Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 259

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж,

шүүгдэгч Ц.Г, С.Х /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

   Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цахир овгийн Ц.Г, Тугчин овгийн Б.Л, Боржигон овгийн С.Х нарт холбогдох эрүүгийн 201725031091 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Цахир овгийн Ц.Г, 1988 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Увс аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 48 дугаар гудамжны 5 тоотод оршин суух хаягтай,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар.  

2. Тугчин овгийн Б.Л, 1996 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 1 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

3. Боржигон овгийн С.Х, 1993 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Засгийн газрын авто баазад харуул ажилтай, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12 дугаар гудамжны 191 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

   Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.Г, Б.Л, С.Хнь 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Отгонбаатарыг бүлэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүгдэгч Б.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүгдэгч С.Хашбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

    Насанд хүрээгүй хохирогч А.Отгонбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тэгээд намайг таксинаас чирч буулгаад миний зүүн чих рүү гараараа 2-3 удаа цохисон. Миний чих рүү цохисон хүн цагдаа дээр байцаагдаад байсан Лхагвасүрэн гэх залуу байсан. Багажны хаалгаар намайг шөрмөс Ганбаа миний зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Лхагвасүрэн Ганзориг нар нь намайг машины багажинд хийгээд хөл гаргаж байгаад багажны хаалгаар цохиод байсан. Хашбат ах намайг багажинд байхад пивоны шилээр шилбэ рүү 2-3 удаа цохисон. Тэгээд пивоны шилээр миний дух руу 2 удаа цохисон, пивоны шил хагараагүй. Тэгээд намайг машинаас буулгаад Ганзориг ах хашаа руу авч шидээд, гэдэс рүү 5-6 удаа өшиглөж, хүзүү рүү гараараа нэг удаа цохисон. Лхагвасүрэн хашааны банз хуглаж аваад миний бөгс рүү 4-5 удаа цохисон. Тэгээд Хашбат ах намайг таниад зугтаалгасан...” гэжээ /хх-40-41/.

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн №6102 дугаар дүгнэлтэд: 

“1. А.Отгонбаатарын биед баруун дээд зовхинд цус хуралт, зүүн чихний ард шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-65/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50-52/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хохирогч Т.Үүрцайхийн гаргасан “...Бид хоорондоо харилцан тохиролцож эмчилгээний зардалд 300.000 төгрөг бэлнээр авсан. Мөн өвөөгийн өмгөөлөгчийн хөлс 450.000 төгрөгийг өгсөн. Одоо цаашид ямар нэгэн санал, нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд хэргийг миний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү. Миний бие нь шүүх хуралд оролцох хүсэлгүй байна...”  гэх хүсэлт /хх-55/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Г, Б.Л, С.Хнь 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Отгонбаатарыг бүлэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Г, Б.Л, С.Хнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Ц.Г, Б.Л, С.Хнарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг харгалзав. 

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар оногдуулсан торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Ц.Г, Б.Л, С.Хнар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цахир овгийн Ц.Г, Тугчин овгийн Б.Л, Боржигон овгийн С.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цахир овгийн Ц.Г, Тугчин овгийн Б.Л, Боржигон овгийн С.Х нар тус бүрийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2/хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г, Б.Л, С.Хнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г, Б.Л, С.Ххувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН