2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01305

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух, ******* овогт************** /рд:***/-ын нэхэмжлэлтэй

Чимэдрэгзэнгийн******* /рд:***/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн даргаар Б.Сувд-Эрдэнэ оролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оргилхүүгийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оргилхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.Мэндбаяр Ч.Пүрэв-Осороос автобус худалдах-худалдан авах гэрээ хийхээр 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 05 сарын 30-ны өдрийн дугаар 184/ШЗ2024/13131 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ байхгүй байгаа шалтгаанаар хэрэг хэрэгсэхгүй болсон тул хариуцагч Ч.Пүрэв-Осорыг эрэн сурвалжилж оршин байгаа хаягийг олж өгнө үү.. гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 2-6-р тал.

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Ч.Пүрэв-Осорын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа 1 хуудас, мэдэгдэх хуудас 3 хуудас.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Мэндбаяр Ч.Пүрэв-Осорыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ Ч.Пүрэв-Осорт холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа бүртгэлгүй, оршин суудаггүй, шүүхэд хандах гэхээр хаана оршин сууж байгааг мэдэх боломжгүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт Ц.Мэндбаяр Ч.Пүрэв-Осор нарын хооронд байгуулагдсан хэлцэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 30-ны өдрийн 13131 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Ч.Пүрэв-Осорын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа 1 хуудас, мэдэгдэх хуудас 3 хуудас зэрэг баримт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

Иймд Ц.Мэндбаярын хүсэлтийг хүлээн авч, Ч.Пүрэв-Осорыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

Чимэдрэгзэнгийн******* **** тоот хаягт оршин суух бүртгэлтэй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан************** /рд:****/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ч.Пүрэв-Осорыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Ч.Пүрэв-Осорыг хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч Ц.Мэндбаяр /утас:***/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ