2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/00950

 


 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *** тоотод байрлах, ************** /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3-р хороо, *** тоотод оршин суух,**************, /рд:***/-д холбогдох,  

14,102,470 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч******* миний бие хариуцагч*******тай 2023 оны 06 сарын 12-нд харилцан тохиролцож Хан-Уул дүүрэгт байрлах Арцат Өргөө хотхоны А блокийн 1 болон 2-р орцны нийт 5000 м.кв талбайд 1м.кв үнэлгээ 7000 төгрөг байхаар гэрээ байгуулж нотариатаар батлуулж ажиллагаа гүйцэтгэсэн. Ажил үүргийг чанартай хурдан гүйцэтгэсэн боловч гэрээнд заасан хугацаандаа материалаа бүрдүүлж өгөөгүй учир 2023 оны 8 сар хүртэл нийт 2943,21 м.кв талбайд паркет шахсан. Миний хийж гүйцэтгэсэн нийт ажлын хөлс 20,602,470 болсноос увуулж цувуулж нийт 6,500,000 төгрөг авсан. Ажил эхлэхэд урьдчилгаа төлбөр аваагүй хамгийн сүүлд 2023 оны 7 сард мөнгө авсан. Үлдэгдэл 14,102,470 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч талтай удаа дараа уулзаж утсаар ярьж мөнгөө нэхсэн боловч худал ярьсаар нийт 17 сарын дараа ийнхүү шүүхэд хандаж байна. Хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Г.Нямсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Д.Ганзоригийн нэхэмжлэлтэй, 14,102,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй... гэжээ.

 

Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганзориг хариуцагч Г.Нямсайханд холбогдуулан 14,102,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 14,102,470 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Г.Нямсайханы шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Нямсайхан 14,102,470 /арван дөрвөн сая нэг зуун хоёр мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Ганзоригт төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,662 төгрөгөөс 115,431 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.Ганзоригт буцаан олгож, үлдэх 114,231 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 114,231 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ                                Д.БАТЦЭЦЭГ