Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 252

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс,

хохирогч М.Мөнх-Амьдрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайд овгийн Пүрэвдоржийн Анхбаярт холбогдох эрүүгийн 1811001750132 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А, 1995 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-647 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч П.А 2018 оны 01 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамжинд хохирогч Б.Пүрэвчанцалын амыг гараараа дарж газарт унаган хүч хэрэглэж бэлэн 120.000 төгрөг, эмэгтэй хүний гар цүнхийг дээрэмдэн авч 162.500 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20 дугаар гудамжинд хохирогч М.Мөнх-Амьдралыг газарт унаган хүч хэрэглэж, цүнхтэй эд зүйл болон айфоне 5 эс маркийн гар утсыг дээрэмдэн авч 520.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хохирогч Б.Пүрэвчанцалын хохирлыг ойрын хугацаанд төлнө…” гэв.

Хохирогч М.Мөнх-Амьдрал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр ажлаасаа тараад гэр рүүгээ явж байсан. Тэгтэл хажуугаар нэг хүн өнгөрөөд гүйгээд явснаа буцаж эргэж ирээд куртикны малгайнаас доошоо дараад намайг газар унагасан. Тухайн гэмт хэргийн улмаас надад ямар нэгэн гэмтэл учраагүй. П.А нь аавтайгаа хамт над дээр ирээд уучлалт гуйсан, би хохирол төлбөрт 560.000 төгрөг авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогч Б.Пүрэвчанцал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах "Аглаг Эрдэнэ" пабад бармен хийдэг юм. Тухайн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө пабаа 23 цаг 30 минутанд хаасан. ...Тухайн өдөр ажилаа хаачихаад найзыгаа ирэхийг хүлээгээд манай найз ирэхгүй болохоор нь би харих гээд явсан. Тэгээд би ажиллаасаа гараад ажлынхаа гудамжны үзүүр дээр ирэхэд нэг залуу зам хөндлөн гараад ирсэн. Тэр залуу миний өөдөөс эгцлээд ирсэн. Тэр залуутай би зөрөх гэсэн чинь миний замыг хөндөлсөж зогсоод байсан. Тэгээд тэр залуу над дээр ирээд миний өмсөж явсан гадуур хувцасны гадна халааснаас бариад авсан. Тэр үөд нь би гадуур өмсөж явсан куртикнийхээ халаасанд гар утсаа хийчихсэн байсан. Тэр залуу миний куртикний халааснаас миний гар утсыг авах гээд байхаар нь би гар утсаа атгачихаад тавиагүй. Тэгсэн чинь тэр залуу миний үүрч явсан жижиг цүнхийг зулгаагаад миний амыг гараараа дараад газарт унгаагаад миний барьж явсан жижиг цүнхийг аваад гудамжнаас гараад хойшоо Шонхор захын чиглэлд гүйгээд явчихсан. Миний түрийвчинд 120,000 төгрөг, миний төрсөний гэрчилгээ, гэрийн түлхүүр, зэрэг эд зүйлс байсан. Тэр залуу ойролцоогоор 175 см өндөртэй, бордуу царайтай байх шиг байсан. Би тэр залуугийн царайг нь сайн харж чадаагүй. Тэр залуу ноосон малгайтай малгайгаа нүднийхээ хөмсөг хүртэл дараад өмсчихсөн байсан. Гадуураа бараан өнгийн богино куртик өмссөн, бараан өнгийн өмдтэй 18-20 орчим насны залуу харагдсан...” гэжээ /хх-24-25/. 

              Гэрч П.Төмөрбаатар мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Далайхүү төвийн 1 давхарт байрлах гар утас засварын газар дээрээ байхад 15-16 цагийн үед байх 20 орчим насны хар куртиктэй залуу ирээд би гар утасныхаа кодыг буруу хийгээд түгжчихлээ та авах уу гэхээр нь би айфоне-5 маркын шаргал өнгийн, цагаан дэлгэцтэй гар утсыг сэлбэгэнд 25.000 төгрөгөөр худалдан авсан. Мөнгийг нь бэлнээр өгсөн. Би П.Аыг танихгүй. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Надад миний гар утас кодоо мартчихлаа гэхээр нь би авсан...” гэжээ /хх-75/.

            Гэрч Л.Гантогтох мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Мөнх-Амьдрал нь бусдад эд зүйлээ дээрэмдүүлсэн хэрэг гарсан. Үүний дагуу хохирогчийн явсан зам маршрутын ойролцоох аж ахуй нэгжүүдийн хяналтын камерын бичлэгийг шалгах, хохирогчийн хэлсэн, дүрсэлсэн шинж тэмдэг бүхий хувцас өмссөн сэжигтэй этгээдийг олж тогтоох, хэргийг илрүүлэх чиглэлээр ажиллах үүрэг өгсөн. ...Тэгээд уг этгээдийг олж тогтоох чиглэлээр ажилласан ба хэрэг болсоноос хойш 2 хоногын дараа уг этгээд Дуулга бааранд орж ирсэн талаар мэдээлэл ирсэн. Тэгээд Дуулга караокед орж шалгахад эд зүйлээ алдсан Мөнх-Амдралын хэлсэн шинж тэмдэг бүхий хувцастай эрэгтэй үйлчлүүлж байсан. Тэгээд түүнийг цагдаагийн хэлтэст авчирч бичиж авсан бичлэгтэй харьцуулахад өмссөн хувцас нь адил байсан. Тэгээд түүнээс өөр гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тодруулахад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2 гэмт хэрэг үйлдсэн талаараа хэлж байсан. Үүний дагуу мөрдөгч Н.Зөнбилэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Миний шалгасан этгээдийг Пүрэвдоржийн Анхбаяр гэдэг эрэгтэй байсан...” гэжээ /хх-76/.

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-87/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-85-86/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-9, 51-56/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-16/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-17-20/, хохирогч М.Мөнх-Амьдралд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-59/, Дамно ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-38-39, 78-79, 81-82/ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүгдэгч П.А 2018 оны 01 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамжинд хохирогч Б.Пүрэвчанцалын амыг гараараа дарж газарт унаган хүч хэрэглэж бэлэн 120.000 төгрөг, эмэгтэй хүний гар цүнхийг дээрэмдэн авч 162.500 төгрөгийн хохирол учруулсан,

              2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20 дугаар гудамжинд хохирогч М.Мөнх-Амьдралыг газарт унаган хүч хэрэглэж, цүнхтэй эд зүйл болон айфоне 5 эс маркийн гар утсыг дээрэмдэн авч 520.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

              Хохирогч М.Мөнх-Амдрал шүүхийн хэлэлцүүлэгт “...бүх хохирлыг авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул хохирол бүрэн төлөгдсөн гэж үзлээ.

              Харин шүүгдэгч П.Ааас баримтаар тогтоогдсон 162.500 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Пүрэвчанцалд олгох нь зүйтэй байна.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан биечлэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, баримтаар  ирүүлсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахыг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч A Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч П.Ат 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч П.Ат оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Ааас 162.500 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Пүрэвчанцалд олгосугай.

5. Шүүгдэгч П.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН