Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/46

 

 

 

 

 

 

 

 2024          07           25                                               2024/ДШМ/46

 

 

Г.Алтантуулд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, ерөнхий шүүгч Г.Болормаа, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Ахлах прокурор Б.Бямбасүрэн,  

Яллагдагч Г.Алтантуул,

Хохирогч Б.Төмөрсүхийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам (цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хонгорзул нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/362 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ганзоригийн бичсэн эсэргүүцлээр яллагдагч Г.Алтантуулд холбогдох эрүүгийн 2439000000022 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч Г.Алтантуул нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэнжийн 04-00 тоотод байрлах Б.Төмөрсүхийн өмчлөлийн цоожтой монгол гэрийн тооноор өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч хүний, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан гэрт байсан эд зүйлийг ухаж, нэгжиж, унагааж эвдэж дураараа авирласан,

- 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.Төмөрсүхийн өмчлөлийн цоожтой монгол гэрийн тооноор өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч орохдоо гэрт байсан хувцасны өлгүүр, гэрийн бүслүүр зэрэг эд зүйлийг хууль бусаар устгаж, дахин ашиглах боломжгүй болгон хохирогчид 540,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас яллагдагч Г.Алтантуулын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Алтантуулд холбогдох эрүүгийн 2439000000022 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Алтантуулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ганзориг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан байна гэж үзэж байна.

Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын хүрээнд:

Хувцас өлгөх зориулалтай өлгүүр байсан бөгөөд нэршил нь буруу байна гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь яллагдагчийн утсгасан гэх эд хөрөнгийн нэршлийн зөрүүг шүүхийн шатанд тодруулах зэргээр хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Хувцасны шүүгээ болон өлгүүр нь өөр өөр загвар хийцтэй гардаг бөгөөд өлгүүр, шүүгээ гэх ойлголтыг нэг мөр ойлгож хэрэглэх боломжтой.

Яллагдагч Г.Алтантуул нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гарган прокуророос хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн зэргээс дүгнэн үзэхэд яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон мэдсэн, шүүх, өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэлт хийн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

2 дугаар заалтын хүрээнд:

Яллагдагч Г.Алтантуул нь мөрдөн байцаалтын шалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хайчаар гэрийн бүслүүрийг хайчилсан гэж мэдүүлсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан байна. Иймд тухайн хайчийг заавал эд мөрийн баримтаар тооцож хураах авах шаардлагагүй гэж үзэж байна.

Түүнчлэн анхан шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2024/Ш3/362 дугаартай захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй",

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т "прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж гэж үзэх үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн няцаасан, ямар учраас яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдсэн нь эргэлзээтэй гэж үзсэн талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэнэ гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "...эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ" гэж хуульчилсны дагуу шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч нарыг оролцуулан мэдүүлэг авч, зарим зүйлийг тодруулж, хэргийн бодит байдлыг тогтоох байдлаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс хэргийг хоёр заалтаар прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад “...хувцас өлгөх зориулалттай өлгүүр байсан бөгөөд нэршил нь буруу байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Эхлээд 150,000 төгрөгөөр үнэлээд дараа нь 500,000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ нь тус тусдаа асуудал юм уу гэж шүүгч хэргийг прокурорт буцаасан. Нэг зүйлд хоёр үнэлгээ гаргасан асуудал байгаа, хувааж үнэлсэн асуудал биш, тус тусад нь үнэлгээ гаргасан байна гэж шүүх үзсэн нь буруу. Гэрийн бүслүүрийг нийтдээ 40,000 төгрөгөөр үнэлсэн. Нийт хохирлын хэмжээ 540,000 төгрөг болсон. Яллагдагч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, хохирлыг нөхөн төлөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан. Прокурор хүсэлтийг хүлээн авч хангаад ялын санал тавьсан, ялыг хүлээн зөвшөөрөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд хүргүүлсэн. Яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээд гарах үр дагаврыг нь ойлгосон.

Хоёр дахь заалтын хүрээнд яллагдагч Г.Алтантуул нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрийн бүслүүрийг хайчаар хайчилсан гэдгээ өөрөө хэлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хайчийг эд мөрийн баримтаар хураан аваагүй гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлага байхгүй.

Мөн шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Нэмэлт ажиллагаа хийгдэх шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Яллагдагч Г.Алтантуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлсэн зүйлс ойлгомжгүй санагдлаа. Гэрт хүнтэй хамт орсон гэж зохиогоод миний мэдэхгүй зүйл яриад байна, би ганцаараа очсон. Би монгол гэрийн тооноор орж чадахгүй байсан учраас бүслүүрийг нь хайчлаад тооноор нь уяа зүүгээд орсон. Тэр айл гэрэлтэй байсан, тухайн үед нөхрөө би тэр айлд байгаа гэж бодоод шүүгээг унагаасан. Шүүгээг 800,000 төгрөгөөр үнэлнэ гээд байсан, ямарч хүн харсан 800,000 төгрөг хүрэхгүй үнэлгээтэй харагдаж байсан. Үнэлгээ нь 540,000 төгрөг гарсан. Би хохирлыг нь төлсөн.

Хавтаст хэрэгт авагдсан зураг дээр шүүгээ яаж эвдэрсэн нь харагдаж байгаа. Прокурортой санал нэг байна. Өөрийн гэм бурууд маргахгүй,  прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг ойлгосон учир хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдүүлэхийг хүсэж байна” гэв.

 

Хохирогч Б.Төмөрсүхийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хууль ёсны буюу үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоосон байх ёстой. Өлгүүртэй шкаф байсныг унагаагаад хохирол учруулсан.

Гэрийн бүслүүрийг бүхэлд нь хайчилсан, энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж яриад байна. Бүслүүрийг 40,000 төгрөгөөр үнэлсэн боловч хэн үнэлсэн нь тодорхойгүй байна. Шүүгдэгч гэрт орохдоо хүнтэй цуг очоод тэр хүнээрээ өргүүлээд орсон. Тэр хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй, хэргийг бүрэн шалгаагүй. Тухайн үед хохирогч Б.Төмөрсүх өөрөө гэртээ байсан бол эрүүгийн ямар гэмт хэрэг үүсэх байсан бэ гэдгийг анхаарч үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ганзориг бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр яллагдагч Г.Алтантуулд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас яллагдагч Г.Алтантуулын 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэнжийн 04-00 тоотод байрлах Б.Төмөрсүхийн өмчлөлийн цоожтой монгол гэрийн тооноор өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан гэрт байсан эд зүйлийг ухаж, нэгжиж, унагааж эвдлэн дураараа авирласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

- 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.Төмөрсүхийн өмчлөлийн цоожтой монгол гэрийн тооноор өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч орохдоо гэрт байсан хувцасны өлгүүр, гэрийн бүслүүр зэрэг эд зүйлийг хууль бусаар устгаж, дахин ашиглах боломжгүй болгон хохирогчид 540.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Г.Алтантуулд холбогдох эрүүгийн хэргийг

 1. “...прокурорын яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд “...хувцасны өлгүүр, гэрийн бүслүүр зэрэг эд зүйлийг хууль бусаар устгаж, дахин ашиглах боломжгүй болгон хохирогчид 540,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэж бичсэн нь ойлгомжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй (хувцасны өлгүүр, шүүгээ 500,000 төгрөгөөр үнэлэгдсэн) байх бөгөөд яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдсэн эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд үүнээс үзэхэд прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай талаар хүсэлт гаргаж байгаа зэргээс үзэхэд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй...”,

2. “...шүүгдэгч хайчаар гэрийн бүслүүрийг хайчилсан гэж мэдүүлж байх боловч хайчийг эд мөрийн баримтаар хураан авч ирүүлээгүй байх тул уг хайчийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хураан авч эд мөрийн баримтаар ирүүлэх шаардлагатай...” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгүүлэхээр Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

- Хавтаст хэргийн 61-64 хуудсанд Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024/ШД-24 дугаартай шинжээчийн дүгнэлтэд“….хувцасны өлгүүр, шүүгээ /өндөр 2 метр, өргөн 1.2 метр, хуучин/-500,000, уяа /5 см өргөнтэй 17 метр урттай, хуучин/-20,000, уяа /5 см өргөнтэй 17 метр урттай, хуучин/-20,000, нийт 540,000 төгрөг…” гэж хохирлын үнэлгээ  гарсан, хавтаст хэргийн 66 хуудсанд шинжээч Б.Боргилбаатарын “…уг хувцасны шүүгээтэй өлгүүрийг нүд үзэн үнэлгээг гаргахад шүүгээ, өлгүүр нь шахмал хавтангаар хийгдсэн, хоорондоо боолтоор холбогддог, шүүгээ, өлгүүр хоёрын холбоос хавтан нь доогуураа хугарсан, мөн холбоос боолтнуудынх түгжээнүүд нь хугарсан тул дахин засварлах боломжгүй гэж үзсэн...” гэх мэдүүлэг тус тус авагдсан байх бөгөөд  гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохиролд хувцасны өлгүүр, шүүгээний үнэ 500,000 төгрөг,  уяаны үнэ 40,000 төгрөг, нийт 540,000 төгрөг гэж үзсэн байна.

 

 Хяналтын прокурор Г.Анхбаярын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2439000000022 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (хх-н 1-4), 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол (хх-н 108-109), 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 34 дугаартай яллах дүгнэлт (хх-н 110-114)-д яллагдагч Г.Алтантуулыг хохирогч Б.Төмөрсүхэд нийт 540,000 төгрөгийн хохирол учруулсан талаар тусгасан байх ба шүүх 540,000 төгрөгийн хохирлыг яагаад ойлгомжгүй гэж үзсэн нь  тодорхойгүй байна.  

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх бөгөөд яллагдагч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд,  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар гаргасан яллагдагч Г.Алтантуулын хүсэлт, хохирогчийн гомдол саналгүй гэх тайлбар, прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг хүлээн зөвшөөрсөн баримт зэргээс үзэхэд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн тухайн хэргийг ердийн журмаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой юм. 

 

- Г.Алтантуул нь хайчаар гэрийн бүслүүрийг өөрөө хайчилсан талаараа мэдүүлдэг ба  гэрийн дээд болон дунд талын бүслүүр тасарч унжсан байдал нь  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан, өөрөөр хэлбэл Г.Алтантуул гэрийн бүслүүрийг хайчаар хайчилсан үйл баримтын талаар маргаангүй байна. Хайчийг эд мөрийн баримтаар хурааж авч ирүүлэх шаардлагатай гэж үзсэн үндэслэлээ  шүүгчийн захирамжид заагаагүйгээс шүүхийн дүгнэлт ойлгомжгүй болжээ.   

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Г.Алтантуулд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

            1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн  2024/ШЗ/362 захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

 

            2. Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ганзоригийн бичсэн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.

 

 

            3. Хэргийг шүүхэд очтол яллагдагч Г.Алтантуулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

            5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                    

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ГАНЗОРИГ

 

                           ШҮҮГЧИД                                               С.ОЮУНТУНГАЛАГ

           

                                                                                           Г.БОЛОРМАА