2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/04877

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 23 191/ШШ2025/04877

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....................... тоот хаягт байрлах Т ББСБ ХХК /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...................... тоот хаягт байрлах, ТП ХХК /РД:0000000/,

 

Хариуцагч: ...................... тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй Т.М /РД:0000000/,

 

Хариуцагч: ..................... тоот хаягт байрлах бүртгэлтэй боловч ................... тоот хаягт байрлах, ТС ХХК /РД:0000000/,

 

Хариуцагч: ................ тоот хаягт оршин суух, Т овогт Ч.Д /РД:00000000/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 296,149,980.83 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Б.Х,

Хариуцагч ТП ХХК-ийн төлөөлөгч Т.М, хариуцагч Т.М, түүний өмгөөлөгч Д.Г,

Хариуцагч Ч.Д-гийн өмгөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

(Хариуцагч Ч.Д, хариуцагч ТС ХХК-ийн төлөөлөгч М.Г нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Т.М, Ч.Д, ТП ХХК, ТС ХХК-д тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 296,149,980.83 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ...ТП ХХК, Т.М, хамтран үүрэг гүйцэтгэгч ТС ХХК, иргэн Ч.Д нар нь манай байгууллагаас бизнесийн зээл авах хүсэлтээ илэрхийлж, 2022.02.15-ны өдрийн 00000 тоот зээлийн гэрээний байгуулан Japsew оёдлын машин, тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор 300,000,000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан...

Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнд зээлийн олголтыг 60 хувь, 40 хувиар хэсэгчлэн олгохоор тохиролцсоны дагуу 300,000,000 төгрөгийг 2022.02.17-нд 180,000,000 төгрөг, 2022.03.22-ны өдөр 120,000,000 төгрөгөөр тус тус ТП ХХК-ийн Богд банкны 0000000000 тоот дансанд шилжүүлэн олгосон...

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022.02.15-ны өдөр 00000-0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн Барьцааны гэрээ-г , 00000-00000 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, ............................ тоот хаягт байрлах 0000 м.кв талбай бүхий орон сууцыг 220,800,000 төгрөгөөр, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Japsew брэндийн 50 багц оёдлын машиныг 152,909,541 төгрөгөөр тус тус үнэлж барьцаалсан.

Хариуцагч нар нь 2024.05.27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 87,613,634.22 төгрөг, хүүгийн төлбөрт 56,344,806.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 69,950.17 төгрөг нийт 144,528,390.43 төгрөгийг төлсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй...

1.2.Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч нартай удаа дараа утсаар холбогдож зээлийн өр төлбөрийг төлөхийг сануулж 14 удаагийн албан бичгээр зээл төлүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн. Хариуцагчийн хамтран үүрэг гүйцэтгэгч, төслийн санаачлагч хамаарал бүхий этгээд нар нь зээлийг төлж барагдуулах талаар удаа дараа амлалт өгсөөр ирсэн.

Энэ нь 2023.04.29-ний өдөр хариуцагч бөгөөд хариуцагч ТП ХХК-ийн захирал Т.М, ТС ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Г нартай, 2024.05.15-ны өдөр хариуцагч Ч.Д-тэй тус тус хийсэн уулзалтын тэмдэглэлээр тогтоогдоно...

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч нартай байгуулсан 00000 дугаартай Зээлийн гэрээ-ний үндсэн төлбөрт 212,386,365.78 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 75,223,177.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,432,437.46 төгрөг, нотариатын зардал 108,000 төгрөг, нийт 296,149,980.83 төгрөгийг хариуцагч бөгөөд хариуцагч ТП ХХК-ийн захирал Т.М, ТС ХХК, Ч.Д нараас гаргуулж, 00000-0000, 00000-00000 дугаартай гэрээгээр барьцаалсан, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч бөгөөд хариуцагч ТП ХХК-ийн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд хорих ангид ял эдэлж байгаа учраас зээлийг буцаан төлөхөд хугацаа шаардлагатай байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 200,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үлдэх 96,149,980 төгрөг дээр маргаж байна... гэв.

 

3. Хариуцагч Ч.Д-гийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Ч.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Ч.Д-г 2022.05.15-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний харилцаанд Т.М, н.М нар хууран мэхлэх замаар оруулсан байдаг учраас Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ юм. Хүчин төгөлдөр бус гэрээний дагуу хариуцагч Ч.Д нь төлбөр төлөх үүрэггүй.

Хариуцагч Т.М нь оёдлын машин худалдан авах зорилготой зээлийн гэрээ байгуулаад ТП ХХК-ийн дансанд мөнгө орж ирснээс хойш зээлийг зориулалтын дагуу ашиглахгүйгээр хувь иргэдийн данс руу шилжүүлсэн болох нь тус компанийн Богд банкны 0000000000 тоот дансны хуулгаар нотлогддог.

Гэрээний үүргийн зөрчил нь Ч.Д-гээс шалтгаалаагүй тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2024.06.27-ны өдрийн 42/4105, 2025.05.23-ны өдрийн 42/2728 тоот албан бичгээр М.Ц, Б.Х нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 6, 196 х/

-Улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.23-ны өдөр 1,708,900 төгрөг /1,638,700+70,200/ төгрөг төлсөн баримт, 2240704154699 дугаартай төлбөрийн даалгавар, төлбөрийн баримт /хх-ийн 7, 8, 9, 10, 13 х/,

-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.02.07-ны өдрийн 181/ШЗ2024/03060 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 11-12 х/

-Т ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 14 х/,

-Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон 0000000 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт /хх-ийн 15 х/

-2022.02.15-ны өдрийн 00000 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 16-19 х/,

-2022.02.15-ны өдрийн 00000-0000 дугаартай /Үл хөдлөх хөрөнгө/ Барьцааны гэрээ /хх-ийн 20-22 х/,

-2022.02.15-ны өдрийн 00000-0000 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хх-ийн 23-24 х/,

-112119568 дугаартай барьцаалбарын баримт /хх-ийн 25 х/

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгө /............. тоот 0000 м.кв орон сууц/-ийн болон эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 26-28 х/

-Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29 х/

-2022.02.17-ны өдрийн 51829594, 2022.03.22-ны өдрийн 51829595 журналын дугаартай шилжүүлгийн мэдээлэл, төлбөрийг даалгавар /хх-ийн 30, 31, 32, 33 х/

-ТП ХХК-ийн 2022.02.14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр /хх-ийн 34 х/

-ТС ХХК-ийн 2022.02.14-ний өдрийн 99/22 тоот Захирлын шийдвэр /хх-ийн 35 х/,

-ТП ХХК-ийн улсын бүртгэлийн 0000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм /хх-ийн 36, 37-39 х/,

-ТП ХХК-ийн захирал Т.М-ы 2022.02.11-ний өдөр Т ББСБ ХХК-д гаргасан хүсэлт /хх-ийн 40 х/,

-Ч.Д-гийн 2022.02.14-ний өдөр Т ББСБ ХХК-д гаргасан хүсэлт /хх-ийн 41 х/,

-Т ББСБ ХХК-иас Ч.Дд 2023.03.29, 2023.04.11-ний өдөр хүргүүлсэн 42/791, 42/850 тоот Зээл төлөх мэдэгдэл /хх-ийн 42, 45 х/

-Т ББСБ ХХК-иас Т.Мд 2023.03.29, 2023.04.12-ны өдөр хүргүүлсэн 42/792, 42/849 тоот Зээл төлөх мэдэгдэл /хх-ийн 43, 46 х/

-Т ББСБ ХХК-иас М.Г-д 2023.03.29, 2023.04.12-ны өдөр хүргүүлсэн 42/793, 42/851 тоот Зээл төлөх мэдэгдэл /хх-ийн 44, 47 х/

-Т ББСБ ХХК-иас ТП ХХК-д 2024.05.15, 2024.05.30, 2023.06.20-ны өдөр хүргүүлсэн 42/ЗТМ/327, 42/ЗТМ-362, 42/1366 тоот Зээл төлөх мэдэгдэл, мэдэгдэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 48, 49, 50, 51, 52 х/

-2023.04.23, 2023.05.22, 2024.05.30, 2024.06.30-ны өдрүүдийн Уулзалтын тэмдэглэл-үүд /хх-ийн 53, 55, 56, 58-59, 63 х/

- Ч.Д-гийн 2024.05.15-ны өдөр Т ББСБ ХХК-д гаргасан хүсэлт /хх-ийн 54 х/,

- М.Г-гийн 2024.05.30-ны өдөр Т ББСБ ХХК-д гаргасан хүсэлт /хх-ийн 57 х/,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн 2024.05.28-ны өдрийн 2/2601 тоот албан бичиг /хх-ийн 60 х/

-Хан-уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2024.05.16-ны өдрийн 30К2-3/2951, 30К2-3/2952 тоот албан бичиг /хх-ийн 62 х/ зэрэг баримтуудыг,

 

5.Хариуцагч бөгөөд хариуцагч ТП ХХК-ийн захирал Т.М нь хариу тайлбар, улсын бүртгэлийн 00000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм /хх-ийн 85, 201, 202,203 х/,

 

6.Хариуцагч Ч.Д нь хариу тайлбар, өмгөөлөгчөөр Б.Э-ийг оролцуулах хүсэлт /хх-ийн 87, 88 х/,

 

7.Хариуцагч ТС ХХК-ийн төлөөлөгч М нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

8.Хариуцагч Ч.Д-гийн хүсэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.06-ны өдрийн 181/ШЗ2024/21607 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар ТП ХХК-ийн санхүүгийн болон татварын тайлан, Арилжааны банк /Богд банк, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг банк/-иудаас дансны лавлагааг тус тус шүүхийн журмаар бүрдүүлжээ. /хх-ийн 130-150, 151-172, 177 х/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Т.М, Ч.Д ТП ХХК, ТС ХХК-д тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 296,149,980 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

а.Зээлдэгч ТП ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Т.М, Ч.Д ТС ХХК нь 2022.02.15-ны өдөр 00000 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэйгээр зээлж авсан...

2024.05.27-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 87,631,634.22, хүүгийн төлбөрт 56,844,806.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 69,950.17 төгрөг, нийт 144,528,390.43 төгрөгийн төлөлт хийж, үндсэн зээлийн үлдэгдэл 212,386,365.78 төгрөг, зээлийн хүү 75,223,177.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,432,437.46 төгрөг буюу нийт 296,041,980.83 төгрөгийн зээлийг төлөөгүй...

б.Зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2022.02.15-ны өдөр 00000-0000 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж ............................... тоот хаягт байршилтай 0000 м.кв орон сууц, 2022.02.15-ны өдөр 00000-00000 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн гэрээ байгуулж, Japsew брэндийн 50 багц оёдлын машиныг тус тус барьцаалсан.

в. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлыг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

3.Хариуцагч бөгөөд хариуцагч ТП ХХК-ийн төлөөлөгч Т.М нь нэхэмжлэлийн шаардлагаас 200,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй. Үлдэх 96,149,980 төгрөгийг төлөх боломжгүй гэж,

3.1.Хариуцагч Ч.Д нь 2022.05.15-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний харилцаанд Т.М, н.М нар хууран мэхлэх замаар оруулсан байдаг учраас Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ. Хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөр төлөх үүрэггүй гэж тус тус маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

а.Т ББСБ ХХК нь ТП ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Т.М, Ч.Д ТС ХХК-иудтай 2022.02.15-ны өдөр 00000 дугаартай Зээлийн гэрээ /хх-ийн 16-19 х/-г, 2022.02.15-ны өдөр Ч.Д-тэй 00000-0000 дугаартай /Үл хөдлөх хөрөнгө/ Барьцааны гэрээ /хх-ийн 20-22 х/-г, мөн өдөр ТП ХХК-тай 00000-00000 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн гэрээ-г тус тус байгуулжээ.

 

б.Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг тул шүүх зохигчийн хооронд мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

 

в.Зохигчийн 2022.02.15-ны өдөр байгуулсан 00000 дугаартай Зээлийн гэрээ-ээр хариуцагч нар нь 300,000,000 төгрөгийг, жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, Japsew corporation LLC-ээс оёдлын машин тоног төхөөрөмжийн 50 багц худалдан авах зориулалтаар 2024.02.20-ны өдрийг хүртэл зээлж, зээл буцаан төлөх хуваарийн дагуу эргүүлэн төлөх, төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь зээлийн мөнгийг шилжүүлэх үүрэг хүлээжээ.

 

г.Т ББСБ ХХК нь 00000 дугаартай Зээлийн гэрээ-ний 2.1.4-д заасны дагуу хариуцагч ТП ХХК-ийн Богд банк дахь 0000000000 тоот дансанд 2022.02.17-ны өдөр 180,000,000 төгрөг, 2022.03.22-ны өдөр 120,000,000 төгрөгөөр зээл олгов 00000 гэсэн утгатайгаар тус тус нийт 300,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ. /хх-ийн 30, 31 х/

 

д.Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

е.Зохигчийн байгуулсан 00000 дугаартай Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлд зааснаар зээлийн төлбөр, хүү төлөх хугацааг энэхүү гэрээний Хавсралт 1-д тодорхойлж, хариуцагч нь 2022.03.20-ны өдрөөс 2024.02.20-ны өдрийг хүртэл төлөхөөр талууд тохиролцжээ. /хх-ийн 18 хуудасны ар тал/

 

ё.Зээлийн гэрээний хугацаанд болон түүнээс хойш хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулганд дурдагдсанаар 2022.03.20-ны өдрөөс 2022.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч буюу хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 144,528,390 төгрөг /хх-ийн 29 х/-ийг төлж үүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

 

5.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

а. Т ББСБ ХХК нь дээрх хуульд заасны дагуу 2023.03.29-ний өдөр зээлдэгч Ч.Д-д 42/791, Т.М-д 42/792, М.Г-д 42/793 тоот ...зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг 88 хоногоор хэтрүүлэн төлөлт хийгээгүй байна. 2023.03.29-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 212,386,365.78 төгрөг байгаа бөгөөд эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн төлбөр 40,966,164.38 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 12,903,780.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 210,930.02 төгрөг, нийт 54,080,875.35 төгрөгийн төлбөр төлөхөөр байна. Уг төлбөрийг 2023.03.30-ны дотор төлж барагдуулна уу... гэсэн Зээл төлөх мэдэгдэл-ийг,

-2023.04.11-ний өдөр Ч.Д-д 42/850, Т.М-д 42/849, М.Г-д 42/851 тоот ...зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг 102 хоногоор хэтрүүлэн төлөлт хийгээгүй байна. 2023.04.11-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 212,386,365.78 төгрөг байгаа бөгөөд эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн төлбөр 40,966,164.38 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 14,956,655 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 290,123.79 төгрөг, нийт 56,212,943.36 төгрөгийн төлбөр төлөхөөр байна. Уг төлбөрийг 2023.04.12-ны дотор төлж барагдуулна уу... гэсэн Зээл төлөх мэдэгдэл-ийг,

-2023.06.20-ны өдөр ТП ХХК-д 42/1366 тоот ...Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь 2023.06.20-ны өдрийн байдлаар ... зээл эргэн төлөх 6 удаагийн үүргийг биелүүлэлгүй Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-т хугацааг 151 хоног хэтрүүлээд байна. Зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 2022.06.20-ны өдрийн байдлаар 212,386,365.78 төгрөг байх бөгөөд тус өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн төлбөрт 84,384,305.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 25,074,392.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 861,711.19 төгрөг буюу нийт 110,320,408.91 төгрөгийн төлбөр төлөхөөр байна. ...зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарт тус төлбөрийг 2023.06.27-ны өдрийн дотор төлж барагдуулах нэмэлт хугацааг энэхүү мэдэгдлээр олгож байна. Иймд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлнө үү. Харин энэхүү төлбөр төлөгдөх хүртэл хугацаанд зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэмж хуримтлагдах болохыг анхаарна уу. Зээлдэгч ТП ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч болох ТС ХХК, Т.М, Ч.Д нар нь дээрх хугацаанд зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд ББСБ-ын зүгээс ... зээлийн гэрээний 4.3-д заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцлах, зээлийг төлүүлэх талаар эрх бүхий байгууллагад өргөдөл, нэхэмжлэл гаргах зэргээр холбогдох арга хэмжээ авах болохыг үүгээр мэдэгдэж байна. Хувийг ТС ХХК, Т.М, Ч.Д-д... гэсэн Зээл төлөх мэдэгдэл-ийг,

-2024.05.15-ны өдөр 42/ЗТМ/327 тоот ...зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг 501 хоногоор хэтрүүлэн төлөлт хийгээгүй байна. 2024.05.15-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 212,386,365.78 төгрөг байна. Харин хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн төлбөр 73,463,571.10 төгрөг, зээлийн хүү 8,080,516.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0.00 төгрөг, нийт 293,930,453.05 төгрөгийн төлбөр төлөхөөр байна. Уг төлбөрийг 2023.05.25-ны дотор төлж барагдуулна уу... гэсэн Зээл төлөх мэдэгдэл-ийг,

-2024.05.30-нд 42/ЗТМ-362, тоот ...харилцагч нь 2024.05.27-ны байдлаар үндсэн зээлийн төлбөр 87,613,634.22 төгрөг, хүүгийн төлбөр 56,844,806.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 69,950.17 төгрөг, нийт 144,528,390.43 төгрөгийг төлсөн боловч зээлийн гэрээний төлбөр төлөх хуваарийг удаа дараа зөрчиж 513 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. ...2024.05.27-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 212,386,365.78 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 75,223,177.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,432,437.46 төгрөг нийт 296,041,980.83 төгрөгийн төлбөр төлөхөөр байна. Дээрх зээлийн нийт төлбөр төлөгдөх хүртэл хугацаанд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэмж хуримтлагдах болохыг анхаарна уу. Дээрх хугацаанд зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд ... зээлийг төлүүлэх талаар эрх бүхий байгууллагад өргөдөл, нэхэмжлэл гаргах зэргээр холбогдох арга хэмжээ авах болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн Зээл төлүүлэх мэдэгдэл-ийг тус тус хүргүүлж, нэмэлт хугацаа тогтоожээ. /хх-ийн 42-52 х/

 

б.Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 208.2-т ...үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна, 208.3-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу зээлдэгч нар нь дээрх тогтоосон хугацаанд зээлийн төлбөрийг гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

6.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

 

а.Зохигчийн байгуулсан 00000 дугаартай Зээлийн гэрээ-ний 3.1.5-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцож төлөх талаар гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр байх тул гэрээний хугацааг хэтрүүлж, нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл зээлийн хүү 75,223,177.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,432,437.46 төгрөгийг хариуцагч нар нь төлөх үүрэгтэй байжээ.

 

б.Монгол банкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу зээлдэгчийн зээлийн дансны хуулгыг үндэслэн тооцвол хариуцагч Т.М, Ч.Д, ТП ХХК, ТС ХХК нар нь 2024.07.26-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 212,386,365.78 төгрөг, зээлийн хүү 75,223,177.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,432,437.46 төгрөгийг тус тус төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

в.Зээлийн гэрээний хугацаа 2024.02.20-ны өдөр дууссанаас хойш шүүх нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь биелүүлээгүй байх тул үндсэн зээл 212,386,365.78 төгрөг, зээлийн хүү 75,223,177.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,432,437.46 төгрөг, нийт 296,041,980.83 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан нь үндэслэл бүхий байна.

 

7.Хариуцагч бөгөөд хариуцагч ТП ХХК-ийн төлөөлөгч Т.М нь үндсэн зээлийн үлдэгдэл 296,041,980.83 төгрөгөөс 200,000,000 төгрөгийн хувьд маргаагүй бөгөөд үлдэх төлбөр 96,041,980.83 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байгааг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

 

а.Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 21 дүгээр зүйлийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

б.Мөн зохигчийн 2022.02.15-ны өдөр байгуулсан 00000 дугаартай Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1.4-т Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн гэрээний 2.1.2, 2.1.3-т заасан хугацаанд хуваарьт зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд нэмж төлөхөөр тохиролцсон хүү байх бөгөөд 2.1.1-д заасан үндсэн хүүний 20 хувьтай тэнцүү байна, 2.5-д Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт №1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.5-д заасан нэмэгдүүлсэн хүүг төлөх, 3 дугаар зүйлийн 3.4.1-д ББСБ энэхүү гэрээнд заасан зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг зээлдэгчээс шаардан авах эрхтэй гэж тохиролцсон байна.

 

в.Өөрөөр хэлбэл, талуудын гэрээгээр тохиролцсон дээрх тохиролцоо хүчин төгөлдөр учраас шүүх хариуцагч нарыг зээлийн үлдэгдэл 96,041,980.83 төгрөгөөс чөлөөлөх боломжгүй.

 

8.Мөн хариуцагч Ч.Д-гийн 2022.05.15-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний харилцаанд Т.М, н.М нар хууран мэхлэх замаар оруулсан байдаг учраас Иргэний хуулийн 59 дүгээр заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ. Хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөр төлөх үүрэггүй гэх татгалзлыг шүүх хүлээн дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй.

 

а. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй байдаг.

 

б.Хэрэгт авагдсан хариуцагч Ч.Д-гийн 2022.02.14-ний өдрийн Т ББСБ ХХК-д ...300,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эхний 3 сард зөвхөн хүү төлөх, үлдэх хугацаанд сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй авч байгаатай холбогдуулан тус ББСБ-тай байгуулах зээлийн гэрээнд миний бие өөрийн дансанд авч ашиглахаас бусад үүрэгтэйгээр хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцох хүсэлтэй байна гэж өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, 2022.02.15-ны өдөр байгуулсан 00000 дугаартай Зээлийн гэрээ-нд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гарын үсэг зурсан. Мөн 2024.05.15-ны өдрийн Уулзалтын тэмдэглэл-ээр ...Богд банкнаас зээл авч төр төлбөрийг барагдуулна. Гол нь барьцаа хөрөнгөийг чөлөөлүүлж, чөлөөлүүлсэн барьцаа хөрөнгийг зээл гаргуулахад ашиглана... гэх Ч.Д-гийн тайлбар /хх-ийн 63 х/-аар 2022.02.15-ны өдөр байгуулсан 00000 дугаартай Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардах эрх байхгүй байна.

 

в. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тайлбар нь хуулийн хууран мэхэлж хэлцэл хийсэн гэдэгт хэлцлийн нэг тал нөгөө талаа хуурч төөрөгдүүлэх замаар хэлцэл хийснийг ойлгох үндсэн зарчим нь тухайн тохиолдолтой нийцэхгүй.

 

9.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д ...үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан.

 

а.Дээрх зохицуулалтын дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй. Талуудын байгуулсан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийн талаар тодорхойлсон байх бөгөөд хариуцагч Т.М, Ч.Д, ТС ХХК нар нь гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан нь гэрээний дагуу үүсэж буй үүргийг хамтран хариуцахаар тохиролцсон гэж үзнэ. Хууль болон гэрээнд зааснаар хариуцагч Ч.Д, ТС ХХК нарыг зээлийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

 

б.Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.

 

в.Хариуцагч ТС ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.Г-д 2024.08.13-нд нэхэмжлэлийг гардуулж, 2024.08.27-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тус тус тайлбарласан. /хх-ийн 72, 73 х/

 

г.Гэвч хариуцагч ТС ХХК-ийн төлөөлөгч заасан хугацаанд шүүхэд ирж тайлбар өгөөгүй, холбогдох баримтуудыг ирүүлээгүй тул дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэл бүрдсэн. Мөн өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул энэхүү эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй.

 

Иймээс хариуцагч Т.М, Ч.Д, ТП ХХК, ТС ХХК нараас 212,386,365.78 төгрөг, зээлийн хүү 75,223,177.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,432,437.46 төгрөг, нийт 296,041,980.83 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

10.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар нэхэмжлэгч нь нотариатын зардал 108,000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

 

а.Учир нь зээлийн гэрээнд энэ талаар тохиролцоогүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 44 дүгээр зүйлийн 44.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 108,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

11.Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд

а.Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж тус тус заасан.

 

б.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ч.Д-тэй 2022.02.15-ны өдөр 00000-0000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г, хариуцагч ТП ХХК-тай 00000-00000 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулжээ. /хх-ийн 20-22, 23-25 х/

 

в.Хариуцагч Ч.Д нь 00000-0000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ээр улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, ............................... тоот хаягт байршилтай 0000 м.кв орон сууцыг,

хариуцагч ТП ХХК нь 00000-00000 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-гээр Japsew брэндийн 50 багц оёдлын машиныг тус тус барьцаалсан байна.

 

г.Зохигч 2022.02.15-ны өдрийн 00000-0000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г 2022.02.15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр барьцааны гэрээ гэж үзнэ.

 

д.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй, 9.4-т Хуулийн этгээдийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг барьцаалуулах шийдвэрийг хууль буюу дүрэмд заасан эрх бүхий этгээд гаргана гэж заасан.

 

е.Хариуцагч Ч.Д нь өөрийн өмчлөл /нэг хүний/-д байгаа улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, ............................... тоот хаягт байршилтай 0000 м.кв орон сууцыг хууль ёсны өмчлөгч, мөн ТП ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг барьцаалуулах, ТП ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.М нь Japsew брэндийн 50 багц оёдлын машиныг тус тус барьцаалах эрхтэй байна. /хх-ийн 26, 34, 37-39 х/

 

е.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус заасан.

 

Иймээс нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд барьцаалсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

12.Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.23-ны өдөр төлсөн 1,708,900 төгрөг /1,638,700+70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,708,360 төгрөг /1,638,160+70,200/-ийг гаргуулж Т ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

13.Хариуцагч ТС ХХК-ийн төлөөлөгч М.Г, хариуцагч Ч.Д нар нь өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх болон хойшлуулах талаар шүүхэд ямар нэгэн хүсэлтийг ирүүлээгүй. Нэхэмжлэгч нь тэдний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Т.М, Ч.Д, ТП ХХК, ТС ХХК нараас 296,041,980.83 төгрөг /хоёр зуун ерэн зургаан мянга дөчин нэгэн мянга есөн зуун наян төгрөг, наян гурав мөнгө/-ийг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 108,000 төгрөг /нэг зуун найм/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т.М, Ч.Д, ТП ХХК, ТС ХХК нар нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд, Ч.Д-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, ............................... тоот хаягт байршилтай 0000 м.кв орон сууц, ТП ХХК-ийн Japsew брэндийн 50 багц оёдлын машин зэрэг барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.23-ны өдөр төлсөн 1,708,900 төгрөг /нэг сая долоон зуун найман мянга есөн зуу/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,708,360 төгрөг /нэг сая долоон зуун найман мянга гурван зуун жар/-ийг гаргуулж Т ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА