Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 794

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхдэлгэр, нэхэмжлэгч Д.Гантөгсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулга, гуравдагч этгээд Л.Үвдэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сүрэндорж, Ж.Дайриймаа нарыг оролцуулан Д.Гантөгсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогчдоос гаргасан эвлэрлийг гэрээг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн Д.Гантөгсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанцэцэг миний бие хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тулга, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сүрэндорж нартай дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1.Хариуцагч тал нэхэмжлэгч талд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын аманд /Канад хаусын орчим/ 700 м.кв талбайтай эрхийн зөрчилгүй, тэгш талбайтай газар шинээр эзэмшүүлж өгнө.

2. Гуравдагч этгээд нэхэмжлэгчийн барьсан хашааг бүрэн бүтнээр нь зөөвөрлөж шинээр олгосон газарт барьж өгнө. Мөн маргаан бүхий газарт цутгасан байшингийн суурьний цементны үнийг гуравдагч этгээд нэхэмжлэгчид төлнө.

3. Нэхэмжлэгч энэ талаар дахин маргаан гаргахгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Гантөгсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанцэцэг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны газрын зохион байгуулагчийн буруутай үйл ажиллагааны улмаас Дорж овогтой Гантөгсийн эзэмших зөвшөөрөл авсан газрыг өөр хүнд давхцуулан олгосон тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/214 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Д.Гантөгсийн хүсэлтийн дагуу захирамж, гэрээ, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож захирамж, гэрээ, гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэргийн оролцогч нар эвлэрсэн тохиролцоогоо шүүх хуралдаанд бичгээр илэрхийлж, гарын үсэг зуржээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68 дугаар зүйлийн 68.4-д “нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, эсхүл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу талууд харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулан, гарын үсгээ зурсан байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамжид давж заалдах болох хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан өгсөн болно.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан Д.Гантөгсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэрэгт эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 О.ОЮУНГЭРЭЛ