Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 273

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Ж.Энхжаргал,

            Шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Х овгийн Ч.М холбогдох 1803000010102 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн Ч.М, 1998 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалант суманд төрсөн, 19 настай,  эмэгтэй,  бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, Монголын үндэсний их сургуулийн Эрх зүйн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 6-33-84 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ч.М нь 2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 08 цаг 50 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Мөнгөн завъяа дэлгүүрийн урд замд Тоёота Приус маркийн 08-68 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлого байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгээс гаран С.Дүнжидмаагийн эзэмшлийн ТҮЦ-ийг мөргөж, зорчигч А.Намсрайжамцын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Ш.Дүнжидмаад 195.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Ч.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний буруугаас болж энэ хэрэг гарсан. Маш их харамсаж байна. Хохиролд нийт 1.700.000 төгрөг төлсөн...” гэв.

            Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Иргэний нэхэмжлэгч Ш.Дүнжидмаа нь мэдүүлэхдээ: “...Өглөө би түргэн үйлчилгээний цэгтээ 09:00 цагт явж очсон. Приус 30 маркийн цагаан өнгийн машин миний түргэн үйлчилгээний цэгийг мөргөж баруун тийш нь эргүүлсэн байдалтай, дээвэр нь нурсан орж болохоор байсан. Түргэн үйлчилгээний цэгт үнэлгээ хийлгэсэн, 215.000 төгрөгийн үнэлгээ гарсан. Үнэлгээний дагуу жолоочийн гэр бүлийхэн ирж миний түргэн үйлчилгээний цэгийг засч янзалж өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-53/.

Иргэний нэхэмжлэгч Б.Уранзаяа нь мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Мөнгөн завъяа дэлгүүрийн урд байрлах явган хүний гарцыг манай байгууллага хариуцдаг юм. Жолоочийн ээж Батцэнгэл гэдэг хүн засч янзлаад эвдрэл гэмтэлгүй болгосон байсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-139/.

Иргэний хариуцагч А.Батцэнгэл мэдүүлэхдээ: “...Манай охин хаяа миний машиныг сургуульруугаа унаад явдаг юм. Жолооны эрх 2016 оны 12 дугаар сард авсан. Тэр өдөр охин Тэмүүлэн гээд найз нь 13 дугаар хороолол дуудаж байна, явчихаад ирэх үү гэхээр нь би зөвшөөрөл олгосон...” гэжээ /хх-112/.

Насанд хүрээгүй хохирогч А.Намсрайжамц нь мэдүүлэхдээ: “...нөгөө охин машины хүрдээ баруун тийш нь дараад дахиад зүүн тийш нь дартал Мөнгөн завъяа дэлгүүрийн автобусны буудлын явган хүний гарам очиж мөргөсөн. Тэгээд юу болсон талаар би мэдэхгүй байна. Нэг мэдэхэд намайг машинаас Тайван гаргасан, түргэн тусламжийн машин ирээд жолооч охины аваад явсан байсан. Миний хацар эвгүй байгаад байхаар нь хэмжилт хийж байсан цагдаад хацраа үзүүлэхэд сая түргэний машин ирээд явчихсан шүү дээ, чи араас нь гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүл гэсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очиход толгойнд цус хуралт, нүүрний яс бяцарсан байгаа учир яаралтай хэвт гээд намайг хэвтүүлсэн...” гэжээ /хх-29-30/.

  Насанд хүрээгүй хохирогч А.Намсрайжамцын хууль ёсны төлөөлөгч Д.Гантулга нь мэдүүлэхдээ: “...Насрайжамцын бие одоо гайгүй байгаа, заримдаа толгой өвдөж байна гэдэг. Эмчилгээнд нийт 1.500.000 төгрөг зарцуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. эмчилгээний төлбөрөө авчихсан...” гэжээ /хх-51/. 

Гэрч М.Тайван мэдүүлэхдээ: “...Талбайн урдуур Мөнгөн завъяа дэлгүүр чиглээд явж байтал нэг мэдсэн осолд орчихсон байсан. Тухайн өдөр бид хэд тоглоомын газар нойргүй тоглосон болохоор их зүйрмэглэсэн байсан. Юунаас болж осол гарсаныг мэдэхгүй байна. Хоёр тийшээ машин нь дайвалзаад байсан...” гэжээ /хх-55-56/.

Гэрч Э.Батжаргал мэдүүлэхдээ: “...Нэг мэдсэн чинь л осол болчихсон намайг Тайванаа сэрээгээд машинаас гаргаж байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Хойд суудалд сууж байсан Тайван, Намсрайжамц бид гурав бүс зүүгээгүй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-60-61/.   

Гэрч А.Тэмүүлэн мэдүүлэхдээ: “...Би найз охиныхоо хажууд буюу жолоочийн хажуугийн суудал дээр суугаад явж байсан. Тухайн үед машины хөгжмийг ажиллуулсан байсан. Цэцэг төвийн гэрлэн дохио өнгөрөөд Мөнгөн завъяа дэлгүүрийг чиглээд явж байтал Мягмарнаран машиныхаа хүрдыг зүүн гар талруугаа дарсан. Тэгээд л нэг мэдсэн Мөнгөн завъяа дэлгүүрийн буудал руу гулсаж ороод осол болсон. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-63-64/.    

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-11-12/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-15/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-121/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн
хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №1311 дугаартай дүгнэлт:

1. Намсрайжамцын биед баруун хацар, баруун гайморын хөндийн өмнөд хана, баруун гайморын хөндийн цус хуралт, цээжний зүүн талын 11-рхавирга яаны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн чамархайн зөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх голомтлог цусан хураа гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн    чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэжээ /хх-68/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.   

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Ч.М нь 2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 08 цаг 50 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Мөнгөн завъяа дэлгүүрийн урд замд Тоёота Приус маркийн 08-68 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлого байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгээс гаран С.Дүнжидмаагийн эзэмшлийн ТҮЦ-ийг мөргөж, зорчигч А.Намсрайжамцын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Ш.Дүнжидмаад 195.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

Иймд шүүгдэгч Хүртэн овгийн Чулуунбаатарын Мягмарнаранг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан заалтыг зөрчин С.Дүнжидмаагийн эзэмшлийн ТҮЦ-ийг мөргөж, зорчигч А.Намсрайжамцын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Ш.Дүнжидмаад 195.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүгдэгч Ч.М нь  хохирогч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын баримтаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, жолоочийн №1148612 дугаартай үнэмлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, тээврийн хэрэгслийн №00388089 дугаартай гэрчилгээг өмчлөгч А.Батцэнгэлд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Ч.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, жолоочийн №1148612 дугаартай үнэмлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, тээврийн хэрэгслийн №00388089 дугаартай гэрчилгээг өмчлөгч А.Батцэнгэлд буцаан олгосугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гантулга нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН