2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/05031

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 03 191/ШШ2025/05031

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .................... тоот хаягт байрлах, Ө ХХК /РД:00000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........................ давхарт байрлах, М ТӨХК /РД:000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу суутгасан барьцаа хөрөнгийн 50 хувь болох 132,013,320 төгрөг гаргуулах, санхүүжилтийн гэрээ байгуулахыг даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч М ТӨХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу суутгасан барьцаа хөрөнгийн 50 хувь болох 132,013,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1....Манай Ө ХХК нь 2019.12.05-ны өдөр Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газартай 00000 дугаартай Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан ............................ чиглэлийн төмөр зам барих төслийн хүрээнд туслан гүйцэтгэгчээр ажиллаж, төмөр замын шугамын доод бүтцийн далан, хоолойг барих ажлыг гүйцэтгэхээр болсон.

Ингээд гэрээний дагуу ........................... чиглэлийн 416,165 км төмөр замын доод бүтцийн барилга угсралтын төслийн хүрээнд ............................. байршилд газар шорооны дараах тоо хэмжээ бүхий ажлуудыг, мөн далан байгуулах, суурийн үе байгуулах, өөрийн болон уулын шуудууны ажлыг техникийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, зохих ёсоор хүлээлгэн өгсөн бөгөөд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг зохих ёсоор гүйцэтгэн хэрэгжилтийг тайлагнаж ажилласан.

         Замын чиг сэргээх - 7,000 м

         Технологийн зам - 12,000 м.куб

         Хөрс хуулалтын ажил 8,860,310 м.куб

         Далангийн ажил 309,661,571 м.куб

         Суурийн үеийн ажил - 18,924,620 м.куб

         Өөрийн шуудууны ажил - 6,599 м.куб

         Уулын шуудууны ажил - 1,640,300 м.куб

         Ухмалын ажил - 36,139,790 м.куб

         Ухмал налуу хамгаалалт - 3,444,350 м.куб

         Ухмал - 5,032,750 м.куб

         Далан - 4,584,030 м.куб

Бидний хувьд хийж гүйцэтгэсэн ажил бүрийг хүсэлт гарган шалгуулж, хүлээлгэн өгч байсан ба 2020.12.22-ны өдрийн №000 тоот Гэрээг дүгнэсэн акт-аар батлагдсан ажлын тоо хэмжээгээр 5,331,103,458 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг дүгнэж, үүнээс 5,223,414,801 төгрөгийн 97,98 хувийн гүйцэтгэлийг баталгаажуулсан байдаг. Үүнээс гүйцэтгэгчид ногдох дүнг 5,118,437,341 төгрөг болохыг дүгнэж, Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 19.1-д Барьцаа хөрөнгө гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцүү хэмжээтэй байх бөгөөд Захиалагч нь ажлын гүйцэтгэлийн төлбөр бүрээс энэ хувь хэмжээгээр суутган үлдэнэ., 19.2-д Гэрээт ажил бүрэн дууссан тухай Гүйцэтгэгчийн мэдэгдлийг үндэслэн уг гэрээнд заасны дагуу суутгасан үнийн дүнгийн 50 хувийг Гүйцэтгэгчид төлөх бөгөөд үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг Гүйцэтгэгч арилгасан тухай Захиалагчийн томилсон Инженерийн мэдэгдлийг үндэслэн төлнө гэж заасныг тус тус баримтлан дараах байдлаар нийт 264,026,641 төгрөгийг суутган авсан. Үүнд:

 

Гүйцэтгэл

Үнийн дүн

Баталгаат хугацааны 5%

Гүйцэтгэл №1

133,693,499 төгрөг

6,900,000 төгрөг

Гүйцэтгэл №2

1,498,297,270 төгрөг

77,321,694 төгрөг

Гүйцэтгэл №3

1,137,716,394 төгрөг

58,713,984 төгрөг

Гүйцэтгэл №4

1,421,880,082 төгрөг

73,378,783 төгрөг

Гүйцэтгэл №5

871,317,308 төгрөг

44,856,280 төгрөг

Гүйцэтгэл №6

55,532,788 төгрөг

2,855,900 төгрөг

Нийт

5,118,437,341 төгрөг

264,026,641 төгрөг

Дээр дурдсан гүйцэтгэгчид ногдох төлбөрөөс манай Ө ХХК нь 4,733,903,051 төгрөгийг хүлээн авсан болно.

 

Д/д

Төлбөр төлсөн огноо

Төлсөн дүн

Шилжүүлэгч

Гүйлгээний утга

1

2019/12/19

470,563,692.00

Дэмжлэгийн газар

Урьдчилгаа төлбөр

2

2020/2/4

112,993,498.00

Дэмжлэгийн газар

Ажлын гүйцэтгэл

3

2020/5/22

1,243,751,483.00

М ТӨХК

Далангийн ажлын гүйцэтгэл №1

4

2020/7/7

366,942,078.00

М ТӨХК

Далангийн ажлын гүйцэтгэл

5

2020/7/27

366,942,079.00

М

ТӨХК

Далангийн ажлын гүйцэтгэл

6

2020/10/22

525,933,287.00

М ТӨХК

Далангийн ажлын гүйцэтгэлээс

7

2020/12/30

643,325,983.75

М ТӨХК

Далангийн ажлын гүйцэтгэл

8

2021/5/21

584,651,672.27

М ТӨХК

Далангийн ажлын гүйцэтгэл

9

2021/6/4

418,799,277.98

М ТӨХК

Далангийн

гүйцэтгэлийн үлдэгдэл санхүүжилт

Нийт

4,733,903,051.00

 

 

Гэрээний 19.2-т гэрээт ажил бүрэн дууссан тухай Гүйцэтгэгчийн мэдэгдлийг үндэслэн уг гэрээнд заасны дагуу суутгасан үнийн дүнгийн 50 хувийг Гүйцэтгэгчид төлөхөөр заасан хэдий ч уг заалтыг Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар болон М ТӨХК-ийн зүгээс төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авсны дараа төлнө гэж тайлбарласан. Ингээд М ТӨХК-иас 2024.05.29-ний өдрийн 00000000 дугаартай Санхүүжилтийн гэрээ дүгнэх талаар албан бичгийг ирүүлж, ........................... чиглэлийн 416,165 км төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авсан тул чанарын баталгааг хэсэгчлэн чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа талаар мэдэгдсэний дагуу бид 2024.05.30-ны өдөр №24/21 тоот албан бичгээр барьцаанд суутгасан 264,026,641 төгрөгийн 50 хувийг шилжүүлэхийг хүсч хүсэлт гарган холбогдох баримтуудыг хавсаргаж өгсөн.

Үүний дагуу М ТӨХК нь 2024.05.30-ны өдрийн байдлаар 264,026,641 төгрөгийн өртэй болохоо хүлээн зөвшөөрч, Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн атлаа манай компанийг тус байгууллагатай Санхүүжилт олгох гэрээ-г тусад нь байгуулаагүй гэх шалтгааныг амаар хэлж, өнөөдрийг хүртэл 132,013,320 төгрөгийг олгохгүй байгаад гомдолтой байна.

Бидний зүгээс 2024.05.30-ны өдрөөс хойш М ТӨХК-ийн удирдлага, санхүү, хууль эрх зүйн хэлтсийн албан тушаалтнуудтай удаа дараа биечлэн уулзаж энэ талаар тодруулахад ... удахгүй олгоно, ... аудитын шалгалттай байгаа учраас аудитораас асууя гэх мэт шалтгаан хэлж, албан бичгээр огт хариу өгөхгүй, манай компанийн асуудлыг шийдвэрлэж өгөлгүй хугацаа алдсаар байгаа тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 7.7-д Ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээг захиалагчийн тоо хэмжээний инженер, төслийн хяналтын байгууллагууд, үндсэн захиалагч М ТӨХК, гэрээний дагуу төлөх үнэ, хөлсийг үндсэн захиалагч М ТӨХК, захиалагчийн төсөвчин, санхүүгийн хэлтэс баталгаажуулна гэж заасны дагуу М ТӨХК нь гэрээ байгуулснаас хойших бүх төлөлтүүдийг гүйцэтгэж ирсэн бөгөөд өөрсдийн албан ёсны .................... цахим хуудаст ............................ чиглэлийн төмөр замын туслан гүйцэтгэгчдийн гэрээний жагсаалт, Барьцаа хөрөнгө чөлөөлөх аж ахуй нэгжүүдийн жагсаалт зэргийг нийтэлж, уг жагсаалтад манай компанийг оруулсан байдаг ч барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхгүй байна.

М ТӨХК нь манай компанитай Санхүүжилт олгох гэрээ байгуулаагүй ч Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ажлын хөлс санхүүжилтийг тухай бүрт шилжүүлж төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан, Тооцооны үлдэгдлийн баталгаа-гаар өр төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрч буй нөхцөлд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасны дагуу заавал гэрээ хийгдсэн байхыг шаардахгүй тул мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д тус тус заасны дагуу барьцаа хөрөнгийг чөлөөлж шилжүүлэх үүрэгтэй.

Иймд Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу суутгасан барьцаа хөрөнгийн 50 хувь болох 132,013,320 төгрөгийг гаргуулж, Санхүүжилтийн гэрээ байгуулахыг хариуцагч М ТӨХК-д даалгаж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч М ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газартай 2019.12.05-ны өдөр 00000 дугаартай Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ............................ чиглэлийн 416,165 км төмөр замын төслийн 129+000 пикетээс 136+000 пикет хүртэлх 7 км төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих ажлын туслан гүйцэтгэгчээр ажилласан. Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний зүйлийг 2023.08.16-ны өдөр Улсын комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээж авсан байдаг.

Нэхэмжлэгчийн гэрээт ажлын чанар, гүйцэтгэлийн талаар Ерөнхий гүйцэтгэгч буюу Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар, Захиалагч буюу М ТӨХК-иас аливаа гомдлын шаардлага гаргадаггүй. Тодруулбал М ТӨХК-иас 2024.05.29-ний өдрийн 00000000 тоот албан бичгээр Ө ХХК-д талархал илэрхийлж, ............................ чиглэлийн 416,165 км төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авсан тул чанарын баталгааг хэсэгчлэн чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа талаар мэдэгдсэн. Мөн Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэргийн удирдах газраас 2024.09.30-ны өдөр 1241 тоот албан бичгээр Ө ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн чанарын баталгааны 5 хувийг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэж М ТӨХК-д мэдэгдсэн байдаг.

Ө ХХК нь М ТӨХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлээр нийт 4,8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэл дээр талууд маргаагүй байна.

Талуудаас харилцан гэрээ байгуулах талаар шаардлага тавигдсан тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгө болох 132,013,320 төгрөг болон чанарын баталгаат хугацаа дууссаны дараа олгогдох 132,013,320 төгрөгийн үлдэгдэл, нийт 264,026,641 төгрөгийн төлбөр тооцооны үлдэгдэлтэйг талууд харилцан баталгаажуулсан нөхцөлд санхүүжилт, төлбөр тооцооны гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй... гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.07-ны өдөр 818,020 төгрөг төлсөн баримт /хх-ийн 6, 8 х/,

-Улсын бүртгэлийн 000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 7 х/,

-2025.01.07-ны өдрийн 25/02 дугаартай М.Э-д олгосон итгэмжлэл /хх-ийн 9 х/,

-2019.09.20-ны өдрийн №0000000 дугаартай Харилцан ойлголцлын санамж бичиг /хх-ийн 10-11 х/,

-2019.12.05-ны өдрийн 00000 дугаартай Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 12-32 х/,

-2019.12.05-ны өдрийн 00000 дугаартай Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр хавсралт /хх-ийн 33-35 х/,

-00000000 дугаартай Авто зам, замын байгууламжийг барих, завсарлах тусгай зөвшөөрөл /хх-ийн 36 х/,

-000000000 дугаартай Тусгай зөвшөөрөл /хх-ийн 37 х/,

-2020.12.22-ны өдрийн №000 дугаартай Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх Ө ХХК-тай байгуулсан 2019 оны 00000 тоот гэрээг дүгнэсэн акт /хх-ийн 38-41 х/,

-Газар шорооны ажил гүйцэтгэж буй гэрээний хугацаа дууссан аж ахуйн нэгжийн алдангийн тооцоо /хх-ийн 42 х/,

-............................ чиглэлийн 416,165 км төмөр замын төсөл /хх-ийн 43-44 х/,

-Гүйцэтгэлийн нэгтгэсэн тооцоо /хх-ийн 45 х/,

-Худалдаа хөгжлийн банкны Депозит дансны хуулга /хх-ийн 46-54 х/,

-Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 55-56 х/,

-2024.03.07-ны өдрийн 01/388 тоот М ТӨХК-ийн албан бичиг /хх-ийн 57-58 х/,

-2024.05.29-ний өдрийн 00000000 тоот М ТӨХК-ийн албан бичиг /хх-ийн 59 х/,

-Барилга, байгууламжийн чанарт гүйцэтгэгч байгууллагаас гаргасан баталгаа /хх-ийн 60 х/,

-2024.05.30-ны өдрийн 24/21 тоот Ө ХХК-ийн албан бичиг /хх-ийн 61 х/,

-2024.11.21-ний өдрийн 24/46 тоот Ө ХХК-ийн албан бичиг /хх-ийн 62 х/,

-2024.12.12-ны өдрийн 24/50 тоот Ө ХХК-ийн албан бичиг /хх-ийн 63-64 х/,

-Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.03.17-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 79 х/,

-2025.05.02-ны өдрийн 25/19 тоот Ө ХХК-ийн албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 106-109 х/ зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2025.01.27-ны өдрийн 01/03-143 дугаартай Д.Х-т олгосон итгэмжлэл /хх-ийн 67 х/,

-Улсын бүртгэлийн 000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 68 х/,

-Хариу тайлбар /хх-ийн 72-73 х/,

2025.04.07-ны өдрийн 01/03-528 дугаартай Э.М, Я.У нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 85 х/,

-Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар /хх-ийн 92 х/

2025.05.13-ны өдрийн А-01/05-748 дугаартай Ч.У-т олгосон итгэмжлэл /хх-ийн 104 х/ зэрэг баримтуудыг тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч М ТӨХК-д холбогдуулан Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу суутгасан барьцаа хөрөнгийн 50 хувь болох 132,013,320 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд 2025.01.07-ны өдөр гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025.03.17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Ө ХХК-тай санхүүжилтийн гэрээ байгуулахыг М ХХК-д даалгахаар ихэсгэсэн боловч энэ шаардлагаа шүүхээр шийдвэрлэх шаардлагагүй гэж татгалзаж байна..

 

2.Хариуцагч нь талуудын хооронд санхүүжилтийн гэрээ байгуулагдаагүй учраас 00000 дугаартай гэрээний барьцаа төлбөрийг баталгаат хугацаа дуусахаас өмнө бүрэн олгох боломжгүй. Харин гэрээний 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу эхний төлбөр 132,013,320 төгрөгийг гэрээ байгуулсны дараа олгох боломжтой гэж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан баримтууд зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

а. Талуудын хооронд 2019.09.20-ны өдөр М ТӨХК нь Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар, Ө ХХК-тай ............................ чиглэлийн төмөр замын төслийн 2020 онд хийгдэх ажлын бэлтгэлийг хангаж, хэрэгжүүлэх зорилгоор 0000000 дугаартай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. /хх-ийн 10-11 х/

 

б. Энэхүү санамж бичгийг үндэслэн Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар нь Ө ХХК-тай 2019.12.05-ны өдөр 00000 дугаартай Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4-т зааснаар гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь ............................ чиглэлийн 416.164 км төмөр зам барих төслийн хүрээнд туслан гүйцэтгэгчээр ажиллаж, төмөр замын шугамын доод бүтцийн далан, хоолойг барих ажлыг 2019.11.01-ний өдрөөс 2020.05.15-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, 15 дугаар зүйлд зааснаар захиалагч буюу М ТӨХК нь төслийн ажлыг санхүүжүүлэх, гэрээгээр тохирсон үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 12-35 х/

 

в. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасанд нийцсэн бөгөөд талуудын хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

г. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.

 

д. Талууд хэн аль нь 2019.12.05-ны өдөр 00000 дугаартай Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх, ажлыг хүлээн авч, хөлс 5,223,414,801 төгрөгийн 97.98 хувийн гүйцэтгэлийг баталгаажуулсан, үүнээс гүйцэтгэгчид ногдох 5,118,437,341 төгрөгөөс барьцаа хөрөнгө гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх 264,026,641 төгрөгийг суутгаж, нийт 4,733,903,051 төгрөг төлөгдсөн тухайд маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

4.Харин зохигчийн маргааны зүйл нь дээрх гэрээний 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу суутгасан үнийн дүнгийн 50 хувь болох 132,013,320 төгрөгийг шаардах эрх үүссэн эсэх байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

а. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

б. Хариуцагч нь 2019.12.05-ны өдрийн 00000 дугаартай Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г дүгнэж, ажлыг хүлээн авч, тооцоо нийлсэн атлаа гэрээний 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу суутгасан үнийн дүнгийн 50 хувь болох 132,013,320 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

 

в. 2019.12.05-ны өдрийн 00000 дугаартай Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 19 дүгээр зүйлийн 19.1-д Барьцаа хөрөнгө гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцүү хэмжээтэй байх бөгөөд Захиалагч нь ажлын гүйцэтгэлийн төлбөр бүрээс энэ хувь хэмжээгээр суутган үлдээнэ, 19.2-т Гэрээт ажил бүрэн дууссан тухай гүйцэтгэгчийн мэдэгдлийг үндэслэн уг гэрээнд заасны дагуу суутгасан үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчид төлөх бөгөөд үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг гүйцэтгэгч арилгасан тухай Захиалагчийн томилсон инженерийн мэдэгдлийг үндэслэн төлнө гэж тохиролцсоны дагуу М ТӨХК нь гүйцэтгэгч буюу Ө ХХК-д ногдох ажлын хөлс 5,118,437,341 төгрөгөөс барьцаа болгож, уг үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх 264,026,641 төгрөгийг суутган үлдээжээ.

 

г. Тодруулбал, ажил гүйцэтгэгч Ө ХХК нь ............................ чиглэлийн 416.165 км төмөр замын доод бүтцийн барилга угсралтын төслийн хүрээнд туслан гүйцэтгэгчээр ажиллаж уг ажлыг 2019.11.01-ний өдрөөс 2020.12.22-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэж, захиалагч байгууллагын төлөөлөх эрх бүхий нэгжтэй 2022.12.22-ны өдөр Төмөр замын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх 2019 оны 00000 тоот гэрээ дүгнэсэн актыг үйлдсэн, мөн хариуцагч М ТӨХК нь 2024.03.07-ны өдөр 01/388 тоот Тулган баталгаажуулах захидал-ыг гүйцэтгэгчид илгээж, 2024.01.01-ний өдрөөс 2024.05.30-ны өдрийг хүртэл хугацаанд далангийн ажлын баталгаа 264,026,641 төгрөг байгаа талаар тооцоо нийлсэн байна. /хх-ийн 38-41, 55-56, 57 х/

 

д. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, 186.2-т Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно гэж заасан.

 

е. Дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь 2019.12.05-ны өдрийн 00000 дугаартай Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу суутгасан үнийн дүн 264,026,641 төгрөгийн 50 хувь 132,013,320 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иймээс хариуцагч М ТӨХК-иас 132,013,320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгох үндэстэй.

 

6. Санхүүжилтийн гэрээ байгуулахыг хариуцагч М ТӨХК-д даалгах шаардлагын тухайд

а. Нэхэмжлэгч нь энэхүү шаадлагын үндэслэлээ 2019.12.05-ны өдрийн 00000 дугаартай Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу 2024 онд барьцаа хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлөх үүрэг үүсэх үед хариуцагч М ТӨХК нь төрийн өмчит хувьцаат компани учраас санхүүжилтийн гэрээ байгуулах шаардлага тавьсан учраас үлдэгдэл 50 хувь болох 132,013,320 төгрөгийг баталгааны хугацаа дууссаны дараа олгохоор Санхүүжилтийн гэрээ байгуулахыг даалгуулахаар шаардах эрхтэй гэжээ. тайлбарласан.

 

б. Хариуцагч нь дээрх шаардлагын татгалзлын үндэслэлээ ... Ө ХХК болон Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газартай 2019.12.05-ны өдөр байгуулсан 00000 дугаартай Төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний зүйлийг 2023.08.16-ны өдөр Улсын комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээж авсан. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зуйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа 1 жил байна, 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа 3-аас доошгүй жил байна гэж хуульчилсан тул баталгаат хугацаа дууссаны дараа үлдэгдэл 132,013,320 төгрөгийг өгөхөд татгалзах зүйл байхгүй... гэж тайлбарласан.

 

в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ... хуульд харшлаагүй бол шүүх ... нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана... гэж тус тус заасан.

 

г. Шүүх хуралдааны явцад хариуцагч нь ...баталгаат хугацаа дууссаны дараа үлдэгдэл 132,013,320 төгрөгийг өгөхөд татгалзах зүйл байхгүй... гэж тайлбарласан тул нэхэмжлэгч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь шүүхэд гаргасан барьцаа төлбөрийн үлдэгдэл 50 хувь болох 132,013,320 төгрөгийг баталгааны хугацаа дууссаны дараа олгохоор Санхүүжилтийн гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзаж байна.

 

Ө ХХК-иас 2025.01.07-ны өдөр М.Э-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 25/02 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч нь шүүхэд гаргасан Санхүүжилтийн гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч М ТӨХК-иас 818,017 төгрөг гаргуулан Ө ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж /2025.01.07, 2025.03.17-ны өдөр төлсөн/-ид урьдчилан төлсөн 888,220 төгрөг /818,020+70,200/-ийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч М ТӨХК-иас 132,013,320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч М ТӨХК-д холбогдуулан гаргасан санхүүжилтийн гэрээ байгуулахыг даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч М ТӨХК-иас 818,017 төгрөг гаргуулан Ө ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 888,220 төгрөг /818,020+70,200/-ийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА