Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/722

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.*******иунхишиг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор М.*******иунцэцэг,

хохирогч *******, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Я.Батханд, Б.Түвшинтөгс,

яллагдагч *******гийн өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/1211 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.*******иунцэцэгийн бичсэн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцэл, хохирогч *******ы өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2406000000368 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овгийн ******* *******, 1969 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* ******* суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт дүүргийн *** дугаар хороо, ******* гудамж, *** байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/,

******* нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эцэст иргэн *******тай маргалдаж бууны хойд хэсгээр цээжин тус газар 3-4 удаа цохиж, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

дүүргийн прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хуралдаанд оролцогч нарын гаргасан хүсэлт, тайлбар, дүгнэлт зэрэг болон хавтас хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №637 дугаартай дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги “16564”, замаг “16564” дугаартай буу ТОЗ-8 загварын буу галт зэвсгийн, хонгио, хошууны адилтгал мэдээллийн нэгдсэн санд 100023 дугаараар 2003 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн 4-11-34 тоот хаягтай гийн гэх хүний нэр дээр бүртгэгдсэн байна...” гэжээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар “16564”, замаг “16564” дугаартай буу ТОЗ-8 загварын буу галт зэвсэг хэний өмч, эзэмшлийнх болохыг шалгаж тогтоогоогүй, *******ы 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд галт зэвсгийг өөрт авсан, *******гийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр галт зэвсгээр *******ыг цохиж, буудлага үйлдсэн гэх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй бий эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэв.

Түүнчлэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2142 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Амбулаториор эмчлүүлэгчдийн картад: 2023-03-16-ны ЦХГТ-ийн эмчийн онош: Цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, зүүн талын хавирга хоорондын мэдрэлийн өвдөлт, зүүн 7-р хавирганы суганы арын шугамаарх далд хугарал...”, ... 2023-06-15-ны КТГ-н хариуд: .... Зүүн талын 7-р хавирга суганы арын шугамаар зөрөөгүй хугаралтай...”, дүгнэлт хэсгийн 1-д *******ы биед зүүн 7-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... гэжээ.

Өмгөөлөгч нарын дээрх дүгнэлт болон гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдал нь *******ы 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр биедээ гэмтэл авсан гэх цаг хугацаа, түүнээс хойших хугацаанд эмнэлгийн байгууллагад үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн баримтыг мөн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан амбулаториор эмчлүүлэгчдийн карт, 2023-06-15-ны КТГ-ийн хариу бүхий баримтыг хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Хэрэв *******ы эмнэлгийн байгууллагад үзүүлсэн, шинжилгээ хийлгүүлж, эмчлүүлсэн баримтуудад түүний биед учирсан гэмтлийг бүрэн тусгаагүй бол дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг хийх шаардлагатай гэх үндэслэлээр яллагдагч *******д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор М.*******иунцэцэгийн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Нэгдүгээрт, прокурорын зүгээс яллагдагч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүгчийн захирамжид “Мөрдөн шалгах ажиллагаагаар “16564”, замаг “16564” дугаартай буу ТОЗ-8 загварын буу галт зэвсэг хэний өмч, эзэмшлийнх болохыг шалгаж тогтоогоогүй, ******* 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд галт зэвсгийг өөрт авсан, *******гийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр галт зэвсгээр *******ыг цохиж, буудлага үйлдсэн гэх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй бий эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай” гэж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн байна. Хоёрдугаарт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, гэмтэл учирсан цаг, хугацаа, хүчин зүйлийн талаар тусгай мэдлэг, мэргэшил бүхий шинжээч, хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтад тулгуурлан, ямар нэгэн эргэлзээгүйгээр гаргасан байдаг. Тухайлбал Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2142 дугаартай дүгнэлтэд дурдсан “1. *******ы биед зүүн 7 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт нь хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “хадам аав барьж байсан бууныхаа бөгсөөр миний цээж, хөл, гар хэсэгт цохиод байхаар нь би бууг нь булааж аваад хамт явсан төрсөн ах Бат-Өлзийгийн машинд тавьсан. Тэгээд маргааш нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр цээжээр хөндүүрлээд хамаг бие өвдөөд байхаар нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд зүүн талын 7 дугаар хавирга хугарсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 24-25 дугаар хуудас/, гэрч гийн “******* бууныхаа мөрлөвч модоор *******ы хэвлий хэсэгт цохиод байсан” гэх мэдүүлэг болон яллагдагч *******гийн өөрийнх нь өгсөн “бууныхаа бөгсөөр ыг 3-4 удаа цохисон” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон байна. Гэтэл шүүхээс “Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2142 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “амбулаториор эмчлүүлэгчдийн картад: 2023-03-16-ны ЦХГТ-ийн эмчийн онош: Цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, зүүн талын хавирга хоорондын мэдрэлийн өвдөлт, зүүн 7-р хавирганы суганы арын шугамаар далд хугарал”, 2023-06-15-ны КТГ-н хариунд Зүүн талын 7-р хавирга суганы арын шугамаар зөрөөгүй хугаралтай”, дүгнэлт хэсгийн 1-д *******ы биед зүүн 7-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэж тусгагдсан. Энэ гэмтлийг үүсгэсэн байж болзошгүй хүчин зүйлийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч “манай нөхөр ******* нь 2019 онд ресорт цанын бааз дээр хүүхдүүдтэйгээ гулгаж байгаад унаж, хавиргаа хугалж байсан. Тэр гэмтлийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэмтэл авсан шиг өргөдөл гаргаж байж магадгүй гэж бодож байна” гэж мэдүүлсэн бол хохирогч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ******* нь буу, галт зэвсгээр цохиж учруулсан гэж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч *******ы өмгөөлөгч нар учирсан гэмтлийг бүрэн тогтоогоогүй гэж хавтаст хэргийн 19 дүгээр хуудаснаас 20 дугаар хуудаст авагдсан баримтыг үндэслэл болгов. Өмгөөлөгч нарын дээрх дүгнэлт болон гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдал нь *******ы 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр биедээ гэмтэл авсан гэх цаг хугацаа, түүнээс хойших хугацаанд эмнэлгийн байгууллагад үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн баримтыг мөн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан амбулаториор эмчлүүлэгчдийн карт, 2023 оны 6 дугаар сарын 15-ны КТГ-ийн хариу бүхий баримтыг хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Хэрэв *******ы эмнэлгийн байгууллагад үзүүлсэн шинжилгээ хийлгүүлж, эмчлүүлсэн баримтуудад түүний биед учирсан гэмтлийг бүрэн тусгаагүй бол дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг хийх шаардлагатай байна” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” гэсэн үндэслэлд хамаарч байна. Яллагдагч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэрхэн, яаж учруулсан, *******ы биед гэмтэл учруулсан эсэхийг нотлох баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Мөн галт зэвсгийг хэн ашиглаж, хадгалж байсан, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбараар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан байж болзошгүй гэж үзэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан. Тэгэхээр хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогч *******ы өмгөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан процессыг зөв гэж үзсэн. Гэхдээ хүнийг алахыг завдах, хүнийг алах гэдэг асуудлаар тодорхой зааж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаагүй нь үндэслэлгүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Нэгдүгээрт, ял завших боломж олгоод байгаа нөхцөл байдлыг шүүх анхаарч үзсэнгүй гэсэн агуулгатай гомдол гаргаж байгаа юм. Учир нь, хохирогчийн зүгээс цагдаагийн байгууллагад ******* санаатайгаар миний амь насыг хохироох гэж, миний амь насанд халдах үйлдэл гаргасан, энэ үйлдлийг шалгуулъя гэсэн агуулгатай өргөдөл, гомдол гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд ******* хүнийг алахыг завдах, хүнийг алах гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтээр буудсан асуудлын цаг хугацааг тогтоох боломжгүй гэсэн агуулгаар хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэж зүйлчилсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр буудсан цаг хугацааг тогтоох боломжгүй гэсэн боловч хавтас хэрэгт авагдсан бусад баримтуудын хүрээнд буудсан гэх үйл баримт, цаг хугацааг тогтоох боломжтой. Тодруулбал, 6 дугаар сарын 12-ны өдөр болсон буудсан процессын өмнө ******* болон ******* нар харилцан утсаар ярьсан яриа, мессежний талаарх баримт хэрэгт авагдсан буюу “чамайг ална, одоо чи хүрээд ир, дутуудуулчхав” гээд 06 дугаар сарын 12-ны өдөр буудсан газар уулзахын өмнөх цаг хугацаанд 2 талаасаа ирж байхдаа хэн нэгнийхээ амь насанд, *******ы амь насанд заналхийлээд “хорооно, ална” гэсэн агуулгатай үйл баримт байгаа. Гэтэл энэ талаарх нотлох баримтуудыг гаргаж өгөөд байхад яллагдагчаар татах гэдэг юм уу, тухайн хүний гаргасан үйлдэлд тохирсон зүйчлэл хийхдээ мөрдөн байцаалтын шат болон прокурорын шатанд үнэлээгүй. Мөн уулзсанаас хойших цаг хугацаанд хоорондоо утсаар ярьсан, мессеж бичсэн үйл баримтын талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байдаг. *******гийн хувьд ******* руу утсаар ярьж, мессеж бичиж, “чамайг дутуудуулчихлаа, дутуу буудчихлаа” гэх агуулгатайгаар амь насыг нь хороож чадаагүй, онож чадаагүйдээ харамсаж байгаа байдлаа илэрхийлдэг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хууль тогтоомж зөрчиж, хууль бусаар бүрдүүлж цуглуулсан нотлох баримт биш, 06 дугаар сарын 12-ны өдөр *******ы амь насанд халдаж, алах гэж завдсан үйлдэлтэй холбоотой үйл баримтыг гэрчилж байгаа яллагдагч болон хохирогч нарын хоорондын ярианаас гадна мессеж, чат гэх баримтууд хэрэгт авагдсан. Үүнээс буудсан үйл баримт, буудсан цаг хугацааг тогтоох, дүгнэх боломжтой баримт авагдсан байхад улсын яллагч үүнийг үнэлж, тухайн хүний үйлдэлд тохирсон зүйл ангиар зүйлчлэх асуудал дээр дүгнэлт хийгээгүй. Гэтэл шүүх ийм үйл баримт тогтоогдож байгаа талаар дүгнэлт хийгээгүй учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хүнийг алах үйлдэл гаргасан үйл баримтыг шалгах нь зүйтэй байна, үүнийг шалгаж өгөөч гэсэн агуулгаар гомдол гаргасан. Хоёрдугаарт, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн, зөв, эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтын хүрээнд ******* хүнийг алах, хүнийг алахаар завдах үйлдэл гаргасан үйл баримт тогтоогдож байгаа. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлээд байгаа нь үндэслэлгүй. Өргөдөл, гомдлыг хэзээ гаргах нь тухайн хүний гаргасан үйлдлийг зөвтгөх, эсхүл хэрэгсэхгүй болгох, ял завших боломж олгох үндэслэл биш юм. 06 дугаар сарын 12-ны өдөр болсон процессыг 6 сарын дараа буюу 01 дүгээр сард гомдол гаргана уу, эсхүл 2 дугаар сард гаргасан уу, ямар цаг хугацааны дараа гаргах нь гэмт хэргийг тогтоохгүй байх, шалгахгүй байх үндэслэл биш, хамгийн гол нь галт зэвсэг хүн айлгахад ашигладаг зэвсэг, хэрэгсэл биш юм. Өөрөөр хэлбэл, ******* анхнаасаа *******ы амь насанд халдах зорилгоор галт зэвсгээ сумтай авч ирсэн байгаа. 3 удаа буудаад сум нь гараагүй, 4 дэх удаагаа буудахад сум нь гараад тэгээд 3 удаа буудахад нь ******* өөрт нь ойртож очоод буутай нь зууралдаж, оноогүй учраас бууныхаа бөгсөөр цээж хэсэг рүү нь цохих байдлаар үйлдлээ үргэлжлүүлсэн асуудал байгаа. Гэтэл галт зэвсгийг ямар шалтгааны улмаас авч очсон, яах гэж очсон, ямар байдлаар буудсан юм уу, айлгах зорилгоор буудсан юм уу, эсхүл, амь насанд нь халдах зорилготой буудаад байгаа юм уу гэдэг нөхцөл байдлыг тогтоогоогүй. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч гөөс “чи харанхуй шөнө юу хардаг юм, харсан байх боломжгүй” гэдэг агуулгаар дарамталж, айлгаж, сүрдүүлсэн байдлаар мэдүүлэг авсан байдаг. Үүний дараа гэрчийн үзэж, харсан зүйлийг айлгаж, дарамталж байгаад мэдүүлэг авсан байна гээд дахин мэдүүлэг өгч 2 мэдүүлэгтэй болсон байдаг. Гэвч “харанхуй шөнө юм харсан байх боломжгүй” гэсэн агуулгатай авсан мэдүүлгийг хэрэгт хавсаргаж, сүүлд өгсөн мэдүүлгийг нь прокурор иш татахгүй байгаа. Бид гэрчүүдийг дарамталж, хууль бусаар мэдүүлэг авсан асуудлаар тусгай субъектэд холбогдох газарт өргөдөл, гомдол гаргаад шалгуулаад явж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд *******ы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, яллах болон цагаатгах талын бүх нотлох баримтыг цуглуулна гэхээс илүүтэйгээр зөвхөн *******д давуу байдал олгох байдалтай хяналт тавигдаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан. *******ыг Цагдан хорих 461-р хаалттай ангид хоригдож байхад нь прокурор ирээд “буудсан үйлдэл чинь тогтоогдохгүй шүү, гомдол гаргаад далжганаад байгаарай, маяглаад байгаарай” гэсэн агуулгатай уулзалт зохион байгуулж, хэргийг нь танилцуулахгүй, шүүхэд шилжүүлсэн байхад нь бид мэдэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргаж, процесст оролцоод явсан. Иймд хүнийг алахыг завдсан үйлдэлд нэмэлт ажиллагаа явуулах үндэслэлээр шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү”  гэв.

Хохирогч *******ы өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа “...2024 он 02 дугаар сарын 08-ны өдрийн 1197 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлд зааснаар журамлаж, хүнийг алах гэмт хэргийн завдалт хийсэн зүйлчлэлээр зүйчлээгүй гэсэн агуулгаар эсэргүүцэл бичсэн гэж ойлголоо. Гэтэл *******д холбогдох хэрэгт хохирогч *******ы биед үзлэг хийсэн хөнгөн зэргийн гэмтэл үүссэн гэх шинжээчийн дүгнэлт, галт зэвсэгт хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрч гийн өгсөн мэдүүлэг, хохирогч *******ы мэдүүлэг, хэрэгт авагдсан 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр болон тухайн өдрөөс хойших хохирогч, яллагдагч нарын хооронд мессеж бичсэн талаарх бичгийн нотлох баримт зэрэгт үндэслэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр яллагдагч ******* ТОЗ-8 маркийн буугаар хохирогч ******* руу чиглүүлж буудсан. Энэ буудах үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шууд санаатай чиглэсэн, *******ыг алах идэвхтэй үйлдлийг ******* өөрөө очиж, таслан зогсоох явцад түүний зүүн 7 дугаар хавирга хугарсан гэмтлийн зэрэг тогтоогдсон. Тэгэхээр хэрэгт цугласан эдгээр баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй. Хэрэгт цугласан нотлох баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэм хэмжээг зөрчсөн үйл явдал болсон уу гэдэг зүйлчлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй учраас прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байна. Өмгөөлөгч миний бие давж заалдах гомдол гаргаагүй, гэхдээ өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч *******ы өмгөөлөгч Я.Батханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие анхан шатны шүүхийн шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж, өөрийн биеэр оролцсон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмтлийг тодорхой болго, галт зэвсэгтэй холбоотой шалга гэсэн агуулгаар гарсан. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан үндэслэлээр хүсэлт гаргасан боловч энэ талаар дүгнэлт хийгээгүй. Үүнтэй холбогдуулан өмгөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлыг дэмжиж байгаа. Хэрэгт авагдсан үйл баримтаас харахад яллагдагч ******* миний үйлчлүүлэгчийг алахыг завдсан үйлдэл байгаад байдаг. Яах гэж буу авч яваад байгаа юм, яагаад буудаад байгаа юм, буудаж байгаа үйлдэл нь хаана, хэзээ, яаж төгсөөд байгаа юм гэдэг асуудлыг огт шалгаагүй. Энэ асуудлаар тусгай субъектийг зохих газар нь шалгуулаад явж байгаа. Эрүүгийн хуулийн зорилго үйлдсэн үйлдэлд ял нь тохирсон байх ёстой. Гэтэл ******* ял завшсан асуудал байгаа учраас миний үйлчлүүлэгчийг алахыг завдсан үйлдлийг шалгаад өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргаад байгаа юм. Учир нь, 3 удаа бууны гох дарагдаж, 4 дэх дээр нь буудагдсан. Гэрч гийн “би хаашаа буудсаныг хараагүй” гэсэн мэдүүлэг байдаг. Гэвч мөрдөгч мэдүүлэгт нөлөөлсөн асуудлыг шалгуулж байгаа. Тиймээс яллагдагч болон хохирогчийн хоорондоо бичсэн мессеж, заналхийлээд байгаа асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан буюу хүнийг алахыг завдсан гэмт хэргийн шинж, үйл баримт байсаар байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэдэг байдлаар прокурор шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь яллагдагчийн хувьд ял завшсан асуудал байгаа. Нөгөөтэйгөөр, хохирогч *******ы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал орхигдсон. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар хүнийг алахыг завдсан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Прокурорын бичсэн эсэргүүцэлд намайг 6 сарын дараа гомдол гаргасан гэж бичсэн байна. Хоёрдугаарт, гэр бүлийн асуудалтай холбоотой өөр маргаан байгаа гэж прокурорын зүгээс ярьж байна. Энэ нь тусдаа хэрэг учраас прокурор ярих ёсгүй гэж ойлгож байна. Гэр бүлийн хамаарал бүхий хүн учраас учир нь олдчих болов уу гэдэг байдлаар би гомдол гаргахгүй яваад байдаг байсан болохоос биш, өөр ашиг сонирхол агуулагдаагүй. Одоо яллагдагчийн өмгөөлөгч энэ хэргийг холбоод ярих байх. Би заналхийлээд байна, алахыг завдаад байна гэсэн агуулгаар гомдол гаргасан. Тэгээд нэг удаа мэдүүлэг өгсөн. Гомдол гаргахдаа холбогдох нотлох баримтыг сиди бичлэг дээр буулгаж, фото зураг хэлбэрээр хуулбарлаж, мөрдөгчид өгсөн. Эдгээр баримтууд бүгд хэрэгт хавсаргагдсан уу, дутуу хавсаргагдсан уу гэдгийг мэдэхгүй байна. Прокурорын хөнгөн гэмтэл учирсан гэдэг үндэслэлээр хэргийг зүйлчилсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид холбогдуулан *******д хөнгөн гэмтэл учруулсан гэдэг байдлаар эсэргүүцэл бичсэн прокурорыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа. Учир нь, би тухайн үйл баримт болохоос 5 минутын өмнөх бичлэг, үйл явдал болсны дараах 5 минутын бичлэг, 3 цагийн дараах бичлэг, энэ үйл явдал болсноос хойш 1 сар гаран хугацааны дараах ярианы бичлэгүүдийг нотлох баримтаар өгсөн. Энэ нотлох баримтуудаар ямар процесс болсон, хэн, хаана, ямар үйлдэл гаргаад байгаа гэдгийг тогтоох боломжтой. Бууны анхан шатны мэдлэгтэй хүн калибр буу ямар үед гох нь гацдаг гэдгийг мэднэ. Калибр бууны замаг нь цэвэрлээгүй бол гацдаг, дарь нь баалсан байдаг учраас замаг нь гацдаг. Тэгээд гацсан үед нь 3 удаа бууны гох дарахад сум үсрээгүй болохоос биш, над руу чиглүүлж байгаад буудсан. Буудаад замаг нь гацаад, 4 дэх буудлага дээр над руу онилж чадаагүй, чиглүүлж буудаад оноогүй, би очиж бууг нь булааж авахдаа өөртөө гэмтэл авсан үйлдэл юм. Энэ үйл баримтыг шалгахгүйгээр хөнгөн гэмтлийн зэргээр тогтоож, хэргийг зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн хавтас хэргийн хүрээнд шүүх шийдвэрлэх ёстой гэж эсэргүүцэл бичээд байгаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нотлох баримт хэрэгт авагдсан гэдгийг танилцуулахгүй, Цагдан хорих 461-р хаалттай ангид очиж, энэ хэргийг 6 сарын дараа Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тогтоох боломжгүй гэсэн тайлбар өгч, миний эрх, хууль ашиг сонирхлыг хамгаалах гээд байгаа юм уу, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээд байгаа юм уу, шүүхэд улсын яллагчийг төлөөлөөд зогсож байгаад нь харамсаж байна. Прокурор ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр миний анх гаргасан гомдлын агуулгын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгөх ёстой. Яллагдагч тал болон прокурор бусад хэргийг энэ хэрэгт авч ирж наамааргүй байна. Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс намайг өөр хэрэгт шалгагдаж байгаа гэдэг байдлаар тайлбар гаргахыг нь мэдэж байна. Гэхдээ эдгээр хүмүүсийн үйлдлээр 1 жил гаран хугацаанд хохирч, гүтгэгдээд явж байгаа. Гэрч миний төрсөн ах бөгөөд тухайн үед мөрдөгч дуудаж, мэдүүлэг авсан. Прокурор хэргийн материалтай танилцуулаагүй мөн шүүхийн шатанд хэргийн материалтай танилцаагүй учраас би 2 мэдүүлэг байгаа, эсхүл хавтас хэрэгт ашигтай мэдүүлгээ хавсаргасан гэж үзэж байгаа юм. Учир нь, мөрдөгч 2 удаа мэдүүлэг авсан гэдгийг би мэдэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийн зүйчлэлийг тодорхой болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгуулах шаардлагатай байгааг харгалзан үзэхийг хүсэж байна. Мөн яллагдагчийн өмгөөлөгчийг тус шүүх хуралдаанд бусад хэрэгтэй холбоотой асуудлыг ярихгүй байхыг хүсье. ...” гэв.

Яллагдагч *******гийн өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид 4 үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаасан. Нэгдүгээрт, дугаар бүхий ТОЗ-8 галт зэвсэг хэний эзэмшил, өмчлөл болохыг шалгаж тогтоогоогүй гэсэн үйл баримтын тухай дурдсан. Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч ******* галт зэвсэг эзэмших гэрчилгээг нотлох баримтаар эх хувиар нь авч ирсэн. Хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагын бүртгэлийн санд гийн гэсэн нэрээр бүртгэгдсэн. Дээрх нөхцөл байдалд зөрүүг шүүхийн хэлэлцүүлэгт гаргах боломж байсан. Бидний зүгээс нотлох баримтыг эх хувиар нь гаргаж өгөх боломжтой. Харин ******* нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл галт зэвсгийг өөрт авсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж тогтоох нөхцөл байдалд шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. *******ыг цохиж, буудлага үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй бий эсэхийг шалгаж тогтоох нөхцөл байдлын талаар дурдсан. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн галт зэвсгийн шинжээчийн дүгнэлтэд буудлага хэзээ үйлдсэн талаар тогтоох боломжгүй нөхцөл байдлын талаар дурдсан. Хоёрдугаарт, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс харанхуй шөнө буудлага үйлдсэн талаар дурдсан. Тэгэхээр хэрэгт баримтаар гаргаж өгсөн хонгио байгаа бөгөөд харанхуй шөнө хэзээ, яаж хонгиог олчхов гэдэг нөхцөл байдлыг үгүйсгэж байгаа. Гуравдугаарт, хавтас хэрэгт гэрч н мэдүүлэг байгаа. нь *******ы төрсөн ах юм. Мэдүүлэг өгсөн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан хэргийн оролцогч бусад оролцогчид нөлөөлсөн буюу бусад субъектэд нөлөөлсөн үйл баримт байгаа учраас гэрч хэдэн удаа мэдүүлэг өгсөн нөхцөл байдлыг эдгээр хүмүүс мэдэх боломжгүй. Дээрх нөхцөл байдлуудаар логикийн зөрүү гарсан нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр буудлага үйлдэгдсэн гэх нөхцөл байдал байхгүй. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг, гийн мэдүүлэг, сэжигтэн *******гийн өгсөн мэдүүлэг зэргээс ямар нөхцөл байдлын улмаас хэн очоод байгаа нөхцөл байдал тодорхой дурдагдана. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 11-д зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй. Мөн яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцдэг. Гэтэл хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлах хүсэлт гаргасан нөхцөл байдалд шүүх ямар нэгэн байдлаар дүгнэлт хийх боломжгүй. 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогч хэргийн материалтай танилцсан нөхцөл байдлыг ярьдаг. Яллах дүгнэлт 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Цагдан хоригдсон асуудлын талаар хохирогч талаас дурдсан учраас тодруулж байгаа юм. *******ы хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хамаарал бүхий дагавар охиноо хүчиндсэн гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг *******ы өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас авч ирж хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж, хойшлуулж байсан. Мөн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох өдөр хохирогчийг Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас авч ирж эрхээр удаа дараа хангасан нөхцөл байдал байгаа. Харин хохирогч өөрийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ илэрхийлж, нэр бүхий өмгөөлөгч нар оролцож, хэргийг прокурорт буцаасан. Өмгөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгох боломжтой гэж үзэж байгаа. Учир нь, эрүүл мэндэд хохирол учирсан нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх, шинжээч эмчийг оролцуулан захирамжид заасан хэзээ учирсан гэмтэл гэдгийг мөн буудлага үйлдсэн нөхцөл байдлын тухайд гэрч, хохирогч, шүүгдэгч болон талуудын асуулт, хариулт, мэтгэлцээнээр үйл баримтыг тогтоох боломжтой. Шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхэд 60 хүртэлх хоногоор шүүх хуралдааныг хойшлуулж, зүйлчлэлийг хүндрүүлэх эрх хэмжээ байгаа. Тэгэхээр шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байхгүй. Иймд хэргийг шүүхэд шилжүүлж, эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон хохирогч *******ы өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагагүй гэж дүгнэв. Үүнд:

1. Мөрдөн шалгах ажиллаагаар “16564”, замаг “16564” дугаартай буу ТОЗ-8 загварын буу хэний өмч, эзэмшлийнх болохыг шалгаж тогтоогоогүй, ******* 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд галт зэвсгийг өөртөө авсан, *******гийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр галт зэвсгээр *******ыг цохиж, буудлага үйлдсэн гэх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй бий эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн буу хэний өмчлөл, эзэмшилд байгаа болохыг шалгаж тогтоосон байхаас гадна хохирогчийн биед учирсан гэмтлийг буугаар цохиж учруулсан нөхцөл байдал байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

2. Хэргийн 32-33 дугаар талд авагдсан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2142 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Амбулаториор эмчлүүлэгчдийн картад: 2023-06-16-ны ЦХГТ-ийн эмчийн онош:” гэсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн үндэслэлд “Амбулаториор эмчлүүлэгчдийн картад: 2023-03-16-ны ЦХГТ-ийн эмчийн онош:” гэж буруу бичсэн байх ба үүнтэй холбоотойгоор гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа өмнө гэмтэл авсан байх боломжтой, эргэлзээтэй байдал бий болсон гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Уг шинжээчийн дүгнэлтийг хууль журамд заасны дагуу эрх бүхий этгээд тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх бөгөөд шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд гэрч , шинжээч эмч нарыг оролцуулан тодруулах бүрэн боломжтой буюу шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй.

3. Хохирогч *******ы өмгөөлөгч Б.Түвшинтөгсөөс гаргасан “...хүнийг алахыг завдсан үйлдлийг нэмж зүйлчлүүлэх...” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч *******ы биед зүүн 7 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан байх ба уг гэмтлийг яллагдагч ******* бууныхаа мөрлөвч модоор цохиж учруулсан болохыг хохирогч, шүүгдэгч нартай хамт байсан хохирогчийн төрсөн ах болох гэрч тодорхой мэдүүлсэн, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон буугаар буудлага үйлдсэн гэх үйл баримтын талаар прокурор яллах дүгнэлтдээ тусгаж, эрх зүйн дүгнэлт хийсэн байна.

Иймд, хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд тус тус нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч хэргийн материал танилцуулаагүй гэх боловч мөрдөгчөөс эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгон 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хохирогч *******д хавтаст хэргийн материал танилцуулсан, уг баримтад хохирогч танилцсан талаар тэмдэглэж, гарын үсгээ зурсан байна. /хх 82/ Иймд хохирогч *******ы хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн гэж үзэхгүй юм.

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлээс үзэхэд яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах болон прокурорын хяналтын ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хохирогч *******ы өмгөөлөгч Б.Түвшинтөгсөөс гаргасан “...*******г хүнийг алахыг завдсан үйлдлийг нэмж зүйлчлүүлэх асуудлаар захирамжид өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/1211 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХӨӨ

                          ШҮҮГЧ                                                         Б.АРИУНХИШИГ

                          ШҮҮГЧ                                                         С.БОЛОРТУЯА