2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/04837

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 29 191/ШШ2025/04837

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох  тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Б.******* миний бие нь 1990 оны 12-р сарын 26-наас зураг төслийн Харш пүүс, Харш ББХК-д зургийн техникчээр томилогдон ажилласан болно.

Одоо тэтгэвэрт гарах болсон тул ажилласан жил хүрэхгүй байга учир 1990 оноос 1995 оны 01 сарын 01 хүртэл Харш пүүс, Харш ББХК-д ажиллаж байсан тушаал архивын баримтаас гарч ирэхгүй байгаа тул намайг 1990 оны 12-р сарын 26-наас 1995 оны 01-р сарын 01 өдрийг хооронд зураг төслийн Харш пүүс, Харш ББХК-д зургийн техникчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын лавлагаа гаргах боломжгүй гэх тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын лавлагаа гаргах боломжгүй гэх тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрэл зураг, Бид нэг жаранд ҮБЗТ-60 номын хуулбар, гэрч Б.*******ын тодорхойлолт, Б.*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Н.*******ын гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг хавсаргаж ирүүлсэн байна.

 

Шүүхээс шүүгчийн захирамжаар Б.*******ийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1 маягт, ХААТР-7, ХААТР 21 маягт, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Харш Пүүс, Харш ББХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа, Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивын газраас Б.*******ийн 1990-1995 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсантай холбоотой тушаал, шийдвэр, цалингийн мэдээлэл бусад холбогдох баримт байгаа эсэх лавлагаа зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3. Хүсэлт гаргагч Б.******* нь 1990 оны 12-р сарын 26-наас 1995 оны 01-р сарын 01-ний хооронд зураг төслийн Харш пүүс, Харш ББХК-д зургийн техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин байгаа газрын эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах шаардах эрхтэй.

 

5. Хүсэлт гаргагч Барилгын инженер хайгуул үйлдвэрийн барилгын зургийн бригадад техникчээр 1989 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл техникчээр ажиллаж байсан болох нь түүний 283736 дугаар Хөдөлмөрийн дэвтэрт Барилгын инженер хайгуул үйлдвэрлэл барилгын зургийн бригадад техникчээр 1989 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс авч ажиллуулав. Зураг, төсвийн курс төгссөн тул үйлдвэрийн барилгын зургийн бригадад техникчээр авч ажиллуулав гэх тэмдэглэгээ, Гэрч Б.*******, Н.******* нарын мэдүүлэг зэргээр,

Харш пүүст 1990 оны 12 дугаар сарын 26-наас 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл техникчээр ажиллаж байсан болох нь дээрх Хөдөлмөрийн дэвтэрт Харш пүүсийн захирлын 1991 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот тушаалаар техникчээр томилов. Харш пүүс татан буугдсан тул ажлаас 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс чөлөөлөв гэх тэмдэглэгээ, Барилгын зургийн төв институтын захирлын 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот Зохион байгуулалтын тухай тушаалд ..Институтын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан хавсралтад дурдсан удирдах болон инженер техникийн ажилтан, ажилчдыг үүрэгт ажлаас нь 1990 оны 12 дугаар сарын 26-наар тасалбар болгон чөлөөлсүгэй. Тушаалын 1 дүгээр хавсралтад Харш пүүс Б.******* гэж бичигдсэн байх ба Б.*******ийг Харш пүүст 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

6. Иймд хүсэлт гаргагч Б.*******ийг Харш пүүст 1990 оны 12 дугаар сарын 26-наас 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох үндэстэй.

 

7. Харин Харш пүүс нь нэр, хэлбэрээ өөрчилж Харш ББХК болсноор 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс техникчээр томилсон тухай Хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгээ хийгдсэн боловч дээрх 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, энэ талаар ямар нэгэн бичгийн баримтыг хүсэлт гаргагч заагаагүй байх тул Б.*******ийг Харш ББХК-д 1993, 1994 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл техникчээр ажилласан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

8. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 318 тоот албан бичгээр Харш ББХК нь 1990, 1991, 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх боловч ажилчдын нэрсийн жагсаалт ирүүлээгүй байна.

 

9. Дээрх нотлох баримтаас үзэхэд хүсэлт гаргагч Б.*******ийг Харш ББХК буюу ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг хэдийд байгуулж, цуцалсан талаарх баримтгүй, энэ тухайд гэрч Б.*******, Н.******* нар тодорхой мэдүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас Харш ББХК-д 1993, 1994, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

10. Ажил олгогч Харш ББХК нь дээрх хугацааны ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй бол тухайн үед мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэл оногдуулах, тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсоох, нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол уг шимтгэл, алданги, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах, илүү төлсөн шимтгэлийг суутган тооцох, шимтгэл, алданги, хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн, мэдээ тайланг хугацаанд нь ирүүлээгүй, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах бүрэн эрхтэй тул Нийгмийн даатгалын байгууллагад хандах нь зүйтэй бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцно гэж зохицуулсан байна.

 

11. Иймд хүсэлт гаргагч Б.*******ийн, Харш пүүст 1990 оны 12 дугаар сарын 26-наас 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзнэ.

 

12 .Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Б.*******ийг Харш пүүст 1990 оны 12 дугаар сарын 26-наас 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР