Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 121/2019/0006/З |
Дугаар | 267 |
Огноо | 2019-09-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 267
Ш.Б-гийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Ш.Б миний бие нь 2018 оны 10 дугаар сарын 23-нд Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтанд орж 72.6 оноогоор 1-рт эрэмбэлэгдэн тэнцсэн. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс ажлын байранд томилох саналыг удаа дараа хүргүүлсэн боловч томилохгүй 2-рт эрэмбэлэгдсэн Ц.Б-г томилсонг хүчингүй болгож уг албан тушаалд томилуулахыг даалгах”
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 121/ШШ2019/0008 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0347 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ш.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагч Л.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 121/ШШ2019/0008 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 66 дугаар зүйлийн 66.1.6, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснуудыг тус тус баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай Ц.Бг нарийн бичгийн даргаар томилсон тогтоолыг хүчингүй болгож, Ш.Б-г тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилохыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0347 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 121/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0347 дугаар магадлалаар Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 121/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хууль буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн би Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх магадлалдаа, Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн гүйцэд явуулаагүй, маргааны үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, зөвхөн хэргийн үйл баримтаар, нэхэмжлэгч Ш.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн энэ дүгнэлт хоёрдмол утгатай учир ойлгомжгүй байна. Аливаа хэрэг учралын үйл баримтад зөвхөн Захиргааны хэргийн анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх үүрэгтэй мэт хуулийг тайлбарлаж байгаа нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх зөвхөн эрх мэдэлтний талд үйлчилж, жирийн иргэний хууль ёсны эрх ашгийг ноцтой хохируулж байна. Төрийн албаны салбар зөвлөл ямар шийдвэр гаргаж, төрийн албан тушаалд хэн нэгний нэрийг дэвшүүлэх асуудал нэхэмжлэгч Ш.Б-гийн эрх мэдлийн асуудал биш байхад холбогдох нотлох баримтыг бүрдүүлээгүй гэж дүгнэж байгаа 3ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Төрийн албаны Салбар Зөвлөл, Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэхэмжлэгч Ш.Б-гийн нэрийг дэвшүүлсэн нотлох баримт хавтаст хэрэгт бүрэн авагдсан байхад өөр ямар нотлох баримт шаардлагатайг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тайлбарлаагүй байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна.
5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Төрийн албаны салбар зөвлөлөөс Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээр санал болгосон Ш.Б-г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шууд томилох эсэхийг шүүх анхаарч үзээгүй гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж байна. Ингэж дүгнэж байгаа үндэслэл нь буруу болохыг хэрэгт авагдсан нотлох баримтууд батална.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасантай нийцсэн байна.
7. Нэхэмжлэгч Ш.Б нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “Ш.Б миний бие нь 2018 оны 10 дугаар сарын 23-нд Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтанд орж 72.6 оноогоор 1-рт эрэмбэлэгдэн тэнцсэн. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс ажлын байранд томилох саналыг удаа дараа хүргүүлсэн боловч томилохгүй 2-рт эрэмбэлэгдсэн Ц.Б-г томилсонг хүчингүй болгож, уг албан тушаалд томилуулахыг даалгах” гэж тодорхойлжээ.
8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ш.Б, гуравдагч этгээд Ц.Б нар нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад орж, Ш.Б 72.6, Ц.Б 68.86 оноо авч тэнцсэн байна. Улмаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/96 тоот албан бичгээр Ш.Бг тус албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/70 тоот албан бичгээр нэр дэвшигчээс татгалзсан тухай хариу өгч, улмаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Ц.Б-г мөн аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон үйл баримтууд тогтоогдсон байна.
9. Давж заалдах шатны шүүхийн, анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй, шүүх хариуцагчийг зөв тодорхойлоогүй, маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт хийгээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нотлох баримтыг цуглуулаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой тусгахаар, 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл ...захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар заасан, хэрэв нэхэмжлэлийн шаардлага болон түүний хариуцагч буюу нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтан тодорхой бус тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, жинхэнэ хариуцагчийг татан оролцуулж хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
11. Учир нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар сумын Хурлын дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс гуравдагч этгээд Ц.Б-г ажилд томилсон захиргааны акттай марган, тухайн албан тушаалд түүнийг томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх томилох эрх бүхий этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулаагүй нь буруу болжээ.
12. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй, шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “...Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалт”, “...Ц.Б-г томилсонг хүчингүй болгож уг албан тушаалд томилуулахыг даалгах” гэх мэтээр нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжгүй томьёолж, үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага бүрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй, улмаар шийдвэрийн тогтоох хэсэгт “...Ш.Б-г тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилохыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай” гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3, 107.4, 107.5-д заасантай нийцэхгүй байна.
13. Мөн, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлийг “...Төрийн албаны салбар зөвлөл нь томилох эрх бүхий албан тушаалтнаас өгсөн ажлын байранд тавигдах шаардлагыг өөрчилж, нийгмийн удирдлагаар мэргэшсэн иргэнийг бүртгэн, сонгон шалгаруулалтыг явуулж хууль зөрчсөн. ... Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 33 дугаар зүйлийн б/, 36 дугаар зүйлүүдэд заасны дагуу ...тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид бүрэн эрхийн хүрээнд хуралдаанаар хэлэлцэж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан Ц.Б-г тухайн албан тушаалд томилсон нь хууль зөрчөөгүй” гэж тайлбарлан маргасан, иймд анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан хариу тайлбарын үндэслэлийг шалгаж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, хариуцагчийн маргаж буй үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай, энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.
14. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0347 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА