Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 518

 

 

 

Т.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.ХосБ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 719 дүгээр магадлалтай, Т.Бт холбогдох 1808019430334 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тайж овогт Т.Б нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Бт холбогдох Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Б гаргасан гомдолдоо: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэг, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэг, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн. Уг хэрэг анхнаасаа мөрдөн байцаах үйл ажиллагааг буруу явуулж хэн нэгний нөлөөлөлд автан Монгол улсын иргэн Тийн Б намайг үндэслэлгүйгээр гүтгэн буруутгаж, миний бичиж өгсөн өргөдөл гомдлыг авалгүйгээр хэрэгт хохирогч гэгдэх Б.Бын өргөдлөөр хэрэг үүсгэн шалгах явцдаа Т.Б миний шүүх эмнэлгээр гэмтлийн зэрэг тогтоолгохдоо Халиун эмнэлгээр авахуулсан цээжний зургийг санаатайгаар устган алга болгож, тухайн зургийг авахуулсан төлбөрийн баримтыг хэрэгт хавсаргах хүсэлтийг хүлээж аваагүй.

Т.Б би анхнаасаа өөрийн гэрээ хийсэн өмгөөлөгчтэй байсаар байтал намайг яллагдагчаар байцаалт өгөхөд Гантамир нь өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулан, ахлах мөрдөн байцаагч Энхсайхан нь намайг өөрийнхөө өмгөөлөгчтэй ирж мэдүүлэг өгье гээд байхад Гантамирыг байлцуулан намайг яллагдагчаар татаж мэдүүлэг авсан. Гэтэл Гантамир нь өмгөөлөгч биш байсныг мэдүүлэг авсны дараа мэдсэн бөгөөд би мөрдөн байцаагчид өөрийнхөө өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө, мэдүүлэгт гарын үсэг зурахгүй гэсэн боловч намайг загнасаар байгаад өмгөөлөгч, хуульч хоёр адилхан гэж хэлээд мэдүүлэгт гарын үсэг зуруулсан. Өөрийгөө өмгөөлөгч гэх Гантамир нь мэдүүлэг өгүүлснийхээ дараа гадаа гарч ирээд таны энэ хэрэг дээрээсээ нөлөөлөлтэй юм байна гэж хэлсэн.

Мөрдөн байцаах явцад Б.Бын байнга манай бааранд учруулсан хохирол болон бааранд уусан зүйлийн төлбөр тооцоог барагдуулж өгөхийг сануулж хэлж байсан боловч одоо болтол хохирлыг барагдуулаагүй, харин ч гэм буруутангаа сайшаан түүнтэйгээ нийлж намайг зодож танхайран гэмтээснийг нуун дарагдуулж, уг хэргийн жинхэнэ хохирогч Т.Б намайг гэм буруутан болгож, эд материал болон мөнгө санхүүгээр хохироож, цаг хугацаа болон сэтгэл санааны хохирол эдлүүлж байгаад туйлын их гомдолтой байна.

Уг хэргийг үйлдсэн Б.Б нь 42 дугаар сургуулийн биеийн тамирын багш хийдэг, байнга сургууль дээрээ архи ууж танхайрдаг, сургуулийн захирал Д гэгчийг анх энэ сургуульд томилогдон ирэхэд нь хамт архи ууж байгаад захирлыгаа заамдаж зодох гэж байгаад архины шилээр толгойгоо хагалуулчихаад гомдоллож байгаад мөнгө аваад эвлэрсэн байдаг. Б нь байнга сургуулийн ойр орчмын залуусыг зодож танхайрч байдаг. Ажлаа хийхдээ өөрийн ангийн хүүхдүүдийг зааланд удаан хугацаагаар тоглуулаад бусад ангийнхныг хөөж гаргадаг, ийм байдалтай ажлаа хийдэг. Б.Б нь манай бааранд 8 жил үйлчлүүлж, үйлчлүүлэх болгондоо ямар нэгэн асуудал заавал гаргаж байдаг, маш их дарамттай хүн. Тухайн үед нь цагдаад мэдэгдэх гэхээр миний талийгаач аавын минь хамт ажиллаж байсан найзынх нь хүүхэд болохоор, мөн би 2006 оноос 2009 оныг дуустал Б.Бын дүүтэй хамт БНСУ-д нэг гэрт гурван жил хамт амьдарч, ажиллаж байгаад ирсэн болохоор би энэ хүнийг цагдаад мэдүүлж чаддаггүй, дараа нь өөрт нь болсон явдлыг хэлж, дахиж ингэж болохгүй шүү хэмээн сануулдаг байсан. Б.Б урьд нь танхайрч тэнсэн харгалзах ял авч байсан юм байна.

Тухайн хэрэг болохоос 4-5 хоногийн өмнө Б манай бааранд орж ирж, дөрвөн эмэгтэй багшийг дайлаад гарахдаа тооцоогоо хийлгүй зугтаагаад явсан байсныг дараа нь дайлуулсан эмэгтэй багш нараас нь төлбөр тооцоог нь авсан. Тухайн хэрэг болох өдөр мөн л сургууль дээрээ архи ууж байгаад манай бааранд өдөр 1 цагийн үед орж ирсэн байдаг юм. Тухайн өдөр 1 дэх өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр байсан. Хэрэг мөрдөн байцаахдаа 4 дүгээр сарын 8-ны өдөр байсан гэж зөрүүтэй худал мэдүүлгийг Бын гэрчүүд өгсөн байдаг. Тухайн өдөр нь 1 дэх өдөр буюу ажлын өдөр байсан, тэгээд би сургууль дээрээ очиж архи уусан гэж Б нь өөрөө нотолдог. Тийм ч учраас би тухайн өдөр 1 цагт ажил хөөцөлдөөд төвд явж байтал манай баарны бармен утсаар “нөгөө Б чинь орж ирээд үйлчлүүлчихээд төлбөрөө төлөхгүй байна, та хурдан хүрээд ир, бид нар гаргахгүй саатуулж байя” гэсэн. Би ч Захиргааны хэргийн шүүхийн хашаанаас ажлынхаа зүг яаран хөдөлж 10 дугаар хорооллын МТ шатахуун түгээгүүртэй уулзварт зогсож байтал миний утас дахин дуугарч “Баас арай хийж гурвуулаа нийлж байгаад тооцоогоо авлаа, та буц даа, ажлаа бод” гэсэн.

Би гадуур ажил хөөцөлдөж байгаад 5 цагт дөнгөж баарныхаа гадаа ирээд зогстол манай бармен дахин утсаар ярьж “нөгөө Б багш 3 хүнтэй хамт орж ирээд нэг шил архи авч, вип өрөөнд ороод хоорондоо зодолдоод байна” гэсний дагуу Б би баарандаа орвол Б бусаддаа агсарч, над руу хэл амаар дайрч доромжилж байсан. Тэгээд би түүнийг гадагш агаарт тайвшруулахаар авч гартал тэр над руу дайрч зодох гэхээр нь би гудамж руугаа зугтаан орсон. Ингээд Б болон түүний гурван найзад Б би хэвтэрт ортлоо зодуулж, шинжээчийн дүгнэлт гэмтэлтэй гарч, тэдэнд зодуулсан нь тодорхой байхад, хууль, цагдаагийн байгууллагын хэсэг ажилтан хүний аминд хүрэхээ шахсан гэмт этгээд Бтай хуйвалдан хохирсон намайг гэм буруутай болгосон. Цагдаагийн ажилтан Ялалт, Энхсайхан, прокурорын ажилтан Энх-Оюун, Эрүүгийн хэргийн шүүгч Ганбаатар нарт маш их гомдолтой байна.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдхүүнтэй оролцож, эдгээр шүүгчид нь тухайн хэргийг зөв шийдвэрлэсэн эсэхийг хянан нягталж, хэн нь буруутайг тогтоохын оронд бусдад хилсээр гүтгүүлж, зүгээр ажлаа хийж яваад танхай хүмүүст зодуулж хохирчихоод байхад хурлын танхимд шүүгч Ц.Оч нь урьд нь яллагдаж байсан гэмт хэрэгтэн, энэ хэргийн гол гэм буруутны өмнө Монгол улсын иргэн Т.Б намайг гутаан доромжилж, танай баарыг хаана, зөвшөөрөлгүй газар баар ажиллуулсан байна гэсэн. Манай баар нь 10-н жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулж, ямар нэгэн зөрчилд холбогдож байгаагүй юм. Б чи яахаараа Бын бааранд орж энэ хүнд орлого оруулж байдаг юм бэ, болиоч гэх зэргээр хэрэгт холбогдолгүй зүйлээр над руу дайрч, баарыг чинь хаана гэж намайг дарамталсан. Тухайн хэрэгт гол буруутай этгээдийн өмнө намайг гутаан доромжилсон. Иймд би дээрх нэр бүхий хуулийн байгууллагын албан хаагчдад маш их гомдолтой байгаа тул салбар, чиглэлээр нь гомдол гаргах болно.

Т.Б надад холбогдох энэ хэргийг маш буруу шийдвэрлэж, намайг гүтгэн, хилсээр гэм буруутан болгосон тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгийг авчран уг хэргийг хэрхэн давах шатны шүүх шийдвэрлэснийг тогтоон, хэрэгт хавсаргасан 2 ширхэг DVD бичлэг, мөн хавтаст хэргийн материал зэргийг сайтар нягтлан үзэж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 719 дүгээр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал хэлсэн саналдаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүлийн 2.5 дахь хэсэг, 5.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 25.1 дүгээр зүйлийн 4,  27.6 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 16.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан заалтуудыг давж заалдах шатны шүүх нь буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хавтас хэргийн 137 дугаар хуудсанд бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн. Хавтас хэргийн 84-86 дугаар хуудсанд гэрч нар нь тухайн үйл баримтыг мэдүүлсэн байтал шүүх үүнийг үнэлээгүй нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Энэ хэрэг гарсны улмаас “Мөнгөн ганзага” ХХК-д хохирол учирсан бөгөөд Т.Б нь хохирол гомдолгүй гэж хэлээгүй байхад мөрдөгч нь хохирол гомдол байхгүй гэж гарын үсэг зурсан. 1 сарын дараа хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон нь гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрхийг зөрчиж мэдүүлэг авсан. Т.Б нь анх мэдүүлэг өгөхдөө миний баруун гар эвгүй байна гээд байхад энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч О.Ббаясгалан хэлсэн саналдаа: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Бын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг цаг хугацаанд учирсан байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцэж байх тул шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Т.Бт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Быг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг тогтоохдоо хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 719 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бын гаргасан хяналтын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН                                     

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН