| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 181/2024/05365/И |
| Дугаар | 191/ШШ2025/05032 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/05032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................... тоотод оршин суух, Х овогт Г.Б /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................. корпус хаягт байрлах, Х ТБАГУТҮГ/РД:0000000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Х-гийн захирлын 2024.06.21-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Г.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.М, Е.С
Гэрч: Х.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Х ТБАГУТҮГ /цаашид Х гэх/-т холбогдуулан Х-гийн захирлын 2024.06.21-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ...Миний бие Х-д 2022.10.12-ны өдөр Өрнө Дахины танхимд ................, .................. ажилтнаар ажилд орж, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, ямар нэг алдаа дутагдал гаргаагүй.
Гэтэл тус .....................гийн захирал С.Х нь 2024.06.21-ний өдөр Б/16 дугаартай ................... Г.Б-ын хөдөлмөр эрхлэлтийг цуцлах тухай тушаал гаргаж, намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан. Тухайн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг баримталж гарсан бөгөөд намайг ................ийн албан тушаалын мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан нь үндэслэлгүй байна.
Анх би 2022.10.12-ны өдөр ажилд орсон ба тухайн үед ажилд ороход шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж, зохих журмын дагуу шалгуулж, энэ ажилд тэнцэнэ гэж удирдлагын зүгээс үзсэний үндсэн дээр тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээ байгуулж өнөөг хүртэл 2 жил шахам ажиллаж байсан.
Ажиллах хугацаандаа миний бие нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан ба мэргэжлийн, мэргэшлийн түвшин болон ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд ажил үүрэгтээ тэнцэхгүй зүйл огт байхгүй бөгөөд харин ч маш сайн ажиллаж байсан.
Харин Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Х-ын зүгээс надад ажлын байрны дарамтыг удаа дараа үзүүлж, намайг ажлаас халах шалтгаан хайж удаа дараа үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, улмаар 2023.11.22-ны өдөр Б/47 тоот тушаал гаргаж намайг ажлаас хууль бусаар халж байсан. Сахилгын шийтгэл ногдуулсан 2 тушаалыг нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон ба ажлаас хууль бусаар халсан тушаалыг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргамагц тушаалаа өөрөө хүчингүй болгож, намайг буцаан ажилд авсан.
Тушаалд дурдаж буй Соёлын яамны Дотоод хяналт шалгалт нь миний гомдлын дагуу хийгдсэн шалгалт бөгөөд энд дурдагдсан олон зөрчил дутагдлын талаар би гомдолдоо бичиж байсан.
Түүнчлэн тус .....................гийн захирлын 2024.06.21-ний өдөр Б/16 дугаартай ................... Г.Б-ын хөдөлмөр эрхлэлтийг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг зөрчсөн ба ажил олгогч энэ заалтын дагуу үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр Хүүхдийн .....................гийн захирлын 2024.06.21-ний өдөр Б/16 дугаартай ................... Г.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлж өгнө үү... гэв.
2.Хариуцагч Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнөх шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбар гаргасан учраас өмнөх тайлбараа дэмжиж байна.
.... Г.Б нь Х-гийн Өрнө дахины танхимын ................ийн ажлын байрны тодорхойлолтын албан тушаалд тавих тусгай шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон учраас түүнийг ажлаас чөлөөлсөн .....................гийн захирлын 2024.06.21-ний өдөр Б/16 дугаартай тушаал үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3 х/
- Х-гийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024.05.22-ны өдрийн 41 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 4 х/
-Гурван талт хороонд ирсэн гомдлын бүртгэлийн 01 дугаартай дэвтрийн хуулбар /хх-ийн 6,7 х/
- Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.09.16-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /хх-ийн 8-10 х/,
-Г.Б-ын 2022.03.01-2024.08 сарыг дуустал төлсөн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 167 х/,
-Төрийн банкны харилцах дансны хуулга /хх-ийн 165 х/
-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024.05.07-ны өдөр гаргаж байсан нэхэмжлэлийн хуулбар /хх-ийн 166 х/
-И ХХК-ийн 2025.05.27-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 231 х/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагч нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2024.10.06-ны өдрийн 86 тоот албан бичгээр М.Ч-д олгосон, 2025.02.17-ны өдрийн 26 тоот албан бичгээр Ё.С-д олгосон, 2025.05.08-ны өдрийн 99 тоот албан бичгээр М.М-д олгосон Итгэмжлэл-үүд /хх-ийн 14, 70, 83 х/
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0000000000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 15, 29 х/
-Хариу тайлбар /хх-ийн 20-21 х/
-Монгол улсын Соёлын яамны 2024.04.30-ны өдрийн 10/1167 дугаартай Х-д хүргүүлсэн албан бичиг, түүний хавсралт Х-д иргэний өргөдлийн дагуу дотоод хяналт шалгалт хийсэн тухай илтгэх хуудас /хх-ийн 22 х, 23-27, 58, 59-68 х/,
-2025.02.03-ны өдрийн 16 дугаартай албан бичиг /хх-ийн 34 х/
-Албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 35-38 х,
-2022.10.17-ны өдрийн 51 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 39-42 х/
-2022.11.28-ны өдрийн А/42 дугаартай Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэсэн захирлын тушаал /хх-ийн 43/
-Хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 44-57 х/,
-2024.06.21-ний өдрийн Б/16 дугаартай ................... Г.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал /хх-ийн 90 х/
-Г.Б-ын цагийн бүртгэл /хх-ийн 91-97 х/
-Уншлагын танхимын үүрэг даалгаврын биелэлийн дүгнэлт, Үүрэг даалгаврын биелэлтийн хуудас /хх-ийн 98-99, 100-101 х/
-Х-гийн Захиргааны зөвлөлийн 2023.09.18, 2023.11.21, 2023.12.13, 2023.06.20-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлүүд /хх-ийн 128-138, 139-144, 145-150, 151-155 х/
- Х-гийн захирлын 2024.08.27-ны өдрийн Б/23 дугаар Тушаал хүчингүй болгох тухай тушаал /хх-ийн 157 х/
-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.13-ны өдрийн 181/ГХ2024/00589 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-ийн 158 х/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.09.11-ний өдрийн 24/9-042 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2024.06.24-ний өдрийн 24420446 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-ийн 159, 160 х/
-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.12-ны өдрийн 181/ШШ2024/01009 дугаартай шийдвэр /хх-ийн 161-164 х/,
-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2025.06.03-ны өдрийн 30ёа-2/3528 тоот албан бичиг /хх-ийн 232 х/ зэрэг баримтыг ирүүлсэн.
5. Тус шүүхийн 2025.05.20-ны бдрийн 191/ШЗ2025/23574 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар /хх-ийн 191-229 х/ байгаа баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Х-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Х-д холбогдуулан тус .....................гийн захирлын 2024.06.21-ний өдөр Б/16 дугаартай ................... Г.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1. Миний бие Х-д 2022.10.12-ны өдөр Өрнө дахины танхимд ................, .................. ажилтнаар ажилд орж, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, ямар нэг алдаа дутагдал гаргаагүй. Гэтэл тус .....................гийн захирал С.Х нь 2024.06.21-ний өдөр Б/16 дугаартай тушаал гаргаж, намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан. Тухайн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг баримталж гарсан бөгөөд намайг ................ийн албан тушаалын мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан.
3. Хариуцагч ... Г.Б нь Х-гийн Өрнө дахины танхимын ................ийн ажлын байрны тодорхойлолтын албан тушаалд тавих тусгай шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон учраас түүнийг ажлаас чөлөөлсөн Хүүхдийн .....................гийн захирлын 2024.06.21-ний өдөр Б/16 дугаартай тушаал үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй,
154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заажээ.
4.2.Нэхэмжлэгч Г.Б нь дээрх хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2024.07.19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан байх ба уг хорооноос 2024.09.16-ны өдөр 79 дугаартай шийдвэрээр ...талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр... ажиллагааг дуусгавар болгожээ. /хх-ийн 6, 7, 8-10 х/
Тэрээр дээрх хариуг авснаас хойш шүүхэд 2024.09.26-ны өдөр хандсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх үндэстэй.
5.Нэхэмжлэгч Г.Б нь 2022.10.17-ны өдрөөс 2024.06.21-ний өдрийг хүртэл Х-гийн Өрнө дахины танхимын ...................өөр ажиллаж байсан болох нь Албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 35-38 х/, Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 39-42 х/, 2022.10.17-ны өдрийн Б/81 дугаартай ...ажилд томилох тухай тушаал /хх-ийн 194 х/, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.
6. Нэхэмжлэгч Г.Б нь Х-гийн захирлын 2024.06.21-ний өдрийн Б/16 дугаартай ................... Г.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 82 дугаар зүйлийн 82.1, 83 дугаар зүйлийн 83.1, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Соёлын яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргын 2024.04.10-ны өдрийн 1167 дугаартай албан бичгийг үндэслэн ...эзэмшсэн мэргэжил нь тус .....................гийн ................ албан тушаалын тодорхойлолод заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй... гэсэн үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгджээ. /хх-ийн 90 х/
7. Нэхэмжлэгч нь Х-гийн захирлын 2024.06.21-ний өдрийн Б/16 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан бөгөөд ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалгаж, ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлага байхгүй.
8. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой бөгөөд хариуцагч Х-гийн захирлын 2024.06.21-ний өдрийн Б/16 дугаартай ................... Г.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлүүдийг тус бүрээр нь авч үзвэл:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино,
- 82 дугаар зүйлийн 82.1-д Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно,
- 83 дугаар зүйлийн 83.1-д Ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдолд ажлыг нь түр, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүрмөсөн хүлээн авна,
-110 дугаар зүйлийн 110.3-т Нэг сараас дээш хугацаагаар ажиллах бүтэн бус цагийн ажилтны цалин хөлсийг энэ хуулийн 104.1-д заасны дагуу олгож болно,
- Соёлын яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргын 2024.04.30-ны өдрийн 10/1167 дугаартай албан бичигт ...Хяналт шалгалтын дүнгээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг 2024.06.25-ны дотор ирүүлнэ үү. Хавсралт 10 хуудастай гэжээ.
9. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээс Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 83 дугаар зүйлийн 83.1, 110 дугаар зүйлийн 110.3 дахь заалтууд нь ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгох, ажил хүлээн авах, ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгох зохицуулалтууд байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
10. Харин талуудын маргааны үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэх үндэслэлийн тухайд дүгнэлт өгөх нь зүйтэй.
11. Нэхэмжлэгч Г.Б-ыг ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх хариуцагчийн тайлбарыг шүүх үндэслэл бүхий гэж үзэхээр байна.
Учир нь Албан тушаалын тодорхойлолт-д зааснаар Х-гийн ................-...................-ийн албан тушаал нь ........................гийн үйлчилгээ болон ёосл олон нийтийн ажлыг адил тэгш, чанартай хүртээмжтэй хүргэх, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах зорилготой байх ба албан тушаалд тавигдах тусгай шаардлагын хувьд ...Дээд /бакалавр болон түүнээс дээш/ боловсролтой, мэргэжлийн хувьд ................-.................. ажилтан, ..................., Соёл судлал, нийгмийн ухааны салбарын мэргэжил эзэмшсэн байх, мэргэшлийн хувьд .....................гийн мэргэшлийн 3 ба түүнээс дээш сарын сургалтад хамрагдсан байх, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх гэсэн шаардлагыг тавигджээ.
12. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Г.Б нь .............. мэргэжилтэй атлаа Х-гийн Өрнө дахины танхимын ................-...................өөр ажиллаж байгаа нь ажлын байрны тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжлийн хувьд ................-.................. ажилтан, ..................., Соёл судлал, нийгмийн ухааны салбарын мэргэжил эзэмшсэн байх, мэргэшлийн хувьд .....................гийн мэргэшлийн 3 ба түүнээс дээш сарын сургалтад хамрагдсан байх шаардлагыг хангаагүй болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
а. Монгол Улсын Соёлын яамны 2024.04.30-ны өдрийн 10/1167 дугаартай албан бичгийн хавралт болох Хяналт-шинжилгээ дотоод аудитын газрын Х-д иргэний өргөдлийн дагуу дотоод хяналт шалгалт хийсэн тухай илтгэх хуудас-ны ...Х-гийн захирлын 2019.05.17-ны өдөр баталсан Өрнө дахины танхимын ................ийн ажлын байрны тодорхойлолтын албан тушаалд тавих тусгай шаардлагад ................, .................. ажилтан мэргэжилтэй, байгууллагын туршлагатай ажилтанг 3 сар буюу түүнээс дээш хугацаагаар дагалдсан эсвэл нарийн мэргэжлийн сургалтад хамрагдсан байх шаардлага тавигдсан байна..., Г.Б нь ........... дээд сургуульд 2010-2014 онд суралцаж ................... (000000000) мэргэжил эзэмшсэн бакалавр зэрэгтэй. ................ийн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй байхад ажилд томилсон шийдвэр гаргасан талаар удирдлагаас тодруулахад нь ... Г.Б анх ажилд орохдоо хөтлөгч хийдэг, хэвлэлийн салбарын хүн гэж өөрийгөө танилцуулсан, төрийн албан хаагчийн хувийн хэрэг материалыг бүрдүүлж өгөхгүй 5-6 сар болсон, уул уурхайн мэргэжилтэй, ................ийн ажил үүрэгт тэнцэхгүй хүн байсныг би мэдээгүй, мэргэшүүлэх сургалтыг дотооддоо хийхэд хамрагдаагүй болно гэж гэсэн тайлбар өгсөн..., Г.Б нь уул уурхайн инженерийн үндсэн мэргэжилтэй тул одоогийн хашиж буй албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй нь тогтоогдож байна... гэх дүгнэлт,
б. Мөн дотооддоо зарлагдсан ................ийн сургалтад хамрагдаагүй болох нь нэхэмжлэгчийн ...сургалтад суух хугацааны 3 хоногт нь цагдаагийн байгууллагаас намайг дуудсан байдаг. Хариуцагч нь хуурамч акт бүрдүүлсэн гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Би 3 өдөр мэдүүлэг өгсөн. Би цагдаагийн байгууллагад өөрийн баримтаа бүрдүүлж өгсөн... гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Г.Б нь уул уурхайн мэргэжилтэй тул ................ийн ажил үүрэгт тэнцэхгүй бөгөөд дотооддоо Мэргэшүүлэх сургалтыг хийсэн боловч хамрагдаагүй... гэх тайлбарууд, гэрч С.Т-ийн ... 2024.01 сарын эхээр мэргэжлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг ажлын байран дээр зохион байгуулсан. Уг сургалтад Г.Б хамрагдаагүй. Г.Б нь Соёлын урлагийн сургуульд өөрөө сурна гэх хариу өгсөн..., Манай байгууллагад мэргэжлийн бус хүмүүс олон байсан учраас сургалт зохион байгуулж эхэлсэн. Албан тушаалын тодорхойлолтод зааснаар мэргэжлийн бус 3 ажилтныг мэргэжлийн чиг баримжаа өгөх үүднээс сургалт зохион байгуулсан. гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн хувийн хэрэг зэрэг болно.
в. Нөгөөтэйгүүр ажил олгогчийн зүгээс энэхүү нөхцөл байдлыг буюу ажилтан боловсрол, мэргэжил, мэргэшлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг ажил олгогчийн удирдах дээд байгууллага нь хяналт шалгалт хийж тогтоосон ба улмаар энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн санаачилгаар цуцлахдаа эрх бүхий байгууллага шаардсан гэж үзжээ.
г. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгохдоо ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий шаардлагыг буюу боловсрол, мэргэжил, мэргэшлийн хувьд шаардлага хангаагүй гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлд хамаарна.
д. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан үндэслэлээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчоос дуусгавар болгож байгаа тохиолдолд уг шаардлагын зорилго, үндэслэлийг шаардлага тавьж буй этгээдийн эрх хэмжээний хүрээ хязгаартай нэгтгэн авч үзэхгүйгээр ажил олгогч шаардлагыг шууд хэрэгжүүлэх үүрэгтэй гэж үзэх нь учир дутагдалтай болохоос гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлүүд, тухайн шаардлагад заасан хуулийн бусад зохицуулалтад нийцсэн байна.
е. Тодруулбал, Монгол Улсын Соёлын сайд 2024.03.15-ны өдөр Х-ч, .................. ажилтнаар ажиллаж байсан иргэн Г.Б-аас ирүүлсэн өргөдөл гомдолд дурдсан холбогдох асуудлаар дотоод хяналт шалгалт хийж тайлбар авч, дүн шилжилгээ хийн санал дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлэхээр дотоод хяналт шалгалт хийх удирдамжийг баталж, хяналт шалгалтын тайлангаар өгсөн зөвлөмж, шийдвэрийг холбогдох байгууллага, газруудад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг үүргийг ажлын хэсгийн гишүүдэд хариуцуулжээ. /хх-ийн 192-193 х/
ё. Иймээс нэхэмжлэгчийн ...2022.10.12-ны өдөр ажилд орсон ба тухайн үед ажилд ороход шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж, зохих журмын дагуу шалгуулж, энэ ажилд тэнцэнэ гэж удирдлагын зүгээс үзсэний үндсэн дээр тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээ байгуулж өнөөг хүртэл 2 жил шахам ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа миний бие нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан ба мэргэжлийн, мэргэшлийн түвшин болон ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд ажил үүрэгтээ тэнцэхгүй зүйл огт байхгүй бөгөөд харин ч маш сайн ажиллаж байсан... гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохыг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод тусгагдсаны дагуу нь ................-.................. ажилтан, ..................., Соёл судлал, нийгмийн ухааны салбарын мэргэжил эзэмшсэн байх, мэргэшлийн хувьд .....................гийн мэргэшлийн 3 ба түүнээс дээш сарын сургалтад хамрагдсан талаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Б-ын хариуцагч Х-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
14. Шүүх хэргийн 102-127 дугаар хуудсанд авагдсан байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй. Эдгээр баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй гэдгийг дурдах нь зүйтэй.
15. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан Хд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай Г.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА