2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/03963

 

аанбаатар хот

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Г.Бямбажаргал, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *** тоотод оршин суух, ************** /рд:***/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух,************** /рд:***/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 18,457,577 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ууганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Саранчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, иргэдийн төлөөлөгч Д.Отгончимэг, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2024 оны 08 сарын 09-ний өдөр 18 цаг 40 минутын үед Kawasaki EX650H-650 маркийн **** дугаартай мотоциклоор багшийн дээд орчмын замд 3-р эгнээнд зорчиж явахад гэнэт Mitsubishi Delica маркийн **** тээврийн хэрэгслийн жолооч Б.Золбоо нь улсын дугаартай авто машины жолооч үргэлжилсэн цагаан зураас давж хөндлөн орж ирснээс мөргөлдсөн. Үүнээс үүдэн миний эрүүл мэнд эдийн засаг, тээврийн хэрэгсэлд ихээхэн хохирол учирсан. Б.Золбоогийн буруутай үйлдэл нь Цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Үнэлгээ хийлгэхэд 13,403,077 төгрөгийн хохирол учирсан. Ухаан алдан унаж эмнэлэгт комьпютер томограф 910,000 төгрөг, шүдний аппарат 1,600,000 төгрөгөөр хийлгэсэн. Би Баян хайрхан трейд ХХК-д хүний нөөцийн мэргэжилтнээр 2,000,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан эмчилгээ болон ослын дараах гэмтлээс болж ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд хариуцагч Б.Золбоогоос мотоциклийн эвдрэлд учирсан эвдрэлд 13,403,077 төгрөг, үнэлгээний хураамж 804,500 төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээнд 910,000 төгрөг, шүдний аппарат 1,730,000 төгрөг, журмын хашааны 110,000 төгрөг, ажилгүй байсан 1,500,000 төгрөг, нийт 18,457,577 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ууганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Саранчимэг нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ ...Бид харилцан тохиролцож нэхэмжлэгч тал 9,957,577 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 8,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ууганболдод төлж барагдуулахаар эвлэрч байна ... гэв.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Эвлэрэх нь зүйтэй... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ууганболд хариуцагч Б.Золбоод холбогдуулан гэм хорын хохирол болох мотоцикльд учирсан хохиролд 13,403,077 төгрөг, үнэлгээний төлбөрт 804,500 төгрөг, эрүүл мэндийн зардалд 910,000 төгрөг, шүдний аппаратын үнэд 1,730,000 төгрөг, журмын хашааны төлбөрт 110,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинд 1,500,000 төгрөг, нийт 18,457,577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 9,957,577 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Золбоо 8,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ууганболдод төлөхөөр эвлэрсэн болох нь нэхэмжлэгч Б.Ууганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Саранчимэг нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэдийн төлөөлөгчийн эвлэрэх нь зүйтэй гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах нь зүйтэй.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Золбоо 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Ууганболдод төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,238 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ