзээгүй тогтоогдоогүй. Нэхэмжлэлд дурдсан 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Н- нь мөнгө төлөхийг хариуцагч Ц.З-оос байнга шаардаж байсан, хариуцагч нь мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хариу илэрхийлж байсан болох нь талуудын хоорондоо харилцаж байсан фэйсбүүк чатны цахим захидалд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байгаа боловч энэ нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчид ...2 саяын тооцоо хийгээд 15 саяын тооцоо үлдсэн одоогийн байдлаар... (хх-ийн 14), ...сар болгон 500,000 төгрөгөөр... хэсэгчлэн төлөх санал гаргаж байсан, (хх-ийн 120, 127), 17,000,000 төгрөгийн тооцооны талаар болон ...нааш цаашаа явсныхаа тооцоог хийчих, үлдэгдлийг нь би өгье... гэх зэргээр нэхэмжлэгчид өгөх төлбөр тооцооноос 2,000,000 төгрөгийн зардлыг суутгах талаар хариу бичиж байсан (хх-ийн 128, 129, 134, 135) болох нь талуудын хоорондоо харилцаж байсан цахим захидалд хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд хариуцагч эдгээр баримтат мэдээллийг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт гаргаагүй байна. (хх-ийн 100-101)

 

1.в Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч Ц.З-ын хамт ОХУ-ын Минск хотод зорчсон, улмаар хамт казинод орсон, Д.Н- 17,000,000 төгрөгтэй байсан, тухайн 17,000,000 төгрөгийг талууд хамт захиран зарцуулсан болох нь зохигчдын хэн алины тайлбар, гадаад паспортын хуулбар, гэрч Б.Төмөрбаатарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. (хх-ийн 11-21, 91, 97, 191-192)

 

1.г. Дээрх байдлаар хариуцагч Ц.З- нь нэхэмжлэгч Д.Н-гийн мөнгөн хөрөнгийг хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр буюу талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр үүрэг үүсээгүй болох нь хариуцагчийн ...хамт яваад мөнгөө өсгөөд гайгүй машин авчихья гээд хоёулаа тоглосон... бид казино хамт тоглоод бүх мөнгөө алдсан... гэх тайлбар, нэхэмжлэгчийн ...би казино мэдэхгүй... өөрсдөө мөнгөгүй байсан ба надаас зээлсэн мөнгөөрөө тоглоод дуусгасан... гэх тайлбар, гэрч Б.Төмөрбаатарын ...Минск хотод Викторьяа казинод гурвуулаа тоглосон 8-10 мянган доллар алдсан... Ц.З-, Д.Н- нар эхнэр, нөхөр байсан, хоёулаа тоглосон..., хэний мөнгө гэдгийг сайн мэдэхгүй... гэсэн мэдүүлэг зэргийг харьцуулан үзэхэд хариуцагч Ц.З-ыг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэхээр байна.

 

Хариуцагчийн Зоригт Зоригт гэсэн фэйсбүүк хаягаас ...2,000,000 төгрөгийн тооцоо хийгээд одоо 15,000,000 төгрөгийн тооцоо үлдсэнийг мартаа юу, зардлыг чинь хасаад 2,000,000 төгрөгийн тооцоогоо хийсэн, 15,000,000 төгрөг үлдсэн одоогийн байдлаар... гэж бичсэн цахим захидалд шүүх үзлэг хийсэн тэмдэглэл байна. (хх-ийн 142) Иймд нэхэмжлэгч Д.Н-гийн ОХУ-д зорчиход замын зардалд 2,000,000 төгрөг гарсан гэх, уг 2,000,000 төгрөгийг суутгаж, 15,000,000 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжлэгч талд төлөхөөр хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д ...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон..., 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт ...Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно... гэж заасныг тус тус үндэслэн хариуцагч Ц.З-оос 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н-д олгож, үлдэх хэсэг 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/02350 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.З-оос 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын ...хариуцагчаас 242,950... гэснийг ...хариуцагчаас 232,950... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.З-ын төлсөн 242,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ