2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/05717

 

 

 

 

 

 

2025 6 27

191/ШШ2025/05717

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  тоотод оршин байрлах Монголиа найрамдал констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байрлах Бээжин юни констракшн групп монголиа ХХК-нд холбогдох

Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 2,385,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нар нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Бээжин Юни Констракшн Групп Монголиа ХХК-тай BUCCMN-022-019 дугаартай Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын авто замын төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээ-г байгуулж ажиллаж байгаад хариуцагч нь ямар ч шалтгаангүйгээр Монголиа Найрамдал Констракшн ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, өөр компаниар тус компанийн гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх болсон тул талууд уг гэрээт ажлыг дүгнэж Монголиа Найрамдал Констракшн ХХК-нд нийт 6,275,858,151.93 төгрөгийн бодит зардал, хохирол учирсан тухайд тооцоо нийлж, хариуцагч компанийн хүсэлтээр төлбөрийг багасгаж, 5,000,000 юань (Таван сая юань)-ийг:

- 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн 30 хувь болох 1,500,000 юань,

- 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн 30 хувь болох 1,500,000 юань,

- 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн үлдэгдэл 2,000,000 юанийг тус

тус төлж барагдуулах тухай BUCCMN-2022-019 дугаартай нэмэлт гэрээг байгуулсан.

Гэвч хариуцагч нь нэмэлт гэрээнд заасан хуваарийн дагуу эхний төлөлт хийгдэх хугацаа болж байгааг сануулсан нэхэмжлэгчийн албан бичигт хариу өгөхгүй, утсаар холбогдохгүй байсан тул нэмэлт гэрээг хуулийн дагуу баталгаажуулж, эвлэрлийн гэрээ байгуулах гэж хариуцагч компанийн үйл ажиллагаа явуулж байгаа оффисынх нь хаягаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хандаж өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу талууд эвлэрүүлэн зуучлагч Д.Х******* дэмжлэгтэй 2 удаагийн уулзалт хийсэн. Уулзалтад хариуцагч байгууллагын захирал нь өөрийн орчуулагч Д.Б******* хамт хүрэлцэн ирж, болон тоот хаягт үйл ажиллагаа явуулж байгаагаа илэрхийлж, Нэмэлт гэрээний дагуу үүрэг хүлээснээ зөвшөөрсөн боловч Бээжин хотод байрлах толгой компаниас санхүүжилт хэдийд орж ирэх нь тодорхойгүй байгаагаас хугацааг тохиролцох боломжгүй тухай тайлбар өгч байсан. Улмаар 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болсон сүүлийн уулзалтаар 5,000,000 юань (Таван сая юань)-ийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулахаар тайлбар болон гэрээг баталгаат орчуулгаар орчуулуулж гарын үсгийг нь зуруулах гэтэл уг уулзалтын дараанаас хариуцагч нь гэрээнд гарын үсэг зурахгүй, уулзалдахгүй өнөөг хүрсэн. Иймд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож, ИХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу компанийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа хаягаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хариуцагчийн төлөх ёстой 5,000,000 юань (Таван сая юань)-ийг нэхэмжлэл гаргах өдрийн Монголбанкны ханшаар тооцож, нийт 2,385,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Манай Бээжин Юни Констракшн Групп Монголиа ХХК нь Алтан ташуур ХХК-тай түншлэлээр 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын авто замын ЛОТ-5 төслийн гэрээг / дугаартай/ захиалагч ТТС and T ХХК-тай байгуулж, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн. Уг төсөл дээр ажиллаж байсан Тэнэгэр зам ХХК нь 2022 оны 08 сард ажилтнуудаа БНХАУ руу буцааж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон тул төслийн үйл ажиллагааг тасалдалгүй явуулахын тулд Монголиа Найрамдал Констракшн ГХОХХК-тай:

1. 2022 оны 08 сард Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ / дугаартай, 3 сарын хугацаатай, 1,461,000,000 төгрөгийн үнэ бүхий/,

2. 2022 оны 09 сард Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ /B18 дугаартай, 3 сарын хугацаатай, 5,440,500,000 төгрөгийн үнэ бүхий/ гэрээг байгуулж ажиллаж байсан. Дээрх хоёр гэрээний төлбөрт нийт 6,901,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, 2022.08.19-2023.05.23-ны хооронд нийт 7,089,760,089.06 төгрөгийг шилжүүлсэн. Харин Монголиа Найрамдал Констракшн ГХОХХК нь өөрийн хувь эзэмшдэг Суварган зам ХХК-тай хамтран цаашид уг төсөл дээр туслан гүйцэтгэгчээр ажиллах саналыг гаргаж, бид BUCCMN 2022-019 дугаартай гэрээг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан боловч төслийн захиалагчийн зүгээс тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй гэж үзэж, гэрээг хэрэгжүүлэхээс татгалзсан. Тиймээс энэхүү гэрээ огт хэрэгжээгүй, ямар ч ажил хийгдээгүй, бодит зардал гаргаагүй бөгөөд төлбөр төлөх ямар ч үндэслэл байхгүй болно. Нэмж дурдахад, нэхэмжлэгчийн эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн ******* ******* бөгөөд тэрээр манай компанийн удирдлагад удаа дараа дарамт шахалт үзүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүчээр гэрээ байгуулахад хүргэсэн. Мөн дээр нь 2024 оны 10 дугаар сард манай компанийн захирал -ийн гэрт нэвтрэн орж, биед нь халдах, бичиг баримт хууль бусаар авах, мөнгөн хөрөнгө дээрэмдэх гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан бөгөөд энэ нь Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шалгагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн BUCCMN-022-019 дугаартай Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын авто замын төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээ, 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр BUCCMN-2022-019 дугаартай Монгол Улсын Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн ачаа даацын авто замын төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1054 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга,

Хариуцагчаас 2022 оны 8 дугаар сарын дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын  дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтууд /х.х-ийн 82-95, 103-104/, Төлбөрийн даалгавар /х.х-ийн 96-102/, Голомт банкны мөнгөн шилжүүлэгийн баримтууд /х.х-ийн 104-108/,

Шүүхийн журмаар вечатын харилцсан захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчээр Ч.З асуусан тэмдэглэлийг бүрдүүлсэн нь тус тус хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                    ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Монголиа найрамдал констракшн ХХК, Суварган зам ХХК нар нь хариуцагч Бээжин юни констракшн групп монголиа ХХК-нд холбогдуулан 2,385,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

1.а. Нэхэмжлэгч Суварган зам ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээр оролцохоос татгалзаж, Монголиа найрамдал констракшн ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

1.б. Шүүх зохигч талуудын гаргасан тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

1.в. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Бээжин юни констракшн групп монголиа ХХК-тай BUCCMN-022-019 дугаартай Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын авто замын төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээ-г байгуулж гэрээний үүргээ биелүүлэхээр тодорхой хөрөнгө зардал гаргасан боловч хариуцагч нь ямар ч шалтгаангүйгээр гэрээг цуцалж, өөр компаниар тус компанийн гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх болсон тул талууд уг гэрээт ажлыг дүгнэж Монголиа Найрамдал Констракшн ХХК-нд нийт 6,275,858,151.93 төгрөгийн бодит зардал, хохирол учирсан талаар тооцоо нийлж, хариуцагч компанийн хүсэлтээр төлбөрийг багасгаж, 5,000,000 юань-ийг төлөхөөр харилцан тохиролцож, 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Bдугаартай нэмэлт гэрээг байгуулсан тул тус гэрээний үүргийг хангуулж 2,385,000,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

1.г. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Бээжин юни констракшн групп монголиа ХХК-тай BUCCMN-022-019 дугаартай Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын авто замын төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээ-г байгуулсан боловч уг гэрээ хэрэгжээгүй, нэхэмжлэгчээс гарсан зардал нь талуудын хооронд 2022 оны 8 дугаар сард Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ / дугаартай, 2022 оны 9 дүгээр сард Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ  дугаартай гэрээний дагуу гарсан зардал тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж маргасан.

2. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр BUCCMN- дугаартай Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын авто замын төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээ, 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дугаартай нэмэлт гэрээний үүргийн талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул шүүх нэхэмжлэгчийн уг шаардлага, үндэслэлийн хүрээнд хэргийг хэлэлцэв.

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзалдаа тодорхойлсон талуудын хооронд байгуулсан 2022 оны 8 дугаар сарын B дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ-ний үүрэг буюу төлбөр тооцооны талаар маргаагүй болно. /х.х-ийн 73-80 дахь талд/

2.1. Нэг ерөнхий захиалагч Бээжин юни констракшн групп монголиа ХХК, нөгөө талаас туслан гүйцэтгэгч Монголиа найрамдал констракшн ХХК ба Суварган зам ХХК нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр B дугаартай Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын авто замын төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр 33,071,163,038.53 төгрөгийг ажил хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 17-21 дэх талд/

Дээрх гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг агуулга зэрэг нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгад нийцэж байхаас гадна талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг харилцан үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Дээрх гэрээ байгуулсны улмаас нэхэмжлэгчээс гарах ёсгүй зардал гарсан эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.

2.2. Зохигч талуудын хооронд 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дугаартай Монгол Улсын Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн ачаа даацын авто замын төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ-г байгуулсан байх бөгөөд уг гэрээнд Гэрээнд заасан ЛОТ-5 хэсэг нь section-9 хэсгийн 25.6км болон section-10 хэсгийн 50.2 км болон хэсгүүдээс бүрддэг. А тал нь уг гэрээг цуцлаагүй байгаа нөхцөлд, төслийн захиалагч ТТСТ компанитай дахин тохиролцож, эдгээр хэсгийн ажилыг гүйцэтгэх өөр компаниудыг сонгон хийлгэхээр болсон. Улмаар захиалагчийн зүгээс А талыг өөр шинэ 2 компанитай гэрээ байгуулж гүйцэтгүүлэхийг шаардсны дагуу section-9 хэсгийн 25.6км болон section-10 хэсгийн 50.2 км хэсгүүдийг туслан гүйцэтгүүлэх шинэ гэрээг байгуулж Б талд эдийн засгийн хохирол учруулсан гэж, гэрээний 3-т Б талаас төсөлд оруулсан хөрөнгө оруулалт болон А талын олгосон санхүүжилтийг нэгтгэн тооцоход өмнөх хөрөнгө оруулалт, хохирлын нөхөн төлбөрийн тооцоог ийнхүү гаргав. Үүнд Б талын төсөлд зориулсан хөрөнгө оруулалт 4,625,000,000 төгрөг, Гэрээний зөрчлийн нөхөн төлбөрт 1,650,858,151.93 төгрөг нийт 6,275,588,151.93 төгрөг гэж, 4-т А, Б талууд харилцан тохиролцсны үндсэн дээр А талаас Б талд нийт 5,000,000 юанийн нөхөн төлбөр төлөхийг зөвшөөрөв. 2024 оны 7 сарын 31 өдөр төлбөрийн 30% болох 1,500,000 юанийг, 2024 оны 10 сарын 31 өдөр төлбөрийн 30% болох 1,500,000 юанийг, 2024 оны 12 дугаар сарын 31 өдрөөс өмнө үлдэгдэл 2,000,000 юанийн тус тус төлнө ... гэж тохиролцжээ. /х.х-ийн 20-23 дахь талд/

2.3. Хариуцагч нь дээрх гэрээг хүчээр байгуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байна.

Талуудын хооронд байгуулсан нэмэлт гэрээ нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, субъектын хувьд эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хэлбэрийн хувьд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

Хариуцагч нь тухайн хэлцэл байгуулах үеийн дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцээгүй, хэлцлийг байгуулахдаа хүчээр, дарамталж байгуулсан гэж маргаж байх тул хэлцэл субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн хувьд Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд тус тус зохицуулсан бөгөөд хүч хэрэглэж хийсэн хэлцлийн талаар хуулийн 60 дугаар зүйлд зохицуулсан.

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж, мөн 60.2 дахь хэсэгт Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ.. ... гэж зохицуулсан.

Гэвч, хэрэгт авагдсан баримтаар уг хэлцлийг байгуулахад гэрээний нэг тал болох Монголиа найрамдал констракшн ХХК, Суварган зам ХХК нарын зүгээс хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймээс 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр BUCCMN-2022-019 дугаартай Монгол Улсын Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн ачаа даацын авто замын төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ-г хүчин төгөлдөр гэж үзнэ.

3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Монголиа найрамдал констракшн ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-ны хооронд Лот 5, Лот 5 замын ажлын хөлс, Лот 5 замын камп хөлс, Лот 5 замын тоног төхөөрөмж түрээс төлбөр, lot5 zamiin deep tulic money, lot5 QI RUNLI, lot5 mashin tulic, Лот 5 замын төслийн ажлын төлбөр, Lot5 Пк25+444, пк50+120 төлбөр, lot5 zam, lot5 zam ajil зэрэг гүйлгээний утгаар зарлага гарсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 142-151 дэх талд/

3.а. Түүнчлэн гэрч Ч.З шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... 2022 оны 9 дүгээр сард үндсэн кэмпээ байгуулсан. Лот тавыг 2 хэсэгт хувааж байгаа. 25 км, 50 км гэж хувааж байгаа. Эхлээд 25 км дээр кэмпээ байгуулаад өмнө нь дутуу гүйцэтгэсэн ажлыг нөхөж гүйцээгээд дараа нь 50 км хэсэг дээр дахиж кэмп байгуулаад суурийн ажлуудаа хийж байсан. Мөн 25 км-н төгсгөл дээр одоогоор жарын гуанз гэж хэлдэг газар гүүр хоолойн ажил хийсэн ... гэж мэдүүлсэн.

3.б. Хариуцагч нь дээрх зардалууд нь талуудын хооронд байгуулсан 2022 оны 8 дугаар сарын Bдугаартай Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын BUCCM дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ-ний дагуу гарсан зардал гэж тайлбарлаж нэхэмжлэлээс татгалзсан.

Хэрэгт 2022 оны 8 дугаар сарын BUCCMN-2022-015 дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын  дугаартай Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ гэрээнүүд авагдсан байх ба уг гэрээгээр түрээслүүлэгч Монголиа найрамдал констракшн ХХК нь түрээслэгч Бээжин юни констракшн групп монголиа ХХК-нд гэрээнд заасан экскаватор, ачигч, бульдозер, авто грейдер, замын индүү, дэвсэгч машин, давхар булт индүү, өөрөө буулгагч, усны машин, түлшний машин, дизель генератор зэрэг машин механизм, тоног төхөөрөмжийг түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

4. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар хариуцагч нь гэрээнээс татгалзсантай холбогдон нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

5. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-т Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж, 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан.

Нэхэмжлэгч нь 5,000,000 юанийг нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханшаар тооцож 2,385,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол банкнаас зарласан БНХАУ-ын юань 469.15 төгрөг байх тул 2,345,750,000 төгрөгийг хангав.

Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Бээжин юни констракшн групп монголиа ХХК-аас 2,345,750,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монголиа найрамдал констракшн ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Бээжин юни констракшн групп монголиа ХХК-аас 2,345,750,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монголиа найрамдал констракшн ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 39,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,082,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бээжин юни констракшн групп монголиа ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11,886,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монголиа найрамдал констракшн ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ