Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/68

 

 

Б.Анхбаярт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ч.Мядагбадам

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунзаяа, түүний өмгөөлөгч: Э.Одончимэг

Яллагдагч: Б.Анхбаяр

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 593 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр яллагдагч Б.Анхбаярт холбогдох 2418000650235 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Яллагдагч Б.Анхбаяр нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 11.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багт үйл ажиллагаа явуулдаг "Шарын гол" ХК-ийн хашаан дотор “HITACHI-1900” маркийн экскаваторт засвар үйлчилгээ хийж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18-р зүйлийн 18.2.5 дахь заалтад заасан "...ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх...", 18-р зүйлийн 18.2.7 дахь заалтад заасан "...өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх...", Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А368 дугаартай хамтарсан тушаалын хавсралт, "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн нийтлэг шаардлагын 17 дахь заалтад заасан "Ажилтан бүр ажил олгогчийн баталсан жагсаалтын дагуу стандартад нийцсэн ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдах ба тэдгээрийг зориулалтын дагуу зөв хэрэглэнэ", 3.7-д засвар үйлчилгээ хэсгийн 222 дахь заалтад заасан "машин механизмыг бүрэн зогсоож түүний залгах, салгах хэрэгслийн гэнэт залгагдах боломжийг арилгасан нөхцөлд тэдгээрийн эд ангиудад засвар үйлчилгээний ажил хийхийг зөвшөөрнө, засварын ажлын явцад машин тоног төхөөрөмжид дулаан цахилгаан, хий, шингэний даралтыг зайлшгүй өгөх шаардлагатай бол аюулгүй ажиллагааг хангах нэмэлт арга хэмжээ авсан тохиолдолд зөвшөөрнө" гэж заасан үүргийг тус тус биелүүлээгүйн улмаас ажилтан Н.Баттамир нь экскаваторын шанаганд хавчуулагдан амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Анхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллаг дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Алаг адуу овогт Баярмандахын Анхбаярт холбогдох эрүүгийн 2418000650235 дугаартай хэргийг прокурорын газарт буцааж,

-Хэргийг прокурорт очтол Б.Анхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди бичлэгийг хэргийн хамт прокурорын газарт хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, болохыг дурдаж,

-Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль, ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамжийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүх хэргийг урьдчилан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэхдээ гэрч С.Сүхбаатарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн эсэхийг тогтоох, түүний үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай гэж хэргийн үйл баримтад дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-т заасан "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж эс зөвшөөрч байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасны дагуу тусгай мэдлэг эзэмшсэн мэргэжилтнээр 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба шинжээчээс экскаваторын жолооч С.Сүхбаатар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн эсэхийг тодруулсан болно.

Шинжээчийн дүгнэлтээр С.Сүхбаатар нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчөөгүй гэж гарсан байна.

Анхан шатны шүүхээс хэрэгт нэр бүхий гэрчүүдийн “...”HITACHI-1900” маркийн экскаваторын машинч С.Сүхбаатар нь уг машиныг ахлах механик Б.Анхбаярын заавар, дохиогүйгээр дур мэдэн асааж, шанагыг хөдөлгөсөн...” гэх мэдүүлгийг үнэлсэн атал хэрэгт авагдсан гэрч П.Жаргалын мэдүүлэг, гэрч Т.Уртнасангийн “...Ахлах механикч Анхбаярын зааварчилгаагаар уг экскаваторын шанаганы пальцийн тагийг тайлж авахаар боолтууд тайлаад, тагийг нь сугалж авах гэхэд дийлдэхгүй байхад ахлах механик Анхбаяр, экскаваторын операторчин Сүхбаатар нар ярилцаж байхад экскаваторыг хөдөлгөж үзэхээр болоод Сүхбаатар экскаваторыг асаагаад, шанагыг газраас бага зэргээр дээш нь өргөх явцад шанаган дотор байсан каск малгай газарт унахад Баттамир уг каск малгайг авахаар экскаваторын шанаганы дэлгэсэн хэсэгт очиж авах явцад экскаваторын шанага буцаж хумигдах явцад Баттамир шанаганд хавчуулагдсан..." гэх мэдүүлгийг няцаасан үндэслэлийг тайлбарлаагүй байна.

Дээрх нотлох баримтуудаар тухайн “Hitachi 1900” маркийн экскаваторын засвар үйлчилгээний ажлыг Б.Анхбаяр удирдан, удирдлага зохион байгуулалтаар хангаж С.Сүхбаатарт заавар өгч ажилласан ба улмаар уг экскаваторыг асаах шанагыг өргөх зөвшөөрөл өгсөн болох нь тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2024/02 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулсан, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 27.8 дугаар зүйлд заасан дүгнэлт тодорхойгүй, бүрэн бус, шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй буюу шинжээч Ж.Баяраа нь мөрдөгчийн тогтоол, 2418000650235 дугаартай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцсаны үндсэн дээр шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо мэтгэлцэх зарчмыг баримталж шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулан хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулж шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн үйл баримт болон нотлох баримтын агуулга руу орж нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нотлох баримт шинжлэн судлах үйл явц нь анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх асуудал байхад шүүх урьдчилан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй бөгөөд шүүх хэрэв дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ..." гэж заасны дагуу дахин болон нэмэлт шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах ажиллагаа юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийг удирдлага болгон 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШТ/593 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив...гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлт дээр ганцхан Б.Анхбаярын хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн эсэхийг гаргуулаагүй. Энэ дээр үйлдвэрийн осол гарсан байна. Ийм учраас үйлдвэрийн осол хэний буруутай үйлдлийн улмаас гарсан юм гэхээр нэгдүгээрт бүхэлд нь шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Ингэж шинжээчийн дүгнэлт гаргуулахад 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тухайн шинжээчийн дүгнэлтээр ажлыг ахлан удирдаж буй ажилтан аюулгүй ажиллагаа хангаж чадаагүй. Осол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэж байгаа. Ажлыг хэн ахалж байсан бэ гэхээр Б.Анхбаяр ахалж ажилласан байдаг. Шинжээчийн дүгнэлттэй танилцаад гэрчүүдийн мэдүүлэг дотор Сүхбаатар дохио өгөөгүй гэсэн асуудал яригдсан. Тийм учраас дахин Сүхбаатарын үйлдэл, үйл баримт, тухайн өдөр гаргасан үйл ажиллагаанд нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүгнэлт гаргасан. 2024 оны 02 сарын 26-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Ингэхэд зөвхөн Сүхбаатарын үйлдэл дээр экскаваторын жолооч Сүхбаатар нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гарсан юм. Тийм учраас энэ хэрэг дээр Сүхбаатарыг буруутай эсэхийг тогтоолгохоор, хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн байна гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах нөхцөл байдал үүсээгүй. Дээрээс нь гэрчийн мэдүүлэг байдаг. Гэрч Бархасболдын мэдүүлгээр тухайн амь хохирогчийн зогссон газар буюу ажилчдыг зогсоосон Б.Анхбаяр удирдаж энд зогсож бай гэж зааж зааварласан газар нь экскаваторын сохор бүс буюу харагддаггүй, камер байдаггүй газарт ажилчдыг зогсоосон гэж мэдүүлсэн. Энэ үйл ажиллагаанд буруутай гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Сүхбаатарын тухайн өдөр засвар үйлчилгээ хийхдээ гаргасан үйл баримт нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм огт зөрчигдөөгүй байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдаагүй. Харин шинжээчийн дүгнэлтийг үндэслэж тухайн ажлыг ахалж байсан ахлах механик Б.Анхбаярт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж, эргэлзээтэй гэсэн боловч яг юу нь эргэлзээтэй байгаа юм бэ. Яагаад гэхээр бүхэлд нь нэг шинжээчийн дүгнэлт гаргачихсан. Дахин үүнээс тасалж аваад Сүхбаатарын үйлдэлд нь тусад нь дүгнэлт гаргасан. Прокурор мөрдөгчийн зүгээс хоёр удаагийн хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүгнэлтийг гаргасан байгаа. Гэтэл энэ хоёр дүгнэлтийн аль нь эргэлзээтэй байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй. Харин хууль зүйн дүгнэлт гаргах шаардлагатай гэдэг үндэс дээр буюу энэ хэргийг шийдвэрлэх хэргийн хувьд хууль зүйн дүгнэлтийг шинжээчээр хийлгүүлэх зорилгоор дахин нэмэлт бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж байгаа нь үндэслэлгүй. Учир нь хууль зүйн дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуульчид хэргийн нотлох баримтыг шинжлэн судалж хэлэлцэж, хэлэлцүүлгийн шатанд шүүгч өөрөө хууль зүйн дүгнэлтээ хийх ёстой. Гэтэл шинжээчээр буюу тухайн дүгнэлт гаргасан хүнээр хууль зүйн дүгнэлтийг урьдчилан хийлгүүлэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй. Хоёрдугаарт: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох асуудлыг ярьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.2-т хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг өөрчлөх, эсвэл солих хүсэлтийг шийдвэрлэж болно гэж заасан. Хохирогчид нэгэнт 93,344,202 төгрөгийг өгсөн. Дахин иргэний журмаар нэхэмжилнэ гэж байна. Энэ нэхэмжлэлийг бид нар хэчнээн төгрөгийг яаж өгөх вэ гэсэн асуудал яригдсан. Нэгэнт та нар 93 сая төгрөг өгчихсөн юм байна. Дараагийн асуудлыг хохирогч нар Иргэний хуулийн 497, 511 дүгээр зүйлээр шийдвэрлэнэ гэсэн учраас хохирлын мөнгөн дүн гараагүй. Үүнийг шүүх шийдвэрлэх боломжтой юм гэсэн хариулт өгсөн. Гэтэл хохирогч, амь хохирогч нар хоёр хүүхэдтэй. Энэ хоёр хүүхдийн ирээдүйг бодсон шийдвэр гаргаарай гэж мөрдөгчид хэлсэн. Тэгээд ярьж байгаад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооё гэсэн хүсэлтийг гаргаж тогтоолгосон. Хохирлын мөнгөн дүн дээр маргалдсан. Шарын гол ХК-иас өгсөн мөнгөнөөс 60 сая төгрөгийг хохирогчид өгсөн байсан. Энэ талаарх баримтаа шүүх хуралдаанд гаргаж өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй. 60 сая төгрөгийг аваад би одоо хохирогчийн өмгөөлөгч, хохирогч өөрөө би хохирогчоор тогтоолгохоо болъё. Аавыг нь тогтоох хүсэлт маргаантай байна. Яагаад гэвэл хохирлын мөнгө 60 сая төгрөг авчихсан юм чинь дараа нь аавыг нь тогтоох шийдвэрийг бид нар гаргаж чадахгүй. Энэ маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх. Прокурор дээр ийм хүсэлт ирээгүй. Үндэслэл бүхий хүсэлтийг гаргасан боловч шүүхээс үүнийг огт хэлэлцээгүй. Хууль зүйн дүгнэлтийг шинжээчээр гаргуулсны дараа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариултыг өгсөн. Энэ нь мөн хууль зөрчсөн. Яагаад гэхээр хохирогч, өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт үндэслэлтэй байсан. Урьдчилан хэлэлцүүлгээр шийдвэрлүүлэх ёстой хүсэлтээ шийдвэрлүүлээгүй нь бас хууль зөрчсөн байна гэж үзэж байгаа. Гуравдугаарт нь: Хохирогч амь тэмцсэн байдалтай 103 дээр ирсэн. Ярьж болж байна. Гэхдээ гар хөл хөдлөх ямар ч боломжгүй гэсэн. Энгэрийн камер мөн гар утсаараа давхар бичлэг хийгдсэн. Гэвч мэдүүлэг аваад амь хохирогч нас барсан. Гар утсан дээр хийсэн бичлэгийг CD дээр хуулсан гэсэн боловч гарахгүй нөхцөл байдал үүссэн учраас энгэрийн камераар бичсэн бичлэгийг гар утсан дээр буулгаж CD буулгаж ир гэсэн үүрэг даалгавар өгсөн. Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын техник технологийн байдлаас болж гар утаснаас хуулж байгаа юм шиг хуулж болохгүй заавал тээврийн цагдаагийн газарт очиж хуулдаг. Үүнийг явуулсан байсан. Нэгэнт хохирогчийн мэдүүлгийг гараар сийрүүлчихсэн байгаа учраас үүнийг гэм буруугийн шүүх хуралд өгч болж байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Яагаад вэ гэвэл мөрдөн шалгах ажиллагаа нэгдүгээрт дуусчихсан байсан. Яллагдагч гурван удаа ирж хэргийн материалтайгаа танилцчихсан болчихсон шүүх рүү шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Дээрээс нь иргэний хариуцагч нар шүүхээр хэргээ хурдан шийдвэрлүүлмээр байна. Бид нар хохирогчид хохирлын мөнгийг барагдуулмаар байна гэсэн хүсэлтийг өгч байсан учраас шүүх хурлын явцад өгье гэж тохиролцоод хэргийг өгсөн юм. Тэрнээс биш санаатайгаар юм уу, хавсаргаад юм өгье гэсэн зүйл байхгүй. Энэ CD-бичлэг 12-ны өдөр ирсэн. Шүүх хуралдааны явцад гаргаж өгөх бүрэн боломжтой. Яагаад гэвэл мэдүүлгийн доор нь хавсаргав гэж бичсэн байгаа. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь хууль дүрэм, дэг журмын дагуу явагдаагүй. Яагаад гэвэл шүүх хурлын явцад гэрчүүдийн мэдүүлэг, 4, 5 үе шаттай явах гэх мэт дэг журмыг зөрчсөн. Прокурорын зүгээс энэ бол урьдчилсан хэлэлцүүлэг юм. Шүүгчээс урьдчилсан хэлэлцүүлгийнхээ дагуу нотлох баримтаас асуух лавлах хэлэлцээд байгаа асуудлыг зогсооё гэсэн асуудлыг тавьсан. Дээрээс нь шүүх ямар шийдвэр гаргаснаа тодорхой сонсогдох байдлаар хэлээгүй байсан. 3 байдлаар буцсан. Тухайн үед хэлсэн нь Сүхбаатар нь гэм буруутай эсэхийг тогтоогоод дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэдэг зүйлийг хэлсэн. Тухайн захирамжид заасан ажиллагаанууд мөрдөн шалгах ажиллагаа явуулах нэмэлтээр ямар мөрдөн шалгах ажиллагаа заавал явуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Мөн тухайн хурал дэг журмынхаа дагуу явагдаагүй гэм буруугийн хурал шиг явагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Шүүгчийн захирамжид заасан 3 ажиллагаанд дүгнэлт дахин гаргах шаардлагагүй. Нэгэнт хэрэгт хавсаргав гэж тэмдэглэл үйлдсэн байгаа учраас хурлын явцад дээр CD бичлэгийг шүүх хуралдааны явцад гаргаж өгч, шүүх хуралдааныг хийх боломжтой. Дээрээс нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүхээс тогтоож болох учраас нэмэлт ажиллагаа хийж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлага байхгүй байгаа учраас дээрх асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Ийм учраас 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 593 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Одончимэг тайлбартаа:

Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогч Б.Ариунзаяа нь Шарын гол ХК, Сүхбаатар, Б.Анхбаяр нарт гомдолтой байгаа. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусахад хэргийн материалтай Б.Ариунзаяа болон түүний өмгөөлөгчийг танилцах боломжийг олгосон, энэ боломжоор нь хангасан гэсэн боловч энэ хүмүүст удаа дараа мэдэгдсээр байхад ирж танилцаагүй гэдэг тайлбарыг өгч байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан болон өнөөдрийн шүүх хуралдааны явцад хэргийн материалд мөрдөгч Б.Ариунзаяад болон өмгөөлөгч Э.Одончимэг нарт хэргийн материал танилцуулахыг мэдэгдсэн гэсэн ганц ч баримт байхгүй. Шүүх хуралдаанд төрийг төлөөлж байгаа прокурор яагаад баримтгүйгээр өөртөө ийм итгэл төгс байгаад гайхаж байна. Сая гаргаж өгсөн 6 сарын огноотой баримт дээр 5 сарын 01-ний өдөр өмгөөлөгч Э.Одончимэгт мэдэгдсэн гээд биччихсэн байна. Гэхдээ надад мэдэгдээгүй. 04 дүгээр сарын 29-ний өдөр хэрэг прокурорт шилжсэн байсан. 04 дүгээр сарын 30-ны өдөр буюу нэг хоногийн дараа прокурор нь яллах дүгнэлтээ үйлдээд 05 дугаар сарын 03-ны өдөр яллах дүгнэлтээ Б.Анхбаярт гардуулчихсан байсан. Хэрвээ надад 05 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн гэж байгаа бол хэргээ прокурорт шилжүүлээд яллах дүгнэлт үйлдсэний дараа мэдэгдсэн байна. Энэ нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэдгээ харуулж байна. Дараагийн асуудал нь Б.Ариунзаяа гомдолдоо бичсэн байдаг. 04 дүгээр сарын 24-ний өдөр ирж танилц гэж мэдэгдсэн. Улаанбаатар хотоос би ирсэн гэтэл танилцах хэрэггүй болчихсон гээд намайг буцаасан гэсэн. Сая гаргаж өгсөн баримтаас нь харахад 04 дүгээр сарын 22-ны өдөр залгасан байна. Тухайн өдөр шинжээчийн дүгнэлт гаргах тухай тогтоол үйлдсэн өдөр байсан. Түүний дараа 04 дүгээр сарын 30-ны өдөр Б.Ариунзаяа руу залгасан байна. Прокурорын гаргаж өгсөн баримтаар. Гэтэл 04 дүгээр сарын 30-ны өдөр гэдэг маань прокурор руу хэргээ шилжүүлсэн хугацаа. Ийм учраас хохирогч тал болон түүний өмгөөлөгч нарт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэнийг нь буруутгаад байгаа юм Сүхбаатарыг татаад байгаа юм уу, Б.Анхбаярыг татаад байгаа юм уу, Шарын гол ХК-г буруутгаж байгаа юм уу, үгүй юм уу гэдэг талаар мэдэх ямар ч боломжгүй байсан. Хэргийн материалтай танилцах явцдаа буюу магадгүй мөрдөгч нь тийм боломж олгосон бол тухайн үед л бид нар гомдол гаргах эрхтэй. Б.Анхбаярыг буруутгасан нь зөв юм уу, буруу юм уу, Сүхбаатарыг яагаад буруутгаж байгаа юм гэдгийг хэргийн материалтай танилцаад тухайн үед нь гомдлоо гаргаад нэгдүгээрт нь мөрдөгчөөр нь хэрвээ мөрдөгч нь бид нарын гомдлыг хангахгүй бол хяналтын пкрокурор нь ингээд прокурорын байгууллагын шат шатанд нь хандаад гомдлоо шийдвэрлүүлээд орох байсан. Энэ эрхийг маань ноцтой зөрчөөд прокурор өөрөө Б.Анхбаярыг буруутгаад ингээд явж байгаа нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1-6.14-т заасан хууль бусаар хязгаарласан тухай энэ асуудалд орж байна гэж үзэж анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Сүхбаатарт холбогдох шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх захирамждаа дурдсан байгаа. Гэрчийн мэдүүлгээс яг тухайн асуудлыг аваад яг энэ асуудал нь Сүхбаатарыг буруутай гэж үзэж байна уу үгүй юу гээд асуусан. Гэтэл тухайн асуудал нь тухайн осол болсны дараа Сүхбаатарын үйлдэл дээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан. 04 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээч томилох тогтоолтойгоо Б.Ариунзаяаг танилцуулаагүй. Хэрвээ танилцуулсан бол бид нар шинжээчийн дүгнэлт гаргах асуудал дээр нь хүсэлтээ гаргах эрхтэй байсан. Яагаад та нар болсон асуудлын араас гаргаад байгаа юм бэ. Ийм ийм асуудал дээр давхар хариулт өгөөч гэж бид нар хандах байсан. Гэтэл тэр эрхийг маань хязгаарласан. Болсон асуудлын дараа дүгнэлт гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүх дүгнээд байгаа нь зөв гэж үзэж байна. Процессын хувьд дараа нь болсон асуудал. Прокурор мөрдөгчийн шалгаад ирж байгаа хэргийг нягталж шалгаад дутуу байвал шаардлагатай бол буцааж явуулах байсан. Гэтэл одоо хохирогч талаас ийм зүйл ярьж байна тэрийг нь нөхөөд өгье гээд анхан шатан дээр нөхөж өгөөд л. Давж заалдах шатанд ирээд л анхан шатны шүүхийн хурлын тэмдэглэл товчхон гарчихсан байсан. Прокурор тэр үед энэ бараг шаардлага ч үгүй. Хэрэв шаардлагатай гэвэл тэрийг нь бид нар аваад өгье гэсэн байдлаар хандаж байсан. Нөхөөд өгөх боломжтой гэж яагаад ингэж яриад байгааг ойлгохгүй байна, гайхаж байна. Нөгөө талаар тухайн энгэрийн камерын бичлэг байгаа юм уу, эсвэл хаанаас хуулаад байгаа юм тэрийг тогтоол үйлдэж хийх ёстой гэж би ойлгож байна. Хаанаас ч авчирсан юм. Шүүх хурал дээр тэр талаар маргаан гарах юм бол магадгүй нотлох баримтаар үнэлэхгүй байх гэж бодож байна. Хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн баримт мөн ч юм уу, биш ч юм уу нэг CD аваад ирсэн. Ийм гурван үндэслэл байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Хэргийг прокурорт буцсаны дараа бид нар хууль ёсных нь дагуу бүх гомдлоо гаргаж шийдвэрлүүлмээр байна. Зөрчигдсөн бүх эрхээ эдэлмээр байна. Тэрийг шүүх дээр, шүүх хуралдаан дээр нөхөн гүйцэтгэх ямар ч боломжгүй. Прокурорын байгууллага шат шатандаа хандах ёстой зүйл гэж бодож байна. Дотоод итгэлд нөлөөлөх гээд байгаа юм уу яах гээд байгаа юм. Хоёр талын аав, ээжүүд бүгд сууж байна. Хэрэгт юу ч байхгүй. Хоёр тал хохирлын мөнгөнөөс болоод 90 сая төгрөгийг маш их юм шиг яриад байна. Өнөөдөр 2, 3 хүний амь амьдрал үлдсэн. Нацагдорж буюу Баттамирын аавынх нь гаргасан хүсэлтийг харахад миний бие Б.Ариунзаяагийн хамтаар хохирогчоор тогтоож өгөөч гээд. Энэ хоёр хүн хамтдаа хохирогчоор тогтоолгох хүсэлттэй байгаа. Сэтгэл санааны хохирол яригдана. Дээрээс нь гэм буруутай хүмүүст хэн нэгэнд нь ял завшуулчихгүй тухайн гэм буруутай хүмүүсийг зөв олж тогтоож эрүүгийн хариуцлага оногдуулах асуудал яригдана. Сэтгэл санааны хохирлын тухайд Б.Ариунзаяа хамтын амьдралтай байсныг тогтоосон шийдвэрээ гаргаад өгчихсөн. Энэ хүн бол нэхэх эрхтэй гэдгээрээ Б.Ариунзаяаг хохирогчоор тогтоолгох. Гэм буруутайд хэнийг тогтоох вэ гэсэн асуудалд аав нь давхар өөрсдөө гомдлоо гаргаад явах юм. Тэр нь хуулийнхаа дагуу төрсөн эцэг эх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно гэсний дагуу төрсөн эцэг нь хууль ёсны төлөөлөгчөөр, Б.Ариунзаяа хохирогчоор эсвэл иргэний нэхэмжлэгчээр явах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөрдөгч мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж хохирогч, түүний өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах үүргээ биелүүлээгүй. Хэрэгт авагдсан баримтаас харахад 05 сарын 1-ний өдөр мэдэгдсэн гэдэг нь нөхөж өгч байгаа баримтаар тогтоогдож байна. Амь хохирогчийн мэдүүлэг өгсөн тухайн баримтыг ном журмын дагуу хавсаргаагүй. Нөхөж өгч байгаа асуудал хууль зөрчиж байна. Анхан шатны шүүхийн захирамжид дурдсан Сүхбаатар дээр гаргасан гээд байгаа зөрчил. Тухайн шинжээчийн дүгнэлтийг гаргах гэж байгаа тогтоолыг танилцуулаагүй. Хохирогч болон түүний өмгөөлөгч нарт танилцуулаагүй. Тухайн дүгнэлтийг 05 сарын 03-ны өдөр буюу аль хэдий яллах дүгнэлт нь үйлдчихсэн танилцуулсан гэдгээ хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлолдож байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хязгаарласан учраас мөрдөн шалгах ажиллагааг нөхөж хийх, анхан шатны шүүхээс гаргасан захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй оролцогчийн эрхийг хангасан захирамж болсон учраас хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунзаяа тайлбартаа:

Мөрдөгч Болдсайхан над руу залгаад Сүхбаатарын шинжээчийн дүгнэлт гарсан танилцаарай гэж хэлэхээр нь би хүүхдээ харж байна би очно гэж хэлээд ирсэн. Орой нь ирээд мөрдөгч рүү залгаад би ирчихлээ та хаана байгаа юм бэ шинжээчийн дүгнэлттэй танилцъя гэсэн чинь одоо болчихсон чи буцаад яв яв гэхээр нь би маргааш нь хот руу буцсан. Удалгүй над руу залгаад хэрэг нь прокурор руу шилжсэн чи гомдолтой гэдгээ эрүүл мэндийн салбараар биш хууль ёсны дагуу шалгуулна гэсэн өргөдөл бичээд өгчих гэхээр нь би өмгөөлөгчтэйгөө ярья гээд өмгөөлөгчдөө хэлээд маргааш нь прокурор дээр ирж танилцсан. Би Улаанбаатар хотоос 3 өнгөрөөж ирсэн. 5 өнгөрөөгөөд анхан шатны шүүх хаана гээд бид хоёрт цаг хүрэхгүй хугацаанд л танилцсан. Тэрэн дээр бид хоёрыг бүрэн гүйцэт танилцсан байна. Танилцсан гээд биччихсэн байсан. Бид хоёр бүрэн гүйцэт танилцаж чадаагүй. Эхлүүлээд хажуу талд зогсож байсан охин нь эгчээ цаг дууслаа тарах цаг болчихлоо гээд бид хоёр гүйцэт танилцаж чадаагүй байхад бүрэн гүйцэт танилцсан гээд биччихсэн байсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Б.Анхбаяр:

Тайлбаргүй гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч Б.Анхбаярт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Шүүх аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалт чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

3.Прокуророос яллагдагч Б.Анхбаярыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 11.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багт үйл ажиллагаа явуулдаг "Шарын гол" ХК-ийн хашаан дотор ажлын байран дээрээ “HITACHI-1900” маркийн экскаваторт засвар үйлчилгээ хийж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18-р зүйлийн 18.2.5 дахь заалтад заасан "...ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх...", 18-р зүйлийн 18.2.7 дахь заалтад заасан "...өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх...", Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А368 дугаартай хамтарсан тушаалын хавсралт, "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн нийтлэг шаардлагын 17 дахь заалтад заасан "Ажилтан бүр ажил олгогчийн баталсан жагсаалтын дагуу стандартад нийцсэн ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдах ба тэдгээрийг зориулалтын дагуу зөв хэрэглэнэ", 3.7-д засвар үйлчилгээ хэсгийн 222 дахь заалтад заасан "машин механизмыг бүрэн зогсоож түүний залгах, салгах хэрэгслийн гэнэт залгагдах боломжийг арилгасан нөхцөлд тэдгээрийн эд ангиудад засвар үйлчилгээний ажил хийхийг зөвшөөрнө, засварын ажлын явцад машин тоног төхөөрөмжид дулаан цахилгаан, хий, шингэний даралтыг зайлшгүй өгөх шаардлагатай бол аюулгүй ажиллагааг хангах нэмэлт арга хэмжээ авсан тохиолдолд зөвшөөрнө" гэж заасан үүргийг тус тус биелүүлээгүйн улмаас ажилтан Н.Баттамир нь экскаваторын шанаганд хавчуулагдан амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4.Шүүх хэргийг хүлээн аваад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунзаяагийн өмгөөлөгч Э.Одончимэгийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж,  

-...мөрдөгч нь амь хохирогч Н.Баттамираас 2024 оны 01 сарын 26-ны өдөр хохирогчоор мэдүүлэг авсан ба гарын үсэг зурах боломжгүйн улмаас мэдүүлгийг дуу-дүрсний бичлэг хийж тэмдэглэлд тусгасан атлаа бичлэгийг хавтаст хэрэгт хавсаргаагүй,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунзаяа, түүний өмгөөлөгч Э.Одончимэг нарт хэргийн материал танилцуулаагүй,

-энэ хэрэгт амь хохирогчийн төрсөн эцэг Б.Нацагдоржийг хууль ёсны төлөөлөгчөөр сольж тогтоолгох асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны үед шийдвэрлүүлэх нь зүйтэй... гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй.

4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1.д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, мөн хуулийн 2.т “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, ....шүүгдэгчийн мэдүүлэг, ....энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг...энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно”, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1., 2.т мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар цуглуулсан нотлох баримт, баримтат мэдээлэл бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж хэрэгт бэхжүүлж хавсаргах талаар заажээ.

Яллагдагч Б.Анхбаярт холбогдох 1-р хавтаст хэргийн 45 дахь талд авагдсан хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлээс харахад дуу-дүрсний бичлэг хийсэн болох нь тогтоогдож байх ба уг бичлэгийг хавсаргаагүй нь шүүхээс нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шалгах, үнэлэх боломжгүй байна. 

4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.8.д зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.9.д зааснаар өмгөөлөгч нь хэргийн бүх материалтай танилцах эрхтэй ба энэ хуулийн 32.1 дүгээр зүйлд зааснаар мөрдөгч нь мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссаныг хэргийн бүх оролцогчдод мэдэгдсэний дараа тэдэнд хэргийн материал танилцуулж, тэмдэглэл үйлдэх ба хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэйг хуульчилжээ.

Гэтэл яллагдагч Б.Анхбаярт холбогдох 2-р хавтаст хэргийн 98-р талд Төрийн болон албаны нууцыг задруулж болохгүй тухай баталгаа гэсэн маягт дээр аль байгууллагын, ямар албан тушаалтай, хэн гэдэг хүн бичсэн нь тодорхойгүй ...2024.05.03-ны өдөр 18.00 цаг хүртэл хэргийн материалтай танилцаад явав... гэж бичихдээ хэргийн оролцогчийн хэн болохыг бичээгүй, мөн 2-р хавтаст хэргийн 102 дахь талд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл гэсэн баримтаас харахад ...2024.05.03-ны өдрийн 18.00 цаг хүртэл хохирогч Б.Ариунзаяа, өмгөөлөгч Э.Одончимэг нар хэргийн материалтай танилцав, 2024.05.08-ны өдөр хохирогч, өмгөөлөгч Э.Одончимэг нар хэргийн материалтай танилцана, шүүхийн шатанд танилцаг...гэж бичсэн атлаа хэдэн сарын хэдний өдөр нь тодорхойгүй, огноо бичигдээгүй, хэн танилцсан талаар гарын үсэг зурагдаагүй байх тул тэдэнд хэргийн материал танилцуулсан гэж үзэх боломжгүй, ийм тохиолдолд хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

4.3. Нэгэнт дээрх хууль зөрчсөн ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар дахин хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн тул энэ хэрэгт амь хохирогчийн төрсөн эцэг Б.Нацагдоржийг хууль ёсны төлөөлөгчөөр сольж тогтоолгох эсэх асуудлыг түүний удаа дараа гаргасан хүсэлтийг нь үндэслэн шийдвэрлэхийг заасан нь буруу биш юм.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11.д "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх урьдчилан хэлэлцүүлгээр дээрх хуулийн заалтыг зөрчиж, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамждаа ...гэрч С.Сүхбаатарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн эсэхийг тогтоох, түүний үйлдэл, эс үйлдэхүйд гэмт хэргийн шинжтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай, шинжээч Ж.Баяраагийн С.Сүхбаатар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчөөгүй гэж гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдлыг тогтооход хангалтгүй, С.Сүхбаатар нь хэний зөвшөөрлөөр техникийг асааж, хэний дохиогоор шанагыг хөдөлгөсөн, энэ үйлдэл нь аюулгүй ажиллагааны журамд нийцсэн үйлдэл мөн эсэхэд дүгнэлт гаргуулах шаардлагатай... гэж гэм буруу, хэргийн үйл баримтад дүгнэлт хийсэн нь буруу болсон байх тул захирамжийн тодорхойлох хэсэгт шалгуулахаар заасан заалтаас зөвхөн энэ агуулга бүхий заалтыг хүчингүй болгов.

6.Иймд дээр дурдсанаар хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 593 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Анхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

         ШҮҮГЧ                                                        Б.МАНЛАЙБААТАР

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ