Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 135

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******, *******, *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Гэрч *******

Орчуулагч

Шүүгдэгч н нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч холбогдох 201611000447 дугаартай хэргийг 2018 оны 03 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: БНХАУ-н иргэн, 1969 оны 06 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-н .......................хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, ковшийн жолооч мэргэжилтэй, Шинь шинь ХХК-ний үүрэг гүйцэтгэгч “Тун гуан Майнз констракшн Монгол” ХХК-нд ковшийн оператор жолооч ажилтай, БНХАУ-ын Анхуй мужийн Тун лин хотын Тин мань зин гэх газарт оршин суух, /одоо Шинь Шинь ХХК-ний Чойбалсан хот дахь төлөөлөгчийн газарт түр оршин суух/ улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, М овогт Ч Ж н / / /РД: /    

Шүүгдэгч М.Ч.Ж  нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Шинь Шинь ХХК-ний үүрэг гүйцэтгэгч “Тунгаан майнз констракшн” ХХК-д ачигч машины жолоочоор ажиллаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчимд далд уурхайн 1005 дугаар түвшинд Sinome ACY-2C маркийн ....... УБ дугаартай автомашинаар Jin Fang маркийн ..... ДОА дугаартай ачааны машиныг мөргөж машины гадна талд байсан Н.О ачааны машин болон уурхайн ханан завсар хавчуулан болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/    

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Ч.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би 2016 оны 10 сарын 29-ний орой энгийн ажилладаг графикийнхаа дагуу ажиллаж байсан. Тухайн үед би хүдэр ачих хэсгээс шанага дүүрэн хүдэр ачаад буцаж ирж байсан. Ачааны машинд ачилт хийдэг талбай дээр дөхөж ирэх үед нэг машин хананд ойртоод зогссон байхыг анзаарсан. Тэр машин ачаан дээрээ хүдэрч ачсан, уурхайн амыг таглаад зогссон байсан. Тэгэхээр нь би цаашаа яв гэдгээ гэрлээр дохио өгч илэрхийлсэн. Би Монгол хэл мэдэхгүй болохоор машиныхаа гэрлээр 4-5 удаа дохио өгсөн. Тэгэхэд тэр машин байран дээрээсээ хөдлөхгүй байгаад байсан. Би машинтайгаа ачилт хийдэг талбайн ойролцоо зогсоод хүлээж байсан. Ойролцоогоор 4-5 минут өнгөрсний дараа нэг Монгол залуу хаанаас ч юм мэдэхгүй гэнэт гараад ирсэн. Тэр Монгол залуу над дээр ирээд Монгол хэлээр олон юм хэлж байсан боловч би ойлгоогүй. Би тухайн үед ковш машиныхаа сандал дээр сууж байсан. Би тэр Монгол залууд “ойлгохгүй байна” гэдгээ Хятад хэлээр хэлэхэд тэр монгол залуу миний гарнаас татаж, намайг машинаас чирч гаргаж ирээд ачааны машины хажууд очсон. Очоод тэр Монгол залуу хар гээд заагаад байхаар нь би харсан. Хараад осол аваар болсныг нь ойлгосон. Байгууллагын журманд осол аваар болох үед тухайн үед гарч байгаа ээлжийн ахлах болон байгууллагын удирдлагуудад хэлэх ёстой байдаг. Осол болсныг мэдээд надад хамгийн түрүүнд орж ирсэн бодол бол дарга нартаа мэдэгдэх байсан. Тэгээд би ослын талаар дарга нартаа мэдээлэхээр дээшээ гарсан. Манай байгууллага ийм тодорхой журамтай байдаг. Уурхайн аманд байдаг ээлжийн дарга Ш. Л.Х-д  хэлсний дараа миний ээлж буух цаг болсон байсан. Тэгэхээр нь би үйлдвэрийн даргад хэлэхээр цаашаа явсан. Удирдлагууддаа болсон явдлын талаар хэлж мэдэгдсэний дараа тарах цаг болсон байсан тул би хоол идэхээр гал тогоо руу явсан. Энэ асуудал надтай холбоогүй. Би ч гэсэн гэрч хүн. Хэрэг болсноос хойш өнөөдрийг хүртэл 600 хоног өнгөрлөө” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр надад мэдэгдсэн. Хэргийн талаар бол сайн мэдэхгүй байна. Дараа нь би хэрэг болсон газар дээр очиж үзсэн. Тэр үед надад ямар нэгэн гадны нөлөөтэй нас барсан байна гэж бодогдсон. Намайг хэргийн газарт очиход талийгаачийн өнгөрсөн газрыг зааж өгсөн. Тэр газар бол гэрэл муутай байсан. Газрыг ажиглахад миний хүүгийн болгоомжгүй байдлаас болж өнгөрсөн гэж харагдахааргүй байсан. Миний хүү айлын отгон хүү байсан. Намайг цаашид харж хандах хүүхэд минь байсан. Надад компанийн зүгээс 150000000 төгрөг өгсөн. Би компанид гомдохгүй байна. Харин миний хүүгийн аминд хүрсэн энэ хүнд гомдолтой байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач Н.О  нь миний хамгийн бага хүүхэд маань байгаа юм. Миний хүү О нь 2011 онд Шинь Шинь ХХК-ийн уурхайд ээлжийн ахлагчаар ажиллаж байгаад 2015 онд ажлаасаа гарч Улаанбаатар хотод Чухал амжилт сургуульд хүнд механизмын курсэд сурч төгсөөд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс том машины жолоочоор ажилд эргэн орсон. Миний 3 хүү Шинь Шинь ХХК-д ажилладаг бөгөөд том хүү Б нь хамгаалалтын албанд нь, Н жолооч, бага хүү О мөн жолоочоор ажилладаг байсан юм. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 07 цагийн орчимд манай хамаатны хүн болох Нацагдорж манай гэрт ирээд “За нэг асуудал боллоо Шинь Шинь уурхай дээр” гэхээр нь би дотроо “өчигдөр орой манай 2 хүү Н, О нар ээлжинд гарсан байх ёстой тэгвэл нэг юм болж” гэж бодсон, ингээд нас барсан юм уу? гэхэд тийм гэж хэлсэн. Ингэж хүүгээ нас барсаныг мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 24-25/

Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Би тухайн өдөр оройн ээлжинд гарч байсан. Ажил тараад буухын өмнө хэдхэн минутын дотор болсон хэрэг. Намайг шороо ачуулаад гарч байх  үед манай дүү О орж байсан, бид 2 хэрэг болсон газарт зөрөөд явсан. Би шороогоо буулгаад эргээд ороод ирэхэд дүү бид хоёрын зөрсөн газар нэг ковш байсан. Ковшын шанага нь машины баруун талд тулчихсан наалдсан байдалтай байсан бөгөөд би нилээн зайтай зогсоод гэрлээр дохио өгөхөд хөдлөхгүй байхаар нь машин руу нь очиж харахад дүүгийн гар чийдэн асаалттай дээшээ харчихсан кабин дотор нь байсан. Би машиныг нь тойрч харахад ард нь энэ Хятад хүн  ковш дотроо сууж байгаа харагдсан. Тэгээд дүү харагдахгүй болохоор нь машин доогуур нь тонгойж хартал дүүгийн 2 хөл агаарт унжсан байдалтай харагдсан. Би энэ Хятад жолоочид “чи хүн алчихлаа ш дээ” гэж хэлэхэд ковшноосоо буугаад ирсэн. Тэгэхээр нь би мөрөн дээрээс нь бариад тонгойлгож харуулахад миний гарыг цохиод миний машин тавьсан газрын нүхээр гүйгээд алга болсон. Би цаана байсан Монголчуудад хэлэхээр очтол тэнд 2 жолооч байсан. Тэгээд би О ахыг дуудаад Хятад залуу хүн алаад зугтаачихлаа гэж хэлээд та энд байж бай, би ахыг дуудаад ирье гэж хэлээд явсан. Би О  хэргийн газар үлдээчихээд өөрийнхөө машиныг асаагаад ажилчдын байр орж том ахыг авчирч ирсэн” гэв.

          Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 05/092/11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь ажил олгогчийн шууд удирдлагын дор ажиллаж, түүний өмнө ажлаа бүрэн хариуцна. Улсын Дээд Шүүхийн 2009 оны 05 сарын 22-ны өдрийн 16 тоот тогтоолд “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журмыг сахиж хангуулах үүрэг бүхий этгээд гэдэгт хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэрийн дагуу энэ ажлыг шууд хариуцаж байгаа аливаа этгээд хамаарна...” гэж тус тус заасны дагуу “Тунгуан Майнз констракшн Монгол” ХХК-ний хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтныг уурхайн даргын 2016 оны 07 сарын 15-ны өдрийн 2016042 тоот тушаалаар томилон ажиллуулж ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлсэн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан материалуудтай танилцахад тус компани нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 28 дугаар зүйлийн 28.1.6-д “Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх” гэж хуулинд заасны дагуу “Автомашины жолоочийн аюулгүй үйл ажиллагааны заавар” “Далд уурхайн төмөр замын бус тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны удирдлагын дүрэм” –ийг баталж мөрдүүлсэн байна. Иймд “Тунгуан Майнз констракшн Монгол” ХХК нь хуулиар заасан эрх зүйн заалтуудыг болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтныг томилон ажиллуулж байсан байна. 2.Гэвч хавтаст хэрэгт авагдсан материалууд гэрчүүдийг байцаасан тэмдэглэлүүдтэй танилцахад “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт зохион байгуулалт” Монгол Улсын MNS:4969:2000 стандартын 4.1-д заасан урьдчилсан, ажлын байранд анхан шатны, давтан зааварчилгааг нийт ажилтнууддаа монгол хэлээр хийгдэж байгаа ажилтай уялдуулж өгч байсан гэх баримтууд авагдаагүй байгаа тул дээрхи заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 3. “Тунгуан Майнз констракшн Монгол” ХХК-ний хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцах ажилтныг уурхайн даргын 2016 оны 07 сарын 15-ны өдрийн 2016042 тоот тушаалаар томилон ажиллуулж байсан. Иймд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах ба хөдөлмөрийн ауюлгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь ажил олгогчийн шууд удирдлагын дор ажиллаж, түүний өмнө ажлаа бүрэн хариуцна” гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй болно. 4.”Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай” хуулийн дээрх заалтын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтныг томилон ажиллуулсан байна. 5. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-д “Ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх, Мөн хуулийн 18.2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, мөн зүйлийн 18.2.6-д “Ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх”, мөн зүйлийн 18.2.7-д “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, мөн “Тунгуан Майнз констракшн Монгол” ХХК-ний “Автомашины жолоочийн аюулгүй үйл ажиллагааны заавар”, 2.9-д “Авто машиныг зогсоох үед тохиромжтой газрыг сонгох бөгөөд хаа хамаагүй зогсож болохгүй, машиныг зогсоосны дараа түлхүүрийг авч, гар тоормосыг татна” гэсэн заалтуудыг осолдогч Н.Отгонбаатар тус тус зөрчсөн гэж дүгнэж байна” гэжээ. /1-р хх-ийн 79-81/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн автотехникийн шинжээчийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 45 тоот дүгнэлтэд:           1. “Хавтаст хэргийн материалыг шинжлэн судлахад тухайн осол, хэрэг нь тус аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинь Шинь” ХХК-ний уурхайн гүнд үйлдэгджээ. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлэг, нийтлэг үндэслэлд, “Замын хөдөлгөөн” Нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагааг замын хөдөлгөөн гэж тодорхойлсон байдаг. Уурхай, үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн хаалттай талбайг нийтийн хэрэгцээний замд тооцохгүй тул замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2,3.Тээврийн хэрэгслүүдийн техник ашиглалтын холбогдох дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчийн зохих дүгнэлтээр тогтоох боломжтой” гэжээ. /1-р хавтаст хэргийн 104/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 6-11/,

-Ослын схем зураг /1-р хавтаст хэргийн 12-р хуудас/,

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хавтаст хэргийн 13-р хуудас/,

-2016 оны 10 сарын 30-ны өдрийн зам тээврийн осол, хэрэгт холбогдох Jinfang маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 14-р хуудас/

-2016 оны 10 сарын 30-ны өдрийн зам тээврийн осол, хэрэгт холбогдох Sinome ACY-2C маркийн .........УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 15-р хуудас/

-Гэрч мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 34-р хуудас/

-Гэрч ******* мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 52-55-р хуудас/

-Гэрч мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 56-57-р хуудас/,

-Гэрч  мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 62-р хуудас/,

-Гэрч мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 74-76-р хуудас/,

-2016 оны 11 сарын 22-ны өдрийн 92 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 84-87-р хуудас/,

-Tуршилт хийсэн тухай тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 232-235-р хуудас/

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  гаргаж өгсөн хүсэлт /2-р хавтаст хэргийн 124-126-р хуудас/,

-Дорнод аймгийн прокурор Т.Ууганбаатарт гаргасан гомдол /2-р хавтаст хэргийн 150-153-р хуудас/

-2017 оны 01 сарын 9-ний өдрийн 01 дугаартай комиссын бүрэлдэхүүнтэйгээр тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 98-99-р хуудас/

-2017 оны 01 сарын 5-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 100-р хуудас/

-Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1-р хавтаст хэргийн 101-р хуудас/

-2017 оны 4 сарын 7-ны өдрийн 05/078/13 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 172-173-р хуудас/

-Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргаж өгсөн Давж заалдах шатны шүүх хуралдааны бичлэгийн флаш диск 1/нэг/  ширхэг /4-р хавтаст хэргийн арын хуудсанд хавсаргасан байгаа/

-Компанийн жи пи эсээр гаргасан ослын газрын схем зураг /2-р хавтас хэргийн 55-р хуудас/,

-Гэрч Ж Ш М  мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 36-р хуудас/  

-Хохирол төлбөр төлсөн баримт /2-р хавтас хэргийн 79-р хуудас/

-Гэрч Э.Э  мэдүүлэг /2-р хавтас хэргийн 212-р хуудас /

-Ял шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 122-р хуудас/  

-2017 оны 12 сарын 5-ны өдрийн 46 дугаартай Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /3-р хавтаст хэргийн 216-р хуудас/,

-2018 оны 02 сарын 14-ны өдрийн 65 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол /3-р хавтаст хэргийн 254-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:  

Шүүгдэгч МЧЖ нь /             / нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Шинь Шинь ХХК-ний үүрэг гүйцэтгэгч “Тунгаан майнз констракшн Монгол” ХХК-д ачигч машины жолоочоор ажиллаж байхдаа 2016 оны 10 сарын 29-ний өдрийн орой 23 цагийн орчимд далд уурхайн 1005 дугаар түвшинд Sinome ACY-2C маркийн ..... УБ дугаартай автомашинаар Jin Fang маркийн ...... ДОА дугаартай ачааны машиныг мөргөсний улмаас машины гадна талд байсан амь хохирогч Н.О ачааны машин болон уурхайн хана хоёрын завсар хавчуулан болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 24-25-р хуудас/, гэрч мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 34-р хуудас/, гэрч мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 56-57-р хуудас/, гэрч мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 58-59-р хуудас/, гэрч ******* мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 52-55, 2-р хавтаст хэргийн 205-р хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 4-12/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хавтаст хэргийн 13/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 14-15/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 92 тоот дүгнэлт /1-р хавтаст хэргийн 87/ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “Би энэ хэрэгт холбоогүй, үйлдээгүй” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч   нь хэрэг нь нотлогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү? гэсэн саналыг гаргаж байна.

Шүүгдэгч -ний “Би энэ хэрэгт холбоогүй, үйлдээгүй” гэж байгаа нь дараах нотлох баримтуудаар няцаагдан үгүйсгэгдэж байна гэж үзлээ. Үүнд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Баруун зүүн талын дугуйны ар талд тус бүр 1 метр 20 см дугуйны гулссан мөр байв. ...Порчикны гадна хэсэгт байх баруун доод талд гагнаастай байсан төмөр салж дээш сөхөгдөж зурагдсан шинэ мөр гарсан байв. Порчикны гадна талд шинээр зурагдсан мөрүүд гарсан байв. Машины ачааны баруун талаар зурагдсан шинэ мөрүүд гарсан байв. Уг авто машин ........ДОА улсын дугаартай байв...” гэж тусгагдсан байдал /хх-ийн 6-8/, гэрэл зургийн үзүүлэлтийн 22-23-т байгаа зурагдсан шинэ мөр, гагнаас салсан байдлыг харуулсан зураглал /1-р хавтаст хэргийн 11/,

Зам тээврийн осол дээр тогтоосон актад: “...Шинь Шинь ХХК-ний уурхайд   ...гарсан осол дээр 2016 оны 10 сарын 30-ны өдрийн 10 цаг 50 минутад үзлэг хийхэд уг хэрэг мөргөсөн  хэлбэрээр гарчээ. ...2016 оны 10 сарын 29-ний өдрийн 23 цаг 05 минутад хэрэг гарсан нь үзлэгээр тогтоогдов. ... Jinfang маркийн ........ДОА дугаартай тээврийн хэрэгслийн тэвшний порчик /хойд хэсэгт зурагдсан/, Sinome ACY-2C  маркийн ...........УБ дугаартай ковшний  шанага ба сэрээний  үзүүр төмөр зурагдсан гэж тус тус бичигдсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 13/,

Зам тээврийн осол, хэрэгт холбогдох Jinfang маркийн ........ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Авто машины  тэвшний порчик зурагдсан” гэж тэмдэглэгдсэн байдал /1-р хавтаст хэргийн 14/

Зам тээврийн осол, хэрэгт холбогдох Sinome ACY-2C маркийн .......УБ дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Ковшний шанага ба төмрийн үзүүр зурагдсан байв” гэж тэмдэглэгдсэн байдал /1-р хавтаст хэргийн 15/

Гэрч  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2016   оны 10 дугаар  сарын 29-ний өдөр талийгаач Н.О унаж явсан ачааны самсмол маркийн машинд ковшоор шороо ачиж байсан бөгөөд нэг шанагаар машинд нэг л удаа ачиж машин шороогоо асгахаар явдаг. Тэр өдөр нийт 5 удаа ачиж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 32/

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н надад хэлэхдээ...би ачааны машинтай шороо ачаад гарахад миний дүү О шороо ачуулахаар надтай зөрч ам руу орсон. Тэгээд шороогоо асгачихаад буцаад ирэхэд дүүгийн машин нь хананд тулаад зогсож байсан. Тэгэхээр нь би буугаад очиход дүүгийн барьж байсан машины араас ковш тулж зогссон байснаа буцаад ухарч байсан....тэгэхээр нь дүүгийн машин руу очиход дүү нас барсан байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 34/

          Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би ачаагаа аччихаад гарах үүд рүү уурхайн ам руу хөдлөөд 40-50 метр явж байтал талийгаачийн ах Н өөдөөс явган бахирсаар ирсэн. Тэгээд яасан гэхэд дүү маань өнгөрчихлөө гэхээр нь би машинаас буугаад очиход ачааны машин хана хоёрын дунд хавчуулагдсан байсан. Тухайн үед ковш нь О машины ар талд / хаашаа хараад зогсож байсныг хэлж мэдэхгүй байна/ зогсож байсан. Ковш нь асаалттай, унтраалттай байсныг санахгүй байна, ачааны машин унтраалттай байсан шиг санаж байна. Н надад “дүү маань өнгөрчихсөн байна, би Хятад жолоочид чи хүн алчихлаа шүү дээ” гэхэд хажуугаар гараад зугатаасан, ковш дүүгийн машины араас мөргөчихөөд ухарч байсан” гэсэн утгатай зүйл ярьж байсан. Намайг уурхайн ам руу ачаагаа ачуулахаар ороход О гардаг зүг рүү хараад харин хятад жолооч цаанаас шороогоо ковш дээрээ ачиж байсан. Тэгээд бид нар хөдөлгөж болохгүй гээд доор нэг хэсэг зогссон” гэжээ. /1-р хавтаст хэргийн 56/

          Гэрч ******* 2016 оны 10 сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...О машины ард ковш тулж зогссон байдалтай байсан ба намайг машинаас бууж байхад ковшийн жолооч ковшоо ухрааж байсан ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 53/

           Гэрч ******* 2017 оны 1 сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Дүүгийн машин руу харахад дүүгийн машины ачааны ард хятад жолооч барьдаг ковш тулаад зогсчихсон ба ...би машинаасаа буугаад дүүгийн машин руу ойртож очиход  дүүгийн машины ард тулаад зогсож байсан ковш хойшоогоо ухарсан. Тэр ковш шанагандаа дүүрэн ачаатай байсан бөгөөд хойшоогоо 6-7 орчим метр ухраад зогссон ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55/

             Туршилт хийсэн тухай тэмдэглэлд: “...Ковшоор мөргөсний дараа ачааны машины арын тэвшний таг буюу онгойх хэсгийн 8 гэж дугаарласан тооны зүүн гар талын босоо багана хэсгийн доор шинэ зурагдсан мөр, 8 гэсэн тооны доод талын хөндлөн багана хэсэгт зурагдсан шинэ мөрүүд үүсч байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...Туршилтаар ачааны авто машин ачаатай тохиолдолд араагүй, кардан татаагүй нөхцөлд өөрөө өнхөрч явах боломжгүй...” гэж тусгагдсан  байдал /2-р хавтаст хэргийн 232-233/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 92 тоот дүгнэлтэд: “1.Талийгаач Н.О цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн 7,8,9,10-р хавирганы хугарал, зүүн уушигны цус хуралт, баруун хацар, эрүүний зулгаралт, цээжний цус хуралт, нурууны дарагдлын ором бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд нэг дор үүсгэгдсэн байх боломжтой байна. 4. Зүүн 7,8,9,10-р хавирганы хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн уушигны цус хуралт, баруун хацар, эрүүний зулгаралт, цээжний цус хуралт, нурууны дарагдлын ором бүхий гэмтлүүд нь тус бүртээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Талийгаач Н.О цогцост хийсэн үзлэгээр биеэ хамгаалж тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй. 6.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7.Талийгаач Н.О нь цээж, хэвлий дарагдсанаас амьсгал бүтэж нас барсан байна. 8.Талийгаач нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. 9.Талийгаач нь А (II) бүлгийн харъяаллын цустай байсан байна” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 87/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн болгоомжгүйгээр үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч -д  “Би энэ хэрэгт холбоогүй гэж” мэдүүлсэн мэдүүлэг няцаагдаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “”Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нотлогдохгүй” байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү? гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.

          Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэж 2 ангилна. “Хайхрамжгүй хандах” нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдэхүйгээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч М.Ч.Ж нь амь хохирогч Н.О машиныг мөргөсний үр дүнд амь хохирогч өөрийнхөө барьж явсан машин, уурхайн хана хоёрын завсар хавчуулагдан амь хохирсон байх бөгөөд шүүгдэгч ийнхүү мөргөсний улмаас амь хохирогч гэмтэж, үхэж болох хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч үүндээ хайхрамжгүй хандсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг агуулсан байна гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч ******* энэ хэрэг бол сэдэлтийн хувьд санаатай гэмт хэрэг бөгөөд хохирол, хор уршиг хоёрыг зориуд санаатай хүсэж үйлдсэн учраас энэ гэмт хэргийн зүйлчлэл буруу байна гэсэн саналыг гаргаж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Ч.Ж нь энэ асуудал надтай холбоогүй гэж мэдүүлж байгаагаас гадна хэрэгт авагдсан нотлох баримтаар амь хохирогчийн машиныг шүүгдэгч өөрийнхөө машинаар мөргөхдөө машин уурхайн хана хоёрын завсар хавчуулагдсанаас гэмтэж нас барах боломжтой гэдгийг урьдчилан мэдэж байсан болон энэ хор уршигт зориуд хүргэсэн талаар нотлогдож тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, хүнийг санаатай алах гэмт хэрэг бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийж, уг хор уршгийг хүсэж үйлддэг бол шүүгдэгч  үйлдэлд энэхүү нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байх  тул хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар ачааны машины арын хаалт  дээрх зурагдсан мөр өмнө нь ч үүссэн зураас байх боломжтой гэсэн тайлбарыг хэлж байгаа боловч  энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэрч ******* мэдүүлгүүд хоорондоо болон бусад нотлох баримтуудтай зөрүүтэй байна гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч гэрч ******* 4 удаа өгсөн мэдүүлгээс үзэхэд гэрч нь хэрэг гарсны дараах нөхцөл байдлыг тэр даруй харж, харсан зүйлийнхээ талаар эх сурвалжаа заан мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлгийг болсон хэргийн нөхцөл байдал болон бусад гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд бий болсон үзлэг, туршилт зэрэгтэй харьцуулан үзэхэд түүний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Ч.Ж нь 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь 2002 оны болон 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиудад заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон /94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэгт оногдуулах ялын дээд, доод хэмжээ адилхан байгаагийн  зэрэгцээ сонгон хэрэглэж болох зорчих эрхийг хязгаарлах ялыг шинэ эрүүгийн хуулиар нэмсэн боловч уг ялыг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар тогтоогдсон тул хуулийг буцаан хэрэглэхгүйгээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч -д  холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсгээр зүйлчлэн шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч -д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон гэж үзсэн тул шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Хохирогчийн төлөөлөгч , гэрч , , ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон  тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч - н ажилладаг Тун Гуан Майнз Констракшин Монгол ХХК-ний зүгээс хохирогчийн төлөөлөгч -д  оршуулгын болон нөхөн төлбөрт 150000000 төгрөгийг өгсөн байх /2-р хавтаст хэргийн 79, 3-р хавтаст хэргийн 113/ бөгөөд шүүх хуралдаанд хохирогчийн төлөөлөгч нь компаниас 150000000 төгрөг авсан гэж мэдүүлж байгаагаас гадна нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ эрүүгийн хэрэгт хохирогчийн төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн Sinome ACY-2C маркийн ......УБ дугаартай ачигч машины АЯ0144079 дугаартай, Jin Fang маркийн .....дугаартай машины АЯ0070742 дугаартай  2 /хоёр/ ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Шинь шинь ХХК-д буцаан олгож, шүүгдэгчийн гадаад паспортын хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, CD  /Си ди/ 3 ширхэг, флаш диск 1 /нэг/ ширхэг зэргийг  хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1.Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч   үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй.

2.Шүүгдэгч -г бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч - д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч -нь бусдад төлөх төлбөргүй /Компанийн зүгээс хохирогчийн төлөөлөгчид 150000000 /нэг зуун тавин сая/ төгрөг өгсөн цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус  дурдсугай. 

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн Sinome ACY-2C маркийн ................УБ дугаартай ачигч машины АЯ0144079 дугаартай, Jinfang маркийн .......дугаартай ачааны машины АЯ0070742 дугаартай 2 /хоёр/ ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг Шинь шинь ХХК-д буцаан олгож, шүүгдэгчийн гадаад паспортын хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 2 ширхэг CD  /Си ди/, флаш диск 1 /нэг/ ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих аслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР