| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0857/З |
| Дугаар | 128/ШШ2025/0770 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2025/0770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х*******ө ХХК /РД: 2*******/,
Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам нарын хоорондын гомдлыг хянан шийдвэрлээгүйтэй холбоотой талаар маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ц*******л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1. 2025 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 09/25-88 тоот бичгээр гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхээс хууль бусаар татгалзсан Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож;
2. Х*******ө ХХК-аас 2025 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 09/25-88 тоот бичгээр гаргасан гомдлыг шийдвэрлэхийг Сангийн яаманд даалгах тухай
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/80 дугаар тушаалаар Тендерийн үнэлгээний хороо байгуулагдаж, Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 04 сарын 30-ны өдөр Ховд хотын ундны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/ гэх БХБЯ/******* дугаартай тендерийг зарласан.[1]
2.2. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээний хороо хуралдаж Х*******ө ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах шийдвэр гарч, У7 дугаартай ажлын гэрээг байгуулсан[2].
2.3. Х*******н ХХК нь тус тендер шалгаруулалтын үр дүнг эс зөвшөөрч Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүх шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/-н барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Х*******ө ХХК-г шалгаруулсан Үнэлгээний хорооны 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр /01 дугаартай дүгнэлт/, Х*******н ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж татгалзсан 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаар албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын орлогч Л.Э*******р болон Ховдын өргөө ХХК-ийн хооронд байгуулсан 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн У7 дугаартай ажлын гэрээг тус тус хүчингүй болгож, БХБЯ/******* дугаар Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/ ажлын тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1, ТЗШ 19.1-д холбогдох өөрчлөлтүүдийг оруулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1, 15.1, 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчлийг арилгаж дахин тендер зарлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ[3].
2.4. Ийнхүү дахин зарласан БХБЯ/******* шалгаруулалтын дугаар бүхий Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/-н барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Х*******ө ХХК нь 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр оролцоход Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 585 тоот албан бичгээр Х*******ө ХХК-ийг тендерийн шаардлага хангаагүй хэмээн татгалзаж, Харганы ус Констракшн ХХК-ийг шалгаруулсан тухай мэдэгдлийг Х*******ө ХХК-д хүргүүлжээ[4].
2.5. Х*******ө ХХК нь энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж 2025 оны 08 дугаар сарын 25-ны 09/25-88 тоот бичгээр Сангийн яаманд гомдол гаргахад[5] Сангийн яамнаас 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02/8038 тоот дугаартай албан бичгээр ...сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 4.1.3-т захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргах гэж заасан байна. Таны ирүүлсэн албан бичигт захиалагчийн шийдвэрийг хавсаргаж ирүүлээгүй байх тул дээрх журмын 4.6-д заасны дагуу гомдлыг буцааж байна[6] гэх хариу өгчээ.
2.6. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгч хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2025/6709 дугаар захирамжаар Захиргааны хэрэг үүсгэж,[7] хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Ховдын өргөө ХХК-ын захирал М.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн яам манай гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэртээ ...сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 4.1.3-т захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргах гэж заасан байна. Танай ирүүлсэн албан бичигт захиалагчийн шийдвэрийг хавсаргаж ирүүлээгүй байх тул дээрх журмын 4.6-д заасны дагуу гомдлыг буцааж байна гэх үндэслэлийг нь заасан нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн гэж үзэж байна.
Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн:
59.5 Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана
59.8 Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад холбоотой цахим системд байршуулсан баримт бичиг, мэдээлэл, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан гомдлыг хянан шийдвэрлэнэ
59.9 Захиалагч гомдол хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээллийг цахим системд үнэн зөв, бүрэн байршуулах үүргийг хүлээнэ гэж тус тус заасан.
Гэвч Сангийн яам хуулийн дээрх зохицуулалтыг зөрчин бидний гомдлыг хянан шийдвэрлэхээс хууль бусаар татгалзаж, хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйгээрээ хуулийг илэрхий, ноцтой зөрчиж явагдсан БХБЯ/******* дугаартай Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/ ажлыг гүйцэтгэх гэрээ гэгчийг байгуулах боломж, нөхцөлийг бүрдүүлж өглөө.
Сангийн яамны хууль бус шийдвэр, эс үйлдэхүйн улмаас тендер шалгаруулалттай холбоотой гомдлоо эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх манай компанид хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул уул эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд гомдлыг хянан шийдвэрлэхээс хууль бусаар татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн 02/8038 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон Х*******ө ХХК-аас 2025 оны 8 дугаар сарын 25-ний өдрийн 09/25-88 тоот бичгээр гаргасан гомдлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цл нар шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/******* дугаартай Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалттай холбогдуулан Х*******ө ХХК-аас тус яаманд 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09/25-88 тоот албан бичиг ирүүлсэн.
Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 4.1.3-т захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргах гэж заасан байдаг.
Тус компанийн ирүүлсэн албан бичигт захиалагчийн шийдвэрийг хавсаргаж ирүүлээгүй байсан тул дээрх журмын 4.6-д заасны дагуу гомдлыг буцаасан нь хууль бусаар татгалзсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дөрөв. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. Захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь захирамжилсан үйл ажиллагааны нэгэн төрөл бөгөөд захиргааны акт эс үйлдэхүйгээр илэрнэ. Захиргааны байгууллагаас иргэдийн өргөдөл хүсэлтийг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа өнгөрсөн, хугацааг сунгасан тухайгаа иргэнд бичгээр мэдэгдээгүй бөгөөд ямар нэгэн байдлаар асуудлыг шийдвэрлээгүй чимээгүй байсан тохиолдолд эс үйлдэхүй бий болно[8].
4.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан ...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн тухай асуудал нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарна. Тус зүйлд заасан даалгах нэхэмжлэлийн зүйл нь захиргааны хууль бус татгалзал байх бөгөөд эс үйлдэхүй, татгалзсан шийдвэр гэсэн хоёр хэлбэртэй. Эс үйлдэхүй нь захиргааны идэвхгүй үйл ажиллагаа бөгөөд эс үйлдэхүйн эсрэг даалгах нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөлд захиргааны актыг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч түүнийг нь шийдвэрлээгүй захиргааны эс үйлдэхүй байх ёстой[9].
4.4.Үүнээс үзвэл Х*******ө ХХК-ын гаргасан гомдолд Сангийн яамны зүгээс Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-д заасан үндэслэлийг дурдаж, гомдлыг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02/8038 дугаар албан бичгээр буцааж шийдвэрлэсэн нь эс үйлдэхүй биш юм.
4.5.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын буюу Сангийн яамны бүрэн эрхийг дурдсан байх бөгөөд 55.1.5-д тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон журам батлах гэж заасан тул Сангийн сайдаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалыг баталжээ.
4.6.Уг тушаалын хавсралтын Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын Дөрөвдүгээр бүлэгт Сангийн яаманд гомдол гаргах, шаардлагад нийцсэн гомдлыг хүлээн авах, харин Тавдугаар бүлэгт Сангийн яам шаардлага хангасан гомдол хянан шийдвэрлэх талаар тусгажээ.
4.7.Гомдол гаргагч Дөрөвдүгээр бүлэгт заасан гомдолд тавигдах тодорхой шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд Сангийн яам гомдлыг хүлээн авахаас татгалзах буюу цаашлаад гомдол үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж
шийдвэрлэхээс татгалзаж болохоор байна.
4.8.Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах гомдол үндэслэл бүхий байна, мөн тус зүйлийн 59.5-т Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана гэж заасан. Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-д заасан бүрдүүлбэрийн шаардлагуудаас нэхэмжлэгч 4.1.3-т тусгасан захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргаагүй буюу гомдол гаргах үндэслэл болсон шийдвэрийн нотлох баримтыг Сангийн яаманд ирүүлээгүй байх тул 59.3-т заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй гэж үзэж 59.5-т зааснаар хүлээн авахаас татгалзаж буцаасан Сангийн яамны шийдвэр хуульд нийцсэн байна.
4.9.Өөрөөр хэлбэл, Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-д заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан тохиолдолд Тавдугаар бүлэгт заасан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар байхад нэхэмжлэгч Х*******ө ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 09/25-88 тоот бичгээр гаргасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагүй гомдлыг эс үйлдэхүй гаргасан гэж буруутган Сангийн яаманд шийдвэрлэхийг даалгах нь үндэслэлгүй.
4.10.Нөгөөтээгүүр шүүх энэхүү шийдвэрийг гаргахдаа Монгол улсын Сангийн яамнаас Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан явуулсан 2025.06.30-ны өдрийн 02/6478 тоот албан бичгээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцад У7 төслийн кодтой, 38,072.2 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хэрэгжүүлэхээр батлагдсан Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр /Ховд, Жаргалант сум/ төсөл, арга хэмжээг Төрийн хэмнэлтийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3-т заасныг үндэслэн төсвийн хэмнэлтэд тооцож, 2025 онд санхүүжүүлэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн[10] болохыг анхаарч үзсэн.
4.11.Эцэст нь Сангийн яам Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хянахаас татгалзсан ч Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргах эрхийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг дурдах нь зүйтэй.
4.12.Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.5, 59 дүгээр зүйлийн 59.3, 59.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхээс хууль бусаар татгалзсан Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х*******ө ХХК-аас 2025 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 09/25-88 тоот бичгээр гаргасан гомдлыг шийдвэрлэхийг Сангийн яаманд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР