Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 201/МА2022/00005

 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 138/ШШ2021/00775 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан,

Хариуцагч Алтай таван эрдэнэ ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 31 440 000 гаргуулах тухай иргэний хэргийг,

хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******ын өмгөөлөгч Ө.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сан нь хуучнаар Мал хамгаалах сан байсан. Тус сангаас хариуцагч Алтай таван эрдэнэ ХХК-ийн захирал ******* нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Махны чиглэлийн хонь бордох аж ахуйг өргөтгөх төслийг хэрэгжүүлэхээр 25 000 000 төгрөгийн санхүүжилт авч зээлийн гэрээ байгуулсан. 2014 оноос хойш 5 жилийн хугацаанд жил бүр 25 000 000 төгрөгийг хэсэгчилж төлөхөөр талууд тохиролцож зээлийн гэрээ байгуулсан боловч зээлдэгч нь 2018 оноос хойш төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл болох 20 960 000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс үүссэн алданги болох 10 480 000 төгрөгийн хамт нийт 31 440 000 төгрөгийг Алтай таван эрдэнэ ХХК-иас гаргуулах саналтай байна. Хариуцагчийн хувьд алдангийн мөнгийг төлөхгүй гэж байгаа боловч зээлийн гэрээний 7.1.1-т заасны дагуу алданги төлөх үүрэгтэй. Тиймээс хариуцагчаас алданги нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Алдангийг тооцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан журмын дагуу нийт үнийн дүнгийн 50 хувиар тооцож 10 480 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Иймд Алтай таван эрдэнэ ХХК-аас 31 440 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах санд хандан Махны чиглэлийн хонь бордох аж ахуйг өргөтгөх тухай 100 000 000 төгрөгийн төсөл бичсэн. Миний бичсэн төсөл шалгарсан боловч 25 000 000 төгрөгийн санхүүжилт батлагдсан. 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Мал хамгаалах сантай зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээний дагуу 2015 онд 5,0 сая төгрөгийг хүүгийн хамт мал хамгаалах санд төлсөн. Түүнээс хойш зээлээ төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Учир нь: 2018 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд малын өвчин гарснаас болоод би өөрт байсан цөөхөн хэдэн малаа алдсан. Мөн 2018 онд охин маань Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, Япон улсад жилийн 16 000 000 төгрөгийн төлбөртэй сургуульд суралцахаар болсон. Охиныхоо ирээдүйг бодож цөөхөн хэдэн малынхаа ашиг шимээс олсон орлого болон наймаа хийж олсон орлогоо бүгдийг охиныхоо сургалтын төлбөрт төлдөг байсан учраас зээлээ төлж чадаагүй. Би одоог хүртэл охиныхоо сургалтын төлбөрийг өөрөө төлдөг. Би зээлээ төлөхийн тулд 2018 оноос хойш наймаа хийсэн боловч 2019 онд Корона вирус гарснаас хил хаагдаж бараагаа татах боломжгүй болсон. Түүнээс хойш эрхэлсэн ажилгүй, зогсонги байдалтай байна. Одоо надад 10 480 000 төгрөгийн алданги төлөх ямар ч боломж, бололцоо байхгүй, би энэ мөнгийг төлж чадахгүй. Харин 20 960 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд Хөдөө аж ахуйг дэмжих санд төлж, улсыг хохиролгүй болгоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 000 төгрөгийг 960 000 төгрөгийн хүүгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Алтай таван эрдэнэ ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлт 31 440 000 /гучин нэгэн сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих санд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Алтай таван эрдэнэ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 315 150 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгож,... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие ******* анхан шатны шүүхийн шийдвэрээс 10 480 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би үндсэн зээл болох 20 960 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа юм.

2018 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд малын өвчин гарч өөрийн хэдэн малаа өвчнөөр алдсан юм. Мөн энэ онд охин минь ерөнхий боловсролын сургуулиа төгсөн Япон улсад сургуульд суралцахаар болсон. Би мөн л төлбөр мөнгийг нь буюу жилийн 16 000 000 төгрөгийг төлж явна.

Дэлхий дахинд үүссэн Ковид-19 цар тахлаас шалтгаалан ямар ч орлого олох боломжгүй байна. Би хууль эрх зүйн мэдлэг байхгүйгээс шалтгаалан ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй нь үнэн. Гэхдээ миний хэлээд байгаа шалтгаан бол ямар ч нотлох баримт шаардлагагүй бодит үнэн юм.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар уг 10 480 000 төгрөгийн алдангийг багасгаж өгнө үү. Уг алданги төлөх асуудал дээр нэхэмжлэл гаргагчтай тодорхой тохиролцоонд хүрэх хүсэлтэй байна. гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Хариуцагчийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан нь хариуцагч Алтай таван эрдэнэ ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 31 440 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн төлөөлөгч нь зарим хэсгийг /10 480 000 төгрөгийг/ эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2,33-34 дэх тал/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, хүү 960 000 төгрөг, алданги 10 480 000 төгрөг, нийт 31 440 000 төгрөгийг нэхэмжилнэ, алдангиас чөлөөлөх боломжгүй гэж,

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ: зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, хүү болох 20 960 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, алданги төлөх ямар ч боломж байхгүй тул 10 480 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. гэж тус тус тайлбарлажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолын 3-т ... Мал хамгаалах сангаас ... Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлэхийг ... даалгасан. байх тул Хөдөө аж ахуйг дэмжих сан нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна. /хх-ийн 22 дахь тал/

Хариуцагч Алтай таван эрдэнэ ХХК нь нэхэмжлэгч Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сантай 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЭМААХДХ-2014/10 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Махны чиглэлийн хонь бордох аж ахуйг өргөтгөх төслийг хэрэгжүүлэх зорилгоор 25 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 2,4 хувийн хүүтэй авч, гэрээндээ үндсэн зээлийг хүүгийн хамт эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон бөгөөд 2015 онд үндсэн зээлээс 5,0 сая төгрөг, хүү 600 000 төгрөг, нийт 5 600 000 төгрөгийг төлсөн, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээл, хүүгийн хамт 20 960 000 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтэрсэн зээлийн өртэй байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 8-12, 33-34 дэх тал/

Хариуцагч компанийн төлөөлөгч ******* нь ...Сүүлийн хоёр жил Ковидын улмаас ямар ч орлогогүй байгаа, 2018 онд Цагаан-Овоо суманд малын өвчин гарч, өөрт байгаа хэдэн малаа алдсан учраас алданги төлөхийг зөвшөөрөхгүй. гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.-д зааснаар нотолж, нотлох баримтаа шүүхэд гаргаж чадаагүй байна.

Нөгөө талаар хариуцагчийн төлөөлөгч нь Махны чиглэлийн хонины аж ахуй байгуулах зорилгоор 100,0 сая төгрөгийн санхүүжилттэй төсөлд оролцож, төсөл нь шалгарсан боловч 25 000 000 төгрөгийн санхүүжилт өгсөн нь төслөө хэрэгжүүлэх боломжгүй болсон, мөн охин маань ерөнхий боловсролын сургууль төгсөөд Япон улсад хувийн зардлаар сурч, би төлбөрийг төлж байгаа учир алданги төлөх ямар ч боломж байхгүй. гэж тайлбарлаж байгаа нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний алдангиас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Талуудын хооронд байгуулагдсан ЭМААХДХ-2014/10 дугаартай зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д Зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги зээлдэгч тал зээлдүүлэгч талд төлнө. гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэсэн хуулийн шаардлагатай нийцжээ.

Иймд хариуцагч Алтай таван эрдэнэ ХХК-ийн төлөөлөгч *******ын алдангийг багасгаж өгнө үү. гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн төлөөлөгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 630 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 138/ШШ2021/00775 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Алтай таван эрдэнэ ХХК-ийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Алтай таван эрдэнэ ХХК-ийн төлөөлөгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

З.ЭНХЦЭЦЭГ