| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/10095/И |
| Дугаар | 191/ШШ2025/01050 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/01050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух, ************** /рд:***/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Боргилчулуун, гэрч Ц.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сувд-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1988.07.23-ны өдрөөс Сүхбаатар аймгийн Онгон сумын ахуйн үйлчилгээний цэгт үсчинээр ажилласан.
1992 оны 01 сарын 10-аас Онгон сумын Их булаг хоршоо мэдэлд орсон. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон гарсан тушаал бичигдээгүй. Нийтийн аж ахуй үйлчилгээ их булаг хоршоонд ажиллаж байсан талаар бармтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна.
Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй. Энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.
Иймд намайг 1988 оны 07 сарын 23-аас 1992 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын нийтийн аж ахуй үйлчилгээ Их булаг хоршоонд ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 3-17-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Ч.Боргилчулууны БНМАУ-ын хүн амын регистрийн карт буюу ХААТР 1 маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягт, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 02 сарын 23-ны өдрийн шагналт цалин олгох тухай 313 дугаартай тушаал, гэрчийн мэдүүлэг,
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Боргилчулуун ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай байна гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн туүаал олдохгүй, тэтгэвэр тогтоолгох баримт бичиг хангалтгүй байгаа үндэслэлээр ажилласан хугацаа тооцогдох боломжгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Д.Норовсүрэнгийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүх хянан шийдвэрлэх ёстой байна.
Ч.Боргилчулуун Сүхбаатар аймгийн Онгон сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд 1988 оны 07 сарын 23-ны өдрөөс 1992 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл үсчинээр, Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булаг ББХК-д 1992 оны 01 сарын 10-ны өдрөөс 1992 оны 05 сарын 19-ний өдрийг хүртэл үсчинээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ч.Боргилчулуунд Сүхбаатар аймгийн Онгон сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний ТМС-ийн захиралаас 1988 оны 06 сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 07 сарын 16-ны өдрийн зарим хүмүүсийг ажилд авах чөлөөлөх тухай 120 дугаартай тушаал, Ч.Боргилчулууны БНМАУ-ын хүн амын регистрийн карт буюу ХААТР 1 маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягт дахь ажлын талаарх тэмдэглэгээ, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 11 сарын 23-ны өдрийн шагналт цалин олгох тухай 313 дугаартай тушаал, Онгон сумын ахуйн үйлчилгээний цэгийн ажилчдын 1990 оны 03 сарын цалингийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 11 сарын 19-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай 208 дугаартай тушаал, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 07 сарын 16-ны өдрийн зарим хүмүүсийг ажилд авах чөлөөлөх тухай 120 дугаартай тушаал, Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 11/38 дугаартай лавлагаа гаргах тухай албан бичиг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан С.Монхор, Ц.Түвшинжаргал шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Гэрч С.Монхорын ...Садан төрлийн холбоо байхгүй. Хамт ажиллаж байсан. Ч.Боргилчулууныг ажилаж байсан талаар мэднэ. Би Сүхбаатар аймгийн Онгон сумын ахуйн үйлчилгээнд 1988 онд жолоочоор ажилд орсон. Ч.Боргилчулуун 1988 онд сургуулиа төгсөөд манай ахуйн үйлчилгээнд үсчингээр ажилд орж байсан. Бид хамтдаа 1988 оноос 1992 он хүртэл нийт 3 жил хамт ажилласан. 1992 онд нэгдэл тараад бид хоёр тийшээ салж ажиллах болсон. Манай даргаар Галсантүвдэн, нягтлан бодогчоор*******, оёдолчингоор Сумъяа нарын хүмүүс ажиллаж байсан. Хамт ажиллаж байсныг гэрчлэх баримт гэвэл хөдөлмөрийн дэвтэр байгаа. Ч.Боргилчулуун бид хоёр Сүхбаатар аймгийн Онгон сумын Ахуй үйлчилгээнд 1988-1992 он хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн... гэх, гэрч Ц.Түвшинжаргалын ... Хамт ажиллаж байсан. Ч.Боргилчулуун Сүхбаатар аймгийн онгон суманд нийтийн аж ахуйн үйлчилгээний цэгт үсчнээр ажиллаж байсан. 1988-1990 оны хооронд ажиллаж байсан гэж санаж байна. Би нягтлан бодогчоор 1988 онд ажилд орсон. Сүхбаатар аймгийн онгон суманд нийтийн аж ахуйн үйлчилгээний цэг 1992 онд татан буугдсан. Татан буугдаад хоршоо болсон... гэх мэдүүлэг нь С.Монхорын Сүхбаатар аймгийн Онгон сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнээс 1988 оны 02 дугаар сарын 21-ны олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ц.Түвшинжаргалын 067260 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг ач холбогдолтойд үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ч.Боргилчулууны Сүхбаатар аймгийн Онгон сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд 1988 оны 07 сарын 23-ны өдрөөс 1992 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл үсчинээр, Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булаг ББХК-д 1992 оны 01 сарын 10-ны өдрөөс 1992 оны 05 сарын 19-ний өдрийг хүртэл үсчинээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Боргилчулууны Сүхбаатар аймгийн Онгон сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд 1988 оны 07 сарын 23-ны өдрөөс 1992 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл үсчинээр, Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булаг ББХК-д 1992 оны 01 сарын 10-ны өдрөөс 1992 оны 05 сарын 19-ний өдрийг хүртэл үсчинээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ