Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 531

 

Г.Д, Д.И, Б.М,

М.А нарт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын  ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогч С.Г, Д.Н, Б.Г, Н.М, О.Б, Ц.Э, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, Р.Пүрэвлхам,  Н.Цэрэнчимэд, Б.Машбат, С.Чинзориг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 523 дугаар магадлалтай, Г.Д-, Д.И-, Б.М-, М.А- нарт  холбогдох 201525021707 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч Б.Машбат, шүүгдэгч Д.И-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүгдэгч Г.Д-, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд, хохирогч Б.Гансэлэм, О.Б-, Н.Тогоомаа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Г овогт Г-ийн Д,

2.Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт Б-ын М,

3. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт М-ын А,

4. Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Д овогт Д-ийн И нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Г.Д-г хохирогч Ц.Э-ээс 5,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Д-г бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан, М.А, Д.И, Б.М нарыг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Г.Д-г 8 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар М.А-ыг 3 жил хорих ял, Д.И, Б.М нарын тус бүрт 2 жил 6 сар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Д-гээс 5,000,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Энхээд олгох, хохирогч Б.Т-т олгох 60,000,000 төгрөгийн хохирлоос 20,000,000 төгрөг төлөгдсөн болохыг дурдсан өөрчлөлтийг тус тус оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд, Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүгдэгч Д.И-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, М.Машбат, хохирогч О.Б нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Г гаргасан гомдолдоо “ЦО” ХХК захирал Б.Г миний бие нь 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш бусдад их хэмжээний арматурыг гэрээ байгуулан өгч залилуулан, удаа дараа цагдаа прокурор шүүхэд хандсан боловч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, гомдолтой байна. Миний бие нь 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 100 айлын барилгын дахин төлөвлөлтийн “Жи” хэсгийн төслийг хэрэгжүүлэгч “ГХ” ХХК-ийн захирал Б.М-ын хэрэгжүүлж буй барилгын талбайд 51,532 тн арматурыг тус төслийн гүйцэтгэгч “ӨЗ“ ХХК-ийн захирал Г.Д-тэй байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 28-ны №38/14 тоот гэрээний дагуу 100 айлын барилгын талбайд Б.М-ын мэдэлд шилжүүлж өгсөн байдаг. Мөн Б.М нь намайг арматур авчирж байхад Замын-Үүд боомтод тосон авч уулзан, 5,000,000 төгрөгийг бэлнээр авсан байдаг. Гэтэл “ГХ” ХХК-ийн захирал Б.М нь шүүхийн шийдвэрээр ямар ч өр төлбөргүй гарч байгаа нь миний гаргасан мэдүүлэг, өргөдөл гомдлыг цагдаа, прокурор, шүүх үл ойшоон үзэж, ганц Г.Д- төлбөрийг төлөхөөр шийдэж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Иймээс “ГХ” ХХК-ийн захирап Б.М-оос 51,532 тн арматурын төмөр болон 5,000,000 төгрөгийг гаргуулж өгөхийг нэхэмжилж байна. Г.Д-гийн давж заалдах шүүхэд гаргасан гомдолд Г.Ч нь “ЦМ” ХХК-иас авсан арматурын төмрөөс 24 тн арматурыг авсан гэсэн гомдлыг шүүх үзэхгүй, тус хэргийн оролцогч хэмээн нотлогдож байхад Г.Чинбатыг илт хамгаалж, ад ял завших боломжийг олгож байгаад гомдолтой байна. Г.Чинбатыг шалгаж өгөхийг хүсье. Мөн Г.Д нь ямар ч үл хөдлөх болон эд хөрөнгө байхгүй хэмээн мэдүүлснийг цагдаа, прокурор, шүүх нарийвчлан шалгаж өгөөгүй. Хэт нэг талыг барин хохирогчдын өр төлбөрийг барагдуулах тал дээр анхаараагүйд гомдолтой байх тул Г.Д- болон түүний хамтрагч нарын эд хөрөнгийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Уг хэргээс үүдэн олон тооны аж ахуйн нэгж, иргэд дампуурч, өрөнд орж гэр бүл салж, олон хүүхэд өнчирсөн, байраа банкны барьцаанд хураалган гудамжинд гарч, өр төлбөрөө төлөөгүйгээсээ болж, гэмт хэрэгтэн болж, өөрсдөө шоронд орох дээрээ тулаад байна. Зарим нэг нь эхнээсээ хорвоогийн мөнх бусыг үзэн, сэтгэл санааны хохиролд орж, цагдаа, прокурор, шүүхийн байгууллагуудад итгэх итгэлээ нийт хохирогчид өдрөөс өдөр алдсаар байхад уг хэргийг хөнгөн хэрэг мэт үзэж, гэмт хэрэгтнүүдэд хөнгөн ял оноож, зарим хамтрагч оролцогч нарыг нь шалгаж тогтоолгүй ял завших боломж олгож байгаад нь гомдолтой байна. Иймд уг хэргийг нарийвчлан, үнэн зөв, хуулийн хүрээнд шалгаж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч О.Б гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх 2 удаа хэргийг хэлэлцэх үед тус хавтаст хэрэгт хэргийг шийдвэрлэхтэй холбоотой нэг ч нотлох баримт, гэрчийн мэдүүлэг болон бусад материал нэмэгдээгүй атал тэс өөр утга агуулгатай хоёр өөр магадлал гаргаж байгаа нь тус хэргийг бүрэн шийдвэрлэхэд хангалттай хэмжээгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын ажиллагаа хавтаст хэрэгт авагдаагүй учраас хоёр өөр утгатай магадлал гарч байна. Хэргийг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн Улсын дээд шүүхээс буцаасан учраас заавал хэргийг шийдвэрлэж яллах ёстой юм байна гэж үзсэн байх тийм учраас тус хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны үеэр шүүх бүрэлдэхүүн нь шүүгдэгч Б.М, Д.И нараас нэр бүхий хоёр хохирогч нарт 193,800,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж тайлбарлан дурдсан бөгөөд 523 дугаартай магадлалын 36 дугаар талд оруулсан байдаг. Гэтэл нэр бүхий хоёр хохирогч гэдэгт “Х” ХХК гэж тодорхой заасан ч нөгөө нөгөө хохирогчийн нэр тодорхойгүй, мөн шийтгэх тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулахаар заагаагүй нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлээгүй гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 сарын 15-16-ны хооронд хоёр өдөр хэргийг хэлэлцэж 1439 дугаартай шийтгэх тогтоол гаргахдаа шүүгч нь манай байгууллагын хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй, өөрөөр хэлбэл нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслээгүй зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгээр манай байгууллагын хохирлыг тогтоосон байдаг. Манай байгууллага нь бодит хохирсон хохирлоо тогтоолгохыг хүсэж байгаа болохоос энэхүү гэмт хэргийн улмаас үүссэн алданги, хүү гэх мэт бусад зардлыг огт нэхэмжилж тогтоолгохыг хүсээгүй болно. Шүүгдэгч Б.М, Д.И нар нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр хохирогч биднээс залилж авсан мөнгөнөөс Б.М 80 сая төгрөг, Д.И нь 60 сая төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч мэдүүлсээр байтал шийтгэх тогтоол болон магадлалд хоёр шүүгдэгчээс хохирлын төлбөр гаргуулахаар тусгахгүй байгааг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тийм учраас шүүгдэгчээс хохирол гаргуулах талаар тодорхой тусгах нь зүйтэй. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр улсын яллагч нь хэргийг сайтар хянаж чадаагүй, хэргийн зарим гол оролцогчдыг сайтар шалгуулж чадаагүй, БНХАУ-ын иргэн н.Б гэгчийг алдсан, хэргийн зарим оролцогчийн асуудлыг мухарлаж шалгаагүй гэх мэт зүйлийг ярьж дурдаж байсан. Мөн хэргийг үйлдэж байх хугацаанд шүүгдэгч Б.М- нь хохирогчдын мөнгөнөөс авч ББСБ-ын барьцаанд байсан өөрийн үл хөдлөх хөрөнгийг 160,000,000 төгрөгийн барьцаанаас сулласан байдаг. Шүүгдэгч Б.М- нь шүүгдэгч Г.Д-тэй хамтран амьдарч бас бус харилцаатай байсан талаараа шүүх хуралдааны үеэр хэлдэг байсан. Энэ үедээ томоохон хэмжээний энэхүү залилангийн ард байж “А” ХХК гэх ашигт малтмалын лицензтэй байж болзошгүй аж ахуйн нэгжийг 2016 онд худалдан авсан байдаг. Мөн улсын яллагч нь хохирогчдыг залилж байх хугацаанд 201201022411 тоот хэргийн хохирол болох 740,000,000 төгрөгийг төлж хэргийг хэрэгсэхгүй болгуулсан гэх мэт онц ноцтой зүйлүүдийг дурдаж нотолсоор байхад хэргийг үнэн зөвөөр шийдвэрлээгүй, хохирогч бидний хохирлыг барагдуулах талаар хууль хүчний байгууллагууд огт ажиллаагүй, дээрх олон асуудлын талаар гаргасан гомдол хүсэлтийг шийдвэрлээгүй байтал хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа нь буруу юм. Иймд дээрх асуудлуудыг бүрэн мухарлан шийдвэрлүүлэхээр хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч Н.Тогоомаа гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүх олон жил биднийг ихээр хохироосны эцэст Г.Д- гэгч гэмт этгээдийн бүлэглэлийн үйлдсэн хэргийг шийдвэрлэсэн нь зөв хэдий ч уг хэргийн оролцогчид, хамжигч, хатгагч нарыг сайтар шалган шийдвэрлээгүй зөвхөн гэмт бүлэглэлийн талд үйлчилж байсан улсын яллагч Р.Б-ийн шүүхэд оруулсан хэргийн зүйлчлэл, саналаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байсан. Улсын яллагч нь тус хэргийг хянаж байх хугацаанд хохирогч биднээс олон тооны хүсэлт өргөдөл гомдол өгч байсан ч нэгийг нь ч хангаагүй. Хохирогчийн хувьд хохирлоо авах талаар хандаж байсан, өөрөөр хэлбэл биднийг залилсан мөнгөөрөө компани болон үл хөдлөх худалдан авсан, 2012 онд үйлдсэн 740,000,000 төгрөгийн хохиролтой хэргийг хаалгалаа гээд бодит баримт нотолгоотой нь өгч ажиллагаа хийж өгөхийг хүссэн хүсэлт  гаргасаар байтал огт ажиллагаа хийдэггүй байсан. Хамтран амьдрагч хэргийн гол оролцогч БНХАУ-ын иргэн нь оргон зайлж байна гэж мэдээлэл өгсөн ч бидэнд хилийн хоригтой хэмээн худал хэлж Монгол Улсын хил давуулахад дэмжлэг үзүүлсэн. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн нь нэг залилангийн хэрэг дээр тэс өөр хоёр шийдвэрийг гаргаж байгаад гайхаж байна. Эхний удаад шүүх нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй, хэрэгт улсын яллагчийн зүгээс хангалттай ажиллаагүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж байсан ч дараа нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж байгаа нь маш буруу юм. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг хэлэлцэхэд шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэх боломжгүй маш түүхий байна нилээд олон оролцогчдын асуудлыг шийдвэрлэлгүй орхисон, хохирлын хэмжээг нарийн сайн тогтоогоогүй гэж бодит үндэслэлийг зааж хэргийг буцаах шийдвэр гаргасан ч тус магадлалын дагуу хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байгаа нь хохирогч бидний хохирлыг улам өсгөж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.М-, Д.И- нар Г.Д-тэй хамт үйлдсэн гэмт хэргийн олзноос нийтдээ 140,000,000 төгрөгийг авч хувьдаа завшсанаа хэлсээр байхад шүүх шийдвэр гаргахдаа дээрх хоёр шүүгдэгчээс гаргуулаагүй байна. Б.М- нь гэмт хэрэг үйлдэгдэж байх хугацаанд Г.Д-тэй байнга хамт амьдардаг байсан бөгөөд биднээс авсан мөнгөний зарцуулалтыг хамгийн сайн мэдэж байгаа. 2016 онд шүүгдэгч Б.М- нь биднээс залилж авсан мөнгөөр уул уурхайн “АДХ” ХХК-г өндөр үнээр худалдан авч, энэ хэргийн шүүгдэгч  мэргэжлийн биш М.А-ыг нягтлан бодогчоор бүртгүүлж хамтран мөнгө угаасан байдаг ба өөрийн эзэмшлийн орон сууцыг 2016 онд барьцаанаас бидний мөнгөөр чөлөөлж авсан байна. Энэ талаар шүүгдэгч Г.Д-, түүний хүргэн н.Аззаяа нар тодорхой мэдүүлсэн. Хохирогч нараас мөнгийг бэлнээр авдаг бөгөөд мөнгийг нь шүүгдэгч Г.Д-гийн дүү н.Мөнхөө, хүргэн н.Аззаяа нар нь оройн цагаар цүнхлэн зөөж гэрт нь хүргэн хамтран амьдрагч шүүгдэгч Б.М-д хүлээлгэн өгдөг байсан хэмээн мэдүүлсэн билээ. Шүүгдэгч Г.Д- нь энэ олон тооны иргэн аж ахуйн нэгжүүдийг гэмт хэргийнхээ золиос болгохын тулд бусдаар олуулж, татан оролцуулан мөнгө залилж түүнээсээ бусдад урамшуулал хувь өгөн гэмт хэргээ үйлдсэн байдаг нь тодорхой харагддаг. Тэгэхээр зуучилсан хүмүүс шүүгдэгч Г.Д-гээс хувь урамшуулал, шагнал авч ашиг хонжоо олсон хүмүүсийг ч шалгах нь зүйтэй юм. Шүүгдэгч Г.Д- гэгч нь эвлэрүүлэн зуучлах хуулийн заалтыг гэмт хэргийг хаацайлах хуулийн цоорхой гэж үзэж огт мөнгө өгөхгүй байж хэд хэдэн хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулан заасан хугацаандаа төлбөрөө хийгээгүйгээс болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байдаг. Ийм том ноцтой гэмт хэрэгтэнгүүдэд эвлэрүүлэн зуучлах хуулийн заалт үйлчилдэггүй юм байна гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Эрүүгийн хуульд урьдчилсан үгсэн хуйвалдаж 3-аас дээш оролцогчтой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг гэмт бүлэглэл хэмээн үздэг билээ. Гэмт бүлэглэлийг зохион байгуулагч, хатгагч, хамжигч, гүйцэтгэгч гэх байх ба зохион байгуулагч нь бусдад хэрэгт оролцох оролцоог хуваарилж өгөх үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэгэхээр шүүгдэгч Г.Д- нь мэргэжлийн биш хүнийг нягтлан бодогч, хамтран амьдрагч Б.М-ыг гүйцэтгэх захирал, хамтрагч БНХАУ-ын иргэнийг хөрөнгө оруулагч хэмээн хуваарилсан нь гэмт хэргийг зохион байгуулагч гэж хуульд заасан үндэслэлтэй яг таарч байгаа юм. Гэтэл Г.Д-г хэргийн гүйцэтгэгч гэж журамлан гэмт бүлэглэлийн хамжигч нарт хөнгөн зүйл ангиар зүйлчилж яллаж байгаа нь шударга үнэнд нийцэхгүй байна. Дээрх шүүгдэгч нар нь энэхүү гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон нь бодитоор тогтоогдож байгаа тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгээр яллах ёстой хэмээн үзэж байна. Дээрх бодит байдлаас өөр олон зүйл байгаа бөгөөд зөвхөн эдгээрийг дурдлаа. Иймд хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй байна” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Г.Д гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн хохирлын тооцоог зөрүүтэй тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй, прокурорын яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анх анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоолгохоор хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан боловч давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм. Миний өмгөөлөгчийн зүгээс хэргийн бодит байдлыг тогтоох, хохирлын тооцоонд санхүүгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаж байсан боловч прокурор, мөрдөгч хангахаас татгалзсан. Манай компанийн кассын орлого, зарлагын баримт болон хохирогч нарт хохирол буцаан төлсөн нотлох баримтуудыг мөрдөгч хэрэгт хавсаргалгүйгээр шүүх хуралдаан болохоос өмнө надад өгснөөс болж хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй байхад шүүх нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зарим хохирогч нарын хохирол төлөгдсөн байхад үндсэн мөнгөн дээр алданги, хүү нэмж нэхэмжилсэн байдаг. “НАО” ХХК-тай манай компани ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 100,000,000 төгрөг өгсөн байхад 180,000,000 төгрөг болгон нэхэмжилсэн. Мөн “Дөрвөн сүнжид” ХХК нь 80,000,000 төгрөг өгснөөс захирал Г.Уртбаяр нь ХААН банкны дансаар 58,000,000 төгрөгийг авсан, үлдэх 22,000,000 төгрөгөнд барилгын төмөр хашаа авснаар тооцоо бүрэн дууссан байтал дахиад 80,000,000 төгрөг гаргуулсан байна. Түүнчлэн Б.Мөнгөнцэцэг,  Я.Тунгалаг, Ж.Баярсайхан, Ю.Шагдарсүрэн болон “Хөх хүрэлт констракш” ХХК, “Гэрэлтжин” ХХК, “Од дөл” ХХК, “Гоёот ухаат” ХХК, “Есөн нуур баялаг” ХХК,  “Ти Экс Эл” ХХК-иудын хохирол төлөгдсөн байтал 258,410,000 төгрөгийг илүү нэхэмжилж, улмаар шүүх хангаж шийдвэрлэсэн. Энэ асуудлын талаар прокурор, шүүхэд гомдол гаргасан боловч авч хэлэлцээгүй болно. Нийт 452,000,000 төгрөгийн хохирол төлөгдсөн болох нь 12 дугаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад магадлалд дурдаагүй байна. Иймээс эдгээр нөхцөл байдлыг дахин шалгаж өгөхийг хүсье. Хохирогч нарыг урьдчилж залилах, санаа зорилго байгаагүй. “ӨЗ” ХХК-ийн барилгын ерөнхий инженер Д.Чинбат нь “Аминхүү” ХХК-иас өгсөн 60,000,000 төгрөгнөөс 14,000,000 төгрөг,  “ЦО” ХХК-ийн нийлүүлсэн 50 тонн арматур төмрөөс 24 тонн буюу 30,000,000 төгрөгийг зориулалтын бус аргаар авч явсан бөгөөд түүнийг хэргийн гол оролцогч гэж үзэж шалгаж өгөх талаар хүсэлт гаргасан боловч шалгаж өгөөгүй. Мөн манай компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Ариунболд нь өөрөө ”Гэрэлтжин” ХХК, “Эйфель” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан орж ирсэн мөнгийг өөрөө хувьдаа хэрэглэсэн байхад түүнийг энэ хэрэгт шалгаагүй. БНХАУ-ын иргэн Бай Лү Жү /Баатар/ нь манай компанийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн орон сууц буулгаж, дахин барилгажуулах төсөлд 42 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ хэмээн итгүүлж, улс хоорондын банкны шимтгэл гэж 170,000,000 төгрөгийг “Мөнгөн гүүр”  ББСБ-ын дансаар Хятад улс руу шилжүүлэн авчихаад өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалт нь орж ирээгүй байна. Ийнхүү асуудлыг шалгуулахыг хүссэн боловч шалгаж өгөөгүй. Хувь болон компаниудын мөнгийг залилж авсан асуудал байхгүй болно. Гэрээ хэлцэл байгуулж авсан мөнгөний асуудлаар иргэний шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байтал уг асуудлыг эрүүгийн хэрэгт нэгтгэн ял оноосонд гомдолтой байна. Миний хувьд М.А-, Б.М-, Д.И- нартай бүлэглэн эд хөрөнгө залилсан асуудал байхгүй. Хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан бодитой тооцох дахин шалгаж өгөхийг хүсч байна” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч М.А- гаргасан гомдолдоо “М.А нь миний бие 2014 оны 04 дүгээр сард “ӨЗ” ХХК-д ажилд орж 1 жил 8 сар тасралтгүй ажилласан. Намайг залилах гэмт хэрэгт буруутган яллаж байгаад гомдолтой байна. Учир нь намайг буруугүйг нотлох санхүүгийн баримтууд хангалттай байхад мөрдөгч, прокурор нар хүлээж авалгүй санхүүгийн болон аудитын дүгнэлт гаргалгүй орхигдуулж хайнга хандсан. Миний зүгээс санхүүгийн баримтуудыг шүүхэд өгөх гэхээр хүлээн аваагүйн улмаас миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Намайг 323,500,000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн дүгнэж, 3 жил хорих ял шийтгэсэнд гомдолтой байна. Санхүүгийн баримтаар бол дээрх мөнгийг 100 хувь компанийн үйл ажиллагаанд зарцуулсан нь батлагддаг. 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “ДБХ” ХХК-ийн захирал Н.Т нь “ӨЗ” ХХК-ийн оффис дээр 30,000,000 төгрөгийг кассанд бэлнээр, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөгийг Г.Д-д бэлнээр хүлээлгэн өгсөн гэдгээ мэдүүлсэн байдаг. Дээрх 30,000,000 төгрөг 7 удаагийн гүйлгээгээр компанийн урсгал зардалд зарцуулагдсан. “Исвара сольюшн” ХХК-ийн зүгээс “ӨЗ” ХХК-ийн кассанд 20,000,000 төгрөгийг бэлнээр тушаасан ба уг мөнгийг 6 удаагийн гүйлгээгээр мөн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Ерөө эрдэс констракшн” ХХК, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Констракшн бэйгин бэйсис” ХХК, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “ХГ” ХХК, 2015 оны 09 дүгээр сард “АХ” ХХК-иуд “ӨЗ” ХХК-ийн кассанд бэлнээр нийт 103,500,000 төгрөгийг тушаасан ба уг мөнгийг 47 удаагийн гүйлгээгээр компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Компанийн кассанд орж ирсэн мөнгөнөөс нэг ч төгрөгийг хувьдаа завшсан асуудал байхгүй болно.Санхүүгийн баримтуудад шинжээчийн болон аудитын дүгнэлт гаргуулах боломжоор хангаж, хэргийн бодит байдлыг тогтоож өгөхийг хүсч байна” гэжээ.

 

Мөн шүүхэд шүүгдэгч Б.М гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч байна. “ӨЗ” ХХК болон хөрөнгө оруулагч тал болох БНХАУ-ын иргэнтэй байгуулсан 137 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгт авагдсан байна. Уг гэрээнд миний бие итгэл үнэмшил төрж “ГХ” ХХК-ийн захирал Н.Н-аас компани болон барилгажих төслийг 2014 оны 05 дугаар сард эрх шилжүүлэн авсан боловч Хятад талаас хөрөнгө оруулалт хийгдээгүй тул А.Б, Г.Д нарт 2014 оны 11 дүгээр сарын 20-нд буцаан өгсөн. Гэтэл “би чамд ажил олж өгнө, хөрөнгө оруулагч нар ирсэн, одоо хуучин барилга буулгах ажил эхлэх гэж байна” гэсэн амлалтнаас болж 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар энэхүү хэргийн золиос болсон. Т.О, О.Б нар дээрх гэрээнд хууртагдан итгэл үнэмшил төрж хохирсон гэх боловч уг хөрөнгө оруулалтын гэрээ нь тэдний барилга буулгах, хог хаягдал цэвэрлэх гэрээ хийж, мөнгө төгрөг, эд хөрөнгөө Г.Д-д өгч хохирсноос хойш үйлдэгдсэн болох нь О.Б-ийн шүүхэд  өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Т.О, О.Б нар орон сууцны хуучин барилгыг тус бүр 600,000,000 төгрөгийн өртгөөр буулгуулна гэсэн өндөр ашиг санал болгосны дагуу танил найз, нөхдөөрөө Г.Д-тэй холбогдож, Т.О нь 195,800,000 төгрөг, О.Б нь 60,000,000 төгрөг өгсөн байдаг. Энэхүү хоёр хохирогчийн үйлдэл нь Г.Д-тэй шууд холбоотой байхад намайг гарын үсэг зурсан үндэслэлээр гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Миний хувьд гэрээнд гарын үсэг зурахдаа хууль зүйн үр дагаврыг ойлголгүйгээр гарын үсэг зурсан буруугаа хүлээж байна. Мөн хөрөнгө оруулагч гэх БНХАУ-ын иргэнтэй хэлцэл байгуулж байгаагүй. Миний энэхүү хэрэгт оролцсон оролцоог нотлох баримтаар биш таамаглалд үндэслэн прокурор ялласан. Хохирогч Т.О, О.Б нартай өмнө нь уулзаж байгаагүй, танихгүй бөгөөд тэднээс мөнгө аваагүй тул хохирол учруулаагүй болно. Гэтэл  намайг хорих ялаар шийтгэж, эрүүл мэнд, сэтгэл санаа, ажил амьдралаар хохирогч байгаадаа гомдолтой байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч Б.Машбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд зөв тогтоож чадаагүй. Анхан болон давж заалдах шүүх хуралдааны тогтоол, магадлалаар тус бүр зөрүүтэй тогтоосон юм. Яллах дүгнэлтийн 4 дүгээр талд М.А- нь “АХ” ХХК-ийн захирал Л.А-ээс 4,500,000 төгрөгийг авсан гэснийг анхан шатны шүүхийн тогтоолд 15,000,000 төгрөг авсан болгож үндэслэлгүйгээр 10,500,000 төгрөг нэмсэн, яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэн Тэгшбаяраас 60,000,000 төгрөг авсан гэмт хэрэгт зуучлалын хөлс гэж тусад нь 20,000,000 төгрөг авсан гэснийг давж заалдах шатны шүүр Тэгшбаяраас 60,000,000 төгрөгийг залилаад 20,000,000 төгрөгийг нь төлсөн гэж үндэслэлгүйгээр 40,000,000 төгрөг нэмж эрх зүйн байдлыг нь дордууллаа. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх нь Г.Д-гийн 8 нэр бүхий аж ахуйн нэгжид учруулсан гэх 300 гаран сая төгрөгийн хохирлыг М.А- нь хамжигчаар оролцон давхар 300 сая төгрөгийн хохирол учруулсан гэж тооцож, мөн давхар төлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г үндсэндээ тогтоож чадаагүй, хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтад бодит дүгнэлт хийж чадаагүй нь харагдахын дээр оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулан үндэслэлгүйгээр яллах шалтгаан нь болжээ. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх, хохирлын хэмжээ, оролцогчдын гэмт хэрэгт хэрхэн оролцсон байдлыг хөдөлшгүй тогтоохын тулд санхүүгийн дүгнэлт гаргах мэргэжлийн байгууллагаар шинжилгээ, аудит хийлгэх зайлшгүй шаардлагатай байсан нь зөвхөн энэ баримтаар гэхэд л хангалттай харагдаж байна. Шинжээч томилуулах тухай хүсэлтийг мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй байхад хоёр шатны шүүх үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлд “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ...” гэж тодорхой хуульчилсан. М.А нь Г.Д-г чухам ямар гэмт хэрэг үйлдэхэд нь юуг урьдчилан амлаж юугаар дэмжлэг үзүүлсэн бэ? хавтаст хэрэгт энэ байдлыг тогтоосон хангалттай баримт байхгүй. Хохирогч нарын эд нар цуг л хувааж идсэн байх ёстой гэсэн хардлага бүхий мэдүүлэг, Г.Д-гийн ямар ч баримтгүйгээр удаа дараа өөрчлөгдсөн мэдүүлэг, улсын яллагчийн хамт ажиллаж байсан юм чинь залилангийн гэмт хэрэг үйлдэж байсныг мэдэж байсан л байж таараа гэсэн таамаглалаар М.А-ыг яллаж байна. Харин эсрэгээрээ хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад тухайн гэмт хэргийг үйлдсэн идэвхтэй үйлдэл хийсэн этгээдүүдийг огт шалгаагүй, ял завшуулсан нь тодорхой харагдана. Тухайлбал “ӨЗ” ХХК-ийн ерөнхий инжинерээр ажиллаж байсан Ч гэх мэт юм. Өөрөөр хэлбэл М.А нь ямар сэдэлт, санаа зорилготойгоор идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр тухайн гэмт хэрэгт оролцож хэнд ямар хохирол учруулсныг хөдөлшгүй баримтаар л тогтоож байж яллах нь хууль ёсны шаардлага юм. М.А нь “Ө” ХХК-д нягтлан бодогчоор л ажилладаг байсан, залилуулсан гэх аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ хийх эрхгүй, зөвхөн байгууллагад орж ирсэн бэлэн болон бэлэн бус гүйлгээнүүдийг ажил үүргийн дагуу хүлээн авч тэр даруйд нь захирал Г.Д-д хүлээлгэн өгдөг байсан.  “ӨЗ”, “ГХ” ХХК-г үүсгэн байгуулалцаагүй, дээрх төслийг санаачлаагүй, залилуулсан гэх 8 аж ахуйн нэгжтэй барилга буулгах ажлын гэрээг хийгээгүй байтал бусдыг хуурч төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж ялласан нь хэрэгт цугларсан баримтууд, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Зөвхөн дээрх байдлуудаас харахад анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй байхад хилсээр ял шийтгэл оногдуулан хууль буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Мөн шүүхэд шүүгдэгч Д.И-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, 171 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн 60 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд явагдах ёстой бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоон, шүүгдэгч нарын гэм буруу, гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоон, хохирлыг төлүүлэхээр тодорхойлсон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд хамаарах үйл баримтын болон хууль зүйн дүгнэлтийг өөрийн эрх хэмжээний дотор зөвтгөн дүгнэж хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой хэмээн дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан ял гэм бурууд нь тохирсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд миний үйлчлүүлэгчийн хийгээгүй хэргийн төлөө ял шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болж байна. Яллах дүгнэлтэд яллагдагч Д.И нь Г.Д-гийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 04 дүгээр сарын 02, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд 2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Б-оос 60,000,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр болон 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд 1, 2 дугаар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж “ХХО” ХХК-ийн захирал Т.О-аас 195,800,000 төгрөг хуурч авсан хэрэгт БНХАУ-аас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж өөрийн гарын үсэг зурсан хуурамч гэрээ үзүүлэн итгэл төрүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэхээр тогтоосон гэжээ.

            Хохирогч О.Б-ийн өргөдөл, түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15/30 дугаартай “Барилга, байгууламжийг буулгах ажил гүйцэтгэх гэрээ”-ний үнийн дүн 60,000,000 төгрөг, “ӨЗ” ХХК болон “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 15/030-15/0602 дугаартай “Барилга, байгууламжийг буулгах ажил гүйцэтгэх гэрээ” зэрэг нотлох баримтуудаас харахад хэргийн 1 хавтасны 143 дугаар талд 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн З.Н-д Г.Д-гээс өгсөн мэдэгдэл гэх баримтад дурдсан “....Бид БНХАУ-ын Барилга Уул уурхайн “Чен Чун” компанитай хөрөнгө оруулалт гэрээг амжилттай хэрэгжүүлэхээр байгаа. ...БНХАУ-ын иргэн Ванг Мэйдунаас урьдчилгаа 2014 оны 09 дүгээр сарын 23-ны байдлаар БНХАУ-ын тариалан банкны 6223321031123160 тоот дансанд 42 сая юань, 2014 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар БНХАУ Тариалан банкны 6223321006141131205 тоот дансанд 43 сая юань нийт 85 сая юанийг төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын баталгаа болгон байршуулсныг мэдэгдэн банкны хуулбар ирүүлсэн байдаг. Хохирогч Т.О-ын өргөдөл, түүний мэдүүлэг, “ӨЗ” ХХК болон “ХХО” ХХК-ийн захирал Т.О нарын хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15\8,25 тоот “Барилга, байгууламжийг буулгах ажил гүйцэтгэх гэрээ”  /үнийн дүн 4,400,000,000 төгрөг/, “ӨЗ” ХХК болон “Хан хос очир” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 тоот “Барилга, байгууламжийг буулгах ажил гүйцэтгэх гэрээ” гэрээний үнийн дүн 1,800,000,000 төгрөг гэх баримтууд хавтаст хэрэгт авагдсан бөгөөд дээрх хохирогч нар хууль сануулан өгсөн мэдүүлэгтээ өөрсдийн мөнгийг зөвхөн Г.Д гэх хүнд өгсөн талаар мэдүүлжээ. Харин хохирогч Т.О нь гэрээ байгуулан мөнгө өгөх үедээ 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Гэзэгийн худаг” ХХК-ийг төлөөлж Г.Д, БНХАУ-ын “Чи фэн гуй бо уул уурхай” компанийг төлөөлж Ван мэй чин нар байгуулсан. 50 сая ам.доллар оруулахаар заасан “Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах тухай гэрээ”-г харж итгэсэн гэж үзэхээр байгаа бөгөөд харин хэргийн 2 хавтасны 7 талд авагдсан 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зуун заяа төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-г БНХАУ-ын “Лун Фү Хө” ХХК-ийг төлөөлж захирал Ху Чао, “ӨЗ” ХХК-ийг төлөөлж Г.Д- зурсан. Д.И-, Б.М- нар зурсан гэрээг харсан байх боломжгүй юм. Учир нь дээрх гэрээ нь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр буюу дээрх хохирогч хоёр компани мөнгөө өгөөд даруй 6-8 сар өнгөрсний дараа хийгдсэн байгаагаар нотлогдоно. Ер нь бол хохирогч нарын харсан буюу итгэл үнэмшил төрсөн гэх хөрөнгө оруулалтын гэрээ нь хэргийн 1 хавтасны 226 дугаар талд авагдсан 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “ГХ” ХХК-ийг төлөөлж Г.Д-, БНХАУ-ын “Чи фэн гуй бо уул уурхай” компанийг төлөөлж Ван мэй чин нар байгуулсан 50 сая ам.доллар оруулахаар заасан “Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах тухай гэрээ” болохоос 2 хавтасны 7 талд авагдсан 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зуун заяа төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” БНХАУ-ын “Лун Фү Хө” ХХК-ийг төлөөлж захирал Ху Чао, “ӨЗ” ХХК-ийг төлөөлж Г.Д, Д.И-, Б.М- нарын гарын үсэг зурсан гэрээ байх боломжгүй байна. Тодруулбал хэргийн 2 хавтасны 7 талд авагдсан 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зуун заяа төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” БНХАУ-ын “Лун Фү Хө” ХХК-ийг төлөөлж эахирал Ху Чао, “ӨЗ” ХХК-ийг төлөөлж Г.Д-, Д.И-, Б.М- нар зурсан гэх гэрээнээс 6-8 сарын өмнө хохирогч “Аминхүү контсракшн” ХХК-ийн захирал О.Б-, “Хан хос Очир” ХХК-ийн захирал Т.О- нар “ӨЗ” гэх Г.Д-гийн компанитай гэрээ хийн мөнгөө өгсөн байдаг бөгөөд тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээг ганцхан 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах тухай гэрээ” л байсан байна. Мөн хавтаст хэргээс харахад 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зуун заяа төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” хийгдсэнээс хойш ямар нэг мөнгө аваагүйгээс гадна дээрх гэрээ нь Г.Д-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэгдсэнээс хойш хийгдсэн байгаа болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамжигч буюу урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байхыг хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол хэмээн хуульчилснаас харахад хохирогч нарын мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авахаас өмнө дэмжлэг үзүүлэн санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байхыг ойлгохоор байна. Тодруулбал 2015 оны 04 дүгээр сарын 02, 2015 оны 07 дугаар сарын 02, 2015 оны 02 дугаар сарын 08, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд шүүгдэгч Г.Д- “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Б-оос 60,000,000 төгрөг, “Ханхос очир” ХХК-ийн захирал Т.О-аас 195,800,000 төгрөгийг хүлээн авсан байна.

Гэтэл Д.И- нь хөрөнгө оруулагч ороод ирсэн одоо гэрээг байгуулж мөнгөө авна гэсэн Г.Д-гийн үгээр л 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн гэх “Зуун заяа төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээн”-д “ӨЗ” гэх ХХК-д огт хамааралгүй атлаа гарын үсгээ хурдан зур гэсэн үгэнд нь автаж зурсан байдаг хэдий ч энэхүү гэрээг үндэслэн ямар ч мөнгө аваагүй, 2015 оны 02 дугаар сарын 08-наас 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд Г.Д-гийн авсан гэх мөнгөний талаар огт мэдэхгүй, хохирогч нар ч мөнгө төгрөгөө өгсний дараа Д.И- гэх хүнийг харсан мэдүүлсээр байхад хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Өмгөөлөгч миний бие 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зуун заяа” төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ БНХАУ-ын “Лун Фү Хө” ХХК-ийг төлөөлж захирал Ху Чао, “ӨЗ” ХХК-ийг төлөөлж Г.Д-, Д.И-, Б.М- нар зурсан гэрээний үндсэн дээр ямар ч хохирогчоос мөнгө аваагүй талаар тайлбарласан бөгөөд яллах дүгнэлт нь хэт таамаглалд тулгуурласан үндэслэлгүй болохыг хангалттай баримтын хүрээнд нотолсоор байтал миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд ийнхүү гэм буруутайд тооцсон үндэслэлээ хоёр шатны шүүхийн аль нь ч хангалттай тайлбарлалгүй яллах дүгнэлтийн үндэслэлийг хуулбарлан бичиж гэм буруутайд нь тооцсон нь хэт шударга биш гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх нөхцөлийг хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих дээрх хуулийг хэрэглэлгүй миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон нь үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан Д.И-ийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Г.Эрдэнэхүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлын талаар үнэн зөв дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэх үндэс болж улмаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаарх Т.О-, О.Б- нарын өгсөн мэдүүлгүүдээр хохирогч нар нь хэний үйлдлийн улмаас юунд төөрөгдсөн, энэ нь Г.Д- мөнгөө өгөхөд хэрхэн нөлөөлсөн талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Тухайлбал “Хан хас очир” ХХК-ийн захирал Т.О-ын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлэг, өргөдөл, тайлбар, О.Б-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд байдаг. Эдгээр мэдүүлгүүдээс харахад Г.Д-гийн барилга буулгах ажил гүйцэтгүүлнэ гэж дүр үзүүлсэн хуурамч барилга, байгууламж буулгах ажил гүйцэтгэх гэрээ хийж, ажлын баталгаа гаргах нэрийдлээр урьдчилгаа мөнгө авч хуурч төөрөгдүүлсэн аргаар үйлдэгдсэн гэдэг нь нотлогддог бөгөөд Г.Д- ямар аргаар нийтдээ 27 нэр бүхий хохирогч нарыг хуурч хохирол учруулсан нь хохирогчоор тогтоогдсон хүмүүсийн мэдүүлгүүдээр давхар нотлогдсоор байхад анхан болон давж заалдах шатны шүүх Б.М-ыг Г.Д-гийн үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх Б.М-ыг Г.Д-гийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 04 дүгээр сарын 02, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд “2 давхар байр буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Аминхүү констракшн” ХХК-ийн захирал О.Б-оос 60,000,000 төгрөг хуурч авсан гэх хэрэгт БНХАУ-аас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж өөрийн гарын үсэг зурсан хуурамч гэрээг үзүүлэн итгэл төрүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн боловч О.Б-ийн тухайд Б.М-ын гэрээ үзүүлж итгэл төрүүлсэн гэх үйлдэл нь энэ хэрэгт хэрхэн тогтоогдож байгаа нь тодорхойгүй юм. Тодруулбал О.Б-ийн Г.Д-д мөнгө өгч гэрээ байгуулах болсон шалтгаан нь Б.М-ын гарын зурсан хөрөнгө оруулалтын гэрээтэй огт хамааралгүй,  Г.Д-д мөнгө өгөх үед О.Б- уг гэрээг хараагүй, гэрээний талаар ямар нэгэн ойлголтгүй болох нь О.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл О.Б- Б.М-ын зурсан гэх гэрээг хараагүй гэснээс үзэхэд гэрээ үзүүлж итгэл төрүүлсэн байх боломжгүй, тиймээс Г.Д-гийн О.Б-оос 60,000,000 төгрөг хуурч авсан гэх хэрэгт Б.М- дэмжлэг үзүүлсэн гэх үйл баримт байхгүй байна. “Хан хос очир” ХХК-ийн захирал Т.О- нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүйгээс гадна Т.О- нь Г.Д-г “ӨЗ” ХХК-ийн захирал гэдгийг мэддэг. Т.О-ын өгсөн мэдүүлгээс үзэхэд тухайн гэрээнд Б.М- гарын үсэг зурснаар О.О-ад итгэл үнэмшил төрүүлэх нь зайлшгүй, хэрэв Б.М- гарын үсэг зураагүй бол Г.Д-д мөнгөө өгөхгүй байх байсан гэж үзэх нь эргэлзээтэй юм.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн нийгэмд аюултай шинж нь зөвхөн Б.М-ын гэрээнд гарын үсэг зурсан үйлдлээр бус харин уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан эсэх, мөн тухайн хүний хувийн байдал зэргээс хамаарч тогтоогдох учиртай. Гэтэл Б.М-ын үйлдэлд ийм шинж байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.1 дүгээр зүйлийн 4-д заасны дагуу гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй байхад Б.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Б.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Г.Д-гийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус хуульчилсан. Гэтэл улсын яллагч болон анхан, давж заалдах шатны шүүхээс Г.Д-г 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий 57 аж ахуйн нэгж, иргэдээс олон удаагийн үйлдлээр мөнгөн эд хөрөнгө залилан авч бусдад 2,854,656,990 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж яллаж, ял шийтгэсэн атлаа уг мөнгөний зарцуулалтын талаар ажиллагаа хийгээгүй. Тухайлбал барилгын талбайг чөлөөлөхийн тулд оршин суугчдыг нүүлгэхэд 424,000,000 төгрөг, хохирогч нарт буцааж төлсөн 483,500,000 төгрөг, газрын төлбөрт 30,800,000 төгрөг, “ГХГ” ХХК-ийн хохирогч нарт 122,000,000 төгрөг, тус компанийн хуулийн зөвлөх Ариунболдод 40,000,000 төгрөг, инженер Чинбатад 14,000,000 төгрөг өгсөн нь баримтаар нотлогдсон байхад Г.Д-г энэ бүх мөнгийг залилсан хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. “ДС” ХХК-ийн захирал Г.У, “ТЭЭ” ХХК-ийн захирал Г.Г нар хамтарч 80,000,000 төгрөг өгсөн бөгөөд энэ тухайгаа анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарласнаас гадна Г.Уртбаярт бэлнээр 61,000,000 төгрөг, 29,000,000 төгрөгийн оронд барилгын хашаа өгөөд хохиролгүй болгосон байхад дахин 35,500,000 төгрөг, Г.Г-т 33,000,000 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн. “ХХК” ХХК-ийн захирал П.Б 20,000,000 төгрөг өгөөд, 10,000,000 төгрөгийг нь буцааж авсан атал дахин 20,000,000 төгрөг, “Г” ХХК-ийн захирал Д.П-оос 40,000,000 төгрөг өгсөн байхад 47,000,000 төгрөг нэмж гаргуулсан. “О” ХХК-ийн менежер П.Э 5,000,000 төгрөг өгсөн байхад хүү, алданги тооцсон уу 19,000,000 төгрөг, “Гоёот ухаа” ХХК-ийн захирал В.Л 9,000,000 төгрөг өгөөд 4,500,000 төгрөг буцаан авсан байхад нэмж 10,000,000 төгрөг, “НАО” ХХК-ийн захирал А.Т 100,000,000 төгрөг өгч 180,000,000 төгрөг, “Есөннуур баялаг” ХХК-ийн захирал С.Н 60,000,000 төгрөг өгөөд 41,000,000 төгрөг буцаан авсан байхад 23,500,000 төгрөг, Б.М 32,000,000 төгрөгийн төлбөрөө бүрэн авсан байтал 18,000,000 төгрөг, Ж.Б 45,000,000 төгрөг өгснөөс 34,000,000 төгрөг авсан атлаа 15,710,000 төгрөг, Ю.Ш 33,600,000 төгрөгийн төлбөрөө бүрэн авсан атал 23,526,000 төгрөг, Р.С 7,500,000 төгрөг өгч 8,300,000 төгрөг нэмж тус тус гаргуулснаас гадна Я.Т Г.Д-д холбогдох хэргийн хохирогч биш байхад хохирогчоор тогтоож түүнд 37,200,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Харин давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 523 дугаартай магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Иймээс давж заалдах шатны шүүхийн 60 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, 523 дугаартай магадлалыг хүчингүй болгон, дээрх хохирлын тооцоог дахин нягтлахаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулмаар байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч С.Чинзориг хэлсэн саналдаа “Эдийн засгийн шинжээчийг томилж, хохирлын тооцоог нарийн тооцох боломжтой. Хамжигчаар энэ хэрэгт яаж оролцсон талаар шалгаагүй. М.А нь тухайн гэмт хэргийн талаар мэдээгүй, ажил үүргээ биелүүлээд явж байсан. Нотлох баримт хангалтгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. 100,000,000 төгрөгөөс Д.И 60,000,000 төгрөг авсан гэдгийг өөрөө мэдүүлж байхад Г.М-т 95,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж шүүгдэгч, хохирогч нарын эрх зүйн байдлыг додуулсан. Г.Д, н.Ч, Д.И нар авсан гэж мэдүүлдэг. Прокурорын байгууллагаас мөрдөн байцаах албыг харъяаллын дагуу тогтоож, энэ хэргийг шуурхай үнэн зөвөөр шийдвэрлэх ёстой. Иймд шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж, хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч нарын хяналтын журмаар гаргасан гомдол хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн саналтай байна. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр энэ хэрэгт прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, 3 жилийн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сард хэргийг шийдвэрлэсэн. 3 жилийн хугацаанд мөрдөн байцаалтын шатанд хийх ёстой бүхий л ажиллагаа хийсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогч нар шүүгдэгч нарт өгсөн мөнгө дүнгээ бэлнээр болон дансаар авсан гэдгээ хэлдэг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Машбат, шүүгдэгч Д.И-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд, хохирогч Б.Г, О.Б, Н.Т нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Д, Д.И, Б.М, М.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Д нь 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 73 удаагийн үйлдлээр 55 аж ахуйн нэгж, нэр бүхий иргэнийг хуурч төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг залилан авч, нийт 2,787,656,990 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М- нь шүүгдэгч Г.Д-гийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 04 дүгээр сарын 02, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд “2 дугаар байрыг буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “АК” ХХК-ийн захирал О.Б-оос 60,000,000 төгрөг залилсан,

2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр болон 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд “1, 2 дугаар байрыг буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “ХХО” ХХК-ийн захирал Т.О-аас 195,000,000 төгрөг залилж авсан гэх хэрэгт “Бүгд найрамдах Хятад ард улсаас хөрөнгө оруулалт орж ирнэ” гэж өөрийн гарын үсэг зурсан хуурамч гэрээ үзүүлэн, итгэл төрүүлж хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Д.И нь шүүгдэгч Г.Д-гийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 04 дүгээр сарын 02, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд “2 дугаар байрыг буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “АК” ХХК-ийн захирал О.Б-оос 60,000,000 төгрөг,

2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр болон 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд “1, 2 дугаар байрыг буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “ХХО” ХХК-ийн захирал Т.О-аас 195,000,000 төгрөг тус тус залилж авсан гэх хэрэгт Бүгд найрамдах Хятад ард улсаас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж өөрийн гарын үсэг зурсан хуурамч гэрээ үзүүлэн итгэл төрүүлж хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч М.А нь шүүгдэгч Г.Д-гийн үйлдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 06 дугаар сарын 11, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд “4 дүгээр байрыг буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “Ерөө Эрдэс констракшн” ХХК-ийн захирал Э.Баяржавхаагаас 40,000,000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт хамтран оролцож 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 30,000,000 төгрөгийг,

2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “9 дүгээр байрыг буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “ХГ” ХХК-ийн захирал С.Г-аас 60,000,000 төгрөг авсан гэмт хэрэгт хамтран оролцож 9,000,000 төгрөгийг,

2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “2 дугаар байрыг буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “АХ” ХХК-ийн захирал Л.А-ээс 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15,000,000 төгрөг,

2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7500 ам доллар буюу 14,946,750 төгрөг, мөн 3,000,000 төгрөг, нийт 32,946,750 төгрөг тус тус залилан авсан гэмт хэрэгт хамтран оролцож, 4,500,000 төгрөгийг, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “10 дугаар байрыг буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.Т-аас 60,000,000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт зуучлалын хөлс гэж тусад нь 20,000,000 төгрөгийг,

2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “9 дүгээр байрыг буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “КББ” ХХК-ийн захирал Ж.Б-аас 60,000,000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт хамтран оролцож 60,000,000 төгрөгийг,

2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “6 дугаар байрыг буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “ДБХ” ХХК-ийн захирал Н.Т-аас 50,000,000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт 50,000,000 төгрөгийг,

2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “3 дугаар байрыг буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “М” ХХК-ийн захирал Г.М-аас 100,000,000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт 100,000,000 төгрөгийг,

2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “10 дугаар байрыг буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “ДК” ХХК-ийн захирал Х.Б-аас 50,000,000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт хамтран оролцож 50,000,000 төгрөгийг,

2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “10 дугаар байрыг буулгах ажил гүйцэтгүүлнэ” гэж “ИС” ХХК-ийн захирал С.Б-өөс 20,000,000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт хамтран оролцож 20,000, 000 төгрөгийг бэлнээр болон дансаар хүлээн авч, хохирогч нарт итгэл төрүүлэн дээрх гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Г.Д-г бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан, М.А, Д.И, Б.М нарыг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д нь Ц.Э-г залилж 5,000,000 төгрөг авсан нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд харин давж заалдах шатны шүүх Ц.Энхээгээс Г.Д-гийн ХААН банк дахь дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон гэж иргэний нэхэмжлэлийн хүрээнд уг мөнгийг Ц.Э-д гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хохирогчийн хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг зөвхөн иргэний нэхэмжлэлийг хянан хэлэлцэх хүрээгээр хязгаарлаж шийдвэрлэж байгаа тохиолдолд хохирол хариуцаж буй этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй тул  Г.Д-гийн гэм буруугийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтээс “Ц.Э-г залилж 5,000,000 төгрөг авсан” гэсэн хэсгийг хасаж харин хохирол гаргуулах хавсралтад буй Г.Д-гээс Ц.Э-д 5,000,000 төгрөг гаргуулах тухай заалтыг хэвээр үлдээв.

Мөн шүүгдэгч М.А нь 9 удаагийн үйлдлээр Г.Д-гийн болон өөрийн нэрийн өмнөөс хохирогч нарын мөнгөн хөрөнгийг өөрийн дансаар дамжуулан авч, Г.Д-тэй хамтран уг мөнгийг захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон тул энэ хэрэгт бүлэглэн оролцсон гэж үзэх үндэслэлтэй. М.А, Г.Д нар нь 9 удаагийн үйлдлээр хохирогч нараас авсан мөнгөн хөрөнгийг хэрхэн хуваан авсан талаар хоорондоо маргаантай, харилцан зөрүүтэй мэдүүлж буй учир гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нэгдмэл үйлдэлтэй этгээдүүдийн хувьд хохирол төлбөрийг хамтын хариуцлага хүлээлгэх байдлаар тэгш хуваан төлүүлэх нь хуульд нийцнэ.

Иймээс хохирогч Э.Б-аад 40,000,000 төгрөг, С.Г-т 60,000,000 төгрөг, Л.А-д 32,946,750 төгрөг, Б.Т-т 60,000,000 төгрөг залилснаас 20,000,000 төгрөг төлөгдсөнийг хасаж 40,000,000 төгрөг, Ж.Б 60,000,000 төгрөг, Н.Т-д 50,000,000 төгрөг, Г.М-т 100,000,000 төгрөг залилснаас 4,500,000 төгрөг төлөгдсөнийг хасаж  95,500,000 төгрөг, А.Б-т 50,000,000 төгрөг, С.Б-т 20,000,000 төгрөг, нийт  448,446,750 төгрөгийн хохирлыг Г.Д, М.А нараар тэнцүү хувиар гаргуулж тус бүрээс 224,223,375 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Б.М, Д.И нар нь Г.Д-тэй бүлэглэн О.Б-оос 60,000,000 төгрөг, Т.О-аас 133,800,000 төгрөг залилсныг үндэслэлтэй тогтоосон атлаа Б.М, Д.И нарт хохирлын төлбөр хариуцуулаагүй байх тул шүүгдэгч нарт хамтын хариуцлага хүлээлгэх замаар дээрх О.Б-ийн 60,000,000 төгрөгнөөс 10,000,000 төгрөг төлөгдсөнийг, Т.О-ын 133,800,000 төгрөгнөөс 31,800,000 төгрөг төлөгдсөнийг тус тус хасаж, шийтгэх тогтоолын хавсралтын 10, 34-д дурдагдсан 152,000,000 төгрөгийг Г.Д, Б.М, Д.И нараар хувь тэнцүүлэн тус бүрээс нь 50,666,666 төгрөг гаргуулах нь хохирогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэхийн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шударга ёсны зарчимд үл харшилна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж, хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дүгээр шийтгэх тогтоолын хавсралтын 4, 8, 12, 14, 15, 19, 22, 30-д дурдагдсан 448,446,750 төгрөгийн хохирлыг шүүгдэгч М.А-аас 224,223,375 төгрөг, Г.Д-гээс 224,223,375 төгрөг, хавсралтын 10, 34-д дурдагдсан 152,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Д-гээс 50,666,666 төгрөг, Б.М-оос 50,666,666 төгрөг, Д.И-оос 50,666,666 төгрөг тус тус гаргуулахаар өөрчилж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 523 дугаар магадлалын тодорхойлох хэсэгт “Г.Д-гээс 5,000,000 төгрөг залилан мэхлэж авсан” гэснийг хасаж, харин хавсралтад “уг мөнгөн хөрөнгийг Г.Д-гээс гаргуулж Ц.Э-д олгох” гэснийг хэвээр үлдээн, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Машбат, шүүгдэгч Д.И-ийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд, хохирогч Б.Г, О.Б, Н.Т нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН