2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 06 191/ШШ2025/05144

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ..................... тоот хаягт байрлах, В ББСБ ГХОХХК /РД:00000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Т.М /РД:000000000/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

В ББСБ ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Зээлдэгч Т.М нь 2022.10.05-ны өдөр В ББСБ-ын Улаанбаатар-4 салбараас 00000000 тоот зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар 12 сарын хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн төлбөрөө төлж байгаад 2023.03.21-ний өдрөөс хойш төлөөгүй болно. Зээлдэгч Т.М нь 462,800 төгрөгийн төлбөртэй байх бөгөөд Т.М-д холбогдуулан .......................... тоот хаягаар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягтаа бүртгэлтэй боловч, оршин суудаггүй нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2024/15496 дугаартай шүүгчийн захирамж гарч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Т.М-ийг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.05.14-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,

-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 3 х/,

-2007.11.12-ны өдрийн 0000000 дугаартай Санхүүгийн зохицуулах хорооны Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,

-2024.11.01-ний өдөр Г.Т-д олгосон итгэмжлэл /хх-ийн 5 х/,

-2022.10.05-ны өдрийн 0000000000 дугаартай Зээлийн гэрээ /хх-ийн 6-7 х/,

-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 8 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 9 х/,

-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.20-ны өдрийн 181/ШЗ2024/15496 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 10-11 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.М-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар В ББСБ ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.10.05-ны өдрийн 0000000000 дугаартай Зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.М-ийн оршин суух хаягийг .......................... тоот гэж тодорхойлсны дагуу В ББСБ ГХОХХК нь зээлийн гэрээний үүрэгт 462,800 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.20-ны өдрийн 181/ШЗ2024/15496 дугаартай шүүгчийн захирамжаар Т.М нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 10-11 х/,

 

Т.М нь В ББСБ ГХОХХК-тай 2022.10.05-ны өдөр 0000000000 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах В ББСБ ГХОХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 6-8 х/,

 

Т.М нь 2022.10.05-ны өдрийн 0000000000 дугаартай Зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.20-ны өдрийн 181/ШЗ2024/15496 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, В ББСБ ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд В ББСБ ГХОХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.М-ийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Т.М /РД:000000000/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Т.М-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА