| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/00818/И |
| Дугаар | 191/ШШ2025/05781 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/05781
2025 6 30 191/ШШ2025/05781
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2342596 регистрийн дугаартай, тоотод оршин байх Арвиндэм ХЗХоршооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ******* иргэний бүртгэлийн дугаартай, тоотод оршин суух О******* ******* овогт Д******* Ц******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 96,566,817.05 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021135 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, 21,791,100 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч*******, Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан нэхэмжлэлдээ:
Хоршооноос Д.Ц нь 2021-07-21-ний өдөр 2021135 тоот зээлийн гэрээг байгуулж 50,000,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, бусад төрлийн бизнесийн зориулалтаар зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн 2021-07-27-ны өдрөөс 2024-01-15-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс огт төлөлтгүй, хүү 20,979,510.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 811,589.04 төгрөг, нийт 21,791,100 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлээ төлөхгүй хоршооны тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо болон гүйцэтгэх албанаас удаа дараа зээлээ төлж барагдуулах шаардлагыг биелүүлэхгүй байгаагаас зээлийн чанар нь чанаргүй зээлийн ангилалд орж хоршооны санхүүгийн үйл ажиллагааг доголдуулж байна. Хариуцагч Д.Ц нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 20, 21 дүгээр зүйд зааснаар хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элсэж, зээлийг авсан нь тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Иймд хариуцагч Д.Цаас үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 21,247,337 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,188,959 төгрөг, нийт 75,436,296 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Д-000827282, Ү- гэрчилгээтэй тоот, 49,6 м,кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие 2021 оны 07 сарын 21-ний өдөр Арвиндэм ХЗХ-той 2021135 тоот Зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 50,000,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар, бусад төрлийн бизнесийн зориулалтаар зээлж, 21,791,000 төгрөгийг буцаан төлсөн. Гэвч уг зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Тодруулбал: Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно, мөн 17.2-т Зээлийн хэмжээ, зээлийн зориулалт, төрөл, хугацаа болон зээлийн хүүгийн хэмжээг хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, эсхүл тэргүүлэгчдийн зөвлөлөөс тогтоож болно гэж тус тус зааж өгсөн байна. Гэтэл Ц.Ц би Арвиндэм хадгаламж зээлийн хоршооны гишүүн биш, гишүүн болоогүй байхад надад зээл олгосон үйлдэл нь анхнаасаа хууль зөрчсөн. Нэхэмжлэгч байгууллага нь хадгаламж, зээлийн үйл ажиллагааг хууль болон дүрэмд заасны дагуу явуулах үүрэгтэй хэдий ч зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн шаардлагаа баримтлаагүй, зээлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах нөхцөл бололцоог үгүйсгэсэн шинжтэй хэлцэл хийсэн байгаа нь хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахаар байна. Хадгаламж зээлийн хоршоо нь гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ашгийн төлөө бус хуулийн этгээд. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021135 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт Ц.Ц миний Арвиндэм ХЗХ-нд төлсөн 21,791,100 төгрөгийг буцаан гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Ц нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дох заалтад Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан бол гишүүний эрх нь хадгаламж, зээлийн хоршоонд оруулах хувь хөрөнгийн доод хэмжээг бүрэн оруулснаар үүсч болох ба энэ тохиолдолд тухайн гишүүн дүрмээр тогтоосон хугацаанд хувь хөрөнгийг бүрэн оруулна гэсэн байдаг бол манай хоршооны дүрмийн 14.1 дэх заалтад Бүх гишүүдийн хурлаас тогтоосон, гишүүний заавал нийлүүлэх хувь хөрөнгийн доод хэмжээг нийлүүлснээр гишүүний эрх үүснэ гэж заасан байдаг. Мөн хоршооны дүрмийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтад гишүүний заавал оруулах хувь хөрөнгийн доод хэмжээ нь 50,000 төгрөг байна. Гишүүний заавал оруулах хувь хөрөнгийн доод хэмжээг бүх гишүүдийн хурлаас өөрчлөн тогтоож болно гэж заасан байна. Д.Ц 2021-07-21-ний өдөр элсэхээр хоршооны байранд өөрийн биеэр ирж гишүүний анкет бөглөж, хувь нийлүүлсэн хөрөнгөө кассаар бэлэн мөнгөөр тушааснаар гишүүний эрх нь үүссэн. Анкет бөглөж, бэлэн мөнгө тушааж гарын үсэг зурсан баримтуудаар нотлогдоно. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх заалтад Хадгаламж, зээлийн хоршоо нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ, 13.6 дах заалтад Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хуулийн 13.4-т зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэсэн байдаг өөрөөр хэлбэл гишүүдээсээ хадгаламж татах, зээлийн хэрэгцээтэй гишүүддээ зээл олгох үндсэн үйл ажиллагааг явуулдаг байгууллага юм. Манай хоршооны тухайд энэхүү үндсэн үйл ажиллагаанаас олсон орлогоос гишүүдийн дунд жилдээ цасны баяр, спортын тэмцээн, ахмад настнуудаа хүлээн авах, шинэ жилийн үйл ажиллагаа зэрэг 15-16 үйл ажиллагааг зохион байгуулдаг. Жилийн эцсийн цэвэр ашгийг заавал байгуулах ёстой сангуудад хуваарилалт хийсний дараагаар гишүүдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилдаг. Арвиндэм ХЗХ нь 2002 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хадгаламж, зээлийн хоршооны үндсэн зарчмыг чиг болгон гишүүдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж үйл ажиллагаагаа явуулж ирсэн байгууллага. Манай хоршооны үйл ажиллагаанд 2023 оны 05 дугаар сард Санхүүгийн зохицуулах хорооны төлөвлөгөөт иж бүрэн шалгалт орж шалгасан бөгөөд энэхүү шалгалтаар хамгийн өндөр оноо буюу 1,3 оноо авсан. Энэ үзүүлэлт нь манай хоршооны үйл ажиллагаа тогтвортой, хууль журмын дагуу явж байгааг үнэлсэн үзүүлэлт юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчийн 2021 оны 07 сарын 21-ний өдөр 2021135 тоот Зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг, сарын 2.6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлсэн гэжээ. Улмаар 2021 оны 07 сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 сарын 15-ны өдрийн хооронд 21,791,100 төгрөгийг төлсөн ч нэг ч төгрөгийг үндсэн зээлээс хасаагүй бөгөөд зөвхөн хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутгасан байна. Миний зүгээс уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2021 оны 07 сарын 21-ний өдөр 2021135 тоот Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа болно. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Д.Цын хоршооны гишүүний анкет, гишүүнээр элсэх өргөдөл, Арвиндэм ХЗХоршооны 2021.07.24-ний өдрийн 47 дугаар Тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Арвиндэм ХЗХоршооны гишүүний санхүүгийн тооцооны карт, хадгаламжийн тооцооны хуудас, 2021.07.21-ний өдрийн 2021135 дугаар зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн барьцааны гэрээ, Д.Цын өмчлөлийн Ү- дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Арвиндэм ХЗХоршооны зээлийн тэмдэглэгээ ГД-№1, Арвиндэм ХЗХоршооны 2023.03.24-ний өдрийн 25 дугаар мэдэгдэл, Д.Цын хүсэлт, Э.Т*******, Д.Ц нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.07.21-ний өдрийн кассын орлогын ордер №23, 234, Д.Цын Арвиндэм ХЗХоршоо-ны гүйцэтгэх албанд гаргасан өргөдөл, Арвиндэм ХЗХоршооны дүрэм, хоршооны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шилжүүлгийн мэдээлэл, Зээлдэгчид олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад хөрөнгийн тайлан, зээлийн тооцоо, 220107013 дугаар өргөдөл хүлээн авсан хуудас /А хэсэг/, Арвиндэм ХЗХ-ны 2022.01.04-ний өдрийн 01 дугаар Тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол, түүний хавсралт, 2022.01.04-ний өдрийн 01/Мч-01 дугаартай Тэргүүлэгчдийн зөвлөлийн мессенжир чатаар хийсэн хурлын тэмдэглэл, эзэмшигчийн өмчийн журнал,
Хариуцагчаас: Хариуцагчийг төлөөлөх итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, Д.Цын Голомт банк дахь дансны хуулга,
Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.07.08-ны өдрийн 9/9193 тоот албан бичиг, хавсралтууд, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2024.07.25-ны өдрийн 3/2635 тоот албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2024.11.27-ны өдрийн 3/3888 тоот албан бичиг, хавсралтууд зэрэг баримтыг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Арвиндэм ХЗХоршоо нь хариуцагч Д.Ц******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 96,566,817.05 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021135 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, 21,791,100 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
1.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... Талуудын хооронд байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021135 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021135 барьцааны гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүүнд 38,856,104.63 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн 7,710,712.42 төгрөгийг 96,566,817.05 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү- дугаартай тоот, 49,6 м,кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тодорхойлсон.
1.2 Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021135 зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй, зээлийн гэрээний дагуу төлсөн 21,791,100 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
1.3 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад үндсэн болон сөрөг шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021135 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021135 барьцааны гэрээний үүргийг, хариуцагч уг гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан тул шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн дүгнэсэн болно.
2.а. Зохигч талуудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2021135 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр зээлдүүлэгч Арвиндэм ХЗХоршоо нь 50,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, 30 хоногт 2.6 хувийн хүүтэй, хоршооны гишүүний бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, өрхийн орлого нэмэгдүүлэх зорилгоор Д.Ц******* зээлдүүлсэн болох нь тус гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байх зээлийн гэрээ бичгээр байгуулж, 50,000,000 төгрөгийн зээлийг шижлүүлсэн үйл баримттай талууд маргахгүй байна. /1 дүгээр х.х-ийн 13-14 дэх талд/
Харин талуудын маргааны зүйл нь тус гэрээ хүчин төгөлдөр хэлцэл мөн эсэх талаар маргаж байна.
Гэрээ, хэлцэл талуудын ашиг сонирхлыг хангахын тулд хүчин төгөлдөр байх шаардлагатай бөгөөд хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байна.
Дээрх гэрээ хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдаж, эрх бүхий этгээдийн тэмдэг дарагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн хэлбэрийн шаардлагыг хангасан байна.
Хариуцагч нь тус хэлцэл байгуулахдаа хууль зөрчсөн гэж маргасан тул хэлцэл агуулга болон субъектийн шинжийн хувьд хүчин төгөлдөр бус эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.
Хэлцэл агуулгын хувьд хууль зөрчих шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл субъектийн хувьд хүчин төгөлдөр бус байх шинжийн хувьд мөн хуулийн 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, 56.1.9-т хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж тус тус зохицуулжээ.
2.б. Хариуцагч Д.Ц нь Арвин дэм ХЗХоршоонд гишүүнээр элсэх өргөдлийг 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргаж, хувь хөрөнгө, элсэлтийн хураамж төлж, улмаар Тэргүүлэгчидийн зөвлөлийн 2021 оны 07 сарын 24-ний өдрийн 47 дугаар тогтоолоор Д.Цыг тус хоршооны 625 дугаар гишүүнээр 2021 оны 07 сарын 21-ний өдрөөс баталсан байна. /1 дүгээр х.х-ийн 7-9, 3 дугаар х.х-ийн 107 дахь талд/
Нэхэмжлэгч Арвиндэм ХЗХоршооны 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн хорооны хурлаар Д.Ц******* 50,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэж, 50,000,000 төгрөгийг Д.Ц******* ЕВ-625-р гишүүн Д.Ц******* зээл олгов гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /3 дугаар х.х-ийн 108-121 дэх талд/
2.в. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гишүүнээр элсэх журмыг хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтооно, 21.3-т Тухайн хадгаламж, зээлийн хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан.
Хариуцагч нь гишүүнээр элсүүлэх асуудлыг Тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэрлээгүй байхад зээл олгосон нь хууль зөрчсөн хэлцэл байна гэж маргасан.
Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан бол гишүүний эрх нь хадгаламж, зээлийн хоршоонд оруулах хувь хөрөнгийн доод хэмжээг бүрэн оруулснаар үүсч болох ба энэ тохиолдолд тухайн гишүүн дүрмээр тогтоосон хугацаанд хувь хөрөнгийг бүрэн оруулна гэж, Арвиндэм ХЗХоршооны дүрмийн 14.1-д Бүх гишүүдийн хурлаас тогтоосон гишүүний заавал нийлүүлэх хувь хөрөнгийн доод хэмжээг нийлүүлснээр гишүүний эрх үүснэ гэж заасан байна. /1 дүгээр х.х-ийн 79-99 дэх талд/
Хэдийгээр, Тэргүүлэгчидийн зөвлөл Д.Цыг гишүүнээр элсүүлэх шийдвэр 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гарсан байх боловч, тэрээр 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гишүүний хураамжийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул гишүүнээр 2021 оны 7 дугаар сарын 21-нд гишүүний эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй тул хэлцэл агуулгын хувьд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /1 дүгээр х.х-ийн 73 дахь талд/
3. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "Хадгаламж, зээлийн хоршоо гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан.
Тодруулбал, Хадгаламж зээлийн хоршоо нь сайн дурын үндсэн дээр гишүүнчлэлтэй, хоршооны гишүүн бүх гишүүдийн хуралд саналын нэг эрхтэй оролцох, сонгох, сонгогдох эрх эдлэх, мөнгөн хөрөнгөө хадгалуулах, зээл авах болон бусад үйлчилгээнд хамрагдах; хөрөнгө оруулах, өөрийн оруулсан хувь хөрөнгөтэй хувь тэнцүүлэн хадгаламж, зээлийн хоршооны жилийн орлогоос тогтоосон журмын дагуу хувь хөрөнгө авах зэрэг эрх эдлэх бөгөөд хоршоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргаж, гишүүнээр элсэх хураамжийг төлсөн ч эдгээр эрхийг эдлээгүй байсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Д.Ц хоршоонд гишүүнээр элсэх өргөдлийг 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргаж, гишүүнээр элсэх хураамжийг тухайн өдөр төлсөн, улмаар Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 24-ий өдрийн 47 дугаартай тогтоолоор хоршооны гишүүнээр элссэн, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг авсан үйл баримтаас үзэхэд гишүүний эрх үүссэн ч гишүүн гэж үзэх хангалттай нөхцөл бүрдээгүй байхад түүнд зээл олгосон нь зөвхөн зээл авах зорилготой байсан гэж үзэх үндэслэл болж байна.
3.а. Нэхэмжлэгч Арвиндэм ХЗХ нь гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд хэлбэрийн хувьд иргэнийг гишүүнээр бүртгэж, зээл олгох үйл ажиллагаа явуулах нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн гэж үзэхээр байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.9 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдож байна.
4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.
Тайлбарлавал, талуудын хооронд байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021135 дугаартай зээлийн гэрээ нь дээр дурдснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй тул анх авсан зээл 50,000,000 төгрөгөөс хариуцагчийн зээлийн гэрээний дагуу төлсөн 21,791,100 төгрөгтэй талууд маргаагүй тул уг үнийн дүнг хасаж, үлдэх 28,208,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч нь мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагч гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулна гэж тодорхойлсон.
Талууд хооронд 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021135 барьцааны гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр 2021135 дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү- дугаартай тоот, 49,6 м,кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. /1 дүгээр х.х-ийн 15-16 дахь талд/
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.
Зохигчдын хооронд байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021135 дугаартай зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хэлцлийн үндсэн дээр хийгдсэн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул барьцааны хөрөнгөөс үүргийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
5.1. Дээр дурдсан үндэслэлүүдээр Арвиндэм ХЗХоршоо болон Д.Ц нарын хооронд байгуулагдсан 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2021135 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Д.Цаас 28,208,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 68,357,917 төгрөгт холбогдох хэсэг болон барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 21,791,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Үндсэн болон сөрөг шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хувиарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116,118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Цаас 28,208,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Арвиндэм ХЗХ-нд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 68,357,917 төгрөгт холбогдох хэсэг болон барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 21,791,100 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 932,403 төгрөг, хариуцагчаас төлсөн 674,856 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Д.Цаас 298,994 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Арвиндэм ХЗХоршоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д заасан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ