2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/05503

 

 

 

 

 

 

 

2025 6 18

191/ШШ2025/05503

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Б******* овогт Ж******* А******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Боржигон овогт Ч******* Д******* холбогдох,

Улаанбаатар хот, тоот хаягт байрлах ******* нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай газрыг албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ж.А******* миний бие 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр  тоот хаягт байрлах ******* нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай газрыг худалдан авч өөрийн нэрлүү шилжүүлэн авсан. Гэвч өнөөдрийг хүртэл хариуцагч нь хууль бусаар амьдарч байгаа тул чөлөөлж өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: Ж.А******* иргэний үнэмлэхийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025.04.03-ны өдрийн 09-16/816 дугаартай албан бичиг, 2024.08.06-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2024.7.30-ны өдрийн итгэмжлэл, 2024.10.23-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2024.8.07-ны өдрийн 04/1639 дугаартай албан бичиг, Ч.Д иргэний үнэмлэхийн лавлагаа тус тус авагдсан.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.А******* нь хариуцагч Ч.Д******* холбогдуулан  тоот хаягт байрлах ******* нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай газрыг албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

1.1. Хариуцагч Ч.Д******* шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гардуулж, 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагч талаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй,42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч хариу тайлбар гаргаж өгөөгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

1.2.Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтыг тус тус үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах, өмчлөгчийн хувьд шаардаж байгаа гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа газар албадан чөлөөлүүлэх гэжээ.

Нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувьд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа нөхцөл байдлыг арилгуулахын тулд газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний эрх зүйн хамгаалалтын арга нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх хамгаалалтын аргаар хамгаалагдах агуулгатай байна.

2.а. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулж хуулийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Хуулийн энэ зохицуулалтын дагуу шаардах эрхийг тодорхойлохдоо шаардах эрх бүхий этгээд нь эд хөрөнгийн өмчлөгч байх, бусдын хууль бус эзэмшилд байх гэсэн урьдчилсан нөхцөлүүдийг шалгаж тогтоох учиртай.

2.б. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан бөгөөд энэ утгаараа эд хөрөнгийг мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасны дагуу олж авсан эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалах эрх бүхий этгээдийг өмчлөгч гэж ойлгоно.

2.в. Нэхэмжлэгч нь  тоот хаягт байрлах ******* нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай газрыг 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Газар, эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний үндсэн дээр шилжүүлэн авч, улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргатай 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 01119-2024/03572 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж тухайн газрын 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 4-12 дахь талд/

Нэхэмжлэгчийг тус газрын хууль ёсны эзэмшигч болох талаар хариуцагч маргаагүй, татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар гаргаж мэтгэлцээгүй тул түүнийг газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй юм.

3. Дурдсан үндэслэлээр, хариуцагч Ч.Д тоот хаягт байрлах ******* нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газрыг хуулийн дагуу эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байх тул тус газрын хууль ёсны эзэмшигч Ж.А******* нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн газрыг эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ж.А*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  тоот хаягт байрлах ******* нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газрыг хариуцагч Ч.Д хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэв.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан  тоот хаягт байрлах ******* нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай газраас хариуцагч Ч.Д албадан чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.А*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ