Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 308

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Ш.Хосбаяр,

  шүүгдэгч Б.М /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А овгийн Б.М холбогдох эрүүгийн 1811009530327 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А овгийн Б.М, 1990 оны 02 дугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Иннова ХХК-д туслах ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол 61 дүгээр байрны 70 тоотод бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан байрны нийтийн байранд түр оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 буудлын нийтийн байрны орчимд иргэн Ш.Энхбаатарыг нүүрэн тус газарт нь мөргөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ш.Энхбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Мөнхбатад Бат-Ирээдүй яагаад ингээд байгаа юм бэ, уулзаад учраа олоодхъё гэхэд чи надтай учраа ол гээд намайг зүүн шанаа руу гараараа цохиод хамар руу мөргөсөн. Тэр үед миний хамар гэмтэж шүдний паалан нь унасан...” /хх-8-9/, хохирогчоор дахин мэдүүлэхдээ: “...миний бие эмчилгээ хийлгэж, хамраа янзлуулсан. Миний хохирол гомдлыг Мөнхбат нь бүрэн барагдуулсан.., Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-10/.

              Гэрч З.Мөнхзул мэдүүлэхдээ: “...Мөнхбат чи надтай учраа ол гээд Энхбаатарыг нүүр рүү нь цохиод хамар руу нь мөргөсөн. Тэгэхэд Энхбаатарын хамраас цус гарч хамар нь далийсан...” гэжээ /хх-12/.

              Гэрч Б.Бат-Ирээдүй мэдүүлэхдээ: “...Мөнхбатыг Энхбаатар хальт цохиод автал Мөнхбат зөрүүлээд нүүр рүү нь мөргөхөд уначихсан юм. Тэгээд бид  нар бүгдээрээ гарч ирээд Энхбаатарыг босгоход хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд цагдаа ирсэн...” гэжээ /хх-14/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №3974 дүгээр дүгнэлтэд: 

“1. Ш.Энхбаатарын биед хамрын нуруу, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, 1 шүдний эмтрэл бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-16/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 буудлын нийтийн байрны орчимд иргэн Ш.Энхбаатарыг нүүрэн тус газарт нь мөргөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №3974 дүгээр дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Мөн шүүгдэгч Б.Мад ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч Ш.Энхбаатар нь “...Миний хохирол гомдлыг Мөнхбат нь бүрэн барагдуулсан.., Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овгийн Б.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН