Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/45

 

 

 

 

 

 

 

2024          07           25                                             2024/ДШМ/45

 

 

*******эд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Д.Ганзориг, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор Н.Амгалан,

Яллагдагч *******,  түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр,

Хохирогч *******ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням (цахимаар),  

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хонгорзул нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/373 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангийн бичсэн эсэргүүцлээр яллагдагч *******эд холбогдох эрүүгийн 2039004300109 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 14-16 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........... газарт байрлах голын эрэг дээр "архи авч өгсөнгүй, мөнгө харамладаг, баян гэж хэллээ” гэх мэт тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *******той маргалдаж, харилцан зодолдож улмаар хутгаар түүний зүүн талын өгзөг тус газарт нь хутгалж, түүний эрүүл мэндэд зүүн талын өгзөг, шулуун гэдэсний гялтанд нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас яллагдагч *******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч ******* овогт *******гийн *******эд холбогдох эрүүгийн 2039004300109 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. *******ыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн прокурорын тогтоол (1хх-н 14-15)-ыг хохирогч *******эд танилцуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан хохирогчийн эрхийг хязгаарласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Учир нь шүүгчийн захирамждаа үндэслэл болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлд "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах" процессийг зохицуулсан байх бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан тохиолдолд дээрх хуулийн зүйл, хэсэг, заалтыг хэрэглэхгүй юм.

Өөрөөр хэлбэл 30.14 дүгээр зүйлийн 4 дэх заалтад "Энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гаргаж, энэ тухай хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ" гэж, 5 дахь заалтад "Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан шийдвэрийг хохирогч эс зөвшөөрвөл шийдвэр хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргаж болно" гэж хуульчилсан.

Уг хэргийн тухайд мөрдөгчөөс *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар, *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал үйлдэж ирүүлсэн байдаг бөгөөд прокуророос мөрдөгчийн санал болон хэргийг бүхэлд нь хянаад *******ийг дээрх зүйл, заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, харин *******ын үйлдлийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан "хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай шийдвэр гаргасан.

Шүүгчийн захирамжид прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.3-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах байсан гэж дүгнэсэн бөгөөд дээрх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан шийдвэрийг гаргасан ба нэг хэрэгт 1 хүний үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, харин нөгөө нэг хүний үйлдлийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах гэсэн 2 шийдвэрийг гаргах хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад "Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа дараах эрхтэй", 2.6 “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах...” гэж заасан бөгөөд *******ийн дээрх хэрэгт уг зохицуулалтыг хэрэглэх нь хуульд нийцэхээр байсан тул *******ын үйлдлийг дээрх хуулийн шаардлагад нийцүүлэн шийдвэр гаргасан.

Дээрхээс гадна прокурорын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1 дугаартай тогтоолыг *******эд танилцуулаагүй гэх боловч уг тогтоолтой түүний өмгөөлөгч Ж.Цэцгээ, ******* нар танилцаж 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр прокурорт гаргасан хүсэлтийнхээ 2 дахь заалтад "*******ийн биед нэмэлт шинжилгээ хийлгүүлэх" хүсэлт гаргасныг прокуророос 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоолоор уг хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн байдаг.

Мөн *******ийн өмгөөлөгч Б.Төгсбаяр прокурорын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч хүсэлт гаргасныг прокуророос дээрх тогтоолтой холбоотой хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Үүнээс дүгнэж үзэхэд ******* болон түүний өмгөөлөгч Ж.Цэцгээ, Б.Төгсбаяр нар дээрх тогтоолтой танилцаад хамтран хүсэлт гаргасан байхад шүүхээс *******ийг уг тогтоолыг танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг нь хангаагүй гэж үзсэн нь илтэд үндэслэлгүй болсон байна.

2. Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 691 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181 дугаартай дүгнэлтүүдээр *******ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн прокурорын тогтоолоор *******од эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан атлаа түүнийг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй эсэхийг тодруулах шаардлагатай байна гэсэн нь өөрөө ойлгомжгүй байна.

Учир нь шүүхээс "...иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй эсэхийг тодруулах шаардлагатай..." гэсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд яг ямар ажиллагааг хийлгүүлэх, ямар хуулийн заалтыг зөрчсөн нь тодорхойгүй, уг хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

3. Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээд хавтаст хэргийн материал танилцуулаагүй (2хх-н 169), мөн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд "...өмгөөлөгч Ц.Дэлгэрням хавтаст хэргийн материалын зургийг дарж явуул цахимаар танилцана гэсэн бөгөөд мөрдөгчийн зүгээс 2 хавтаст хэргийн материалыг нэг бүрчлэн зураг авч цахимаар танилцуулах боломжгүй гэж тайлбарласан болно" гэх тэмдэглэл (2хх-н 167)-ийг хэргийн материал танилцуулсан гэж үзэх үндэслэлгүй ба хохирогчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямд хавтаст хэргийн материал танилцуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь яллагдагчийн өмгөөлөгч Ж.Цэцгээ нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед "...би хэргийн материалтай танилцаж, мөн өөрийн зардлаар хуулбарлаж авсан...." прокурор, мөрдөгчтэй ярилцаж, шүүх дээр хэрэг очихоор гарын үсгээ зурах талаар ярилцсан гэж өөрөө мэдүүлдэг.

Мөн мөрдөгчөөс хохирогч *******ын өмгөөлөгч Ц.Дэлгэрнямд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хавтаст хэргийн материал танилцуулах зорилгоор дуудахад “ирж танилцах боломжгүй, хавтаст хэргийн материалын зургийг нь дараад явуулчих” гэсэн хариу өгсөн ба мөрдөгчөөс 2 хавтаст хэргийн материалын зургийг дарж явуулах боломжгүй талаар хариу өгсөн байдаг.

Мөн ийнхүү мэдэгдсэнээс хойш прокуророос уг хэрэгт 18 хоногийн дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд уг хугацаанд ирж танилцах хангалттай хугацаа байсан байхад танилцаагүй нь өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн прокуророос яллах дүгнэлт үйлдэхээс өмнө хэргийн материалтай танилцах талаар мэдэгдсэн бөгөөд мөн хэргийг шүүхэд шилжүүлж байгаа талаар мэдэгдсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан "Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ" гэх хуулийн шаардлага хангагдсан гэж үзэж байна.

4. Мөн яллагдагч *******ийн өмгөөлөгч Ж.Цэцгээ, Б.Төгсбаяр нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны явцад урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах тухай хүсэлтүүдийг тус тус гаргасан. Уг хүсэлтүүдээс шүүх гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгт “....машин дотор Бор, *******, нар машины арын суудал дээр унтаж байхаар нь тэр хоёрыг сэрээгээд юу болсон талаар асуухад *******, *******ьг хутгалчихааад яваад өгсөн...” (1хх-н 187) гэж мэдүүлсэн байх тул гэрч , *******, 3. нарыг нүрэлдүүлж мэдүүлэг авах тухай өмгөөлөгч нарын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Хавтаст хэрэгт гэрч *******, ******* нар 3 удаа мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд уг мэдүүлэгтээ “...тухайн үед тасарчихсан байсан, *******, ******* нарын хооронд болсон асуудлыг санахгүй байгаа талаар...” удаа дараа мэдүүлдэг. Гэтэл тухайн хоёр гэрч болсон асуудлыг огт санахгүй байна гэж мэдүүлсээр байхад тэднийг тай нүүрэлдүүлж мэдүүлэг авах нь ямар ч ач холбогдолгүй байхад уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүйгээс гадна шүүх урьдчилсан хэлэлцүүлэг зарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх заалтад заасан "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ" гэснийг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл урьдчилсан хэлэлцүүлэг зарлах тов тогтоохдоо прокурорын саналыг асуугаагүй, өмгөөлөгч нар шүүх хурлын явцад урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтүүдээ гаргаж өгсөн нь дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Яллагдагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би *******ыг хутгалаагүй. Маргалдаад над руу хутга бариад дайрахаар нь би ухарч байгаад унаад хөл рүүгээ хоёр удаа хутгалуулсан. Хамгийн сүүлд хамар руугаа өшиглүүлээд ухаан алдсан, дахин дахин ухаан алдаад сэрээд байсан.

Манай төрсөн эгч, хүргэн ахтай хамт “******* хайччихав” гээд хайж байхад нь “хойно байгаа” гэж намайг олж өгсөн байсан. Хэрвээ намайг олж өгөөгүй бол осголтын байдалтай байх байсан гэж эгч хэлсэн.

Би 2 удаа хамрын хагалгаанд орсон. 7 хоногийн дотор эдгэрдэг гэж өмгөөлөгч ярьж байна. 7 хоногийн дотор эдгэрээгүй. Энэ бол цаг хугацааны асуудал болсон” гэв. 

 

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан хохирогчийн эрхийг хязгаарласан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мөн хэсгийн 2.1-2.3-т заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргахаар хуульчилсан байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан тогтоол гаргасан нь хуульд байхгүй. Миний үйлчлүүлэгчид хөнгөн хохирол учирсан байхад хэргийг 3 жилийн хугацаанд шалгаад хохирогчийн үйлдлийг хүчингүй болгоод, яллагдагчийн үйлдлийг зүйлчилсэн нь хууль ёсны, шударга ёсны зарчмыг зөрчсөн.

*******ийн эрүүл мэндэд гэмтэл учирсан, Улаанбаатар руу явж үзүүлээд ирсэн. Үүнд гарсан зардлыг *******ыг иргэний хариуцагчаар татаж гаргуулах нь зөв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээд хэргийн материал танилцуулсан байна. Учир нь өмгөөлөгч Б.Төгсбаяр “гар утсаар хэргийн материалын зургийг дарж явуулсан”, өмгөөлөгч Ж.Цэцэгээ “би Төгсбаяр өмгөөлөгчөөр хэргийн материал хуулбарлуулж аваад танилцсан” гэж хэлдэг. Хохирогчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын хувьд өөрт хамааралтай материалаа мөрдөгчөөс авсан, хэргийн материалтай нэг бүрчлэн танилцах шаардлагагүй талаараа мэдүүлдэг тул түүнийг хэргийн материалтай танилцаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Хохирогчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням ирж хэргийн материалтай танилцаагүй гэдэг зүйл ярьж байна, хэргийн материалтай танилцсан.

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгт: “...Машин дотор *******, нар машины арын суудал дээр унтаж байхаар нь тэр хоёрыг сэрээгээд юу болсон талаар асуухад *******, *******ыг хутгалчихаад яваад өгсөн...” гэж мэдүүлсэн байх тул гэрч , *******, 3. нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авах тухай яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхийн өмнө Ж.Цэцэгээ өмгөөлөгч хүсэлт өгсөн байсан. Би урьдчилсан хэлэлцүүлэг явагдах өдөр хүсэлтээ давхар өгсөн.

*******эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн нотолвол зохих байдал бүрэн тогтоогдохгүй нэмэлт ажиллагаа хийгдэх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдал тогтоогдсон гэж үзэж байна. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн дүүрэн, хангалттай цуглуулсан.

Өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай бүрэн танилцсан. Мөрдөгчөөр дамжуулан өөртөө хэрэгцээтэй, шаардлагатай материалыг авсан. Энэ талаар хавтаст хэрэгт тэмдэглэл үйлдсэн байгаа. Миний үйлчлүүлэгчийг энэ хэрэгт яллагдагчаар татах ямарч үндэслэл байхгүй, цаг хугацаа өнгөрсөн. Иргэний хариуцагчаар татах санал гаргаж байна. Хөнгөн зэргийн гэмтэл 7 хоногийн дотор эмчилгээ хийгдээгүй байхад эдгэрэх боломжтой.

Тухайн цаг үед гарсан эмчилгээний төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангийн бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр яллагдагч *******эд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Яллагдагч *******ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 14-16 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр баг "Далын тасаг” гэх газарт байрлах голын эрэг дээр "архи авч өгсөнгүй, мөнгө харамладаг, баян гэж хэллээ” гэх мэт тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *******той маргалдаж, харилцан зодолдож улмаар хутгаар түүний зүүн талын өгзөг тус газарт нь хутгалж түүний эрүүл мэндэд зүүн талын өгзөг, шулуун гэдэсний гялтанд нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх яллагдагч *******эд холбогдох эрүүгийн 2039004300109 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

-Шүүгч захирамждаа “Хэрэг бүртгэлтийн 203900460 дугаартай хэрэгт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн прокурорын тогтоол (1хх-н 14-15)-ыг хохирогч *******эд танилцуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан хохирогчийн эрхийг хязгаарласан байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.3-т заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргахаар хуульчилсан байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан тогтоол гаргасан нь ойлгомжгүй байна” гэжээ.

 

Мөрдөгч 203900430 дугаартай хэргийг шалгаад *******, ******* нарыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт гаргасан ба прокурор хэргийг хянаад *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байна. Харин уг хэрэгт цуг шалгагдаж байсан *******од холбогдох хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай шийдвэр гаргах үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй ...болох нь тогтоогдвол мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналаа прокурорт хүргүүлнэ” гэж заасан бөгөөд ийм санал мөрдөгч гаргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д прокурорын бүрэн эрхийг “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, сэргээх, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, сэргээх, нэгтгэх, тусгаарлах” гэж тодорхойлсон ба хуульд заасан  бүрэн эрхийнхээ хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй юм.  

 

Түүнчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан тогтоолыг хохирогчид танилцуулаагүй гэх боловч ******* болон түүний өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцсан, уг тогтоолд ямар нэг гомдол гаргаагүй, тогтоол танилцуулаагүйн улмаас ямар үр дагавар, ноцтой нөлөө байгаа талаар шүүгч захирамждаа тодорхой тусгаагүй байгаа тул хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гэж дүгнэх боломжгүй байна.

 

  -Шүүгчийн захирамжид “...*******од эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан атлаа түүнийг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй эсэхийг тодруулах шаардлагатай” гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан ба хэргийн оролцогчдоос санал хүсэлт гаргаагүй байхад хэрэгт ямар нэг нэхэмжлэл гаргасан эсэхийг гүйцэд тодруулалгүй эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан этгээдийг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй эсэхийг тодруул гэж зааж хэргийг буцааж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

 

Мөн ямар үндэслэлээр дээрх байдлыг тодруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа шийдвэртээ тусгаагүй байна. Хэрэв зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын дагуу шүүгч захирамж гарган иргэний хариуцагчаар татаж шийдвэрлэх боломжтой буюу шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

 

-Шүүгчийн захирамжид “Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ, хохирогчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарт хавтаст хэргийн материал танилцуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна” гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж заасан.

 

Мөрдөгч хэргийн материалтай танилцахыг хэргийн оролцогч, өмгөөлөгч нарт мэдэгдсэн нь хэрэгт хавсаргасан баримтуудаар тогтоогдож байгаа ба яллагдагчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ “...Төгсбаяр өмгөөлөгчөөр хэргийн материалыг хуулбарлуулж аваад танилцсан” гэж (2хх-н 216), хохирогчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын “...хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцсан. Мөрдөгчөөр дамжуулан өөртөө хэрэгцээтэй, шаардлагатай материалыг авсан...” гэж /шүүх хуралдааны тэмдэглэлд/ мэдүүлдэг тул тэднийг хэргийн материалтай танилцахыг мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүгчийн захирамжид “...гэрч , *******, 3. нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авах тухай яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна” гэжээ.

 

 Хавтас хэрэгт гэрч *******, ******* нар “...тухайн үед тасарчихсан байсан, *******, ******* нарын хооронд болсон асуудлыг санахгүй байгаа...” талаар удаа дараа мэдүүлдэг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж заасан боловч шүүгч гэрчүүдийн мэдүүлгийг яагаад ноцтой зөрүүтэй гэж дүгнэж байгаагаа шийдвэртээ тусгаагүй байна.

 

Мөн гэрч *******, *******, нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авах боломжтой юм.

 

Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч *******эд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

 

            1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн  2024/ШЗ/372 захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

 

            2. Хэргийг шүүхэд очтол яллагдагч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            3. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангийн бичсэн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.

 

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

            5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                    

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА

 

                           ШҮҮГЧИД                                               С.ОЮУНТУНГАЛАГ

           

                                                                                           Д.ГАНЗОРИГ