| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/04204/И |
| Дугаар | 191/ШШ2025/05145 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05145
2025 06 06 191/ШШ2025/05145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .................. тоот хаягт байрлах, И ББСБ ХХК /РД:8358605/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д ХХК, /РД:00000000/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Х овогт М.Г /РД:00000000/ нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
И ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Манай байгууллага нь 2024.02.27-ны өдөр ЗГ000000000 дугаар зээлийн гэрээг Д ХХК, хамтран зээлдэгч М.Г нартай байгуулсан. Тус гэрээгээр нийт 30,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэйгээр, 1 жилийн хугацаатай зээлсэн. Гэтэл гэрээний дагуу төлбөрийг хугацаанд нь төлөөгүй буюу 2024.10.11-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй. Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг ЗГ0000000000 дугаар гэрээ болон хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй ба гэрээний 2.1.9-д заасан ноцтой зөрчил гаргасан байх тул зээлдэгчтэй байгуулсан зээлийг гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд Д ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.Г-г эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.30-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,
-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 3 х/,
-2025.02.03-ны өдрийн 25/17 дугаартай Д.М-д олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,
-2024.02.27-ны өдрийн ЗГ000000000 дугаартай Зээлийн гэрээ /хх-ийн 5-7 х/,
-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 8-11 х/,
-2024.02.27-ны өдрийн ЗГ000000000 дугаартай Зээлийн гэрээний хавсралт 2, 3 /хх-ийн 12-13 х/,
-2024.02.27-ны өдрийн БГ000000000 дугаартай Барьцааны гэрээ /хх-ийн 14-15 х/,
-2024.02.27-ны өдрийн 1 тоот Д ХХК-ийн албан бичиг /хх-ийн 16-17 х/,
-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 18-19 х/,
-Д ХХК-ийн дүрэм /хх-ийн 20-21 х/,
-2024.02.27-ны өдрийн Голомт банкны Цахим гүйлгээний баримт /хх-ийн 22 х/,
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.29-ний өдрийн 191/ШЗ2025/18818 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 23 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.Г нарын оршин суугаа /байрлаж байгаа/ газар нь мэдэгдэхгүй байгаа тул тэдгээрийг эрэн сурвалжлуулахаар И ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024.02.27-ны өдрийн ЗГ000000000 дугаартай Зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.Г нарын оршин суух /байрлах/ хаягийг ................... тоот гэж тодорхойлсны дагуу И ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 14,624,318.99 төгрөг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандсан байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.29-ний өдрийн 191/ШЗ2025/18818 дугаартай шүүгчийн захирамжаар Д ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.Г нар нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй /байрладаггүй/... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 23 х/,
Д ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.Г нар нь И ББСБ ХХК-тай 2024.02.27-ны өдөр ЗГ000000000 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах И ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 5-15, 22 х/,
Д ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.Г нар нь 2024.02.27-ны өдрийн ЗГ000000000 дугаартай Зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй /байрладаггүй/... болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.29-ний өдрийн 191/ШЗ2025/18818 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, И ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н-ын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд И ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.Г нарын оршин суугаа /байрлаж байгаа/ газрыг тогтоох ажиллагааг тэдгээрийн сүүлд оршин сууж /байрлаж/ байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д ХХК, /РД:00000000/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Х овогт М.Г /РД:00000000/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.Г нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа /байрлаж байгаа/ газрыг тогтоох ажиллагааг тэдгээрийн сүүлд оршин сууж /байрлаж/ байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА