Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 319

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр, 

хохирогч Б.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн С.О-д холбогдох эрүүгийн 1811002370237 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн С.О, 1988 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөн-булаг суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 10 дугаар гудамжны 143 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.О нь 2018 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 10 дугаар гудамжны 143 тоотод Б.Уянгатай маргалдаж улмаар зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлөх болно…” гэв.

Хохирогч Б.Уянга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…С.Оын ярьсан бүгд үнэн. Энэ хэргээс болж би 14 хоног ажлаа хийж чадаагүй. Эмийн сангаас 45.500 төгрөгийн эм, тариа авсан. Шүүх эмнэлэгт 8.000 төгрөгөөр үзүүлсэн. Мөн би хэрэг гарах үед өдрийн 20.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг байсан. Нийт 333.500 төгрөг нэхэмжилж байгаа…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Уянга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Зулаад хандаж миний найз сайн нөхөртэй юм байна гэж хэлтэл чи миний нөхөрт хандархаад байна гээд уурлаад надтай маргалдаад, сүүлдээ зодолдсон юм. Бид хоёрыг зодолдож байхад найз Урнаа, Номин нар салгаад хоёр талд орон дээр сууж байснаа ширээн дээр байсан шилэн аягыг аваад шидчихсэн...” гэжээ /хх-18/.

   Гэрч З.Номинтуяа мэдүүлэхдээ: “...Уянга сандлаасаа босч ирээд Оюунзулын үснээс зулгаагаад газар унагаачихсан. Би салгах гэсэн чадахгүй байсан болохоор гадаа зогсож байсан найз нарыгаа дуудсан. Тэгээд Жавхаа, Эрдэнэдаваа хоёр орж ирээд тэр хоёрыг салгасан...” гэжээ /хх-20-21/.

   Гэрч Н.Уранцэцэг мэдүүлэхдээ: “...Эрдэнэдаваа гарч ирээд нөгөө гурав чинь хоорондоо муудалцаад үсдэлцээд байна гэсэн. Тэгэхээр нь гэр рүү орсон чинь Оюунзул, Уянга хоёр үсдэлцээд Номин салгах гээд зогсож байсан. Тэгээд бид нар салгаад Уянга Зулаа хоёрыг гэрийнх нь хоёр талд суулгасан. Гэтэл Уянга Оюунзулыг танай нөхөр чинь чамайг яаж тоосон юм. Чи Номингийн янхан биздээ, хөдөөний охин гэх зэргээр доромжлоод байсан. Гэтэл Зулаа уурлаад ширээн дээр байсан ундааны жижиг шилэн аяга аваад шидтэл Уянгаагийн нүүр рүү оночихсон...” гэжээ /хх-23/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1412 дугаар  дүгнэлтэд: 

“1. Б.Уянга-н бие тархи доргилт, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, уруул дотор салст, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн доод зовхинд өнгөц шарх, доод уруул зүүн доод хэсэг, эрүүний баруун хэсэг, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.”  гэжээ /хх-30/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42-44/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч С.О нь 2018 оны 1 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 10 дугаар гудамжны 143 тоотод Б.Уянгатай маргалдаж улмаар зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст х эрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Уянга-н “...Бид хоёрыг зодолдож байхад найз Урнаа, Номин нар салгаад хоёр талд орон дээр сууж байснаа ширээн дээр байсан шилэн аягыг аваад шидчихсэн...” гэх мэдүүлэг, гэрч З.Номинтуяагийн  “...Уянга сандлаасаа босч ирээд Оюунзулын үснээс зулгаагаад газар унагаачихсан. Би салгах гэсэн чадахгүй байсан болохоор гадаа зогсож байсан найз нарыгаа дуудсан. Тэгээд Жавхаа, Эрдэнэдаваа хоёр орж ирээд тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Уранцэцэгийн “...Зулаа уурлаад ширээн дээр байсан ундааны жижиг шилэн аяга аваад шидтэл Уянгаагийн нүүр рүү оночихсон...” гэх мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1412 дугаар дүгнэлт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч С.Од ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав. 

Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч С.Оаас хохирогчид учирсан баримтаар тогтоогдож буй 53.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Уянгад олгож шийдвэрлэв.

Мөн хохирогч Б.Уянга нь “...эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалинд нийт 333.500 төгрөг нэхэмжилж байна...” гэх боловч баримтаар нотлогдох эм, тарианы үнэ болох 45.500 төгрөг, шүүх эмнэлгийн төлбөр 8.000 төгрөгийг тус тус гаргуулан олгох нь зүйтэй байна. Харин ажилгүй байсан хугацааны цалинг гаргах үндэслэлгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байх тул  түүний нэхэмжлэлээс зарим хэсгийг буюу 280.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн С.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.Оаас нийт 53.500 төгрөг гаргуулан хохирогч Б.Уянгад олгож, түүний нэхэмжлэлээс зарим хэсгийг буюу 280.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН