Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/721

 

                                                                             *******т холбогдох

                                                         эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Булганчимэг,

шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Батбаяр, Г.Наранбаатар, П.Буманзаяа,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/411 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн *******т холбогдох 2209020931127 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

******* овгийн ******* *******, 1976 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******* аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “******* *******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын *** дүгээр баг, ***, *** гудамж, задгай *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:*******/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд тодорхой газар очихыг хориглох буюу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт очихыг хориглох үүрэг хүлээлгэсэн,

*******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, цагдан хоригдсон 491 хоногийг хорих ялын 491 хоногоор тооцон эдлэх ялаас нь хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг эдэлсэнд тооцож, торгох ялыг биелүүлсэн.

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийгөө жоншны бизнес эрхэлж байгаа гэж итгүүлэн, хохирогч ын эзэмшлийн улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгийн барьцаанд тавиулж, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 15,000,000 төгрөгийг ын Хаан банкны тоот данс руу шилжүүлүүлж, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,

Мөн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч т нь “арматур төмөр бартер хийж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүний эзэмшлийн 147,459,000 төгрөгийн үнэлгээ бүхий Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо *** тоот 59,7мкв байр, 84,591,304 төгрөгийн үнэлгээ бүхий Баянгол дүүргийн *** дугаар хороо *** тоотод байрлах 41,4мкв, 2 өрөө байр, 322,831,575 төгрөгийн үнэ бүхий лексус 570 загварын тээврийн хэрэгсэл, бэлэн 100,000,000 төгрөгийг шилжүүлж нийт 669,881,879 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба шүүхийн шийдвэр дээр огт маргахгүй, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. 2009 оны 5 дугаар сарын 01-нд төрсөн хүү гээ хамт амьдардаг, өрх толгойлсон ээж. Хүүгийн биеийн байдал тааруу, хоёр хөлөндөө үений хагалгаатай, өсөлт нь зогссон, явган явдаггүй, хичээлд нь хүргэж өгч авдаг, байнгын асаргаанд байдаг. Одоогийн байдлаар 4 сарын 17-ны өдрөөс хойш хичээлдээ яваагүй байна. Миний биеийн байдал нь 2 бөөрний түүдгэнцрийн үрэвсэл, зүрхний шигдээс, бамбайн хавдар, бүтэн биеэрээ хавагнах гэсэн хавсарсан оноштой. Иймд эрхэм шүүгчид та бүхнээс миний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг минь харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэж хичээнгүйлэн гуйж байна.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч *******ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Бидний зүгээс үйлчлүүлэгчийнхээ гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Гагцхүү нэгдүгээрт, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг гаргаж өгсөн. *******ийн хувьд зүрх нь 5 системдээ ишемитэй, зүрхний шигдээс өвчтэй бөгөөд энэ нь эмчийн дүгнэлтээр тогтоогдоно. 2 бөөрний түүдгэнцэрийн архан үрэвсэлтэй, уураг алдагдал өндөртэй, бөөрний архаг дутагдалтай, удамшлын чихрийн шижинтэй бөгөөд 3 дугаар шатандаа явж байгаа. Мөн цагдан хоригдож байх хугацаандаа 2 удаа Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, энэ талаарх баримтыг давж заалдах гомдолдоо хавсаргаж өгсөн гэдгийг дурдах нь зүйтэй. Хоёрдугаарт, ******* хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ******* хэдийгээр хохирлоо бүрэн төлсөн боловч мэдүүлэг тайлбараараа маргаж байгаа учраас гэм буруу хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлгүй гэж дурдсан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс цагаатгах байр сууринаас дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан энэ нь гэрээнээс үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаа юм гэдэг байдлаар мэтгэлцсэн. Гэм буруугаа зөвшөөрсөн агуулгаар гомдол гаргасан. ******* нь өрх толгойлсон эмэгтэй бөгөөд бага насны хүүхэд болох Э.Амин-Эрдэнэ нь эхийгээ хоригдсоноос хойш хоол унд идэхгүй, хичээлдээ явахгүй ийм нөхцөл байдалтай байгаа. ******* нь мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүхийн шатанд т 15.000.000 төгрөг, т 669.881.000 төгрөг буюу 670.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж, гэм хорыг арилгасан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр торгох ялаар сольж өгнө үү. Өөрөөр хэлбэл, торгох ялын бодлогын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хэлбэр мөн бөгөөд төрд ашигтай нөгөөтээгүүр, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзэж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ******* нь 2009 онд “******* *******” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл барилгын худалдаа, үйлчилгээ, мал аж ахуй, фермер, хүнсний дэлгүүр, гадаад дотоод худалдааны чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулан НӨАТ төлөгч компани болж, олон хүмүүсийг ажлын байраар хангаж байгаа ахуйн нэгж байгууллагын шилдэг захирлуудын нэг юм. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, 2 жилийн хугацаатай хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. Мөн шүүгдэгч торгуулийн ялыг бүрэн төлөх чадвартай, тухайн компанид хийсэн ажлууд болон мөнгө байгаа гэдгийг дурдаж хэлье. ...” гэв.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж, торгох ялаар сольж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага оногдуулах талаар гэсэн дүгнэлт хэсэгт “шүүгдэгч ******* нь хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж дурдсан. ******* нь хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн боловч мэдүүлэг болон тайлбараар үгүйсгэж байх тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ыг хохироосон 15.000.000 төгрөгийн асуудал дээр “би 7.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн, үлдэх төлбөрийг н.Отгонбаяр авсан” гэж хохирлын талаар маргаж байгаа боловч гэм буруу дээр маргаагүй. н.Отгонбаярын “би авсан юм, тэр мөнгийг нь би шилжүүлсэн” гэсэн гэрчийн мэдүүлэг байдаг. Иймэрхүү зөрүүтэй тайлбарыг маргаантай гэж ойлгоод байх шиг байна. Өөр ямар нэгэн маргаантай зүйл байхгүй, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байгаа. Иймд ял шийтгэлийг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч П.Буманзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Г.Наранбаатар, Ж.Батбаяр нар хууль зүйн талаас тайлбар гаргасан. Миний бие давж заалдах шүүхийн шатнаас шүүгдэгч *******ийн өмгөөлөгчөөр оролцож бөгөөд шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой тайлбар гаргана. ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн цагдан хоригдож, 3 удаа эмнэлэгт хэвтсэн бөгөөд одоо бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл, хавагнах, шээсэнд улаан эс илрэх хам шинж, артерийн даралт ихсэх өвчин 2 дугаар зэрэг гэсэн оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн зүрхний ишемитэй, элэгний болон нойр булчирхайн ойлт ихэссэн гээд дотор эрхтэн бүгд үрэвсэлтэй бөгөөд энэ нь тус шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байгаа. Цагдан хоригдохоос өмнө нэлээд эмчилгээ хийлгэсэн боловч сайжралыг олоогүй. 6 дугаар сарын 24-ний өдөр очиж уулзахад хаван ихтэй, шээс хөөх эмчилгээ хийлгэж байна, өөр ямар нэгэн эмчилгээ хийгээгүй гэсэн зүйлийг ярьсан. Шүүгдэгчийн хувьд 47 настай, бөөрний дутагдалд орж байсан, бөөрний уургийн дутмагшил гэх хүнд хэлбэрийн өвчтэй бөгөөд гадуур зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай. Мөн ар гэрийн хувьд хүү Э.Амин-Эрдэнэ нь 2 хөлдөө хагалгаа хийлгэсэн, эхийнхээ асрамжид байдаг, өөрөө явж чадахгүй учраас төрсөн эгч н.ын асрамжид өгсөн боловч н. нь бага насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй учраас ар гэрийн нөхцөл байдал хүндрэлтэй байгааг харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ийн тухайд үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгч, эзэмшигчийнх нь эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддог. Харин эрүүгийн хариуцлагын тухайд шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн тухайд тусгайлан гаргах санал байхгүй. ...” гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийгөө жоншны бизнес эрхэлж байгаа гэж итгүүлэн, хохирогч ын эзэмшлийн улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгийн барьцаанд тавиулж, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 15,000,000 төгрөгийг ын Хаан банкны тоот данс руу шилжүүлүүлж, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан,

2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч т нь “арматур төмөр бартер хийж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүний эзэмшлийн 147,459,000 төгрөгийн үнэлгээ бүхий Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо *** тоот 59,7мкв байр, 84,591,304 төгрөгийн үнэлгээ бүхий Баянгол дүүргийн *** дугаар хороо *** тоотод байрлах 41,4мкв, 2 өрөө байр, 322,831,575 төгрөгийн үнэ бүхий лексус 570 загварын тээврийн хэрэгсэл, бэлэн 100,000,000 төгрөгийг шилжүүлж нийт 669,881,879 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч ын “...Би 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 2-23 тоот гэртээ байж байтал манай төрсөн эгч болох над руу залгаад “миний дүү мөнгө зээлэхгүй биз” гээд ярьсан. Тэгэхээр нь би “Та мөнгөөр яах гэж байгаа юм бэ” гээд асуутал “Манай найзад мөнгөний хэрэг гарсан гэнээ. Манай найз жоншны бизнес хийдэг. Тухайн бизнесээ хийх гэхээр мөнгө дутаад байна гэнэ. Миний дүүг мөнгө зээлбэл мөнгийг чинь хурдан хугацаанд өсгөж өгнө” гээд эгч надад хэлсэн. Түүнээс хойш 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр манай эгч залгаад “Манай найзууд манай гэрт ирсэн байна. Миний дүү хүрээд ирээч” гэхээр нь би Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 48-706 тоотод өдөр 12 цагийн орчимд очсон. Намайг очиход манай эгчээс гадна найзууд нь гээд , түүний эхнэр нар байсан. нь намайг “Миний дүү том машинаа ломбардад тавиад мөнгө аваад өгөөч. Чиний өгсөн мөнгийг чинь ах нь 3 нугалж өгье” гээд байхаар нь би машинаа ломбардад тавиад мөнгө авсан ч надад хамгийн дээд тал нь 10.000.000 төгрөг гарах болно гэж хэлтэл нь “Би зээлээ судлаад чиний машиныг өндөр үнээр тавих газраа олоод өгье” гэсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ “Та нар тэгвэл миний машиныг тавих газраа олоод надтай холбогдоорой” гэж хэлээд гэр лүүгээ явсан. Тэгтэл 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нь над руу залгаад “Ах нь чиний машиныг ломбардад тавих газраа олчихлоо. Чи очоод машинаа тавиад зээлээ аваад өгөөч” гэхээр нь би ТББ андуудын орчимд “Хуй хуанг” нэртэй ломбардад улсын дугаартай машинаа тавиад өөрийн дугаартай дансаар аваад байж байтал над руу яриад “Би одоо жоншны хүмүүстэй гэрээ хийх гэж байна. Хурдан мөнгөө шилжүүлээд өгөөч” гэхээр нь би “Мөнгийг чинь өгөхдөө хоёулаа хамт нотариат ороод мөнгөө аваарай” гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл удалгүй манай эгч болох над руу залгаад “, хоёр жоншныхоо хүмүүстэй гэрээ хийх гэж байна. Яаралтай мөнгийг нь өгчихөө” гэхээр нь би гийн дугаарын Хаан банкны данс руу өөрийн 5024564635 дугаарын данснаас 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /2хх 201-202/,

гэрч гийн “...2020 оны 07 дүгаар сард найз гийн гэрт буюу Баянзүрх дүүргийн Шар хаданд нөхөр болон найз , түүний эхнэр ******* нартай уулзацгаасан. , ******* нар нь “ Жоншны бизнес эрхэлнэ. Мөнгө яаралтай хэрэгтэй байна” гээд найз тай уулзацгаасан. Тэгээд гийн дүү гэх гэх залуу мөн байсан. “, ******* нар “мөнгө хэрэгтэй байна. Таньж мэддэг хүн байвал зээлээд өгөөч” гэж гуйж байсан. “Хүү нь хэд ч байсан хамаагүй нугалаад өгнө” гэж гуйгаад байсан. гаас мөнгө асуусан чинь “Байхгүй. Харин манай төрсөн дүү маркийн машинтай юм” гэсэн. Бид нар ярилцаж байгаад нь зөвшөөрөөд маркийн машиныг , ******* нарын мэддэг гэх ломбардад ын маркийн машиныг 25.000.000 төгрөгөөр тавьсан гэж , ******* нар надад ярьж байсан. Тэгээд миний данс руу 15.000.000 төгрөгийг шилжүүлээд уг мөнгөн дээр нь би 5.000.000 төгрөг нэмээд 20.000.000 төгрөгийг ын данс руу шилжүүлсэн. ...” /хх 208-210/,

гэрч ын “...2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны дугаартай данснаас миний эзэмшдэг Хаан банкны дугаарын данс руу 20.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Тухайн үед миний дугаарын данс, картыг ******* ашигладаг байсан. Сүүлд дансны хуулгаа харахад ******* миний данснаас мөнгийг нь гаргаж авсан байсан. Би өөрийн Хаан банкны дугаартай дансаар нийт 36.000.000 төгрөг авсан. Энэ мөнгийг , 2 хийсэн. Тэр мөнгөний 15.000.000 төгрөгийг ...аас авсан. Миний дансанд орсон бүх мөнгийг ******* авсан. ...миний карт *******т явдаг байсан. ...” /2хх 213-215/,

гэрч ын “...Манай эхнэрийн найз гэж хүн байсан бөгөөд эхнэр тэр хүн рүү ярьж мөнгө төгрөг асуусан чинь “манай дүү т нэг машин байгаа түүнтэй яриад үзье” гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд “тай ярьчихлаа гээд бид нарыг гэртээ байна хүрээд ирээч” гэхээр нь Шар хаданд байх гийн гэрт манай эхнэр , би, *******, бид дөрөв дөрвүүлээ очиж уулзсан. Уулзахад дүү ын хамтаар байж байсан бөгөөд мөнгө төгрөг хэрэгтэй байгаа талаар  ярихад нь “Надад бас 10 сая төгрөгийн хэрэг байна. Би өөрийн машинаа барьцаанд тавьж болж байна. Энэнээс илүү тавьж чадна гэвэл хамаагүй би машинаа барьцаанд тавьж болж байна” гэсэн хариу өгсөн юм. ******* тай уулзаж байхдаа “Хүү бол хамаагүй. Таньдаг найз байгаа. Би барьцаанд тавиад зээл авчихъя. Надад таньдаг авто ломбард байгаа. Таны г 25 сая төгрөгт барьцаанд тавьж чадна. Чи 10 саяыг ав. Би 15 саяыг нь авъя. Би авсан 15 сая төгрөгөө 30 сая төгрөг болгож өгнө” гэж хэлж байсан. зөвшөөрөөд машиныг ******* хөөцөлдөж байгаад манай эхнэр гийн данс руу хийчихсэн юм. Эхнэрийн дансанд мөнгө орсон даруй эхнэр өөрт байсан мөнгөө нэмээд 20 сая төгрөгийг ын данс руу хийсэн байгаа. ...” /2хх 221-222/,

гэрч Б.Мөнхдалайн “...Энэ хүн надад өөрийгөө гэж танилцуулж байсан. ******* гэж нэр огт хэлж байгаагүй. Би 2020 оны 05 дугаар сарын үед энэ ******* гэгчтэй танилцсан. Манай найз гээд замын инженер залуу байдаг юм. Тэр “Сэлэнгийн суманд 5 км засмал зам тавих ажил байна. Зам тавиулах гээд байгаа хүн нь Улаанбаатар хотод байгаа. Чи сум авч яваад танилцаад энэ ажлыг бүтээх талаар бодоо” гэж хэлсэн. Тэгээд найзаасаа дугаарыг нь авч холбогдоод 1 дүгээр хорооллын тэндээс очиж аваад суманд хүргэж өгчхөөд, онцын юм ярилгүй, хийх замын ажлын талаар олигтой бүтэлтэй юм дуулгалгүй буцаасан юм. явах замд машин дотор бид хоёр танилцаад ойр зуурын бизнес хийдэг ажлуудаа ярьсан юм. Би “Надад аймгийн суманд 7000 тонн шороотой жонш байна. Үүнийг жоншийг ялгаад борлуулаад өгөх мөнгөтэй хүн байвал ярьж хөөрч болно” гэж хэлсэн. Жоншны тухай яриаг сонсонгуутаа “Эгч нь бол ерөөсөө сэргэлэн хүүхэн шүү дээ. Иймэрхүү юман дээр танил ихтэй, наадахыг чинь асуудалгүй зохицуулна” гэсэн юм. Надад замын ажил олж өгнө гээд орон нутгийн дансанд 100.000.000 төгрөг байршуулах хэрэгтэй юм байна, мөнгө байршуулж гэрээ хийнэ” гэхээр нь мөнгө байхгүй гээд замын ажлаа больчихсон юм. Тэгээд нам жим сураггүй байж байтал 2020 оны 06 дугаар сарын 15-ны хавьцаа байхаа намайг гийн цэцэрлэгт хүрээлэнд ажил хийж байхад надтай ирж уулзаад “Жоншийг чинь үзмээр байна. Талбай дээр чинь очиж үзье” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Улаанбаатар хотоос суманд очиж жоншны хашаан доторх жоншийг харуулсан, ******* буюу тухайн үед надад өөрийгөө “” гэж танилцуулсан эмэгтэй дээж гээд уутанд шороо хийж аваад явсан. Ингээд дараах нь дахин нэг уулзаад “гэрээ байгуулж, хүн амьтанд итгэл үнэмшил төрүүлэх хэрэгтэй байна. Аман яриагаар яриад огт итгэхгүй байна. Худалдах худалдан авах гэрээ хийе” гээд надтай 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан. Тэр надаас 7000 тонн жоншийг нэг тонныг нь 55.000 төгрөгөөр, нийт 385.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Ингэхдээ эхлээд 100.000.000  төгрөгийг нь өгчихвөл ажлаа эхлүүлж болно гэж хэлсэн. Яаж ажил эхлүүлэх вэ гэхээр шороотой жоншийг байгаа хашаанд орж ялгах ажил байгаа юм. Шороо, жоншийг нь ялгаж цэвэр жоншийг гаргаж авах ажил байсан. Энэ хашаа руу нэвтэрч орох зөвшөөрөл авахын тулд урьдчилгаа 100.000.000 төгрөгийг өгчих гэсэн юм. Тэгээд наад хүн чинь гэрээгээ байгуулж аваад л сураггүй алга болсон. ...” /2хх 227-228/,

хохирогч ийн “...Би “ ” констракшн ХХК-ний ерөнхий захирлаар ажилладаг бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр би танил дүү гэх залууд “Лексус-570” маркийн тээврийн хэрэгсэл болон орон сууцаар арматур бартер хийх хүн байна уу” гэж асуухад “ гэдэг эгч байгаа, арматур зардаг байх” гээд гэх эмэгтэйг надтай холбож өгсөн. Тэгээд тэр өдрөө ий хамтаар гэх эмэгтэйн Хан-Уул дүүрэгт байрлах *** моллын урд байх түүний байрны гадаа очсон. ... “Бартер хийх гэж байгаа “Лексус-570” маркийн тээврийн хэрэгслээ унаад ир. Үзнэ” гэсний дагуу унаад очсон. ...Очиход өөрийгөө “арматурын бизнес хийдэг, бүх төрлийн арматурыг нийлүүлдэг” гэхээр нь би түүнд “Хятад улсын Бугатын арматурыг би барилгадаа ашигладаг. Энэ арматур байгаа юу” гэхэд тэрээр “Байгаа. Авбал хүссэн газарт нь буулгаж өгнө” гэснээ гэх эмэгтэй “Манай хэрэгжүүлж буй төслүүд нь Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо болон *** дүгээр хороонд байрлаж байгаа гэж хэлсэн. Тэрээр надад хэлэхдээ “Лексус-570” маркийн тээврийн хэрэгсэл дээрээ нэмээд бэлэн мөнгө хэрэгтэй байна. Чи хэдэн төгрөг өгөх боломжтой байна” гэхээр нь би түүнд “350.000.000 төгрөгийг нэмж өгөөд, 2018 оны Лексус-570 маркийн тээврийн хэрэгслээ 350.000.000 төгрөгөөр бодоод, нийтдээ 700.000.000 төгрөгийн арматур авахаар хоорондоо амаар ярилцаж тохирсон. Тэр үед би уулзаж байхдаа “Арматурын байгаа газар, гэрчилгээ болон холбоотой баримтуудыг үзэж болно биз дээ” гэхэд тэрээр “Асуудалгүй. Эгч нь маргаашаас үзүүлнэ. Эгч нь бас хөөсний үйлдвэртэй, барилгын сапуд төмөр, хар паниар гэх мэт барилгын ажилд ашиглагддаг бүх зүйлс байгаа шүү" гэж хэлсэн. Өмнө нь олон хүмүүстэй иймэрхүү ажлаар харьцсан чат, баримтууд байгаа гэж хэлж өөртөө намайг итгүүлсэн. Өөрийгөө 5 жил Америкийн нэгдсэн улсад, 5 жил Тайландад ажиллаж, амьдарч байгаад ирсэн, Банк бус санхүүгийн байгууллагатай байсан, хүнд туслах, ажиллах чадвартай хүн гэж өөрийгөө илэрхийлж ярьсан юм. Ийм зүйл ярьж байснаа тэрээр “Лексус-570” маркийн тээврийн хэрэгслээ надад үлдээгээд явчих, эгч нь лагерь руу найз нар дээрээ очихдоо гангараадахъя” гэж гуйсаар байгаад “Лексус-570” маркийн тээврийн хэрэгслийг аваад үлдсэн. Машиныг гардаж авахдаа миний охин гээд нярай хүүхэд тэвэрсэн охиныг хажуудаа байлгаж байгаад надаас түлхүүр аваад үлдсэн. Мөн өөрийнхөө охиныг хамтарч ажиллуулна гэх мэт зүйлсийг ярьж надад итгэл төрүүлсэн. Түүний маргааш гэх эмэгтэй өөрийнхөө гэсэн дугаараас над руу залгаад “ гэх хүнийг явуулна. Энэ хүний нэр дээр “Лексус-570” маркийн тээврийн хэрэгслээ шилжүүлээд өгчих. Эгч нь одоо үйлдвэр дээрээсээ арматурыг чинь ачуулж байна. Хэдэн тонн хэрэгтэй гэдгээ бичээд явуул. Мөн бэлэн 350.000.000 төгрөгөө шилжүүл. нь миний дүү байгаа юм” гэж
хэлэхээр нь би хариуд нь түүнд “Эхлээд арматураа авчихъя. Түүний дараа “Лексус-570” маркийн тээврийн хэрэгслийн нэр шилжүүлье. Мөнгөө өгье” гэхэд тэрээр “вайбераар над руу үйлдвэр дээрээс арматур ачуулж байгаа зураг явуулсан. “Буулгах газраа барилгынхаа талбайгаа бэлд. Тээврийнхээ хөлсөө бэлд. Одоо ачуулж байна” гэж бичсэн. Мөн ярьсан мөнгөө хурдан шилжүүл” гээд нэхээд байсан. Тэгэхээр нь түүнд эхлээд 100.000.000 төгрөгийг нь шилжүүлье гээд Зуун айл худалдааны төвд байрлах Голомт банкин дээр очоод “ ” констракшн ХХК-ний данснаасаа “******* *******” ХХК-ний 5758180201 тоот Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөн “Лексус-570” маркийн тээврийн хэрэгслээ шилжүүлье. Эхний ээлжид 450.000.000 төгрөгийн арматур авчихъя” гэж хэлэхэд “Арматур гарчихсан, битгий санаа зов” гээд байсан болохоор нь би 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гийн дүү гэх ын нэр дээр машинаа шилжүүлсэн. Харахад махлаг залуу байсан. Үдээс хойш Сүхбаатар дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын талбай дээр 56,4 тонн арматур Хятад Монгол холилдсон “ ” ХХК гэсэн падаантай бичиг баримтгүй арматур буулгасан байсныг манай инженер надад хэлсэн. Би руу залгаад “Хятад Монгол холилдсон арматур буулгасан байна. Юу болоод байгаа юм бэ” гэхэд “Өө эгч нь солиод өгнө. Хэдтэй Монгол арматур буусан байна. Хэдэн тонн байна. Маргааш үлдсэн арматураа буулгахдаа солиод өгнө. Ачдаг машин нь 18 цагаас хойш явахгүй тул маргааш үлдсэн арматураа буулгана” гэж хэлсэн. Маргааш өдөр нь би түүнтэй утсаар холбогдон ярихад “Эгч нь ажилтай байна. Ажлаа дуусгаад өөрөө очоод ачуулчихъя” гэж худлаа яриад тэр өдрөө амжсангүй гээд арматур буулгаагүй. 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нь “Өөр арматур ирж байгаа, гааль дээр ирчихсэн байгаа, нэг мөсөн нэг дэх өдөр болъё” гэсэн. Мөн намайг үлдсэн 250.000.000 төгрөгөө хурдан өгөөрэй гэсэн. 1 дэх өдөр болсон боловч надаас “Чамд бартерт өгөх бэлэн  гэрчилгээтэй байр байна уу. Үзье харъя” гээд бэлэн компани дээр байсан 3 байрыг үзчихээд “Эгчдээ нэр шилжүүлээд өгчих. Банкнаас 1 тэрбумын зээл гаргах гээд данснаасаа нэг ч төгрөг гаргаж болохгүй байгаа юм. Чамд хэдэн төгрөг байна. Тэгээд энэ байрнуудаа нэр дээр шилжүүлээд өгчихөө. Үлдэгдэл 250.000.000 төгрөгийн оронд бэлэн байгаа 2 гэрчилгээтэй байрыг нь авчихъя” гээд байсан. Сүүлд бодоход бэлэн гэрчилгээтэй байрыг авна гээд байсан нь цаашаа шууд хүнд зарах нь амархан байсан учраас бэлэн гэрчилгээтэй 2 байрыг нь авна гээд байсан юм шиг байгаа юм. Би тухайн үед бодохдоо бэлэн мөнгө өгч байхаар 2 бэлэн байраа өгчихье гэж бодоод 2 байраа өгөхөөр тохиролцсон, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо *** тоот 59,7 мкв 3 өрөө 160.000.000 төгрөгийн үнэлгээтэй байрыг гэх эмэгтэй өөрийнхөө нэр дээр буюу ******* гэсэн нэр дээр шилжүүлэн авсан. Мөн Баянгол дүүргийн *** дугаар хороо *** хутагт *** гудамж *** тоот 36 мкв 2 өрөө 90.000.000 төгрөгийн үнэлгээтэй байрыг өөрийн дүү гэх гэх хүний нэр шилжүүлсэн. Мөн надаас “Бэлэн мөнгө байна уу. Эгч нь 2 хоног Хөтлийн цементийн үйлдвэр рүү явж цемент авах гэж байна. Хэдэн төгрөг ч хамаагүй миний хувийн данс руу шилжүүлчих” гэхээр нь түүний Хаан банкны тоот ******* гэх өөрийнх нь данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Цемент захих гэж шилжүүлээгүй. Маргаашнаас нь хөдөө явсан сургаар утас нь холбогдох боломжгүй болсон. Утас нь дуудаж байгаа боловч авахгүй, хөдөө шаварт суучихсан байна гээд мессеж бичээд арматур өгөхөөс зайлсхийгээд шалтаг, шалтгаан тооцсоор байгаад 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр болсон. “Арматур ачуулж байна. Барилгын талбайгаа бэлд. Очлоо “гэсээр байгаад “ ” ХХК-аас 40 тн арматур буусан. Дахиад орой 20 цагийн үед 40 тонн ирэхдээ барилгын хашааны гадаа машин нь зогсоод буулгахгүй болохоор компаниас нь асуутал “******* гэх хүн нь мөнгөө өгөөгүй байгаа гэсэн. Мөн өөрийнх нь гэж ярьсан компанийн буулгах гээд ирсэн хүн нь *******ийг танихгүй гэж хэлсэн. Өөрөө надад болохоор өөрийнхөө компаниас явуулж байна гэж ойлгуулж хэлж байсан. Эхний буулгасан 40 тонн арматурын мөнгийг нь өгөөгүй, өөрийнхөө унаж явсан машинаа барьцаанд тавиад эхний 40 тонн арматурыг буулгасан болж таарсан, 2 дахь буулгах гээд ирсэн машины жолооч нь ажил тарах цаг болчихлоо гээд яаруулсан учраас жолооч нь буулгачхаад явчихсан. Ингэхээр нь гэх хүн рүү залгахад “Наад компаниас чинь авлагатай, авах ёстой юмаа авч байна” гэж хэлээд барилгынхаа хашаагаа түгж гэх мэтийг ярьсан. Би явахдаа инженертээ хаалгаа түгжээд яв гэж хэлээд явсан. Маргааш ажил дээрээ ирэхэд “ ” ХХК-ний ажилчид гээд 3 хүн ирсэн байсан. Тэр хүмүүс болохоор *******ийг танихгүй гээд байсан. Түүнд энэ талаар хэлэхэд “Би захирлыг нь танина. Захирал нь хөдөө явчихсан байгаа. Ирэхээр нь би учрыг нь олчихъё” гэж ярьсан, мессеж хүртэл бичсэн. Нөгөө хүмүүст өгөхгүй гэж хэлэхэд тэр хүмүүс *******тэй нийлж залилан хийж байна гээд 102 руу залилан хийсэн гээд дуудлага өгөхөөр нь би нийлж залилан хийсэн хэрэгт орж магадгүй байсан тул буцаагаад 40 тонн арматурыг нь өгөөд явуулсан. Үүнээс эхлэн ******* гэх хүнд залилуулаад байгаа юм байна гэж бодож эхэлсэн. *******ийг *******-Уул аймгийнх гэж ярьж байсан болохоор нь хүмүүсээс сураглахад залилан хийдэг гээд байсан. Тэгээд өөрөөс нь “2 байраа буцаагаад авъя” гэхэд “Аниа нь чамд асуудалгүй өгөх ёстойгоо өгнө. Эгч нь хагалгаанд орох гэж байгаа. Болохгүй бол эмнэлгээс гарсан өдрөө арматурыг чинь ачуулна” гэсэн. Над руу “Эмнэлэгт хагалгаанд орлоо. 10 оёдол тавиуллаа. Бие өвдөж байна” гэх мэт зүйлс бичээд эмнэлэгт байгаа зураг явуулаад байсан. Тэдгээр зургийг харахад урьдын, худлаа зураг явуулсан юм шиг санагдсан. Мөн аавын бурхан болсон өдөр, аль эсвэл барилгын талбайгаа бэлд гэх мэтээр хуураад яваад байсан болохоор түүнийг цагдаад өгөхөөр шийдээд өөрт нь сануултал “Эгчийгээ 2 хоног харчих. Урдаас арматур ирж байгаа. Дүүгийн компани дээр “Ланд-200, Лексус зэрэг автомашинууд орж ирж байгаа” гэхээр нь би түүнийг бодоод, өрөвдөөд өдий болтол хүлээж байгаад цагдаад хандаж байна. Би ******* гэх эмэгтэйд 110.000.000 төгрөгийг шилжүүлсэн, цагдаад өгнө гэсний дараа өөрийнхөө нэр дээр авсан 3 өрөө байрыг буцааж шилжүүлж өгсөн, үлдсэн 2 өрөө байрыг буцаагаад шилжүүлж өгнө гээд өгөөгүй. ******* 40 тонн арматур, 6,4 тонн арматурыг 2 удаагийн ачилтаар авч ирж өгсөн. Өөр түүнээс авсан арматур байхгүй. …” /1хх 40-42/,

гэрч ын “…Манай ах “Лексус 570” маркийн машин худалдаж авна гэж зар байршуулсан байсан. Тэгээд би яармагт очин нэг эмэгтэй унаж ирсэн машиныг үзээд 315 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод ах өөрийн нэр дээрээ шилжүүлэх гэтэл нөгөө машин өөр хүний нэр дээр байгаа, шилжүүлж өгөх ёстой хүн нь яармаг явах боломжгүй байна гэсэн. Тэгээд ах хөдөө явах гээд байсан болохоор би явж шилжүүлсэн. Уг машиныг бид хоёрт үзүүлсэн ******* гэх эмэгтэй надтай хамт яваад замдаа гурвалжингийн гүүрний орчим буугаад би шууд нөгөө хүнтэй нь очиж уулзаад Нисдэг машины авто тээвэр дээр шилжүүлэх гэтэл оношилгоо нь дууссан байна гээд шилжүүлж өгөхгүй байсан. Тэгэхээр нь нөгөө залуутай худалдах худалдан авах гэрээ хийсэн гэрээгээ 300 сая төгрөгөөр хийсэн. 300 саяас дээш гарахаар нотариатын хураамж дахин 100.000 төгрөг нэмэгдэх гээд байхаар нь нөгөө залуу бид 2 тохироод 300 саяар хийсэн юм. …” /1хх 60-61/,

гэрч Б.ын “…Би өөрийн цахим хаяг дээрээ 570 маркийн худалдан авна гэсэн зар байршуулсан байсан. Гэтэл миний таньдаг ах Пүрэв- утасдаад “Энд нэг таньдаг дүүд Лексус 570” маркийн машин орж ирсэн байна. Чи сонирхох уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь “үзье” гэж хэлтэл ******* гэдэг хүн байгаа гэж хэлээд гэсэн дугаар өгсөн. Тэр дугаараар холбогдоод маргааш өглөө 09 цагт яармагт байрладаг нотариат дээр уулзаад машин таалагдах юм бол шууд наймаа хийе гэж тохирсон. Өглөө очоод уулзаад машин таалагдсан тул наймаа хийх болсон. Тэгтэл шилжүүлэх хүн нь “Наана чинь очих боломжгүй байна. Нисдэг машины нотариат дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажилтай байсан тул өөрийн төрсөн дүү ын нэр дээр шилжүүлэхээр тохироод машины мөнгө болох 315 сая төгрөгийг өөрийн гэсэн данснаас *******ийн гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд хөдөө яваад өгсөн. Манай дүү өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан байгаа. …” /1хх 68-69/,

гэрч ийн “…Би энэ байрыг ******* гэдэг хүнээс өрөндөө авсан. ******* нь надаас 182 сая гаран төгрөгийн хар паниер худалдан авна гээд мөнгөө өгөхгүй нэлээд их удсан. Сар гаран болж байж тал мөнгө 60 сая төгрөг үлдсэн байсан. ...Одоо миний нэр дээр байгаа ******* компанийн байр гэж хэлээд үл таних залуу ирээд уг байрыг нотариат дээр шилжүүлэн өгсөн. Тэгээд би тэр байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. …” /1хх 68-69/,

гэрч С.Мишээлийн “…******* ” ХХК-ний захирал ******* нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай компаниас зээлээр арматур төмөр авсан. 120 хэдэн тонн төмөр гээд эхлээд манай компани дээр орж ирэхдээ Баянзүрх дүүрэгт байдаг байр барьцаанд тавина гэж ярьсан, түүнийг нь авахгүй гэсэн. Тэгээд өөрийн унаж байсан машиныг нь барьцаанд авч нэг машин арматур төмөр өгөх боломжтой гэж хэлсэн. Эхний нэг машин төмрийг авсан. Түүний барьцаанд тавьсан машины үнэнд дүйцүүлж өгсөн. Хоёр дахь төмрийг болохоор би 570 маркийн машин одоо хүнд зарах гэж байна гэж над руу зураг явуулсан болохоор нь итгээд дахин нэг машин төмөр ачаад явуулсан. Гэтэл төд удалгүй манай захирал баяр “Яах гэж зээлээр арматур төмөр өгөөд байгаа юм бэ. Мөнгийг нь яаралтай олж ир. Үгүй бол төмрөө буцаан ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* рүү залгаад “Хоёр дахь арматур төмрөө авлаа. Үгүй бол та мөнгөө хий” гэж хэлсэн. Гэтэл ******* “За одоо эгч нь нэг 570 маркийн машин яг одоо зарах гэж байна” гээд зураг явуулаад “Чи гурав дахь машинаа гаргачих. Энэ ченж машин авчих юм бол гурван машин төмрийнхөө мөнгийг одоо шууд хийлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Одоо бол боломжгүй. Та хоёр машиныхаа мөнгийг маргааш өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 06 дугаар сарын 25-ны өдөр болсон. Би нөгөө хүн рүү яриад “Арматур төмрийнхөө төлбөрийг төл” гэж нэхсэн. Гэтэл нөгөө эмэгтэй “Өчигдөр үзэж байсан ченжүүд нөгөө машинаа аваагүй. Би машинаа банк бусад тавиад мөнгийг нь өгнө. Хагас сайн өдөр болохоор ажиллаж байгаа газар байхгүй байна. Нэг дэх өдөр мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Тэгээд уг эгчид итгэхгүй би арматур төмөр буулгасан газарт нь очоод хүлээгээд хүн ирэх юм бол төмрөө буцааж авна гэсэн бодолтой хүлээсэн. Тэгтэл 25-ны шөнө 22 цагийн орчим хүмүүс манай буулгасан арматур төмрийг машинд ачих гээд ирсэн. Тэгэхээр нь хүмүүстэй нь уулзаад “Энэ машин төмрийг манайхаас зээлээр ******* гэх хүн авсан. Эхний нэг машин төмрийг бол өгч болж байна. Түүний оронд барьцаанд нэг машин тавьсан байгаа. Хоёр дахь машин төмрийг бол өгөх боломжгүй” гэж хэлэхэд “Бид нар мэдэхгүй байна. Манай захиралтай ярь” гэж хэлээд дугаар өгсөн. Уг хүнтэй яриад болсон асуудлыг хэлсэн. Гэтэл нөгөө хүн “Өө. За тэгвэл танайх хоёр дахь машин төмрөө ачаад аваад яв. Би өөрөө ******* гэдэг хүнтэй учраа ольё” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө машиныг дуудаад хоёр дахь машин төмрөө уг компанийн хашаанаас ачиж авч явсан. Надтай утсаар ярьсан хүн болохоор *******ийн захиалагч юм шиг байсан. Тэр хүн надаас “Танайхаас ******* хэдэн төгрөгөөр төмөр авдаг юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “2.850.000 төгрөгөөр манайх зардаг” гэж хэлсэн. Гэтэл нөгөө хүн “Өө тийм үү. Наад хүн чинь манайд 3 сая гарнаар өгдөг” гэж хэлсэн. ...Манай компани хятад болон орос улсаас төмрөө оруулж ирдэг бартераар ямар нэгэн төмөр зардаггүй дандаа бэлэн мөнгөөр өгдөг. ******* гэдэг эмэгтэй манай захирлын найз гэж хэлээд энэ асуудлыг үүсгэсэн. Захирал өмнө нь хэдэн удаа төмөр авч байсан болохоор барьцаанд тавьсан машины үнэнд нь дүйцэхүйц нэг машин арматур төмрийг өгөхийг зөвшөөрсөн байсныг ******* надад худлаа ярьж хоёр машин төмөр авсан байсан. …” /1хх 71-73/ гэсэн мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1 хх 86-98/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, хохирогч т 15,000,000 төгрөгийн, хохирогч т 669,881,879 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нар “...хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр торгох ялаар солих, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахдаа харгалзах хууль зүйн үндэслэл, журмын талаар дүгнэсэн байх тул тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. 

Нөгөө талаас шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь “******* *******” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл барилгын худалдаа, үйлчилгээ, мал аж ахуй, фермер, хүнсний дэлгүүр, гадаад дотоод худалдааны чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулан НӨАТ төлөгч компани гэж байгаа боловч түүний хөрөнгө орлогод хамаарах хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, шинжлэн судлаагүй, мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч нь “...*******т тогтсон ажил байхгүй байсан бөгөөд түүнд компани байхгүй” гэж мэдүүлсэн, өмнө нь өмчлөх эрхийн гэмт хэрэгт холбогдож байсан түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг торгох ял болгон өөрчлөх үндэслэлгүй.

Харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, улмаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа бичгээр илэрхийлж, мэдүүлсэн, түүнчлэн эрүүл мэндийн байдалын талаарх шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил 5 сар болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.   

Иймд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон 69 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/411 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... шүүгдэгч ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА