Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/711

 

Л.Энхжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч Б.Ганчулуун,

шүүгдэгч Л.Энхжаргал, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/283 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Энхжаргалын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Энхжаргалд холбогдох 2311013700176 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Өөлд овгийн Лхамсүрэнгийн Энхжаргал, 1981 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Бат-Орших Арвижих” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 8, нөхөр, 6 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, /РД:ЧА81021504/,

Л.Энхжаргал нь 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Ганчулууныг Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ган” бөөний төвд байхад нь 700 граммын савлагаатай 20 шил “Hennessy vsop” нэртэй коньякийг “төлбөрийг нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өгнө” гэж хуурч аван 4.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Энхжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Энхжаргалыг бусдыг хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Энхжаргалын өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Энхжаргалын хувьд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ган” бөөний төвөөс 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нийт 4.000.000 төгрөгийн үнэ бүхий 20 шил “Хэннэси” нэртэй коньякийг өөрийн нөхөр болон түүний найз нараар дамжуулан Б.Ганчулуунаас зээлээр авсан гэдгээ маргадаггүй. Харин түүнд тухайн коньякийг авах шаардлага, хэрэгцээ байгаагүй. Л.Энхжаргалаас Номин-Эрдэнэ гэх хүн “Их хэмжээний коньяк авах хэрэгцээ байна, би арга хэмжээнд орох гэж байгаа юм” гэж гуйгаад зээлж авсан байдаг. Гэвч Номин-Эрдэнэ нь төлбөрөө төлөөгүйн улмаас энэ асуудал үүссэн. Л.Энхжаргал болон хохирогч Б.Ганчулуун нарын хооронд үүссэн харилцаа нь иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа байхад анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс Л.Энхжаргалыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхдээ “шүүгдэгч Л.Энхжаргал нь хохирогч Б.Ганчулуунаас тодорхой бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог дараа хийхээр тохиролцон зээл гэж итгүүлэн өөртөө шилжүүлэн авсан атлаа тохиролцсон хугацаандаа төлбөрийг төлөлгүй, улмаар хохирогчийг мөнгөө авахаар нэхэхэд шалтаг тоочин, утсаа авахгүй, уулзахгүй байх зэрэг үйлдэл хийж байгаа нь шүүгдэгчийг санаатайгаар шунахай сэдэлтэй итгэл эвдэх аргаар хохирогчийг хуурч залилсан гэж шүүх дүгнэсэн...” гэсэн нь хэт нэг талыг барьсан, үндэслэл муутай, талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг буруугаар тайлбарлаж залилах гэмт хэрэг гэж шийдвэрлэсэн нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Л.Энхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.        

Шүүгдэгч Л.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Ган” бөөний төвөөс нийт 4.000.000 төгрөгийн үнэ бүхий 20 шил “Hennessy vsop” нэртэй коньякийг өөрийн нөхөр болон түүний найз нараар дамжуулан Насанжаргал гэдэг хүнээс гуйж, зээлээр авсан. Номин-Эрдэнэ надаас “Hennessy vsop” нэртэй коньякийг олж өгөөч гэж гуйсан учраас би дээрх үйлдлийг хийсэн. Надад бусдыг залилах санаа, зорилго огт байгаагүй. Би өөрийгөө залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. ...” гэв.            

Хохирогч Б.Ганчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Төлөх боломж бололцоо хугацаа маш их байсан. Бид Л.Энхжаргал руу утсаар ярьж, зурвас бичсэн. Сүүлдээ ажил дээр нь хүртэл очиж гуйсан. Хэрэв би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй байсан бол өнөөдөр хохирол төлөгдөөгүй байх байсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Л.Энхжаргалыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүйгээр нотлоогүй тул түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал, анхан шатны шүүх Л.Энхжаргалыг 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ган” бөөний төвд хохирогч Б.Ганчулуунаас 700 граммын савлагаатай 20 шил “Hennessy vsop” нэртэй коньякийг “төлбөрийг нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өгнө” гэж хуурч аван 4.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан шинжлэн судлахад, Л.Энхжаргалыг дээр дурдсан арга, сэдэлт, зорилгоор хохирогч Б.Ганчулууныг хуурч залилсан гэх байдал тогтоогдсонгүй.

Хэргийн 7 дахь хуудаст авагдсан 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “Б.Ганчулуун нь Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ган” бөөний худалдааг ажиллуулж байхад зүс таних эмэгтэй болох Л.Энхжаргал нь лангуунаас 4.500.000 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг коньяк зээлээр аваад мөнгийг нь өгөхгүй байна” гэх тэмдэглэл, Бараа хүлээн авсан “...2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Ган” бөөний төвөөс Hen VSOP 20ш-ыг 6 дугаар сарын 05-нд төлөхөөр зээлээр авлаа...” гэх бичиг, хохирогч Б.Ганчулууны “...2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Энхжаргал гэх манай ахын танил эмэгтэй ирээд 06 дугаар сарын 05-нд өгнө гэсэн хугацаатай Hennessy VSOP гэсэн нэртэй 0.7 литрийн хэмжээтэй 20 шил коньякийг зээлээр аваад явсан. 06 дугаар сарын 05-нд ирээд тооцоо мөнгийг нь өгөх болно гэж хэлэхээр нь манай ах болон Насанжаргалын танил байсан болохоор итгээд өгөөд явуулсан юм. Гэтэл одоог хүртэл мөнгийг маань өгөөгүй утсаар холбогдохоор эхлээд утсаа аваад удахгүй өгнө цаашаа үйл ажиллагаанд зарцуулсан болохоор тэр байгууллага нь мөнгөө өгөхгүй байна гэдэг байсан бол сүүлдээ утсаа авахаа больсон. ...Дараа нь утсаар ярихад төрийн өмчийн хороонд өгсөн гэж хэлж байсан...” /хх 13/, гэрч Б.Насанжаргалын “...Манай дүү Ганчулуунаас 3-4 хоногийн хугацаатай 20 шил коньяк зээлж авч байсан. Энхжаргал гэх эмэгтэй нь нөхрөөрөө дамжуулж надаас гуйсан юм. Тэгээд нөхөртэй нь найз нөхдийн харилцаатай учраас итгээд дүүдээ дамжуулж хэлсэн. ...” /хх 23/, Л.Энхжаргалын яллагдагчаар өгсөн “...Би нөхрийнхөө найз болох Насанжаргалтай нөхөр болон өөрөө ярьж байгаад 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Төрийн өмчийн хорооноос байгууллагуудад хандаж хийж байгаа хүлээн авалтад зориулж 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төлнө гэж 20 ширхэг коньяк зээлээр авч өгсөн. Гэтэл уг төлбөр тооцоо нь хүлээн авалт зохион байгуулсан газраас хойшлогдоод байсан энэ үйлдлийг Насанжаргал болон Ган нэртэй архи пиво ундаа усны бөөний худалдааны төвийг ажиллуулдаг Ганчулуун гэх хүмүүст тайлбарлаж хэлсэн боловч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Төлбөрөө одоохондоо төлж амжихгүй байна гэсэн тухайн хүлээн авалтыг зохион байгуулсан компаниас явуулсан чат, мессежийг скрийншот хийгээд явуулсан. Сүүлд би өөрөө 6 сарын тайлан тооцоогоо гаргаад мөнгийг нь төлнө гэсэн боловч цагдаагийн байгууллагад гомдол гаргачихсан байсан. Тухайн үед Hennessy гэдэг 0,75 грамм хэмжээтэй 20 ширхэг коньякийг 1 тус бүрийн үнийг 225.000 төгрөгөөр бодож авч байсан. Нийт 4.500.000 төгрөг болж байсан. Төрийн өмчит, бодлого зохицуулалтын газраас зохион байгуулагдаж байгаа урлаг соёлын төрийн болон төрийн бус байгууллагын хамтарсан үйл ажиллагаа л зохион байгуулсан юм байна лээ. Тэгэхэд Номингэрэл найз маань надаас гуйгаад 20 ширхэг коньяк олоод өгөөч, бид хэд дундаасаа мөнгийг нь хуваагаад өгнө гэхээр нь л би дамжуулж нөхрийн танил Насанжаргалын дүүгээс нь зээлээр 4,500,000 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг коньяк авсан. ...” гэсэн мэдүүлгүүдийн агуулгаас үзвэл шүүгдэгч Л.Энхжаргал нь уг 20 ширхэг коньякийг бусдыг хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй, хувийн хэрэгцээндээ зориулаагүй, зарж борлуулаагүй, харин Номингэрэл гэх найздаа үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаатай нь холбогдуулан нөхрийнхөө найз Насанжаргалаар дамжуулж Б.Ганчулуунтай холбоо тогтоож “Ган” бөөний төвд очиж “2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ган бөөний төвөөс Hen VSOP 20 ширхийг зээлээр авлаа. 06 дугаар сарын 05-нд 22500x20=4,500,000 төгрөг төлнө...” гэсэн утга бүхий гэрээг хийж авсан үйл баримт тогтоогджээ. 

Гэтэл нотлох баримтаар тогтоогдсон энэ үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй буюу тухайн зээлээр авсан гэх 20 ширхэг коньякийг хэн, ямар зорилгоор авсан, Л.Энхжаргал нь Б.Ганчулууныг хэрхэн яаж хуурч залилсан нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй байна.

Энэ нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоож чадаагүй үндэслэлд хамаарч байна.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа нэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоосон байвал зохино.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.

Энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл Л.Энхжаргалын “Ган” бөөний төвөөс 20 ширхэг “Hennessy VSOP” коньякийг зээлж аваад, төлбөрийг нь тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үйлдэлд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субьектив санаа зорилгын хүрээнд үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн объектив, субьектив талын шинж үгүйсгэгдсэн гэж дүгнэв.  

Өөрөөр хэлбэл, Л.Энхжаргал болон бусад хүмүүсийн хооронд үүссэн харилцаа Иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой, гэрээний эрсдэл, үүргийн биелэлтээс шалтгаалсан иргэний эрх зүйн маргааны шинжийг агуулсан гэж үзэхээр байна.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч Л.Энхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/283 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн прокуророос Л.Энхжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Л.Энхжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

         

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.ДАРЬСҮРЭН

              ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

              ШҮҮГЧ                                                              С.БОЛОРТУЯА