Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/723

 

                                           *******т холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Булганчимэг,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/437 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мандхайн гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох 2409000000269 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

******* овгийн ын *******, 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ******* аймгийн ******* сумын *** дүгээр баг, ******* тосгон, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:*******/,

******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулсан.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* бааранд байхдаа хохирогч *******т “утсаар нь ярьчхаад өгье” хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч түүний эзэмшлийн айфоне 11 промакс загварын гар утсыг залилан авч 1,175,000 төгрөгийн хохирол учруулсан,

улмаар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ *******ийн утсан дээрх мэдээллийг ашиглаж түүний Худалдаа хөгжлийн банкны интернэт банкнаас 550,000 төгрөгийн зээл авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялууд дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Мандхай давж заалдах гомдолдоо: “...*******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь хууль зүйн хувьд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжид хамаарах хамгийн гол шалгуур бол зорилго, гэмт санаа, сэдэлт байдаг. Тодруулбал гэмт хэрэгтэн ашиг хонжоо олох зорилгоор бусдын өмч хөрөнгийг шуналын сэдлээр нууц далд аргаар авч, өөрийн дураар захиран зарцуулах бодит боломжийг бий болгох явдал юм. Гэтэл шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар ******* хохирогч *******т “утсаар нь ярьчхаад өгье” хэмээн хохирогчийн гар дээрээс гар утсыг нь аваад *******ийн утсан дээрх мэдээллийг ашиглаж түүний Худалдаа хөгжлийн банкны интернэт банкнаас 550,000 төгрөгийн зээл авч залилах гэмт хэргийн үйлдэл төгссөн байдаг. Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох бусдын эд хөрөнгийг нууцаар авах” гэдэг нь нэг талаас хохирогч өөрийн эд хөрөнгийг хэнд алдсан болохоо мэдэхгүй байх явдал юм. Харин энэ хэргийн тухайд шүүгдэгчийг утсыг нь аваад явсныг хохирогч мэдсэн байх нь “нууцаар” гэх хууль зүйн шинжийг үгүйсгэж байна. Иймд *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжгүй байх тул шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулан ялын хугацааг багасгаж өгнө үү...” гэжээ.

Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гар утсыг нууцаар биш, ил авсан учраас хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэсэн агуулгаар гомдол гаргасан байна. ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө “утсаар нь ярьчхаад өгье” хэмээн *******өөс гар утсыг авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр *******ийн гар утсан дээрх мэдээллийг нь ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 550.000 төгрөгийн зээл авсан нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байгаа учраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр хэргийг зүйлчлэн шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүхээс *******ыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тус гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хангахгүй байна гэдэг агуулгаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн ялын хугацааг багасгаж өгнө үү гэсэн гомдлын тухайд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас тусгайлан гаргах санал байхгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Мандхайн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* бааранд байхдаа хохирогч *******т “утсаар нь ярьчхаад өгье” хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч түүний эзэмшлийн айфоне 11 промакс загварын гар утсыг залилан авч 1,175,000 төгрөгийн хохирол учруулсан,

улмаар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ *******ийн утсан дээрх мэдээллийг ашиглаж түүний Худалдаа хөгжлийн банкны интернэт банкнаас 550,000 төгрөгийн зээл авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

хохирогч *******ийн “...******* гэх зүс таних залуу намайг хамт гарах уу гээд байхаар нь хамт ******* нэртэй бааранд орсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглээд бид хоёр нойл ороод ******* намайг “утсаа өгөөч, ганц ярьчихъя” гээд чиний код чинь 1234 мөн бил үү гэж асуусан. Би үгүй 247096 гээд кодоо хэлж өгсөн. Бид хоёр нойлоос гараад тамхины өрөө рүү ороод тамхи татаж байх үед ******* утсаар ярьчхаад ирье байж байгаарай гээд тамхины өрөөнөөс гарсан. ...******* ирэхгүй байхаар нь тамхины өрөөнд байсан хүнээс өөрийн утас руугаа ярьсан боловч заримдаа утсаа аваад заримдаа утас авахгүй байсан. Би хэсэг баарны гадна *******ыг хайж үзсэн ч олдохгүй байхаар нь гэртээ харьсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 9-10/,

“Дамно Үнэлгээ” ХХК-ийн № СБ1-24-382 дугаартай “...i phone 11 pro max загварын гар утас 1,175,000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан /хх 16-19/,

хохирогч *******ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 5/,

шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “...02-03 цагийн үед Төгөлдөр бид хоёр хамт баарны тамхины өрөө орж тамхи татсан ба би тухайн үед Төгөлдөрийг гар утсаараа нэг яриулаач гэж хэлээд Төгөлдөрийн айфоне 11 про макс загварын гар утсыг нь аваад баарнаас гарч явсан. Би ахынхаа гэр лүү явж байх замдаа буюу баруун 4 замын ойролцоо явж байгаад Төгөлдөрийн гар утас дээр байсан Худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу ороод 550,000 төгрөгийн зээл авсан. Би уг мөнгөөр нь хэрэглээний зүйл аваад дуусгасан. Харин гар утсыг нь буцааж өгсөн. ...” /хх 26-27/ гэсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.    

Түүнчлэн, тэнсэнгийн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн шийдвэрийг хүчингүй болгож, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жилээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9, 7.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтад нийцнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мандхай нь “...Хулгайлах гэмт хэргийн шинжгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч ******* нь өөрийн зүс таних хохирогч *******тэй бааранд орж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хамт байхдаа “утсаа өгөөч, ганц ярьчхаад өгье” гэж кодыг хэлүүлэн гар утсыг нь өөрийн эзэмшилд авсан боловч буцааж өгөөгүй хохирогчийг орхин гарч явсан байх ба улмаар гар утас дахь мэдээллийг ашиглан хохирогчийн Худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нэвтрэн орж 550,000 төгрөгийг зээлж аван, уг мөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ******* хохирогч *******ийн эд хөрөнгө болох гар утсыг утсаар ярьчхаад өгье гэж худал хэлж авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангаж залилах гэмт хэрэг төгссөн, гар утсыг нь авсны дараагаар түүний гар утсан дээрх мэдээллийг ашиглаж, хохирогч *******ийн зөвшөөрөлгүйгээр, түүний Худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нэвтрэн орж 550,000 төгрөгийг зээлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, тус тусдаа эхлэл, төгсгөлтэй төгссөн гэмт хэргүүд байна. 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасган өөрчлөх хууль зүйн үндэслэл бий болоогүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Мандхайн “...хулгайлах гэмт хэргийн шинжгүй, ял багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******ын нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 62 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/437 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Мандхайн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                             Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                             С.БОЛОРТУЯА