| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/03999/И |
| Дугаар | 191/ШШ2025/00964 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/00964
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *** тоот хаягт оршин суух, ************** /рд:***/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байрлах,********************* ХХК /рд:***/-д холбогдох
Орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туул, хариуцагчийн өмгөөлөгч О.Даваажаргал, нарийн бичгийн даргаар Б.Сувд-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай аав С.Батцэнгэл нь анх "МДТОФ" ХХК-ийн санал болгосноор "Прайм************** ХХК-тай 2018 оны 5-р сарын 11-ний өдөр "Орон сууц захиалгаар нийлүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Аппартмент 100 орон сууцны барилгаас тус гэрээнд заагдсан орон сууц /Аппартмент 100 хотхоны барилга, А блок байр, 1-р орц 7 давхар 35 тоот/-ыг өмчлөх эрхийн баримт бичгийн хамт хүлээлгэж өгөх. захиалагч орон сууцны хөрөнгө оруулалт буюу төлбөр тооцоог хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Гэрээний 2.2-т Захиалагч нь гэрээ байгуулсан өдөр орон сууцны нийт үнийн дүнгийн 40 хувийг гүйцэтгэгчид төлөх ба нийт үнийн дүнгийн үлдсэн хувийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагчид гардуулан өгсөнөөс хойш 14 хоногийн дотор ХХБ-ны зээлээр бүрэн төлж барагдуулна гэж заасан. Явцын дунд манай аав С.Батцэнгэл нь********************* ХХК-д нийт 90,864,000 төгрөг буюу орон сууны төлбөрийн 85 хувийг төлсөн. Харин энэхүү гэрээний 3.2-т Орон сууцны ... түлхүүрийг өмчлөх эрхийн баримт бичгийн хамт захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан боловч "Прайм************** ХХК нь өмчлөх эрхийн баримт бичгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй байна. Энэ хугацаанд********************* ХХК-ийн удирдлагуудтай тогтмол очиж уулзаж, утсаар холбогдсоор ирсэн боловч сүүлд тэд утсаа авахаа больж, хаяг дээр нь хариуцсан хүн байхаа больсон. Гэрээний дагуу төлбөрөө зохих ёсоор гүйцэтгэж уг байранд манай гэр бүл 2018 оны 09-р сараас хойш амьдарч байгаа боловч одоог хүртэл хариуцагч гэрээнд заасан өмчлөх эрхийн баримт бичиг гаргах үүргээ биелүүлээгүйгээс орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч чадаагүй байна. Бид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2023 оны 01-р сарын 30-ны өдөр хүсэлт гаргаж хандахад уг хэлтсээс 2023 оны 02-р сарын 10-ны өдрийн 180 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 286 дугаар байрны 35 тоот орон сууц нь өнөөдөр байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг бүрдүүлэн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ үү гэсэн хариу өгсөн. Орон сууцны төлбөрийн үлдэгдэл 16.000.000 төгрөгийн тухайд 2020 оны 9 сарын 11-ний өдөр********************* ХХК-ийн захирал Л.Түвшинбаатар болон С.Батцэнгэл нар ш МДТОП ХХК-ийн захирал Цогоог байлцуулан тус төлбөрийг С.Батцэнгэлээс МДТОП ХХК-д шилжүүлэхээр болсон. Гэвч орон сууны өмчлөх эрхийн баримт бичгийг хүлээлгэн өгөөгүй байх тул энэ төлбөр төлөгдөөгүй байгаа болно. Манай аав С.Батцэнгэл нь 2022 оны 6-р сарын 03-ны өдөр нас барж, хууль ёсны өвлөгч охин Б.Сайхансувд миний бие Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Аппартмент 100 хотхон, А блок, 1-р орц, 35 тоот орон сууцны өвлөх 0019 дугаартай гэрчилгээг 2022 оны 11-р сарын 11-ний өдөр авсан. Б.Сайхансувд миний хувьд орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг хариуцагчаас гарган өгөх нөхцөлд орон сууцны үлдэгдэл төлбөр 16,000,000 төгрөгийг 2020 оны 9-р сарын 11-ний өдөр манай аавтай үйлдсэн тохиролцооны дагуу шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч төлөхөд бэлэн байна. Иймд С.Батцэнгэл болон********************* ХХК нарын 2018 оны 5- сарын 11-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар нийлүүлэх гэрээ-ний 3.2-т заасны дагуу Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 286 дугаар байрны 35 тоот орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай дараах баримт бичгийг "Прай************** ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туул шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээ: ...2022 онд иргэний хэрэг үүссэнээс хойш иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх боломжгүй, эдгээр баримт бичиг нь хариуцагчид байхгүй, хариуцагч бүрдүүлэн өгөх боломжгүй этгээд байхаас гадна Улсын бүртгэлийн байгууллагаас хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн орон сууцны өмчлөгчөөр бүртгэх боломжгүй болох нь тогтоогдсон. Нэгэнт шүүхийн журмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулсан ч бодит байдал дээр нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол сэргээгдэхгүй болох нь тодорхой болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Өмнөх шүүх хуралдааны дараа манай талд эргэлзээ үүссэн учир Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн газрын хариуцсан улсын бүртгэгчээс ямар гэрээ байгуулсан, ямар баримт бичиг бүрдүүлэх талаар мэдээлэл хэрэгтэй байна. Манай талаас шүүхэд хандсан байгаа. Баримт бичиг гаргуулсан ч гэсэн хүлээн авах эсэх талаар тодруулсан.********************* ХХК баримт бичиг бүрдүүлж өгөхгүй юм байна. Улсын бүртгэл дээр МДтоф ХХК дээр бүртгэлтэй байна. МДтоф ХХК-иас баримт бичиг гаргуулах юм байна гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ч бодит байдал дээр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй юм байна гэдэг нь тодорхой болсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож байгаа. Нэхэмжлэгчид үр дагаврыг тайлбарлаж хэлсэн... гэв.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Сайхансувд хариуцагч********************* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.
Хэргийг хэлэлцэх шатанд хариуцагч маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх эрхгүй, бичиг баримт хариуцагчид байхгүй, Улсын бүртгэлийн байгууллагаас хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн орон сууцны өмчлөгчөөр бүртгэх боломжгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туулын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг мэдэгдэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сайхансувд хариуцагч********************* ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 100200100941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 19-ний өдрийн 11143 дугаартай шүүгчийн захирамжийн 3 дахь заалтын үйлчлэл дуусгавар болсныг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ