Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/64

 

 

Б.Одгэрэлд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Уянга

Шүүгдэгч Б.Одгэрэл, түүний өмгөөлөгч Д.Золзаяа

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 251 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Одгэрэлийн өмгөөлөгч Д.Золзаяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч Б.Одгэрэлд холбогдох 2418000000279 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

-Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,

- Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар хувьд ноогдох хөрөнгөөс 100,000 төгрөг хурааж, 11 жилийн хугацаагаар,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 31 хоногийн хугацаагаар хорих,

            - Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн,  

-Шүүгдэгч Б.Одгэрэл нь иргэн Г.Алтанцоожтой эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулах ажлыг нь хамтран хийхээр тохиролцож, эхлэл хөрөнгийг банкнаас 30,000,000 төгрөгийн бизнесийн зээл авч гаргана, эхлээд өмнө авсан бизнесийн зээлийг төлж барагдуулах шаардлагатай тул үлдэгдэл 1,920,000 төгрөгийг 4 цагийн хугацаатай зээлээч, банкны эдийн засагчтай ярьсан тул найдвартай зээл гарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5054074053 дугаарын дансаар 1,920,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Б.Одгэрэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч Баяуд овогтой Баярлахын Одгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одгэрэлд 1 жил /нэг/-ийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одгэрэлд оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүл,

-Шүүгдэгч Б.Одгэрэл нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Г.Алтанцоож нь хор уршигтай холбогдох зардлаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

-Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж.

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Одгэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

-Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Одгэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Одгэрэлийн өмгөөлөгч Д.Золзаяа давж заалдах гомдолдоо:

Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч Д.Золзаяа би Б.Одгэрэлд 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өмгөөллийн үйлчилгээг үзүүлсэн. Дараах гомдлыг гаргаж байна /үйлчлүүлэгчийн хүсэлтээр/:

Б.Одгэрэл нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байна. Тухайн гэмт хэргийн улмаас эрх нь зөрчигдсөн иргэний эрх сэргэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилго, биелэлтээ өгсөн байна. Одгэрэлд холбогдох эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хорихоос өөр төрлийн ялыг сонгох саналтай. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа тайлбартаа:

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах үндэслэл нь анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгч Б.Одгэрэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйд заасан гэмт хэрэг үйлдэж 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх түүний хувийн байдлыг нь харгалзан дүгнэсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзээд гомдол гаргасан. Тухайлбал гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирлын хэмжээ 1,950,000 төгрөг байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн зорилго биелсэн байна гэж харж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж урьд нь ял шийтгүүлж байсан нь хуульд зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сонгох санкц байгаа тул ялыг хөнгөрүүлж өөрчилж хорихоос өөр төрлийн ялыг оногдуулж өгнө үү. Анх гомдол гаргахдаа зорчих эрхийг хязгаарлах ялыг санал болгож Б.Одгэрэлийн хамтран амьдрагч нь өөрийнхөө оршин сууж байгаа хаяг дээр байдаг талаарх тодорхойлолтоо авчирч өгье гэсэн боловч бүртгэлгүй гээд өгөөгүй. Өнөөдөр авчирч амжсангүй. Иймд хорихоос өөр төрлийн ял буюу Б.Одгэрэлд тохирсон ялыг оногдуулах боломж байгааг давж заалдах шатны шүүхээс харгалзана уу гэсэн санал гаргаж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Одгэрэл тайлбартаа:

Би урьд нь дандаа хорих ял авч байсан. Хохирлоо төлж барагдуулсан энэ байдлыг маань харгалзан үзэж хорих ялыг маань өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Шүүгдэгч Б.Одгэрэлийн хувьд 2011 оноос 2022 он хүртэл нийт 4 удаагийн ял шийтгүүлсэн. Энэ удаагийнхтай 5 удаагийн ял шийтгэлээр дандаа залилах гэмт хэргийг удаа дараалан шийтгүүлсэн нь түүний хувийн байдал харагдаж байна. Өмнө нь шийтгүүлсэн нь эрх зүйн үр дагаварт хүрэхгүй хэдий ч түүний хувийн байдалд нөлөөлнө гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Одгэрэлд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулсан байна гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одгэрэлд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяагийн давж заалдсан гомдлоор хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Одгэрэл нь 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдөр иргэн Т.Алтанцоожтой эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулах ажлыг нь хамтран хийхээр тохиролцож, эхлэх хөрөнгийг банкнаас 30.000.000 төгрөгийн зээл гаргана, эхлээд өмнө авсан бизнесийн зээлийг төлж барагдуулах шаардлагатай тул үлдэгдэл 1.920.000 төгрөгийг 4 цагийн хугацаатай зээлээч, банкны эдийн засагчтай ярьсан тул найдвартай зээл гарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн эзэмшлийн Хаан банкны 5054074059 дугаарын дансаар 1.920.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Одгэрэл нь хохирогч Т.Алтанцоожтой хамтарч эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулахаар хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 1.920.000 төгрөгийг залилан авсан болох нь:

Хохирогч Т.Алтанцоожийн ...”би Б.Одгэрэлд бизнесийн зээлийг тийм хурдан өгөхгүй, 2-3 хоног шалгаж өгдөг биздээ” гэхэд зүгээр Хаан банканд манай бэр дүү эдийн засагч хийдэг юм, дүүтэйгээ очоод уулзсан, урдах зээлээ хаачихвал гаргаад өгье гэсэн юм” гэхээр нь итгээд өгчихсөн юм” гэх мэдүүлгээр,

Гэрч А.Нандинцэцэгийн ...”Б.Одгэрэл өөрийгөө Хятад улсад сургууль төгссөн, хятад хэлтэй гэж байсан. Т.Алтанцоож, Б.Одгэрэл нар хамтраад Хятад улсын эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хамтран зарахаар ярилцаад намайг багтаа орохыг асуухад би зөвшөөрөөгүй” гэх мэдүүлэг болон гэрч О.Хүүхэннэргүй, гэрч М.Буянжаргал, Хаан банкны 5054074053 дугаар дансны хуулга, бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Одгэрэлийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүхээс Б.Одгэрэлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүнчлэн шүүгдэгчийн урьд нь залилах гэмт хэрэгт 4 удаа ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа “Б.Одгэрэл нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байна. Тухайн гэмт хэргийн улмаас эрх нь зөрчигдсөн иргэний эрх сэргэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилго, биелэлтээ өгсөн байна. Одгэрэлд холбогдох эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хорихоос өөр төрлийн ялыг сонгох санкцтай. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Одгэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг багасгах, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяагийн...“шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Одгэрэлийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 43 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 251 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Одгэрэлийн өмгөөлөгч Д.Золзаяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одгэрэлийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 43 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

         ШҮҮГЧИД                                                     Б.МАНЛАЙБААТАР

                                                                                        З.ТӨМӨРХҮҮ