2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/01645

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, ************** /рд:***/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоотод байрлах,********************* ХХК /рд:***/-д холбогдох,

 

орон сууц болон авто машины дулаан зогсоолын өмчлөгчөөр тус тус, тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ оролцов.

 

Зохигчдын хүсэлтээр хариуцагч********************* ХХК-ийн захирал Б.Мөнхбатын эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж.Энхбаяр 2021 оны 3 сарын 19-ний өдөр********************* ХХК-ийн захирал Б.Мөнхбаттай БЗД-ийн 5-р хороо, Кино үйлдвэрийн хойд талд******* 88" үйлчилгээний төвтэй орон сууцны 1 -р орц, 8-р давхар F загварын 81,02 м.кв талбайтай 3 өрөө 53 тоот орон сууцыг захиалан бариулах гэрээ, 2022 оны 10 сарын 11-ний өдөр тус байрны 5 тоот, 6 тоот автомашины дулаан зогсоолыг бариулах гэрээ тус тус байгуулсан. Орон сууц болон зогсоолын нийт төлбөрийг бурэн төлж дуусгасан ба орон сууц 2022 оны 12-р сард ашиглалтад орж, орон сууцандаа одоог хүртэл амьдарч, зогсоолоо ашиглаж байгаа. Б.Мөнхбат нь өмчпөх эрхийн гэрчилгээнүүдийг удахгүй гаргаад удахгүй гаргаад өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй ямар нэгэн шалтаг хэлж хойшлуулж байсан бөгөөд 2024 оны 2 сарын 21-ний өдөр оршин суугчидтай хурал хийхдээ 2024 оны 3-р сарын 01 гэхэд ямар ч асуудалгүй гэрчилгээ гаргах болно гэсэн боловч дахин сураг чимээгүй алга болж, утсаа авахгүй байгаа тул Баянзүрх дүүргийн 5-р хороо, Кино үйлдвэрийн хойд талд******* 88 үйлчилгээний төвтэй орон сууцны 5 тоот, 6 тоот автсмашины дулаан зогсоол, мөн 1-р орц, 8 р давхар F загварын 81,02 м.кв талбайтай 3 өрөө 53 тоот орон сууцны өмчлөгчөөр тус тус Ж.Энхбаярыг тогтоож, орон сууц болон зогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: Ж.Энхбаярын Баянзүрх дүүргийн 5-р хороо, Кино үйлдвэрийн хойд талд******* 88 үйлчилгээтэй орон сууцны байрны В1 давхрын 5 тоот, 6 тоот автомашины дулаан зогсоол, мөн 1-р орц, 8-р давхар Е загварын 81,02 м.кв талбайтай 3 өрөө 53 тоот орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Энхбаяр хариуцагч********************* ХХК-д холбогдуулан орон сууц болон авто машины дулаан зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууц, авто зогсоолууд Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол /13343/ Г.Лувсанцэвээний гудамж 73-р байр гэсэн хаягтай болох нь Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 02 сарын 07-ны өдрийн 01/45 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдааны шатанд хариуцагч Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол /13343/ Г.Лувсанцэвээний гудамж 73-р байрны 53 тоот орон сууц, тус орон сууцны В1 давхрын 5 тоот, 6 тоот автомашины дулаан зогсоолын өмчлөгч нь нэхэмжлэгч Ж.Энхбаяр болохыг тогтоолгох, орон сууц, авто зогсоолуудын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч********************* ХХК-ийн захирал Б.Мөнхбатын шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч********************* ХХК Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол /13343/ Г.Лувсанцэвээний гудамж 73-р байрны 53 тоот орон сууц, тус орон сууцны В1 давхрын 5 тоот, 6 тоот автомашины дулаан зогсоолын өмчлөгч нь нэхэмжлэгч Ж.Энхбаяр болохыг тогтоолгох, орон сууц, авто зогсоолуудын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд урьдчилан төлсөн 1,521,845 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч********************* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,521,845 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Энхбаярт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ