Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 112/2017/0004/З |
Дугаар | 221/МА2018/0121 |
Огноо | 2018-02-14 |
Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2018/0121
С.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.М нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 66 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Б-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 66 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Б-ыг тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож.,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны ээлжийн амралтыг биеэр эдэлж чадаагүй үндэслэлээр амралтын нөхөн олговрыг 1.5 дахин нэмэгдүүлэн бодож, зөрүүг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
3 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан С.Б-ын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан 263 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 13.238.631 /арван гурван сая хоёр зуун гучин найман мянга зургаан зуун гучин нэг/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газраас гаргуулж, нэхэмжлэгч С.Б-т олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...миний бие Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 66 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
С.Б нь ажлын маш том хариуцлага алдсан гэдгийг би хэд хэдэн баримтаар нотолсон. С.Б нь дараах зөрчил алдаа гаргасан. Үүнд:
1. Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дүгээр захирамжийн 3, 4 дэх заалтыг зөрчсөн.
2. Б, Т, Х сумдуудад малын эмч нар хүнд тариур алдах, вакцины стандарт зөрчих асуудлууд гарсан нь Онцгой комиссын хурлын тэмдэглэлээр баталгаажсан.
3. Мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хийхэд нэгдсэн удирдлагаар хангаж, мэдлэгжүүлээгүйн улмаас зарим газар малаа авч үлдсэн.
4. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй.
5. Мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний үед мөрдөх заавар, зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлээгүй зэрэг алдаа зөрчлүүд гаргасан.
Мөн Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргахаас өмнө тус шүүхийн “Баримт, тайлбар ирүүлэх тухай” албан бичиг надад 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн. Ирэнгүүт С.Б-тай эвлэрэх санал гаргасан. Гэвч хариу өгөлгүй байсаар шүүх хурлын хугацаа болсон. Энэ шалтгаан нь надад нэмэлт баримт, тайлбар гаргах боломж олгоогүй. Тиймээс би нэмэлт тайлбар, баримт бүрдүүлж гаргах хугацаа хэрэгтэйг хүсэж байна.
Мөн 66 дугаар шийдвэр нь хэтэрхий нэг талыг барьсан, хариуцагч талын баримт материалуудыг бүрэн гүйцэт шүүж үзэлгүй гаргасан гэж үзэж байна. Иймд бодит шийдвэр гаргахыг хүсэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Маргаан бүхий захиргааны акт болох Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга /түр орлон гүйцэтгэгч/-ын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар С.Б-ыг төрийн албанаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон байна. Өөрөөр хэлбэл С.Б-ыг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзжээ.
Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан сөрөг нөлөөлөл бүхий төрийн албанаас халах захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд уг үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтад нийцсэн, гаргасан зөрчил нь нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаарддаг.
Хариуцагч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг нэхэмжлэгч С.Б зохих ёсоор гүйцэтгээгүй болохыг шүүхэд нотолж чадаагүй гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй. Учир нь аливаа төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, халах тушаал шийдвэрийг гаргахдаа нотлох баримтыг бүрэн цуглуулж, зөрчил тус бүрийг шалган тогтоож, мэдэгдэх сонсгох ажиллагааг хийж, тухайн төрийн албан хаагчийг тайлбар гаргах эрхээр нь хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл захиргааны акт гарахдаа нотлох баримтыг үндэслэх ёстой. Гэтэл хариуцагч талаас зөрчилтэй холбоотой нотлох баримтыг шүүх бүрэн цуглуулаагүй мэтээр давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авах боломжгүй.
2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх зөрчлийн тухайд анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ. Учир нь тухайн өдрийн хуралдаанаас мялзан өвчний улмаас гарсан зардлыг гаргаж, энэ талаар холбогдох яаманд хүргүүлэх, Д сумын И, Х сумын Г.Б багийн хуц, ухнын асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэх үүргийг Б.Б-д нэр зааж үүрэг болгосон, харин С.Б-т ямар нэгэн үүрэг хариуцуулсан тухай тэмдэглэгдээгүй байжээ.
Ховд аймгийн Алтай сумаас 2016 оны 08 дугаар сарын эхээр 364 ухна ишгийг Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга хариуцан оруулж ирж, холбогдох сумдын мал эмнэлэг, үржлийн тасагт хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон байх бөгөөд харин нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод ямар нэгэн хуц, ухна өөр аймгаас авч ирэх гэх мэт /малын үржлийн талаар/ үүрэг хүлээгээгүй байна.
Хариуцагчаас С.Б-ыг “Мялзан өвчинтэй тэмцэх арга хэмжээг хангалтгүй зохион байгуулж, орон нутагт ажиллаж буй мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг арга зүйгээр дутуу хангасан” гэж буруутгаж байгаа бөгөөд ийнхүү буруутгах болсон нь “Т, Х сумдад малын эмч нар хүний биед тариур алдсан, Т сумын Б-У багийн зарим малчин өрхүүд саалийн ямаагаа тариулаагүй авч үлдсэн, малыг вакцинд бүрэн хамруулаагүй” зэрэг үйл баримтад үндэслэж байна.
Дээрх үндэслэлүүдээс “Т сумын Б-У багийн зарим малчин өрхүүд саалийн ямаагаа тариулаагүй авч үлдсэн, малыг вакцинд бүрэн хамруулаагүй” гэсэн зөрчил нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Хэрвээ энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж байгаа бол хариуцагч өөрөө энэхүү үндэслэлийг тушаал гаргахаасаа өмнө шалган тогтоосон байх ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд “...үйл баримтыг анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогоогүй, нотлох баримт цуглуулаагүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Хүний биед тариур алдсан гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд хэн аль нь маргахгүй байна. Гагцхүү энэхүү фактад нэхэмжлэгч буруутай эсэх, энэ факт нь нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж буруутгах үндэслэл болох эсэх талаар дүгнэх учиртай.
Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тодруулбал “С.Б нь малд вакцин тариагүй, харин вакцин тарих асуудлыг сумдын мэргэжлийн мал эмнэлгийн үржлийн нэгжүүдийн малын эмч нар хариуцан ажилласан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Х.А, Р.Г, Р.Г нарын мэдүүлэг, бусад баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, С.Б-рын тухайд сумдын мал эмнэлгийн үржлийн нэгжүүдийг вакцинаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, малыг вакцинжуулах ажлыг зохион байгуулж ажилласан, харин малд вакцин тарих ажлыг мэргэжлийн малын эмч нар хийж гүйцэтгэсэн байхад хүний биед тариур алдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй” гэж үзсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв..
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 66 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР