Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/724

 

 

                                               *******од холбогдох

                                               эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах /томилолтоор/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 591 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлоор *******од холбогдох 2308031172139 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

******* овгийн ******* *******, 1972 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:*******/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмээлтийн захаас 78,2 кг ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг худалдан авч, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ийн хяналтын цэг” хүртэл ******* ******* улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улмаар экологи-эдийн засгийн 23,201,940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 38,669,900 /гучин намайн сая зургаан зуун жаран есөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа 78,2 кг “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.Цэнгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоёр агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Нэгдүгээрт, экологи эдийн засаг буюу байгаль орчинд учруулсан хохирлыг тооцохдоо анхан шатны шүүх холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүрэн дүгнэлт хийгээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй тул гомдол гаргасан. Учир нь, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоо гаргахдаа Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор “Сибирь хуш”, түүний үрийг ховор ургамлын жагсаалтад оруулсан гэж үзэж шүүгдэгч *******ыг 78.2 килограмм “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг худалдан авсан, тээвэрлэсэн гэж шийдвэрлэсэн. Гэтэл энэхүү жагсаалтад “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг оруулснаар шууд ургамлын санд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй гэдэг нь бусад хууль тогтоомжид зааснаар харагддаг. Өөрөөр хэлбэл, “Сибирь хуш” нь мод гэж үзэж байгаа. Мод гэдэг утгаараа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна гэсэн нэр томьёоны тодорхойлолтоор “Сибирь хуш”-ны мод нь ургамлын ангилалд багтаж байгаа юм. Харин “Сибирь хуш”-ны модны үр буюу самар нь хэдийгээр ховор ургамлын жагсаалтад багтсан боловч Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар самар нь ойн дагалт баялаг гэж тодорхойлсон нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 78.2 килограмм самар ойн дагалт баялаг юм гэсэн ойлголтод хүрч байгаа. Мөн хавтас хэргийн 32-34 дүгээр хуудсанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэг өгсөн. Энэхүү мэдүүлэгтээ мөрдөгчийн “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг Монгол Улсын хууль тогтоомжид юу гэж тодорхойлсон бэ, ямар хууль тогтоомжоор зохицуулж байгаа вэ гэдэг асуултад “самрыг ойн дагалт баялаг гэж бид өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хуулийн дагуу үзэж байгаа, энэ утгаараа Ойн тухай хуулиар энэхүү харилцааг зохицуулж байгаа” гэсэн хариултыг өгсөн байдаг. Тэгэхээр экологи эдийн засгийн хохиролд Ойн тухай хууль биш, Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоол болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг хэрэглэж, Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг ховор ургамал хэмээн үзэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-д зааснаар ургамлын санд хохирол учруулсан гэж үзэж 78.2 килограмм самрын экологи эдийн засгийн үнэлгээ буюу 98.000 төгрөгийг 78.2 килограммд үржүүлж, 7.733.980 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж, 38.669.900 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж, дүгнээгүй. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3495 дугаар шинжээчийн дүгнэлтэд ирүүлсэн дээж нь “Сибирь хуш”-ны самар буюу үр нь байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтын 274-д Сибирь хуш гээд модыг, 355-д “Сибирь хуш”-ны үр буюу самрыг оруулж, тус тусад ангилсан. Ургамлын санд, эсхүл ойн санд хохирол учруулсан уу гэдгийг тус тогтоолын хавсралтаар багтлагдсан жагсаалтаас харах боломжтой. “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг ******* худалдаж авсан нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, үүнээс хохирол, хор уршгийг хэрхэн яаж барагдуулах вэ гэдгийг зөв тодорхойлох ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан. Тэгэхээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өгсөн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээс харахад “Сибирь хуш”-ны самар нь Ойн тухай хуулиар зохицуулагдах учиртай, өөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж Монгол Улсад байхгүй гэдэг тайлбарт дүгнэлт хийхэд Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө” гэж заасан бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д “хууль бус бусад үйл ажиллагаа явуулсан” гэж заасан ангилалд *******ын үйлдэл багтахаар харагдаж байгаа. Мөн Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн 42.1-д заасан шууд хохирлыг нөхөн төлсөн нь гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж тус тус заасан. Экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 603 дугаар тушаалаар 98.000 төгрөг гэж тогтоосон. Тэгэхээр шууд учруулсан хохирол нь 78.2 килограмм самрыг 98.000 төгрөгөөр үржүүлэхэд 7.733.980 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол ******* учруулсан, үүнийг төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар 38.669.900 төгрөгийг төлүүлэх нь шууд хохиролд тооцогдохгүй. Тус шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын Хаан банкны дансны хуулгыг гаргаж өгсөн учир нь, ******* анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон учраас өөрийн эрх зүйн байдлыг төдийлөн сайн харуулаагүйн улмаас тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлого олдоггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүргэсэн болов уу гэж үзэж байна. ******* нь ******* аймгийн харьяатай учраас хавар, зун, намрын улиралд ******* аймгаас мах, сүү цагаан идээ худалдан авч боловсруулан Улаанбаатар хот руу зөөвөрлөн бусдад худалдан борлуулж, амьжиргаагаа залгуулдаг. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны Хаан банкны дансны хуулгыг гаргуулахад 67.000.000 төгрөгийг орлого байдлаар олж, 66.000.000 төгрөгийг зарлага байдлаар зарлагадсан байгаа. Тэгэхээр шууд орлогогүй, ажил хөдөлмөргүй гэж үзэх нь үндэслэлгүй гэдгийг нотолно. Хоёрдугаарт, шүүгдэгч *******ын тухайд Баянзүрх дүүрэгт оршин суудаг боловч тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж, ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Иймд 2 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарласан ял шийтгэл нь шүүгдэгчийн хувьд цаашид амьжиргаагаа залгуулах, орон нутагт зорчиж, зарж борлуулах бүтээгдэхүүнүүдээ худалдан авах үйл ажиллагааг нь бүхэлд нь таслан зогсоосон үйлдэл болсон тул орлого олж байгаа нөхцөл байдлыг нь харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Самар худалдан авч, тээвэрлэсэн нь миний буруу, хууль зөрчсөн үйлдэл гэдгийг ойлгож, гэмшиж байна. Мөн самрыг ховор ургамлын жагсаалтад орсон гэдгийг мэдээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирол төлбөрийн хэмжээ өндөр байсан. Миний бие орон нутгаас сүү, цагаан идээ худалдан авч зах, дэлгүүрүүдээр борлуулж, гэр бүлээ тэжээдэг тул анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...“Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг Засгийн газрын тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан учраас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүгдэгч *******оос хураагдсан 78,2 килограмм самрыг 98.900 төгрөгөөр үржүүлж, үүнийг 5 дахин нэмэгдүүлж, хохирлыг 38.669.900 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинж нь “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” үйлдэл байдаг. Шүүгдэгч ******* нь хуш модны самрыг тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмээлтийн захаас 78,2 кг ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг худалдан авч, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ийн хяналтын цэг” хүртэл ******* ******* улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12, 13-14/,

эд зүйлд үзлэг хийсэн: “...Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ-6 журмын хашаанд байх 0522 ******* улсын дугаартай цагаан өнгийн Toyota Harrier тээврийн хэрэгслийн ард талын суудлаас 2 ширхэг цагаан өнгийн шуудайтай эд зүйлийг эзэмшигч *******оор гаргуулан үзэхэд хүрэн өнгийн цайруулсан самар мэт зүйл байх бөгөөд жин хэмжээг тодорхойлохын тулд экологийн цагдаагийн албаны 109 тоот өрөөнд *******ын хамт авч ирж жин хэмжээг тодорхойлохоор хэмжиж үзэхэд нэгдүгээр шуудай 39,6 кг, хоёрдугаар шуудай 38,6 кг, 2 шуудай нийт 78,2 кг жинтэй байснаас шинжилгээнд хүргүүлэх зорилгоор шуудай тус бүрээс 1 кг дээж авч үзлэгийг дуусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-18, 19-22/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн “...Ойн тухай хуульд зааснаар ойн дагалт баялгийг тухайн жилийн 09 дүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд тус бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. ...Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Тиймдээ уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ховор ургамлын үр, идээ болж байгаа юм. Хуш модны самарны үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн. Ойн тухай хуулийн 3.1.12 “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийг нөөцийг гэж заасан тул хуш модны самар нь энэ ойлголтод багтаж байгаа. ...Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна...” /хх 32-34/,

гэрч ын “...2023 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 09 цагийн орчимд манай найз ******* хамт эмээлт орж хүн хөдөөнөөс явуулсан юм байгаа, миний машины дугаар гарахгүй болохоор хамт яваад өг гэж залгахаар нь би зөвшөөрөөд 10 цагийн орчимд эмээлтэд очиход замын хажууд жижиг цагаан машин ирчихсэн байсан. ******* очиж уулзаад 2 цагаан шуудайтай самар миний машинд оруулаад хот оруулаад буулгаж авна” гээд суугаад ийн пост дээр ирээд шалгаж байгаа цагдаад нь саатуулагдсан. Надад яг юу гэдэг талаар хэлээгүй. Харин очоод машинаас авч байхад нь мэдсэн. Жижиг саарал цайвар машин байсан, марк улсын дугаарыг нь хараагүй. Самраа овоо гэдэг газар хүнгүй замын хажууд очиж авсан. ...Энэ машин манай эхнэр ын нэр дээр байдаг миний эзэмшлийн машин байгаа юм. ...” /хх 37-39/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3495 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн самрын дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Сибирь хуш – Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. Сибирь хуш - Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь хуш - Pinus sibirica Du Tour-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь хуш - Pinus sibirica Du Tour нь уулын тайгийн бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 31,4% ба 22,05% байх тул нойтон байна. Хуш модны самрын MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага үнэлгээг тооцвол 98,900төгрөгх78,2=7,733,980 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 7,733,980төгрөгх3=23,201,940төгрөг байна.” гэх дүгнэлт /хх 52-55/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж, 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал буюу 78,2 кг Сибирь хушны үр буюу цайруулсан самрыг худалдсан авсан, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болжээ.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *******ын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмээлтийн захаас 78,2 кг ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу самрыг худалдан авсан, улмаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ийн хяналтын цэг” хүртэл ******* ******* улсын дугаартай “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.

Харин, анхан шатны шүүх гэмт хэргийн хохирол хор, уршгийг тооцохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/603 тушаалаар нойтон “Сибирь хуш”-ны үр буюу самрын экологи эдийн засгийн үнэлгээг 98,900 төгрөг байхаар тогтоосон гэж Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж зааснаар энэ гэмт хэргийн улмаас 38,669,900 төгрөгийн хохирол учруулсан байна гэж, уг хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь хэсэгт “...“ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг...” хэлнэ гэж зааснаар “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самар нь ойн дагалт баялагт хамаарч байх ба Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн зүйлийн 42.4 дэх хэсэгт “...ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно.” гэж тус тус ойн сан, ойн дагалт баялагт учирсан хохирлыг хэрхэн тооцож арилгахыг нарийвчлан зохицуулсан байна.

Нөгөө талаар, шүүгдэгч *******ын 78,2 кг ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг буюу самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дахь заалтад заасан байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээгээр буюу зах зээлийн үнэлгээгээр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.  

Иймд, хавтас хэргийн 72-73 дугаар талд авагдсан 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд: “цайруулсан самар /сибирь хушны үр/ 1 кг нь 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 13,500 төгрөг, 78,2 кг самрын зах зээлийн үнэлгээ 1,055,700 төгрөг байна...” гэж тогтоосон байх тул шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1,055,700 төгрөгөөр тогтоож, шийтгэх тогтоолын хохирол төлбөртэй холбоотой заалтад зохих өөрчлөлтийг оруулав.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн агуулга нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг заавал хураах бөгөөд өөрийнх нь өмчлөлийнх биш бол үнийг гаргуулж улсын орлого болгох зохицуулалт болно.

Гэтэл анхан шатны шүүх ******* ******* улсын дугаартай “Toyota harrier” маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******ын өмчлөлийн биш, гэрч Т.ын өмчлөлийн тээврийн хэрэгсэл байх тул шүүгдэгч *******оос ******* ******* улсын дугаартай “Toyota harrier” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 30,178,125 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох хууль зүйн үндэслэлгүй гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.  

Шүүгдэгч *******ын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор ховор ургамал буюу 78,2 кг сибирь хушны цайруулсан самрыг худалдан авсан, улмаар тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* ******* улсын дугаартай “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгсэл нь Тувааны ын эзэмшилд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон, “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн № Д23-68 дугаар шинжээчийн: “...Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 30,178,125 төгрөг...” гэх дүгнэлт авагдсан /хх 62-67/ байх тул шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 30,178,125 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалгаж байгаа 78,2 кг “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого мөн байх тул тус 78,2 кг “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг улсын орлогод оруулахаар зөвтгөж шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.Цэнгүүний “...ойн дагалт баялаг буюу самрыг худалдан авсан, тээвэрлэсэн үйлдэл тогтоогдож байхад анхан шатны шүүхээс Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор баталсан ховор ургамлын жагсаалтад багтсан гэдгээр нь тогтоолын нэршлээр самрыг ховор ургамал гэж үзсэн байгаа нь үндэслэлгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд мөн “...******* нь хөдөө орон нутаг ялангуяа намар, хавар, зуны улиралд ажиллаж сүү, цагаан идээ, малын гаралтай бүтээгдэхүүн борлуулах зэргээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд 2 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь түүний ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж заасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал болон гомдолд дүгнэлт хийж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрлийг өөрчлөхгүйгээр багасган шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Иймд, шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 591 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/591 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй...” гэснийг “...Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос 1,055,700 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай...” гэж,

5 дахь заалтыг “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа 78,2 кг “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* ******* улсын дугаартай “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 30,178,125 төгрөг болон Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалгаж байгаа 78,2 кг самрыг тус тус улсын орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

      

ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА