Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/720

 

                                                                                                                                                       Т.*******д холбогдох

                                                         эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Т.*******ын өмгөөлөгч Т.Баярцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгино дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/500 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Т.*******д холбогдох 2408000000187 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

******* овгийн *******ын *******, 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдөр******* аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ам бүл 3, эх, хүүхдүүдийн хамт******* аймгийн ******* сумын *** дүгээр багт оршин суух бүртгэлтэй, /РД:*******/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзсан,

Сонгино дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/643 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/694 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсэн,  

Сонгино дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/1287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Шүүгдэгч Т.******* нь “хувиараа дэлгүүр түрээсэлж ажиллуулах гэж байгаа юм, кофе авъя” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж *******ас “Максим” нэртэй кофег 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 8 авдар буюу 15,840 ширхэг, Сонгино дүүргийн *** дугаар хороо *** дугаар байрны *** давхарт 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10 авдар буюу 8,800 ширхгийг 2 удаагийн үйлдлээр нийт 18 авдар буюу 15,840 ширхэг кофег залилж нийт 5,544,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгино дүүргийн прокурорын газраас: Т.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгино дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хэсгийн 2.4 дэх заалтад заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд Сонгино дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 6 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч *******д төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс тоолж, тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Т.******* давж заалдах гомдолдоо: “...Би гэм буруутайгаа огт маргадаггүй. Би ыг залилъя гэж бодоогүй. Өмнөх хэрэгт хорихоос өөр төрлийн ял авчихвал гараад ажил хийж байгаад цалингаасаа хохирол төлбөрөө төлөөд дуусгана гэж бодож байтал хорих ял аваад атай холбоо барих боломжгүй болсон. Ийм зүйл хийсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Би “ ” ХХК-нд ажилладаг байсан. ад төлөх хохирол төлбөрөө би цалингийн үлдэгдэл байснаа өгөөд үлдсэн мөнгөө хөдөө байдаг малаа зараад хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Миний хохирол төлбөрөө төлж барагдуулсан байдлыг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгч тусална уу. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлж үнэн зөв, шударгаар хичээж ажиллаж амьдрах болно. Энд байх хугацаандаа хүнд эрх чөлөө ямар үнэ цэнтэй зөв амьдрах, хэрэг төвөгт холбогдохгүй өөрийн хөдөлмөрөөр амьдрахын үнэ цэнийг ой ухаан оюун бодол бие мах бодиороо ойлгож ухаарч байна...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.*******ын хувьд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял авсан байгаа нь нэг цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргүүддээ тус тусад нь шийтгүүлснээр эрх зүйн байдал нь дордсон байдаг. Энэ нь 2022 оны 12 сарын 28-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн залилах гэмт хэрэгтээ 2023 оны 5 сарын 23-ны өдрөөс 2024 оны 4 сарын 25-ны өдөр хүртэл нийт 4 удаа шүүхээр орж ял шийтгүүлсэн. Т.******* нь дээрх үйлдлүүдийн заримд нь анх 2023 оны 5 сарын 23-ны өдөр Сонгино дүүргийн шүүхээс ял шийтгүүлсэн. Ял шийтгүүлснээс хойш дахин шинээр гэмт хэрэг үйлдээгүй байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангийн нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж, 2 дахь хэсэгт ...Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө, чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхаж болохгүй” гэж тус тус хуульчилсан. Шүүхээс Т.*******ыг хохирол төлбөрийг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлт хийсэн атлаа удаа дараа залилах гэмт хэрэг үйлдэж засрал хүмүүжил олоогүй гэж 2 жилийн хорих ял оногдуулж түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” 6.1 дүгээр зүйлийн 4 “Эрүүгийн хариуцлага хүлээлгэж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэснийг зөрчиж урьд шийтгүүлсэн байдлыг харгалзаж ял шийтгэлийн хамгийн хүнд хэлбэрийг сонгож түүний үргэлжилсэн үйлдлээр нэг төрлийн гэмт хэрэг үйлдэж, тус тусад нь шийтгүүлж эрх зүйн байдал нь дордсон байгааг анхааралгүй ял оногдуулсан нь эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа болно. Т.******* нь өөрийн гэм буруугаа ойлгон анхнаасаа хохирогчоос авсан мөнгөө төлөхгүй байх санаа зорилго байгаагүй, хохирлыг төлөх талаар харилцан гэрээ хийсэн. Т.******* нь үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдад учруулсан хохирлоо төлж ажил хөдөлмөр эрхэлж байсан боловч ын төлбөрийг төлөхөөр ажил хийж байхдаа хорих ял авсан. Хорих ял авснаас хойш хохирогчтой холбогдох боломжгүй болсон тул хохирогч цагдаад гомдол гаргасан байдаг. Мөрдөгч прокуророос хохирогч Б.ын гомдлоор Т.*******ыг түүнээс мэдүүлэг авалгүйгээр шууд яллагдагчаар татсан байдаг. Гэсэн хэдий ч Т.*******ын хувьд анхнаасаа бусдын эд зүйлийг аваад буцааж төлөөгүйдээ гэмшиж гэм буруу дээр маргадаггүй, хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдаг. Хохирол төлбөрийг нөхөн төлж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа хүлээж ухамсарлаж байгаа сэтгэхүйн бодит илэрхийлэл бөгөөд түүний хувийн байдал юм. Т.*******ыг өмнө нь ажиллаж байсан байгууллага нь ажилд авах боломжтой талаарх албан бичиг, хохирогч хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн байгаа болно. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт ...эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж заасан байгаа болно. *******ын үйлдэлд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой, хуульд заасан нөхцөлүүдийг хангасан байхад шүүхээс шүүгдэгч урьд залилах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан өөртөө дүгнэлт хийгээгүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн хуулийн энэхүү заалтыг хэрэглэхгүй байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 2023 оны 5 сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгөөр торгуулах ял шийтгүүлснээс хойш дахин шинээр гэмт хэрэг үйлдээгүй байхад ял шийтгүүлснээс хойш гэмт хэрэг үйлдэж засраагүй мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл урьд хийсэн хэрэгтээ ял шийтгэгдсэн байхад түүгээр нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байгаа нь эрүүгийн хуулийн нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчмыг зөрчиж байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Т.*******ын хувьд бүх үйлдэл дээрээ хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ял шийтгэгдсэнээс хойш дахин ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Мөн гэм буруугаа ухаарч, сэтгэхүйн тодорхой хэмжээний дүгнэлт хийж, хохирол төлбөрөө барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү...” гэв.

Прокурор Г.Мөнхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Шүүгдэгч Т.*******ын хувьд залилах гэмт хэргийг 2 удаа үйлдэж, 2015 онд тэнсэх ял, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр торгуулийн ял шийтгэл тус тус эдэлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дахин гэмт хэрэг үйлдээгүй, засрал хүмүүжил олсон гэж үзэж байгаа. Гэтэл шүүгдэгчийн хувьд залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн нь тогтоогддог. Мөн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин хуулийн төгөлдөр болоогүй. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Сонгино дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлуудыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.******* нь “хувиараа дэлгүүр түрээсэлж ажиллуулах гэж байгаа юм, кофе авъя” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж *******ас “Максим” нэртэй кофег 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 8 авдар буюу 15,840 ширхэг, Сонгино дүүргийн *** дугаар хороо *** дугаар байрны *** давхарт 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10 авдар буюу 8,800 ширхгийг 2 удаагийн үйлдлээр нийт 18 авдар буюу 15,840 ширхэг кофег залилан авч, нийт 5,544,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.ын “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр над руу 90091558 дугаараас холбогдоод би хувиараа дэлгүүр түрээсэлж ажиллуулах гэж байгаа юм, кофе авъя гэхээр нь би хэдэн хайрцаг кофе авах талаар асуухад 8 авдар авъя гэж хэлсэн. Тухайн үед 8 авдар, 1 авдартаа 4 хайрцагтай, хайрцаг тус бүрд 220 ширхэг нийт 8 авдар буюу 7040 ширхэг “максим” /maxim/ нэртэй кофе *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүүргийн цагдаагийн хэлтсийн баруун талд хоосон лангуутай газарт хүргүүлсэн. ...2-3 хоног мөнгө хийгээгүй байсан бөгөөд тэр үед би дахиад 10 авдар кофе аваад нэг мөр мөнгөө өгье гэж хэлэхээр нь би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10 авдар буюу 40 хайрцагтай 8,800 ширхэг максим /maxim/ нэртэй кофег тухайн үед Сонгино дүүргийн *** дугаар хороо *** дугаар байрны *** давхарт аваачиж өгсөн. Мөнгөө авъя гэхэд араас чинь шилжүүлчихье гэж хэлсэн. Би хүргэлтээр кофег захиалсан газар хүргэж өгчхөөд явчихдаг бөгөөд тухайн үед араас мөнгө шилжүүлчих байх гэж бодоод явсан. 2-3 хоногийн дараа гэрт нь яваад очиход байрандаа байгаагүй бөгөөд залгаж ярихад өнөөдөр, маргааш өгнө гэх зэргээр худлаа ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 12-14,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Ц-79 дугаартай хөрөнгийн үнэлгээний “maxim нэртэй кофе 7040 ширхэг 2,464,000 төгрөг, maxim нэртэй кофе 8,800 ширхэг 3,080,000 төгрөг, нийт 5,544,000 төгрөг ” гэсэн тайлан /хх 18-19/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/,

шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сард фейсбүүкээр эхлээд 8 авдаг 7040 кофег захиалгаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хүргүүлж авсан. Тухайн үед надад ямар нэгэн мөнгө байгаагүй бөгөөд дараа шилжүүлнэ гээд тэр хүнийг явуулсан. Дараа нь 2-3 хоногийн дараа дахин 10 авдар 8,800 ширхэг кофег Сонгино дүүргийн *** дугаар хороо *** дугаар байрны үүдэнд хүргүүлж авч мөнгийг нь өгөөгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх 50-53/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.*******ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Т.******* “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг “...ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд залилах гэмт хэрэгт дөрвөн удаа ял шийтгэгдэж, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгино дүүргийн анхан шатны шүүхийн 1287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, ялыг эдэлж дуусаагүй талаар дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, залилах гэмт хэрэг удаа дараа үйлдэж засрал хүмүүжил олоогүй, нийгэмшээгүй гэж дүгнэн 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Гэвч шүүгдэгч Т.*******ын урьд ял шийтгүүлсэн 3 шүүхийн шийдвэр нь энэ гэмт хэргийг үйлдсэнээс хойших цаг хугацаанд 2023 оны 5 дугаар сарын 23, 2023 оны 10 дугаар сарын 31, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд гарсан байна.

Цаг хугацаа хоорондын байдлаас үзвэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд хяналт тавих эрх бүхий байгууллагын харилцан уялдаа холбоогүй байдалтай шууд хамааралтай байх тул уг нөхцөл байдал болон шүүгдэгч Т.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хуульд заасан хэмжээний хүрээнд багасгах боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг нарын гомдлоос “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлуудыг хүлээн авч,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.*******ын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 61 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгино дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/500 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хэсгийн 2.4 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Т.*******д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялд Сонгино дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2023/ШЦТ/1287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 6 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сар 25 (хоёр тав) хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ын цагдан хоригдсон 61 (жаран нэг) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА